Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 6176

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ЧЕ72010725 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 49а байрны 10 тоотод оршин суух Байц боржигин овогт Содномдаржаагийн Баттуулын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Монгол улсын хуулийн этгээд, 5209072 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 44/6 дугаар байр А3 тоотод оршин байх “Эйч Эс Би” ХХК-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 109.627.300 /нэг зуун есөн сая зургаан зуун хорин долоон мянга гурван зуун/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Гэрэлт-Очир,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.  

 

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оны 2 дугаар сарын 7-ны өдөр “Эйч Эс Би” ХХК-тай ОС-096/13 тоот орон сууц захиалгаар барих тухай гэрээгээр, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Нарлаг өргөө хотхоны N2-17 давхар орон сууцны 13 давхарт 67 тоот 76.3 м.кв орон сууц 3 өрөө байрыг, 1 м.кв тутамд 2.422.000 төгрөг нийт 179.254.642 төгрөгийн өртөйгөөр тохиролцож байгуулсан билээ. Гэрээг байгуулахад 2013 оны 2 дугаар сарын 07-ны өдөр нийт гэрээний үнийн 50 хувь болох 89.627.300 төгрөгийг 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 20.000.000 төгрөгийг нийт 109.627.300 төгрөгийг төлсөн байна. Гэвч өөрийн эрүүл мэндийн байдлаас болж төлбөрийг гүйцээж төлөх боломжгүй болсон тул гэрээг цааш үргэлжлүүлэх боломж байгаагаагүй, энэ тухайгаа гүйцэтгэгч талд мэдэгдэж байсан. Гүйцэтгэгч нь гэрээ ёсоор тус орон сууцыг худалдан борлуулсны дараа төлсөн төлбөрийг гаргаж өгөх ёстой байсан. Гүйцэтгэгч тал орон сууцыг бусдад шилжүүлсэн боловч гэрээний үүргээ биелүүлж төлбөрийг одоог хүртэл буцаан шилжүүлээгүй байна. Иймд гүйцэтгэгч “Эйч Эс Би” ХХК-иас орон сууцны үнэнд төлсөн 109.627.300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 02 сарын 07-ны өдөр С.Баттуул нь “Эйч Эс Би” ХХК-ийн барьсан “Нарлаг Өргөө” хотхонд орон сууц захиалж орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Нийт 76.3 м кв талбай бүхий орон сууц захиалсан бөгөөд нэг м кв-г 2.422.000 төгрөгөөр тооцохоор тохирсон. Гэрээний урьдчилгаа төлбөр 89.627.650 төгрөгийг С.Баттуул хугацаандаа төлсөн, үүн дээр нэмж 20.000.000 төгрөг төлсөн. 2013 оны 04 сард барилгыг улсын комисс хүлээж авч ашиглалтад орсон. Ашиглалтад орсоны дараа борлуулалтын ажилтанууд С.Баттуултай холбогдож чадахгүй болсон. С.Баттуул нь гадагшаа эмчилгээнд явсан гэсэн шалтгаанаар холбоогүй байж байгаад 2014 онд ирж үлдэгдэл төлбөрөө төлж чадахгүй болсон тул гэрээгээ цуцлах тухай санал гаргасан. Хариуцагч талаас гэрээгээ цуцалж байгаа тохиолдолд гэрээний хариуцлага хүлээнэ. Иймээс төлсөн төлбөрт оногдох орон сууц авна уу гэсэн санал тавьж, тохирч чадахгүй яригдсаар өнөөдрийг хүрсэн. Орон сууц захиалан бариулах гэрээний 5 дугаар зүйлд гэрээний хариуцлага хэсэгт орон сууц ашиглалтад орсон байхад захиалагч гэрээ цуцлах хүсэлт гаргасан тохиолдолд төлсөн төлбөрийн 10 хувийг буюу торгууль тооцохоор заасан. Иймээс Орон сууц захиалан бариулах гэрээ, Иргэний хуульд заасны дагуу нэхэмжлэлийн үнийн дүнгийн 10 хувь буюу  10.962.730 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй. Бусад хэсгийг зөвшөөрнө гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                                  ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.Баттуул нь хариуцагч “Эйч Эс Би” ХХК-нд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 109.627.300 /нэг зуун есөн сая зургаан зуун хорин долоон мянга гурван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж, хариуцагч гэрээнд зааснаар захиалагч гэрээг хугацаанаас нь өмнө үндэслэлгүйгээр цуцалсан тул 10 хувийн торгууль  10.962.730 /арван сая есөн жаран хоёр мянга долоон зуун гучин/ төгрөгийг суутгаж, үлдэх 98.664.570 /ерэн найман сая зургаан зуун жаран дөрвөн мянга таван зуун дал/ төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн.

