Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 115/2020/0013/З |
Дугаар | 221/МА2021/0064 |
Огноо | 2021-01-27 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2021/0064
Э.А нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Янжиндулам, нэхэмжлэгч Э.Агийн төлөөлөгч Э.Эн, нэхэмжлэгч Д.И-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, Г.Д, Д.М, хариуцагчийн өмгөөлөгч Б.Д нарыг оролцуулан Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 19 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлоор, Э.А нарын нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 19 дүгээр шийдвэрээр: “...Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 14 дүгээр зүйлийн 14.4.2, 14.7, 17 дугаар зүйлийн 17.1, 20 дугаар зүйл, 22 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/109 дүгээр захирамжийг дахин шинэ акт гартал зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/109 дүгээр захирамжийн нэхэмжлэгч Э.А, Д.И нарт холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Э.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгч Д.И нар шүүхэд гаргасан гомдолдоо: “...Нэхэмжлэгчээс Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2020 оны А/109 дүгээр захирамжийн хавсралт хүснэгтийн 1 дэх хэсгийг буюу өөрт хамааралтай хэсгийг хууль бус учир хүчингүйд тооцож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Энэхүү захирамж хууль бус болохыг Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 19 дүгээр шүүхийн шийдвэрийн “Үндэслэх нь” хэсгийн 13 дахь талын 3 дахь өгүүлбэрт “...хууль бус шийдвэр гэж үзэх үндэслэл тогтоогдож байна” гэж, 14 дэх талын 3 дахь өгүүлбэрт “...хуульд нийцээгүй шийдвэр гэж үзэх үндэслэлтэй байна” гэж мөн дурдсан, 15 дахь талын 3 дахь өгүүлбэрт “...хууль бус захиргааны акт болох нь тогтоогдож байх тул уг захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлтэй байна” гэж тус тус дурдсанаар нотолжээ.
Гэтэл шүүхийн шийдвэрийн “Тогтоох нь” хэсгийн 1 дэх заалтад захиргааны актыг түдгэлзүүлэхээр заасан нь хавтаст хэрэгт авагдсан баримтад үндэслэсэн шүүхийн шийдвэрийн “Үндэслэх нь” хэсэгт энэхүү захиргааны акт нь хууль бус гэж дүгнэсэнтэй нийцэхгүй байна.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт газар өмчлөгч иргэний эрхийг заасан ба 27.1.1-д “бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар олгогдсон хэмжээ, хязгаарын дотор өмчийнхөө газрыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах” гэж, 27.1.3-т, “өмчийнхөө газрыг зохих журмын дагуу иргэнд худалдах, арилжих, өвлүүлэх, бэлэглэх зэргээр захиран зарцуулах” гэж, мөн бусад эрхийг энэхүү хуульд заасан. Нэхэмжлэгч миний бие өөрийн өмчлөлийн газрын тодорхой хэсэгт байшин, хүлэмж барьж амьдран суухаар үлдсэн хэсэгт хувийн дунд сургууль байгуулахаар төлөвлөж байгаа болно.
Гэтэл Дорноговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 115/ШШ2020/0019 дүгээр шүүхийн шийдвэрийн “Тогтоох нь” хэсгийн 1 дэх заалтад “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 14 дүгээр зүйлийн 14.4.2, 14.7, 17 дугаар зүйлийн 17.1, 20 дугаар зүйл, 22 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан хариуцагч захиргааны байгууллага /Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга/-аас дахин шинэ акт гаргах хүртэл...” гэж заасан нь газар өмчлөгчийн эрхийг зөрчсөн, миний өмчлөлийн газрыг дахин авах үндэслэлийг шүүхийн шийдвэрт тухайлан дурдаж захиргааны байгууллагад давуу эрх олгож байна. Энэ нь: “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-т “Иргэний газар өмчлөх эрх зөрчигдсөн бол түүнийг шүүхийн журмаар сэргээн тогтооно” гэж заасныг зөрчиж, сэргээн тогтоох бус харин өмчлөх эрхийг дахин хөндөх, зөрчих дараагийн үйлдлийг захиргааны байгууллага гаргах боломжийг олгосон байна”, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 38.1-т “Иргэн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь бусад этгээд аливаа хэлбэрээр саад учруулахыг хориглоно” зөрчжээ.
