Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 1654

 

 

 

 

 

 

 

    2019       10          31                                  2019/ШЦТ/1654

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,

улсын яллагч И.Ариунсанаа,

хохирогч, шүүгдэгч В.Д, Б.Снарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.С, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан В.Дд тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 05377 2001 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, Б.С

2. Монгол улсын иргэн, В.Д

Холбогдсон хэргийн талаар:

В.Д, Б.Снар нь 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 06-320-а тоотод маргалдаж, улмаар харилцан бие биенийхээ биед нь халдаж, төмрөөр толгой руу нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, хутгаар гарыг нь зүсч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч В.Д мэдүүлэхдээ: Би тэр үед Улан-Удэ рүү хүн тээврийн автобусаар жуулчид зөөдөг байсан юм. Тэгээд автобусаа янзлаад, маргааш өглөө нь ажилтай байсан болохоор янзалсаар байгаад шөнийн 04:00 цагт гэртээ ирэхэд Б.Б.С манайд ирчихсэн байсан. Тэрнээс өмнө Б.Б.С нь манай дүү Гэрэлтэй хамт амьдраад 1 жил гаруй болчихсон байлаа. Б.Б.С, Гэрэл нар муудалцсан байсан тул би дүүгээ гэртээ аваад ирсэн байсан үе юм. Нэг удаа манай дүүг авах гээд гэрт ирэхэд нь би маргалдалгүй хөөгөөд явуулсан. Дараа нь намайг гэртээ ирэхэд манайд ирчихсэн унтаж байхаар нь би гэрээсээ хөөсөн. Тиймэрхүү юмнаас болж л маргаан үүссэн. Эхлээд би гар гэсэн чинь урдаас босч ирээд “Би чам дээр ирээгүй, эхнэр, хүүхэд дээрээ ирсэн” гээд өөрөө эхэлсэн байдаг. Ингээд түрүүлж над руу дайраад, намайг нэг цохисон. Бид хоёрыг барьцалдаж байх хооронд эхнэр, дүү хоёр бид хоёрыг салгасан. Эхлээд Б.Б.С намайг нэг цохисон, дараа нь би Б.Б.Сыг галын үнс хутгадаг төмрөөр хоёр  удаа толгой руу нь цохисон нь үнэн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч Б.Б.С мэдүүлэхдээ: Тухайн өдөр Гэрэл намайг мессэжээр “хүрээд ир” гээд дуудсан. Тэгээд гэрт нь очиж хоол идчихээд В.Дын эхнэр Сарнайтай нэг Хятад архи байсныг хамт хувааж уусан. Ингээд би Гэрэлтэй хамт орон дээр унтаж байхад Сарнай “нөхрөө олж ирнэ” гээд гараад явсан. Гэтэл 04:00 цагийн үед В.Д орж ирээд “Бос, гэрлээ асаа, чи манайд юу хийж байгаа юм бэ? зайл” гээд намайг хөөхөөр нь “Би чамтай уулзах гэж ирээгүй, эхнэр, хүүхэдтэйгээ уулзах гэж ирсэн” гээд бид хоёр жаахан маргалдсан. Тэгээд над руу дайраад, бид хоёр барьцалдаж байх хооронд эхлээд миний шанаа руу нэг цохихоор нь би зөрүүлээд нэг цохисон. Дундуур хүмүүс ороод салгатал В.Д шүүгээнээс хутга аваад над руу дайрсан. Тэгээд хутгаараа миний зүүн гарын сарвуунд хальт хатгасан байдаг. Түүний эхнэр Сарнайг В.Дыг авч гарахынх нь өмнө би “за за уучлаарай, одоо больё” гэж хэлээд дараа нь гутлаа өмсөөд сууж байтал В.Д онгорхой хаалгаар орж ирээд, намайг мэдээгүй байхад толгой руу тасхийтэл цохисон. Ингээд толгойноос цус гараад, толгойгоо нэг гараараа дарахад дахиад миний толгой руу цохисон нь миний гаранд тусаад  хугалсан. Тэндээс би арайхийж гутлаа өмсөөд гарсан, гадаа гараад Гэрэл болон Сарнай нартай юм яриад зогсч байтал В.Д хашааны цаанаас чи зайлаагүй байна уу? Одоо чамайг алаад өгье” гээд ахиад гарч ирсэн. Гэвч эхнэр нь түүнийг түлхээд оруулсан, би цаашаагаа явсан байдаг. Намайг цаашаа явах үед 05:00 цаг болж байсан байх, толгой эргээд, цус гоожоод, замдаа унах гээд байсан тул сандал дээр сууж, амарч явсаар байгаад дүүгийндээ очсон. Ингээд маргааш нь бас В.Дыг яаж байна, ийж байна гээд ярьчих юм болов уу гээд хараад байсан чинь ерөөсөө яриагүй. Тэгэхээр нь би цагдаад мэдүүлэг өгөөд, Шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулсан. Миний толгой руу 2 удаа цохихдоо намайг алах зорилготой цохисон байх гэж бодож байна. Гараа би толгой дээрээ тавиагүй байсан бол магадгүй би үхчихсэн ч байж болох байсан. Одоо миний толгой, гар хоёр маш их өвддөг гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Б.Сын өгсөн: ...2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр би эхнэр Гэрэлтэй гар утсаар холбогдож ярихад миний байгаа газар хүрээд ир гэж намайг дуудсан. Дуудсан болохоор би эхнэр Гэрэлийн байгаа газар болох хүргэн ах В.Дын гэрт ирсэн. Би В.Д ахын гэрт ирэхэд В.Д ах байхгүй эхнэр Сарнай болон миний эхнэр Гэрэл болон хүүхдүүд байж байсан. Бид нар хоол идэхээр болоод хоол идсэний дараа бэр эгч Сарнай бид 2 гэрт байсан Хятад архи уухаар болоод бид 2 архи уусан. Архи ууж дуусаад 01:00 цаг өнгөрч байхад Сарнай нөхөр В.Дыг олж ирнэ гээд гэрээсээ гараад явсан. Би эхнэр Гэрэлтэй хамт орон дээр унтсан. Ингээд унтаж байхад ойролцоогоор 04:00 цагийн орчим Сарнай нөхөр В.Дын хамт орж ирсэн. Орж ирээд В.Д намайг хараад шууд сэрээгээд “чи манай гэрт юу хийж байгаа юм бэ, бос зайл” гэж намайг хөөсөн. Тэр үед би В.Дд хандаж чам дээр ирээгүй, би эхнэр хүүхэд 2 дээрээ ирж байна гэж хэлэхэд В.Д над руу дайрсан. Ингээд маргаан ширүүсч бид 2 барьцалдаж авсан. Бид 2 барьцалдаж авахад эхнэр Гэрэл болон бэр эгч Сарнай нар салгасан. В.Д барьцалдаж байгаад надаас салаад шургуулганаас 2 ширхэг хутга аваад нэг гартаа бариад над руу намайг ална гэж хэлээд дайрсан. Над руу дайрахдаа би хүн хутгаар хутгалж үзээгүй, чамайг яраад үзье гэж хэлээд дайрсан. Тэр үед эхнэр Гэрэл болон бэр эгч Сарнай 2 бид хоёрын дундуур орж дахин салгасан. Ингээд салгаж байхад В.Д баруун гарт байсан хутгаараа миний зүүн гарын дээд хэсэгт хальт хатгасан. Энэ үед эхнэр Сарнай нь В.Дыг түлхээд гэрээсээ аваад гарсан. Би явах гээд гутлаа өмсөөд сууж байхад дээрээс гэнэт миний толгой руу В.Д төмрөөр 2 удаа цохисон. Эхний толгой руу цохиход толгойноос цус гарсан. Би эхний удаа толгой руугаа цохиулсны дараа толгойноос гарсан цусаа гараараа дарж байхад дахиад миний толгой хэсэг рүү цохихдоо миний гаран дээр цохисон. Над руу дайрсан хэвээрээ байсан. Би гутлаа өмсөөд гараад явсан. В.Дын эхнэр Сарнай В.Дыг хориглож байсан хэвээрээ байсан. Би гэрээс нь гараад хашаанд эхнэр Гэрэл болон бэр эгч Сарнайтай ярилцаад байж байхад В.Д гэрээсээ дахин хутга бариад над руу дайрах гээд байхаар нь би гараад яваад өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч В.Дын өгсөн: ...Тэр өдөр би хүргэн Б.Стай маргалдаж Б.С миний нүүр рүү гараараа, би Б.Сын толгой руу галын үнс ухдаг төмрөөр цохисон. Би Б.Сын толгой руу төмрөөр 1 удаа цохисон. Надад цохиулсныхаа дараа яваад өгсөн. Өөр зүйл болоогүй. Тэнд миний эхнэр Сарнай болон төрсөн дүү Гэрэл нараас өөр болсон явдлыг харсан хүн байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 10777 дугаартай шинжээчийн:

1. Б.Б.Сын биед зүүн сарвууны долоовор хурууны алганы шивнүүрийн далд хугарал, сарвууны цус хуралт, зулгаралт, баруун зулайд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсоөн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун зулайн хуйхны шарх нь дангаараа 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн сарвууны алганы шивнүүрийн далд хугарал, сарвууны цус хуралт, зулгаралт нь 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрөийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. Шинжээч эмч О.Болороо гэх дүгнэлт /хх-ийн 20 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 10845 дугаартай шинжээчийн:

1. В.Дын биед хамар ясны хугарал, зүүн зовхи, хамрын нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. Шинжээч эмч О.Болороо гэх дүгнэлт /хх-ийн 23 дугаар тал/,

- Шүүгдэгч В.Д, Б.Снарын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 28, 29, 36, 37 дугаар тал/,

- В.Дын хохирлын баримт /ххийн 46 дугаар тал/,

- Б.Б.Сын хохирлын баримт /хх-ийн 47 дугаар тал/ зэрэг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

            В.Д, Б.Снар нь 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 06-320-а тоотод маргалдаж, улмаар харилцан бие биенийхээ биед нь халдаж, төмрөөр толгой руу нь цохиж, В.Дын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, хутгаар гарыг нь зүсч Б.Б.Сын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн В.Д, Б.Снарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 10777, 10845 дугаартай дүгнэлтүүд зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч В.Дыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах, Б.Б.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 …бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч В.Дд 128.000 төгрөгийн, хохирогч Б.Б.Ст 128.000 төгрөгийн хохирол учирсан хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлсэн тул шүүгдэгч нараас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна. /хх-ийн 46 , 47 дугаар тал/

            Хохирогч нар энэ гэмт хэргийн улмаас цаашид эмчилгээтэй холбогдон гарах зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч В.Д, Б.Снарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч В.Д, Б.Снар нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, В.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Сыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар В.Дыг 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б.Ст оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг, В.Дд оногдуулсан 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус сануулсугай.         

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Б.С, В.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар В.Д /РД:/-с 128.000 /нэг зуун хорин найман  мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Б.Б.С /РД:/-т,

- Б.Б.С /РД:/-с 128.000 /нэг зуун хорин найман мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч В.Д /РД:/-д тус тус олгосугай.

6. Хохирогч В.Д, Б.Снар нь энэ гэмтлийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлыг холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Б.С, В.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.АЛТАНЦЭЦЭГ