“Эйч Эс Би” ХХК, С.Баттуул нар нь 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ОС-096/13 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах” гэрээ байгуулж, гүйцэтгэгч “Эйч Эс Би” ХХК нь Баянзүрх дүүргийн 26 дугаар Нарлаг өргөө хотхоны №2-н 17 давхар орон сууцны 13 давхарт 67 тоот 76.3 м.кв орон сууцыг 1 м.кв-ыг 2.422.000 төгрөгөөр тооцон 3 өрөө орон сууцыг 2013 оны 4 дүгээр улиралд хүлээлгэн өгөх, захиалагч С.Баттуул нь гэрээ байгуулахад орон сууцны нийт төлбөр 179.254.642 төгрөгөөс урьдчилгаанд 89.627.300 төгрөгийг гүйцэтгэгч талд төлөх, үлдэгдэл 89.627.342 төгрөгийг гэрээний Хавсралт 1-д заасан графикийн дагуу төлж дуусгахаар харилцан үүрэг хүлээсэн болох нь хэрэгт авагдсан гэрээгээр тогтоогдож байна. /хх-ийн 4-7 дугаар тал/

Монгол улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд гэрээнд эрх бүхий этгээд гарын үсэг зурж, хуулийн этгээдийн тамга дарагдсанаар хүчин төгөлдөр болсон байх ба Монгол улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

Нэхэмжлэгч С.Баттуул талуудын хооронд байгуулсан гэрээний гол нөхцлийн 10а-д заасны  дагуу 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 89.627.300 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 20.000.000 төгрөгийг тус тус төлсөн болох нь хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлэгийн баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 8 дугаар тал/

            Зохигчдын хооронд 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан ОС-096/13 тоот “Орон сууц захиалгаар барих гэрээ”-гээр хүлээсэн үүргээ хүндэтгэн үзэх шалтгааны улмаас биелүүлэх боломжгүй болсон талаар захиалагч нь гүйцэтгэгч  “Эйч Эс Би” ХХК-нд мэдэгдэж, улмаар гүйцэтгэгч нь уг орон сууцыг бусдад худалдан борлуулсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд талууд энэхүү үйл баримтын талаар маргаагүй.

Монгол улсын Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээний дагуу орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 109.627.300 төгрөгийг нэхэмжлэгч С.Баттуул нь хариуцагч “Эйч Эс Би” ХХК-иас шаардах эрхтэй байна.

Хариуцагч “Эйч Эс Би” ХХК нь талуудын хооронд байгуулсан 5.1-д “захиалагч тал гэрээг хугацаанаас өмнө үндэслэлгүйгээр цуцалсан, цуцлахыг шаардсан, орон сууцыг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд гүйцэтгэгч тал гэрээний 5.1-д заасан торгуулийг суутган тооцно”, 5.1.-д “захиалагч гэрээгээр тохирсон төлбөрөө хавсралт 1-д заасан графикийн дагуу төлөөгүй тохиолдолд гэрээний нийт үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг хугацаа хэтрүүлсэн хоног тутамд тооцож төлнө. Энэхүү хугацаа нь 15 хоног хүртэл үргэлжилвэл утсаар болон бичгээр мэдэгдэл хүргүүлж алданги тооцолгүйгээр гүйцэтгэгч гэрээг өөрийн санаачлагаар цуцлах бөгөөд байрыг худалдан борлуулсны дараа төлбөрийг буцаан олгох ба энэ тохиолдолд төлсөн төлбөрийн 10 хувийг Иргэний хуулийн 222-д заасны дагуу орон сууцыг хадгалсан зардалд зориулж суутган авна” гэж зааснаар 10.962.730 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлд зааснаар гэрээнээс татгалзсанаар талууд гэрээний гүйцэтгэлийг харилцан буцаан олгохоор зохицуулсан тул хариуцагч нь энэхүү харилцаанд алданги суутгах үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч “Эйч Эс Би” ХХК-иас 109.627.300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Баттуулд олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                                                                                      ТОГТООХ НЬ:

 

            1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Эйч Эс Би” ХХК-иас 109.627.300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Баттуулд олгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Баттуулаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 706.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Эйч Эс Би” ХХК-иас 706.100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Баттуулд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Л.ЭНХЖАРГАЛ