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 19 дүгээр шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтад “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол...” гэж заасан нь хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Нийтийн сервитут тогтоох тухай” А/109 дүгээр захирамжийг хүчингүй болгохгүйгээр тогтоосон хугацаанд дахин захиргааны акт гаргаж болох мэтээр ойлгогдож асуудлыг улам ээдрээтэй, үл ойлгогдох болгож байна.
Иймд Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 19 дүгээр шүүхийн шийдвэрийн 18 дугаар хуудасны “Тогтоох нь” хэсгийн 1 болон 2 дахь хэсгийг хүчингүй болгох, Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2020 оны А/109 дүгээр захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгч Д.И болон нэхэмжлэгч Э.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Дорноговь аймгийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/504 дүгээр захирамжаар Сайншанд сумын 1 дүгээр баг, 3 давхрын зүүн хойно байрлах газрыг Б, Х нараас Э.Ад шилжүүлж, уг шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгч Э.А өмчлөлийн газраа 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0713001495 дугаарт бүртгүүлж уг газрын хууль ёсны өмчлөгч болохоо баталгаажуулсан 000139933 дугаартай “Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-г авснаар нэхэмжлэгч Э.Ад, иргэн Но-оос өмчлөлийн газраа 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Газар бэлэглэлийн гэрээгээр нэхэмжлэгч Д.Ид бэлэглэснийг үндэслэж Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 000435163 дугаартай “Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-г Д.Ид олгосноор нэхэмжлэгч Д.Ид маргаан бүхий газруудыг өмчлөх эрх тус тус үүсчээ.
Гэтэл Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Нийтийн сервитут тогтоох тухай” А/109 дүгээр захирамжаар тус сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт Алтанжолоо гудамжны 1.0 га газарт хүн амын нийтлэг ашиг сонирхол, хүүхдийн сурч боловсрох орчин нөхцөлийг нэмэгдүүлэх зорилгоор 640 хүүхдийн багтаамжтай ерөнхий боловсролын сургуулийн барилгыг барих зориулалтаар нийтийн сервитутыг байнгын хугацаатай тогтоон, газрын байршлын координат, өмчлөгч иргэдийн нэр, газрын хаягийг хавсралтаар баталсны дотор нэхэмжлэгч Э.А, Д.И нарын газар багтжээ.
Нэхэмжлэгч Э.А, Д.И нар дээрх захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, түүний үндэслэлээ “...сумын Засаг даргын захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1, 4.2.6, 4.2.8 дахь заалт, 24, 25, 26 дугаар зүйл, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-т заасныг зөрчсөн, ...А/109 дүгээр захирамжид дурдсан сургууль барих үйл ажиллагаа нь Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан Газар зохион байгуулалт хийх журамд заасан газар зохион байгуулалтын арга хэмжээнд хамаарахгүй, ...захирамжаар тогтоосон сервитут нь барилга барих ажилтай нийцээгүй, ...хуулийн 33.1 дэх хэсгийг үндэслэж сервитут тогтоосон боловч 32 дугаар зүйл, 37.1.1-д зааснаар газар солих гэж байгаа нь хуулийг илт буруу хэрэглэсэн бөгөөд сервитут тогтоосон газрыг өөр газраар солих зохицуулалт огт байхгүй, ...худалдан авахыг болон хохирол төлөхийг шаардах эрхтэй гэснийг үл хэрэгсэж өөр газар санал болгосон, ...захирамжийн гол зорилго нь сервитут тогтоох бус өмчийн газрыг авах зорилгод тулгуурласан, ...Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2, 16 дугаар зүйлийн 3-т заасныг зөрчиж өмчлөлийн газрыг хууль бусаар авах эрхгүй...” гэж тайлбарлан маргаж байна.
Анхан шатны шүүхээс “...хариуцагч захиргааны байгууллагын хувьд тухайн нутаг дэвсгэрийн хүн амын нийтлэг ашиг сонирхлыг хангах зайлшгүй шаардлагын үүднээс Сайншанд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт сургуулийн барилга байгууламж барих арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлага байгаа ... нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нарын хувьд нийтийн ашиг сонирхлын үүднээс сургуулийн барилга барих хэрэгцээ шаардлага байгааг үгүйсгээгүй ... дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд хариуцагч захиргааны байгууллагын зүгээс нэхэмжлэгч нарын эрхийг ханган хуулиар олгогдсон боломжуудыг нь олгох замаар тухайн маргаантай асуудлыг шийдвэрлэх боломжтой байх ба энэхүү үйл ажиллагааны цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн буюу захиргааны байгууллагын зүгээс санаачлан хэрэгжүүлэх үйл ажиллагаанууд байх тул” гэж үзэн нэхэмжлэгч нарын өмчлөлийн газрыг дахин авах үндэслэлийг дурдаж хариуцагчид давуу байдал олгон маргаан бүхий актыг түдгэлзүүлж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтыг хэрэглэсэн нь буруу байна.
Учир нь, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан үндэслэл нь шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд маргаан бүхий захиргааны акт хууль бус болох нь тогтоогдсон байх ч хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт, хэргийн бодит нөхцөл байдалтай холбоотой “өөр бусад үндэслэлээр” нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тохиолдолд хэрэглэгдэнэ. Тодруулбал, маргаан бүхий захиргааны актыг хууль бус гэж үзэж буй шүүхийн үндэслэл нь өөрөө бодитой буюу энэ утгаараа шүүхийн шийдвэр үндэслэлтэй, гагцхүү захиргааны акт нь шүүхийн шийдвэрт дурдагдаагүй өөр үндэслэлээр шинээр хууль ёсны дагуу гарч болох боломжтой бөгөөд энэ боломжийг хариуцагчид олгож байгаа юм.
Гэхдээ тэрхүү “өөр бусад үндэслэл” гэдэг нь маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг зөвтгөх, шүүхийн шинжлэн судлах боломжгүй бусад “бодит үндэслэл” байхаас бус, тухайн актын хууль зүйн үндэслэлийг өөр үндэслэлээр солих тухай ойлголт биш юм.
Өөрөөр хэлбэл, шүүхээс маргаан бүхий актыг түдгэлзүүлэхийн зорилго нь хариуцагчаас хууль бус актын алдааг нь зөвтгүүлэхэд биш, харин тухайн акт хууль ёсны гэдгийг нь нотлуулахад орших бөгөөд хэрэв нотлогдохгүй бол маргаан бүхий акт хүчингүй болох үр дагавартай.
Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсноос хэтэрсэн буюу “нийтийн ашиг сонирхлыг хангах зайлшгүй шаардлага нэгэнт үүссэн байгаа тохиолдолд хариуцагч захиргааны байгууллагын зүгээс хуулиар тогтоосон журмын хүрээнд үйл ажиллагаа явуулж холбогдох шийдвэр гаргах замаар иргэнд өмчлүүлсэн газарт дахин зохион байгуулалт хийх хууль зүйн боломжтой” гэж үзэж Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/109 дүгээр захирамжийн улмаас газар өмчлөх эрх нь зөрчигдөж буй нэхэмжлэгч Э.А, Д.И нарт өмчлүүлсэн газрын байршлыг шилжүүлэх эсхүл нөхөх олговор олгохоор нэхэмжлэгч нарын маргаагүй асуудлаар дүгнэлт хийн үндсэндээ хариуцагчаас Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль болон уг хуульд заасан зарим харилцааг нарийвчлан зохицуулсан Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 84 дүгээр тушаалаар батлагдсан Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх талбайг сонгох үлгэрчилсэн журам, 2018 оны 202 дугаар тушаалаар батлагдсан Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах үйл ажиллагааны журам, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 222 дугаар тогтоолоор батлагдсан Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журам түүнчлэн холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу зохих үйл ажиллагааг явуулж, холбогдох шийдвэрийг гаргуулахаар маргаан бүхий актыг түдгэлзүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасантай зөрчилдөж байна.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т “...сервитут нь газар өмчлөгч иргэнд аль болох бэрхшээл учруулахааргүй байна”, 33.4-т “Өмчийн газар нь нийтийн сервитут тогтоосноос газар өмчлөгч иргэн газраа ашиглах боломжгүй буюу ашиглахад хүндрэл бэрхшээлтэй болох тохиолдолд газар өмчлөгч иргэн нь уг газрыг худалдан авахыг мөн түүнд учирсан хохирлыг нөхөн төлөх болон хүндрэл бэрхшээлтэй дүйцэхүйц хэмжээний хөлс төлөхийг нийтийн сервитут тогтоосон эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж зааснаас үзвэл газарт тогтоох аливаа сервитут нь бусдын газрыг өөрийн өмчлөл, эзэмшилд бүр мөсөн шилжүүлэн авах биш зөвхөн зохих хязгаартайгаар ашиглах эрх буюу тухайн газрыг эзэмшихгүйгээр ашиглах эрхийн тухайд тухайн газраар зорчих, нэвтрэх буюу дамжин өнгөрөх, мөн ус, дулаан, цахилгаан, харилцаа холбооны шугам сүлжээ гэх мэт инженерийн дэд бүтцэд холбогдохоор газар шорооны ажил хийх зэрэг байдлаар тодорхойлж ирсэн эзэмшлийн бус эрх юм.
Анхан шатны шүүхийн “...маргаан бүхий захиргааны акт нь хэлбэрийн хувьд нийтийн сервитут тогтоосон мэт байх боловч уг захиргааны актын 640 хүүхдийн багтаамжтай сургуулийн барилга барих зориулалтаар...нийтийн сервитутыг байнгын хугацаатай тогтоосугай гэсэн үндсэн агуулгаас нь үзвэл тухайн газарт газар зохион байгуулалтын бусад арга хэмжээ хэрэгжүүлэхээр нийтийн сервитут тогтоосон бус, харин нэхэмжлэгч нараас өмчлөлийн газраа ашиглах боломжийг бүрэн хязгаарласан, тэдний хувьд газар өмчлөх эрхээ цаашид огт хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн үр дагавартай, дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд хариуцагчийн гаргасан маргаан бүхий шийдвэр нь бодит байдал дээр нэхэмжлэгч нарын газарт сервитут тогтоогоогүй харин хуульд заагаагүй үндэслэлээр өмчлөгчийн эрхийг хязгаарлан нэхэмжлэгч нарын өмчлөлийн газрыг төрд шууд буцаан авсан шийдвэр байх ба ... улмаар агуулгын хувьд зөрчилдөөнтэй хуульд нийцээгүй шийдвэр гэж үзэх үндэслэлтэй” гэж зөв дүгнэлт хийсэн атлаа түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу байна.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газар өмчлөгч иргэн дараахь эрхтэй:”, 27.1.1-д “бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар олгогдсон хэмжээ, хязгаарын дотор өмчийнхөө газрыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах”, 36 дугаар зүйлийн 36.1-д “Иргэний газар өмчлөх эрх зөрчигдсөн бол түүнийг шүүхийн журмаар сэргээн тогтооно”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Иргэн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь бусад этгээд аливаа хэлбэрээр саад учруулахыг хориглоно” гэж тус тус зааснаас үзэхэд маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлсэн нь нэхэмжлэгч нарын газар өмчлөх эрхийг сэргээн тогтоох бус харин өмчлөх эрхийг дахин хөндөх, зөрчих дараагийн үйлдлийг захиргааны байгууллага гаргах боломжийг олгосон байна.
Тодруулбал, маргаан бүхий газарт хүн амын нийтлэг ашиг сонирхлыг хангахаар 640 хүүхдийн багтаамжтай сургуулийн барилга барих тохиолдолд нэхэмжлэгч нар газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох бөгөөд нэгэнт газар өмчлөгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хууль бус захиргааны акт болох нь тогтоогдож байх энэ тохиолдолд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох учиртай.
Түүнчлэн хариуцагч сумын Засаг даргаас Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26 дугаар зүйлүүдэд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаатай холбоотой бодит нөхцөл байдлыг тогтоож, уг шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай, эрх ашиг нь хөндөгдөх этгээдүүд болох нэхэмжлэгч нарт мэдэгдэж, тайлбар, санал гаргах боломж олгож, шаардлагатай ажиллагаануудыг хийхгүйгээр шийдвэрээ гаргасныхаа дараа мэдэгдсэн нь хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн энэ талаарх нэхэмжлэгч нарын давж заалдах гомдол үндэслэлтэй байна.
Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 1/415, 1/416 дугаар албан бичгүүдээр маргаан бүхий захиргааны акт гарсан талаар нэхэмжлэгч нарт мэдэгдсэн” гэж тайлбарлах боловч мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж тусгайлан хуульчилсан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбар нь захиргааны байгууллагын шийдвэрийг зөвтгөх үндэслэл болохооргүй байна.
Иймд, Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/109 дүгээр захирамжийн дээрх үндэслэлүүд нь бодит байдалд нийцээгүй, нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг зөрчсөн байх тул хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 19 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “...Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.1, 33 дугаар зүйлийн 33.3, 33.4, 36 дугаар зүйлийн 36.1, 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.А, Д.И нараас Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/109 дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/109 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.3, 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч нараас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 140400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.” гэж тус тус өөрчилж, 3 дахь заалтыг хасч, нэхэмжлэгч Э.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгч Д.И нарын давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгч нарт буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