| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/1910/Э |
| Дугаар | 19 |
| Огноо | 2019-12-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Мөнхцэцэг, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 19
2019 12 24 2020/ШЦТ/19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,
улсын яллагч Д.Мөнхцэцэг,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Жугна овогт Б Бд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 05887 2572 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 44-175 тоотод 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хамт архи ууж байсан Б.Мандахын баруун хацарт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: Тэр өдөр Давааням, Сундуй гээд цэрэгт хамт байсан найзуудтайгаа уулзаад, Даваанямын гэрт байж байтал түүний найз н.Мандах нь согтуу орж ирчихээд жаахан агсраад байсан. Тэгээд намайг тохойдохоор нь би босоод нэг цохичихсон юм гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Мандахын өгсөн: ...2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 45-175 тоотод найз Даваанямын гэрт очоод Бтэй танилцсан. Сундуй хамт байсан. Бүгдээрээ 1 литртэй “Эдэн” нэртэй архи хувааж ууцгаасан. Би гараад хүнтэй уулзчихаад буцаж ирээд тамхи татаж байгаад Бтэй ам зөрж маргалдсан. Тэгээд Б шилээр нүүрэн тус газар баруун хацарт язарсан. Цагдаа дуудаад мэдүүлгээ өгөөд Гэмтлийн эмнэлэгт очиж 4 оёдол тавиулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Даваанямын өгсөн: ...2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр манай цэргийн он жав болох Давааням, Б нар ирээд юм яриад сууж байсан. Мандах гаднаас орж ирсэн. 1 шил архи хувааж ууцгаасан. Мандах гарч яваад орой буцаж ирсэн. Мандахад манайх жоохон хүүхэдтэй унт гэхэд унтахгүй байсан. Б унт гэхэд унтахгүй олон юм яриад байсан. Б Мандахын нүүрэн тус газар 1 удаа гараараа цохисон. Мандах цагдаа дуудна гэхээр нь би дуудаж өгсөн. Цагдаа ирээд аваад явсан. Баруун хацар дээр язарсан байсан. Согтсон хүн байгаагүй. Мандах гаднаас согтуу орж ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 10985 дугаартай шинжээчийн:
1. Б.Мандахын биед баруун хацарт няцарсан шарх, цус хуралт, баруун хацар зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ө.Сарангэрэл гэх дүгнэлт /хх-ийн 17 дугаар тал/,
- Шүүгдэгч Б.Бий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 31, 32 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 44-175 тоотод 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хамт архи ууж байсан Б.Мандахын баруун хацарт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Мандах, гэрч Ц.Давааням нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 10985 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Хохирогч Б.Мандах нь хавтаст хэрэгт өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтыг ирүүлээгүй тул шүүгдэгч Б.Бийг баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Гэвч хохирогч Б.Мандах нь энэ гэмтлийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлыг холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Жугна овогт Б Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б Б ийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Бд оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч Б.Мандах нь энэ гэмтлийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлыг холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