Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 1915

 

 

 

 

 

 

 

  

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,

улсын яллагч А.Сайнбаяр,

шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Баяуд овогт Б Мт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 05683 2699 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Б.М нь 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Мөнхчулуунтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар нүүр рүү нь цохих, бэлэг эрхтэн рүү нь өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: Би тэр өдөр архи уугаагүй, ажлаа хийгээд байж байсан. Хохирогч Мөнхчулуун ах бол архи уудаг, хүнтэй харьцахдаа хүний уур хүрмээр харьцдаг. Тэгээд намайг “мөнгө задлаадах” гэхээр нь “задлахгүй” гэсэн чинь над руу хараагаад, миний цээж рүү цохиод, чичсэн. Тэгэхээр нь би зөөлхөн алгадсан чинь намайг нэг цохисон юм. Дараа нь н.Баяраа гээд залуу ирээд салгасан, салгасны дараа хохирогч “намайг алгадчихлаа” гээд 4-5 удаа над дээр хүн дагуулж ирсэн байдаг. Сүүлд нь бас нөгөө хүмүүстэйгээ ирж, намайг дарамтлах гээд байхаар нь “яваач ээ” гээд сандаалаар  цохьж  салтаанд нь хоёр өшиглөсөн. Тийм л юм болсон. Хохиролд 200.000 төгрөг, ганц хоёр шил архи авч өгсөн гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч О.Мөнхчулууны өгсөн: ...2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр би “Нарантуул” зах дээр лангуун дээрээ суугаад байж байсан. Тэгтэл 12 цагийн үед Налайхаас Дорж гэдэг танил минь ажил дээр хүрээд ирсэн. Тэгснээ Дорж ах нэг шил 0,33 литрийн архи худалдаж авсан бөгөөд бид хоёр  хувааж уусан. Ингээд лангуун дээрээ зогсож байтал хүн өмд авсан бөгөөд 20.000 төгрөг өгсөн. Тэгээд би тэр мөнгийг нь задалж чадахгүй байсан болохоор хажууханд байх Наваан гэх хуурай дүү дээрээ очиж 20.000 төгрөгөө задлуулах гэтэл Наваан байгаагүй. Тэгтэл хажууд нь зогсдог Мөөгий гэх залуу байхаар нь Навааныг хаана байгааг асуусан. Тэгтэл би яаж мэддэг юм гэж уурлангуй хэлэхээр нь би уурлаад чи яахаараа Навааныг мэддэггүй юм гэж хэлсэн. Тэгсэн чинь би яахаараа мэдэх ёстой юм гэх мэтчилэн хэрүүл хийж эхэлсэн. Ингээд хэрэлдэж байтал Мөөгий миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би буцаагаад нэг удаа нүд рүү нь гараараа цохисон. Тэгтэл хөлөөрөө хоёр удаа миний эмзэг эрхтэн рүү өшиглөсөн. Ингээд би тэндээс яваад өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Отгоннавааны өгсөн: ...Би тус өдөр ажлаа хийж байгаад орой 16 цагийн үед урд байх лангуун дээрээ очиж наймаа хийж байсан. Ингээд хэсэг байж байгаад 171-р лангуун дээрээ очтол Мөнхчулуун ах М хоёр  хэрэлдэж байсан. Тэгэхээр тэр хоёрыг болиулаад салгаад явуулсан ба хэдэн минутын дараа Мөнхчулуун ах дахин М дээр очоод дахиж хэрүүл хийж эхэлсэн. Тэгж байснаа М хөлөөрөө Мөнхчулуун ахын гуя руу нь нэг удаа өшиглөсөн. Тэгтэл Мөнхчулуун ах буцаагаад Мыг гараараа толгой хэсэг рүү нь нэг удаа цохисон. Тэгэхээр нь би дахин очиж салгасан. Мын хөмсөг хэсэг зулгарсан байсан. Харин Мөнхчулуун ах маргааш өглөө нь над дээр ирээд М өчигдөр эмзэг эрхтэн рүү өшиглөчихсөн байна гээд эрхтнээ харуулсан. Тэгтэл эрхтэн нь хавдаж хүрэн хөх өнгөтэй болчихсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 10654 дугаартай шинжээчийн:

1. О.Мөнхчулууны биед умдаг, шодойн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эрүүнд цус хуралт, жавьжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Нандинцэцэг гэх дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар тал/,

- Шүүгдэгч Б.Мын иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 26, 27, 28 дугаар тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Мын 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Мөнхчулуунтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар нүүр рүү нь цохих, бэлэг эрхтэн рүү нь өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд Б.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч О.Мөнхчулуун нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг бичгээр ирүүлсэн, хавтаст хэрэгт хохирлын баримтыг ирүүлээгүй зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Б.Мт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Б.М нь 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Мөнхчулуунтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар нүүр рүү нь цохих, бэлэг эрхтэн рүү нь өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч О.Мөнхчулуун, гэрч Т.Отгоннаваан нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 10654 дугаартай дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Хохирогч О.Мөнхчулуун нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй бөгөөд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, 200.000 төгрөгийн хохирол бүрэн төлөгдсөн талаарх хүсэлтийг бичгээр ирүүлсэн, мөн хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад баримтаар төлөх төлбөргүй гэж дүгнэв.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 1.2-т заасан  хохирогчид гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, гомдол саналгүй  болгосон зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Шүүгдэгч Б.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан Прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баяуд овогт Б Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б Мыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Мт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.   

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.АЛТАНЦЭЦЭГ