Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 1871

 

 

 

 

 

 

 

  2019        12          13                                  2019/ШЦТ/1871

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,

улсын яллагч Т.Жаргалсайхан,

шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Тойн овогт Г Мт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 03860 2504 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

 Г.М нь 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэтолгойн 39-91 тоотод Р.Нацагбадамтай маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.М мэдүүлэхдээ: Тэр өдөр хойд аав Нацагбадамтай маргалдаж цохисон үнэн гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Р.Нацагбадамын өгсөн: ...Би хотод өөрийн “ Ланд-80”  маркийн 90-20 ДУА улсын дугаартай машиныг Мын өөрийн хашаа болох Баянзүрх дүүргийн Эрдэнэтолгойн 39-91 тоот хашаанд авч ирж Маар засварлуулах гэж очсон байсан. Тэгсэн 1 сар орчим хугацаа өнгөрөхөд миний машиныг засварлаж дуусгаагүй байсан. Тэгээд би нэг найз Бямбаагийн хамт тэр хашаанд очиж өөрийн машиныхаа ойр зуурын эд ангийг солихдоо 2,5 литрийн “Боргио” нэртэй пиво хувааж уусан байсан. Тэгээд Бямбаа удалгүй яваад өгсөн. Тэгсэн орой Мыг ирэхээр нь би “чи миний машиныг хурдан янзалж өгсөнгүй, их удлаа” гэж хэлсэн. Тэгээд М бид хоёр гэр рүү орсон. Гэрт ороод би Мт 0,33 граммын “Хараа” архи байснаа өгсөн. Тэгээд би гэрээс гарахдаа гэрийн үүдний довжоо тээглээд араараа газар унасан. Тэр үед би М намайг түлхэж унагалаа гэж бодсон. Тэгээд би Мт “чи намайг унагалаа” гэж уурласан. Тэгсэн М намайг нүүрэн тус газар 1 удаа цохисон. Маргааш миний баруун нүд хөхөрсөн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 7650 дугаартай шинжээчийн:

1. Р.Нацагбадамын биед баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус харвалт, зүүн хацар, дагз, зүүн чихний арын төвгөрт шарх, зүүн чихний дэлбэнд зулгаралт, нуруунд цус хуралт, цээжинд цус хуралт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ө.Сарангэрэл гэх дүгнэлт /хх-ийн 18 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Г.Мын: ...2019 оны 06 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэтолгойн 39-91 тоотод гадуур явж байгаад Ганхөлөгийн хамт ирсэн. Хойд аав Нацагбадам архи уусан байсан. Ээж Ганхөлөг рүү агсраад байсан. Ээж Ганхөлөг 1 шил архи авч өгчихөөд тасраагаад унтуулчихаарай гээд гараад айл руу явчихсан. Унтаж байгаад сэрэхэд байшингийн хаалга нүдээд Ганхөлөгөө гараад ир гээд орилоод байсан. Би хаалгаа онгойлгоход Нацагбадам хойшоо унаад толгойгоо гэмтээсэн. Толгойноос нь цус гарсан чинь уурлаад агсраад байхаар нь нүүрэн тус газар нь 1 удаа цохисон. Нүд нь хөхөрсөн байсан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр тал/,

- Шүүгдэгч Г.Мын иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35, 44 дүгээр тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.Мын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэтолгойн 39-91 тоотод  иргэн Р.Нацагбадамтай маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд Г.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч Р.Нацагбадам нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг бичгээр ирүүлсэн, хавтаст хэрэгт хохирлын баримтыг ирүүлээгүй зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Г.Мт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Г.М нь 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэтолгойн 39-91 тоотод Р.Нацагбадамтай маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Р.Нацагбадам, яллагдагчаар өгсөн Г.М нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 7650 дугаартай дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Хохирогч Р.Нацагбадам нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй бөгөөд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад баримтаар төлөх төлбөргүй гэж дүгнэв.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Г.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Шүүгдэгч Г.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан Прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тойн овогт Г Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г Мыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн  зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Мт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.  

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.АЛТАНЦЭЦЭГ