Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 183/2017/00626/И |
Дугаар | 001/ХТ2018/00469 |
Огноо | 2018-03-22 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 001/ХТ2018/00469
Б.У-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2017/02151 дүгээр шийдвэр
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2528 дүгээр магадлалтай
Б.У-ын нэхэмжлэлтэй
“З” ОНӨААТҮГ-т холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалангийн хяналтын журмаар гаргасан гомдлоор
Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.У-, түүний өмгөөлөгч Д.Мөнхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Автобус 3 НӨҮГ-т жолоочоор ажилд орсон. Өмнө нь Автобус нэгОНӨҮГ-т жолоочоор ажиллаж байгаад 2013 онд Үйлдвэрчний эвлэл /цаашид ҮЭ гэх/-ийн гишүүн, хорооны дарга Н.Төрбаттай найз гэдэг шалтгаанаар ялгаварлан гадуурхагдсаар байгаад ажлаас халагдсан. Ингээд миний бие ажилгүй байж байгаад Автобус-3 ОНӨҮГ-т Daewoo маркийн 03-68 УБЧ улсын дугаартай автобусыг жолоодож, сарын 908 303 төгрөгөөр цалин авч ажиллаж байтал намайг шалтгаангүйгээр ажилд гаргахгүй болсон. Яагаад ажилд гаргахгүй байгааг асуутал, Автобус-1-д ажиллаж байгаад халагдсан учраас шинэ дарга Д.Одонтунгалаг ажиллуулахгүй гэсэн үүрэг өгсөн гэж хэлсэн.
Өнөөдрийг хүртэл ҮЭ-ийн хороо, дарга нарт хүсэлт гаргасаар байхад ажлаас халсан тушаал гаргахгүй байж, ажил хийлгэхгүй хохироож байна. Ямар ч тушаал шийдвэр гаргаагүй, дарга нар надтай уулздаггүй. Миний бие “З” ОНӨААТҮГ-ын захиргаанд 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр дээрх асуудлаар өргөдөл гаргасан.
Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа, шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Автобус 3 баазын жолоочийн ажлаас чөлөөлсөн тушаалыг ирүүлсэн. Уг тушаалтай огт танилцуулаагүй болно. Тиймээс ажил үүрэг гүйцэтгүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагаа ажилд эгүүлэн тогтоолгох болгон өөрчилж байна. Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.У- нь 2009 онд Автобус 1 компанид орж ажиллаж байгаад 2010 онд замын хөдөлгөөний дүрэм зөрчиж жолоодох эрх нь хасагдсан тул хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан байдаг. 2011 онд дахин ажилдаа орсон боловч сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан тул 2013 онд хөдөлмөрийн гэрээ цуцалж Автобус 1 компанитай хөдөлмөрийн харилцаагаа дуусгавар болгосон.
Автобус 3 компанид 2014 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Б/267 тоот тушаалаар ажилд томилогдож, улмаар 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/297 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Б.У- Автобус 3 баазад хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу анх ажилд орж байгаа тул барьцаа мөнгөө тушаасан, энэ талаарх баримт хавтаст хэрэгт байгаа. Энэ үйл явдал нэгтгэл болохын өмнө болсон. Үүний дараа “З”ийн автобусны 3 компани нэгдэж “З” үүсгэн байгуулагдсан.
Үүний дараа 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “З” ОНӨААТҮГ-аас бэлэн мөнгө зарлагын баримтаар анх ажилд орохдоо тушаасан барьцаа мөнгөө буцааж авсан баримт байгаа. 200 000 төгрөгийг 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримтад өөрөө гарын үсэг зурж, мөнгөө өөрөө хүлээн авсан байдаг. Үүнээс Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдана. Ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байгаа талаар хандаж байсныг нотлох баримт шүүгчийн захирамжаар гарсан хэдий ч, манайд ийм өргөдөл авагдаагүй байна гэдэг тайлбарыг холбогдох өргөдөл гомдлын дэвтрийн хамт нотлох баримтын шаардлага хангуулж, шүүхэд өгсөн. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2017/02151 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.У-ыг “З” ОНӨААТҮГ-ын жолоочийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлс 25 172 664 төгрөгийг хариуцагч “З” ОНӨААТҮГ-аас гаргуулан нэхэмжлэгч Б.У-т олгож, мөн хугацаан дахь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамжийг төлж, бичилт хийхийг даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч “З” ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 283 813 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2528 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2017/02151 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “59.1” гэснийг “69.1” гэж, “25 172 664 төгрөг” гэснийг “12 957 255 төгрөг” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “283 813 төгрөгийг” гэснийг “222 266 төгрөгийг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 284 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 02151 дүгээр шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2528 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасан эрхийнхээ дагуу дараах хяналтын гомдлыг гаргаж байна.
Анхан шатны шүүх холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Мөн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй болох нь дараах үндэслэлээс харагдана.
1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ гомдол гаргах хугацааг сэргээн тогтоосон гэж тодорхойлсон. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т шүүх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээхээр зохицуулсан боловч энэ нь шүүхийн практикт хэргийн оролцогчийн хүсэлтээр хийгддэг.
