Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2007

 

С.Мөнхдэлгэрийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 184/ШШ2016/00872 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Мөнхдэлгэрийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Зоригтод холбогдох

           

Гэм хорын хохиролд 13 342 708 төгрөгийг нэг удаа, 760 762 төгрөгийг сар бүр гаргуулах тухай иргэний хэргийг 

 

Хариуцагч Б.Зоригтын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч С.Мөнхдэлгэр

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Баттулга

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.Мөнхдэлгэрийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оны 3 дугаар сарын 7-ны өдөр 4 машинтай Архангай аймгийн Өгийнуур сумаас хот руу гарсан. Ингээд Төв аймгийн Баяннуур сум өнгөрөөд явж байтал нэг машины гал хамгаалагч нь шатаж зайлшгүй зогсолт хийсэн. Машинаа асфальтан замын хажууд шороон зам руу сайн шахаж тавьчихаад замын машинд гараа өргөхөд Д.Эрдэнэцогт гэдэг хүн зогссон. Тэгээд тэр хүнтэй уулзаад сэлбэг асуугаад зогсож байтал Б.Зоригт цаанаас хурдтай гарч ирэн яах ийхийн зуургүй миний машиныг мөргөөд намайг дайрсан. Б.Зоригтыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2, 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас бусдын биед хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, түүнийг Сум дундын 23 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолоор 4 сарын баривчлах ялаар шийтгэсэн. Сум дундын 23 дугаар шүүхээс 1 035 339 төгрөгийг Б.Зоригтоос гаргуулж надад олгохоор шийдвэрлэсэн ба ажилгүй байсан хугацааны цалин хөлс, протез, цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний шүүхэд жич нэхэмжлэх эрхтэйг дурдсан. Миний бие “Дэл оюу дэл” ХХК-иар 1 590 000 төгрөгөөр хиймэл хөл хийлгэсэн. Сум дундын 23 дугаар шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш 991 000 төгрөгийн эм тариа, эмчилгээний зардал гарсан, Улаанбаатар хотод ирж буцах шатахууны зардал 461 000 төгрөг болсон тул эдгээр зардлыг нэхэмжилж байна. Мөн миний бие осолд орохоос өмнө “Эм Си Эс Интернэшнл” ХХК-д ажиллаж байсан ба осолд орсон өдөр буюу 2013 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл буюу 10 сарын цалин хөлс аваагүй. Иймд 10 сарын цалин хөлс 10 300 608 төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдсантай холбогдуулан cap бүр дундаж цалин хөлс 760 762 төгрөгийг тус тус гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч Б.Зоригт шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн осолд С.Мөнхдэлгэр өөрөө гол буруутай ба Замын хөдөлгөөний дүрмийн 3 дахь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч өөрөө гэмтсэн. С.Мөнхдэлгэр 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар шинжээчийн дүгнэлтээр Замын хөдөлгөөний дүрмийн 6.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзсэн, дахин бүрэлдэхүүнтэй 2013 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 121 дүгээр шинжээчийн дүгнэлтээр эхний дүгнэлтийг үндэстэй байна гэж үзээд, мөн дээр нь С.Мөнхдэлгэрийг Замын хөдөлгөөний дүрмийн 11.1-т заасан "Жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсоно" гэсэн, мөн 9.6б-д "Явган зорчигч аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас осол гарсан гэж үзсэн ба шүүх үүнийг үндэслээд шийтгэх тогтоолдоо С.Мөнхдэлгэрийг Замын хөдөлгөөний дүрмийн 3 дахь заалтыг зөрчсөн буруутай гэж үзсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Зоригтоос эм тарианы зардал, хиймэл эрхтэн хийлгэхэд гарсан зардал, тээврийн зардал, дутуу авсан цалин хөлсөд 4 689 512 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Мөнхдэлгэрт олгож, нэхэмжлэлийн энэ хэсгээс үлдэх 8 653 196 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 509 дүгээр зүйлийн 509.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг баримтлан хөдөлмөрийн чадвараа хугацаагүй алдсантай холбоотой cap бүр төлөх төлбөрийг 410 120 төгрөгөөс С.Мөнхдэлгэрийн нийгмийн даатгалын сангаас авч буй тэтгэмжийг хасч тооцсон дүнгээр тогтоон Б.Зоригтоос cap бүр гаргуулж, нэхэмжлэгч С Мөнхдэлгэрт олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар Б.Зоригтоос 132 885 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Зоригт давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс эөвшөөрч байна. 2013 оны 3 дугаар сарын 07-ны өдөр гарсан зам тээврийн осолд би зохих буруутай боловч энэ осол гарахад С.Мөнхдэлгэр гол буруутай. С.Мөнхдэлгэр нь зорчих хэсэг дээр тээврийн хэрэгслээ зогсохдоо бусдыгаа хүндэтгэж, дүрмээ барьж зогсоогүй замын гол хэсэгт шахуу тээврийн хэрэгслээ зогсоосон ингэж зогсохдоо ослынхоо тэмдгийг анхааруулж тавиагүй мөн бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад хийж харанхуйд машинаасаа бууж явж байсан тээврийн хэрэгслийг зогсоож өөрөө замын голд санаатайгаар зогсож байсан буруутай үйлдлүүдээс болж осол гарсан. Хэрэв С.Мөнхдэлгэр дээрхи зөрчил гаргаагүй бол энэ осол гарахгүй байсан ба өөрөө ч гэмтэхгүй, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулахгүй байсан. Би энэ ослоос болж эд хөрөнгө мөн миний машинд үнэлгээгээр 2 965 000 төгрөгийн эвдрэл гэмтэл гарсан боловч С.Мөнхдэлгэр энэ хохирлоос надад нэг ч төгрөг өгөөгүй. Би шүүхийн шатанд С.Мөнхдэлгэрт 5 000 000 төгрөг, шүүхийн шийдвэр гарснаас хойш 2 000 000 төгрөг нийт 7 000 000 төгрөг төлж барагдуулсан. Мөн ослоос болж эрүүл мэндээрээ хохирсон н.Ганзоригт би 2 000 000 төгрөг төлсөн. Энэ мөнгөнөөс С.Мөнхдэлгэр 1 000 000 төгрөг төлөх ёстой боловч би өмнөөс нь төлсөн. Осол болох эх үүсвэрийг тавьсан С.Мөнхдэлгэр хохирлын ихэнх хувийг хариуцах ёстой. Иймд С.Мөнхдэлгэрт cap бүр төлөх төлбөрийг хасаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч С.Мөнхдэлгэр нь хариуцагч Б.Зоригтоос эм тарианы зардал 991 100 төгрөг, хиймэл хөл хийлгэсэн зардал 1 590 000 төгрөг, тээврийн зардал 461 000 төгрөг, дутуу авсан цалин хөлс 10 300 608 төгрөг, нийт 13 342 708 төгрөг, хөдөлмөрийн чадвараа хугацаагүй алдсаны улмаас 760 762 төгрөгийн нөхөн төлбөр сар бүр гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Б.Зоригт нь 2013 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Лүн сумын нутагт Бэрх уул гэх газарт 10-66 ТӨВ улсын дугаартай Тоёота камри маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт тус тус заасныг зөрчсөн, мөн нэхэмжлэгч С.Мөнхдэлгэр нь 52-42 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний 6 дугаар зүйлийн 6.3, 11 дүгээр зүйлийн 11.1, 3.9б-д тус тус заасныг зөрчсөнөөс зам тээврийн осол гарч уг ослын улмаас С.Мөнхдэлгэрийн эрүүл мэндэд гэм хор учирсан болох нь Сум дундын 23 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоол /хх-5-11/, зохигчийн тайлбар зэрэг хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.  

 

Дээрх зам тээврийн ослын улмаас С.Мөнхдэлгэрийн зүүн дунд чөмөг хугарч, гэмтэлтэй хэсгээ тайруулж улмаар хөдөлмөрийн чадвараа 8 хувь алдсан тухай Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс хугацаа заалгүйгээр шийдвэр гаргасан /хх-19/ байх тул нэхэмжлэгч нь хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас өөрт учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь бусдын эрх зөрчсөн дээрх үйлдэлд буруугүй болохоо нотолбол гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөх учиртай.

 

Хариуцагч Б.Зоригт нь зам тээврийн осол гарахад нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс хамааралтай, уг хохирол, төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж маргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар гаргасан тайлбараа баримтаар нотлоогүй болно. 

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор гаргаж өгсөн нотлох баримтуудыг хариуцагчийн зүгээс буруу, хуурамч буюу  үнэлэх ёсгүй  нотлох баримтууд гаргаж өгсөн байдал тогтоогдоогүй учраас шүүх талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

 

 Иргэний хуулийн 505 дугаар зүлийн 505.1 дэх хэсэгт “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдснаас дутуу авсан цалин хөлс түүнтэй адилтгах орлогыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж зааснаар шүүх осол гарсан өдрөөс ажлаас чөлөөлөгдөх хүртэл /9 сар 26 хоног/ хугацаагаар дутуу авсан цалинг тооцон гаргуулсныг буруутгах боломжгүй.

 

Гэм хор учрах буюу түүнээс гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн буруутай үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн нөхцөл байдлыг шүүх харгалзан үзэж, нэхэмжлэгч С.Мөнхдэлгэр нь осолд орохоос өмнө “Эм Си Эс интернэшнл” ХХК-ийн Ухаа худаг салбарын Цахилгаан станцын цахилгаан дамжуулах хянах хэмжүүр автоматикийн цехэд компрессорчин, дизельчинээр ажиллаж байсан, түүний нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос тооцвол сарын дундаж цалин нь 1 025 301 төгрөг, өдрийн дундаж цалин хөлс нь 47 688 төгрөг, осол гарсан өдрөөс ажлаас чөлөөлөгдөх хүртэлх хугацааны цалин хөлс, түүнтэй адилтгах орлого нь 10 133 781 төгрөг  гэж тооцсон мөн нэхэмжлэгчийн одоо авч буй тахир дутуугийн тэтгэврийг хасч, цалин хөлс, орлогын зөрүүг 410 120 /нэхэмжлэгчийн 1 сарын дундаж цалин хөлс 1 025 301 төгрөгийн 40 хувь/ төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар тодорхойлсон нь Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлтэй болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 184/ШШ2016/00872 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Зоригтоос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.БАТЗОРИГ

 

                                        ШҮҮГЧИД                                       Т.ТУЯА

 

                                                                                                Д.БАЙГАЛМАА