Нэхэмжлэгчийн зүгээс хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх тухай ямарваа хүсэлт гаргаагүй байхад шүүх өөрийн санаачилгаар гомдол гаргах хугацааг сэргээсэн нь шүүх нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэл болж байна.
2. Б.У- барьцаа 200,000 төгрөгийг 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр буцаан авсан үйлдэл нь тус байгууллагад дахин ажиллахгүй болохоо мэдэж байсан ухамсарт үйлдэл мөн бөгөөд үүнээс хойш дахин ажиллах эсэх, ажлаас чөлөөлөгдсөн эсэхээ мэдэхгүй байсан гэж үзсэн шүүгчийн дүгнэлтийг үгүйсгэх үйл баримт юм. 3 жил орчим хугацаанд ажлаас чөлөөлөгдсөн, ажлаас халагдсанаа мэдэхгүй хүлээж байсан гэх дүгнэлт нь илт үндэслэлгүй байна.
3. Б.У- өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд Хөдөлмөрийн хуульд зааснаар хүсэлтээ өгснөөс хойш 30 хоногийн дараа ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг гардан авалгүйгээр ажлын байраа орхин явах эрхтэй. Б.У ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсний дараа өөрөө ажлын байраа орхиж явсан бөгөөд нэхэмжлэлд ажлыг нь хийлгэхгүй байсан гэж дурдсан нь үндэслэлгүй бөгөөд үүнийгээ нотлох баримтаар нотолж чаддаггүй.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, Б.У-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Б.У- нь “З” ОНӨААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг “З” ОНӨААТҮГ-т жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 25 172 664 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 12 957 255 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй боловч хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан журмыг зөрчсөн, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй байх тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Автобус “3” НӨҮГ-т жолоочоор ажиллаж, сард 908 303 төгрөгийн цалин авч ажиллаж байтал 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шалтгаангүйгээр ажилд гаргахгүй болсон. Өнөөдрийг хүртэл ҮЭ-ийн хороо, дарга нарт хүсэлт гаргасаар байхад ажлаас халсан тушаал гаргахгүй, ажил хийлгэхгүй хохироож байна.” гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч “нэхэмжлэгчийг 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ажлаас чөлөөлсөн, Б.У- нь анх ажилд орохдоо тушаасан барьцааны мөнгийг 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр буцааж авсан нь ажлаас чөлөөлөгдсөнөө мэдсэн гэж үзнэ. Мөн Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хугацаа өнгөрсөн” гэж маргажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасан, ажилтан 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх 2 жил 3 сарын хугацаанд ажил үүргээ гүйцэтгээгүй байна.
Ажилтныг ажлаас чөлөөлсөн тухай ямар нэг тушаал, шийдвэр гаргаагүй боловч ажил үүргийг нь гүйцэтгүүлэхгүй байгааг ажлаас халсантай адилтгаж үзнэ.
Нэхэмжлэгч нь ажил үүргээ гүйцэтгээгүй 2 жил 3 сарын хугацаа өнгөрсөн байх бөгөөд энэ хугацаанд 2017 оны 01 сараас өмнө байгууллагын захиргаа, ажил олгогчид хандаж байсан тухай баримтгүй, ажил олгогчоос түүнд “...хүлээж бай, ажлаар хангана...” гэж тайлбарлаж байсныг нотлоогүй байна.
Хэдийгээр ажил олгогч ажлаас халсан шийдвэрийг ажилтанд хүлээлгэж өгснөө нотлоогүй боловч ажил үүргийг нь гүйцэтгүүлэхгүй хоёр жилийн хугацаа өнгөрсний дараа ажилтан ажил олгохгүй хохироож байна, ажлаас үндэслэлгүй халсан гэх үндэслэлээр гомдол гаргасан нь шүүхэд гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.
Анхан болон давж заалдах шатны шүүх ажил олгогч ажилтанд ажлаас халсан тушаалыг хүлээлгэж өгөөгүйгээс шүүхэд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон, ажлаас чөлөөлөгдсөн эсэх, ажилдаа буцаж орохоо мэдэхгүйгээс хугацаа алдсан гэж дүгнэн, гомдол гаргах хугацааг сэргээсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3. дахь заалтад нийцээгүй байна.
Учир нь ажилтан энэ хугацаанд ажил олгогчид хандаж хүсэлт гаргаж байсан болон түүнийг ажилд нь ажиллуулах найдлага төрүүлэхүйц нөхцөл байдлыг ажил олгогч бүрдүүлж байсан тухай үйл баримт тогтоогдоогүй, ажилгүй байсан 2 жил 3 сарын хугацаанд шүүхэд гомдол гаргаагүй хүндэтгэн үзэх шалтгаанаа нэхэмжлэгч нотлоогүй тул хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэл тогтоогдсонгүй.
Иймд нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг үндэслэлгүйгээр хэтрүүлсэн гэж үзэн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4.-т заасныг удирдлага болгон Тогтоох нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2017/02151 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2528 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1., 46 дугаар зүйлийн 46.1., 46.2., 129 дүгээр зүйлийн 129.3.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул “З” ОНӨААТҮГ-т холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөж төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэгч Б.У-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “З” ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 222 266 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД