Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2026

 

 

Б.Дагвадоржийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/06274 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Дагвадоржийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч О.Мөнгөнсүхэд холбогдох

 

Хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, оруулсан хөрөнгө оруулсан 196 188 800 төгрөг, гэрээний үүргийн зөрчлийн хохиролд байр түрээсэлсэн, зээлийн хүү, олох байсан орлого 128 960 000 төгрөг, нийт 325 148 800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч Б.Дагвадоржийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Дагвадорж,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батсүрэн,

Хариуцагч О.Мөнгөнсүх,

Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Цолмон, Д.Оргил,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2013 оны 8 дугаар сард О.Мөнгөнсүх нь надтай уулзаж, "Хоёулаа хамтарч барилгын бизнес хийе, орон сууцны барилга барья, чи хөрөнгө мөнгөө оруулчих, их хэмжээний ашиг олоод хувааж авна" гэж надад итгүүлсэн бөгөөд бид зохих гэрээг байгуулан хөрөнгө оруулж орон сууцны барилга барьх, оруулсан хөрөнгө оруулалтдаа ногдох ашиг орлогоо тэнцүү хувааж авах, хамтарсан компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэхээр хэлэлцэн тохиролцсон. Ингээд О.Мөнгөнсүх нь мөнгө, хөрөнгөө яаралтай шилжүүлэхийг надаас шаардаж байсан тул миний бие Б.Дагвадорж нь барилгын бизнест хөрөнгө оруулахаар шийдвэрлэж, 2014 оны 2 дугаар сараас 2014 оны 12 дугаар cap хүртэлх хугацаанд нийтдээ 196 188 800 төгрөгийг шилжүүлэн өгсөн бөгөөд хоёул хамтран ажиллаж, барилгын холбогдох зөвшөөрлүүдийг хөөцөлдөж, барилгын ажлыг эхлүүлсэн. Миний бие түүнээс "Бид хэзээ Хамтран ажиллах гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээгээ байгуулах вэ?, мөн баригдсан барилгаас авах ашиг орлогоо хувааж авахаа хэзээ баримтжуулах вэ?" гэдгийг олон удаа асууж, шаардаж байсан боловч О.Мөнгөнсүх нь "эхлээд барилгын ажлаа эхлүүлье, дараа нь гэрээ хэлцэл, бичиг цаас ямар ч асуудалгүй, бид тохирсон тул санаа зоволтгүй" гэх мэтээр хойшлуулсаар байсан. Өнөөдөр миний анхнаас нь хөрөнгө оруулсан 48 айлын орон сууцны барилга Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Төмөр замын 22-1 тоотод баригдаад дуусаж байгаа боловч миний бие оруулсан хөрөнгө оруулалтандаа ногдох нэг метр талбайг ч эзэмших эрх байхгүй, анх тохиролцсон орлого ашгаа өгөх эсэх нь тодорхойгүй, О.Мөнгөнсүх нь гэрээ хэлцлээ бичгээр байгуулахгүй бултсаар өнөөдрийг хүрч байна. Миний бие тухайн хөрөнгө оруулалтыг О.Мөнгөнсүхэд олж өгөхийн тулд өөрийн амьдардаг Москва хорооллын 2 өрөө орон сууцаа зарж, танил нөхөд, хамаатны хүмүүсээс сарын 3%-4% хүүтэй зээл авч бүрдүүлэн бэлэн мөнгө, цемент материал хэлбэрээр шилжүүлэн өгсөн бөгөөд өнгөрсөн 3 жилийн хугацаанд гэр бүл, 2 хүүхдийн хамт түрээсийн байр дамжин амьдарч байна. Бидний анх тохиролцсоноор миний хөрөнгө оруулсан тус барилга нь 2015 оны эцэс гэхэд баригдаж дуусаад ашиглалтанд оруулсан байх байсан. О.Мөнгөнсүх нь олон удаа гуйлгасаны эцэст баригдаж буй барилгаасаа зарим талбай өгөх тухай яригдсан боловч тэр нь надад илт хохиролтой ашиг өгөх байтугай хохирлоо хааж хүрэхээргүй байсан бөгөөд О.Мөнгөнсүх хариуд нь "намайг цагдаад гомдол гаргаж болохгүй, шүүхэд хандахгүй, өмнөх бүх үйлдэлд зөвхөн Б.Дагвадорж миний бие буруутай байсан" гэх мэтээр санаанд орсон болгоноо баталгаа болгон бичиж өгөхийг шаардаж, хэт нэг талыг хохироосон санал тулгаад хариу өгөлгүй таг болсон. Хэрэв О.Мөнгөнсүх нь надтай анх тохиролцсоны дагуу үүргээ хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгэсэн бол бид нар өнөөдөр зохих гэрээгээ (Хөрөнгө оруулалтын гэрээ буюу Хувьцаа эзэмших гэрээ) байгуулчихсан, баригдсан барилгаас миний бие Б.Дагвадорж нь ногдох талбайгаа эзэмшээд хүлээгээд авчихсан эсхүл анх оруулсан 196.2 сая төгрөгөө ашиг, өгөөжийн хамт мөнгөн хэлбэрээр хүлээж аваад хохиролгүй болсон байх ёстой байсан. Гэтэл О.Мөнгөнсүх нь дээрх үүргээ гүйцэтгэхгүй өнөөдрийг хүрч, ногдох ашиг өгөхгүй зорилгоор гэрээ хэлцэл байгуулахаас санаатай зайлсхийж, эрүүгийн журмаар шалгуулж байж анх 196 188 800 төгрөг хүлээн авсанаа хүлээн зөвшөөрсөн. Тэрээр итгэл эвдэх аргаар миний 196 188 800 төгрөгийг авч ашигласан бөгөөд түүнчлэн хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй хугацаа хэтрүүлснээс дараах бодит хохирлыг надад учруулсан. Байр түрээслэн амьдарсан төлбөр 22 100 000 төгрөг, иргэдээс авсан зээлийн хүү 63 960 000 төгрөг, орон сууцаа худалдсан мөнгөө банкинд 1.3 хувийн хүүтэй 33 cap, 100,0 сая төгрөг хадгалуулах 42 900 000 төгрөгийн олох

байсан орлого, нийт 325 148 800 төгрөг, иймд иргэн О.Мөнгөнсүхээс Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.3, 222 дугаар зүйлийн 222.5, 222.7-д заасныг үндэслэн нийтдээ 325 148 800 төгрөгийг гаргуулан миний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Мөнгөнсүх миний бие иргэн Б.Дагвадоржтой 2007 онд ХБНГУ-д танилцаж найз нөхөд болсон. Иргэн Б.Дагвадоржтой 2013 оны 9 сард барилга барихаар ярилцан тохиролцож О.Мөнгөнсүх би өөрийн амьдарч байсан газар дээр барилга барихаар шийдвэрлэж бичиг баримт, холбогдох зөвшөөрлийг хөөцөлдөж эхэлсэн. Хамтран барилга барих зорилго нь барилгыг О.Мөнгөнсүх би бие даан ганцаараа санхүүжүүлэх боломжгүй тул хамтран санхүүжүүлж ашиг орлогыг эн тэнцүү хуваах зорилготой байсан юм. Иргэн Б.Дагвадорж нь газрын төлбөрийг төлж газрыг өөрийн болгож түүн дээр баригдах барилгад хөрөнгө оруулж өөрт ногдох хэсгийг өмчлөх, захиран зарцуулах эрх үүсэхгүй байх нөхцөл бүрдсэн тул 2016 оны 4 сарын сүүлээр Төрийн банкнаас 400 сая төгрөгийн зээл авч барилгын ажлыг цааш үргэлжлүүлэн одоогийн байдлаар дуусах шатандаа орж байна. О.Мөнгөнсүх миний амьдарч байсан байшин нь 2 айлын хуучны 1 давхар дан модон байшингийн нэг талын сууц нь байсан юм. Барилга барихын тулд 2 айлын газрыг нийлүүлэх, хуучны байшингийн эзэмшлийг нэгтгэх, нэгтгэсний дараа газраа чөлөөлөн хуучин байшинг нураан буулгах шаардлагатай байсан тул 2 дах сууцыг эзэмшигчтэй зөвшилцөх, худалдан авах эсхүл хамтран барих зэргээр хувилбарууд ярилцаж байгаад иргэн Б.Дагвадорж нь амины сууц өмчлөгчөөс сууцыг эзэмшил газрын хамт худалдан авах хувилбарыг сонгосон. Барилга барихаас өмнө газрын асуудлыг шийдвэрлэн барилга барихад хангалттай хэмжээний талбайтай болгох зорилгоор өмнөх өмчлөгч Ш.Ариунбилэг гэх иргэнээс худалдан авсан юм. Ийнхүү худалдан авахдаа О.Мөнгөнсүх миний танил Ц.Цэлмэг, Ц.Цэнгэлбаяр хоёр иргэнээс 160 сая төгрөг зээлэн дээр нь Б.Дагвадорж 10 сая төгрөг нэмэн нийт 170 сая төгрөгөөр иргэн Ш.Ариунбилэгээс амины сууцыг эзэмшил газрын хамт худалдан авсан. Энэхүү худалдан авалт нь барилга барих боломжийг бий болгосон. Ц.Цэлмэг, Ц.Цэнгэлбаяр нараас зээлсэн 160 сая төгрөг (нэг зуун жаран сая төгрөг) дээр иргэн Б.Дагвадорж нь 10 сая төгрөг нэмэн нийт 170 сая төгрөгийг 2014 оны 2 сарын 17-ны өдөр Ш.Ариунбилэгийн дансанд шилжүүлсэн. Энэхүү хоёр иргэнээс мөнгө зээлж авахдаа иргэн О.Мөнгөнсүх, Б.Дагвадорж бид 2 гэрээнд зээлдэгч тал, Ц.Цэнгэлбаяр, Ц.Цэлмэг нар зээлдүүлэгч тал болон оролцож зээлийн гэрээг нотариатаар гэрчлүүлэн батлуулсан. Зээлийн гэрээ нь 2014 оны 12 сарын 31- ний өдөр дуусахаар тогтсон бөгөөд өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний дагуу иргэн Б.Дагвадорж бид хоёр зээлийн төлбөрийг барагдуулаагүй байгаа болно. Иргэн Б.Дагвадорж бид хоёрын ярилцаж тохирсноор зээлдүүлэгч иргэдээс авсан 160 сая төгрөгийг хүүгийн хамт 240 сая төгрөг болгон өсгөж өгөхөөр тохиролцсон байсан. Зээлдэгч нар хугацаанд нь төлж чадна гэж тохиролцсны үндсэн дээр зээлийн гэрээ байгуулж зээлдүүлэгч нарт мөнгийг нь өсгөж өгөхөөр тохиролцож гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан. Иргэн Б.Дагвадоржид барилга байгууламж эзэмших эрх үүсэх: Иргэн Ш.Ариунбилэгээс амины сууцыг эзэмшил газрын хамт иргэн Б.Дагвадорж нь худалдан авснаар буюу төлбөрийг Б.Дагвадорж төлснөөр газар эзэмших эрх үүсэхээр, тухайн эзэмшил газар дээр баригдах барилгыг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлснээр барилга байгууламж эзэмших эрх үүсэхээр бид харилцан тохиролцсон байсан. Энэ тухай нарийвчлан тусгасан гэрээний загварыг Б.Дагвадоржид танилцуулж өгдөг байсан боловч гэрээг байгуулаагүй. Барилга баригдаж эхлэхэд барилгын ажлыг иргэн Б.Дагвадорж, иргэн О.Мөнгөнсүх нар эн тэнцүү буюу 50%:50% үүрэгтэйгээр санхүүжүүлж, мөн 50%:50% эрхтэйгээр захиран зарцуулах, барихаар тохиролцсон байсан. Барилгын ажил 2014 оны 9 сарын 12-ноос эхэлж 2014 оны 11 сарын 18 хүртэл явагдахдаа зөвхөн суурь, зоорийн давхар буюу гараашын давхарын ажил хийгдээд өвлийн улиралд бүрэн зогссон. Энэ хооронд Б.Дагвадорж нь 196 188 800 төгрөгийг барилгын ажилд бетон зуурмаг, арматур түүхий эд материал хэлбэрээр нийлүүлсэн. Зарчмын хувьд иргэн Б.Дагвадорж нь газрын төлбөрийг төлж газрыг өөрийн захиран зарцуулах мэдэлд шилжүүлсний дараа барилгын ажлыг санхүүжүүлэх ёстой байсан боловч "газрын төлбөрийг төлчихнө эхлээд барилгаа барьж байя" гэж ярилцсаны үндсэн дээр өөрийн бараа материал түүхий эдийг нийлүүлсэн. Иргэн Б.Дагвадорж нь 2015 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш барилгын ажилд бараа материал, түүхий эд нийлүүлээгүй, мөнгөн хөрөнгө санхүүжүүлээгүй. Барилга байгууламжийг барьж ашиглалтанд оруулах зорилгоор иргэн О.Мөнгөнсүх, иргэн Б.Дагвадорж нарын хамтран ажиллах үеийн үүрэг, хариуцлага Б.Дагвадоржийн үүрэг бол газрыг худалдан авах төлбөрийг төлөх, тухайн газар дээр нь баригдах барилгын нийт төсвийн 50 хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх явдал юм. Иргэн О.Мөнгөнсүхийн үүрэг бол зөвхөн өөрийн газар дээр баригдах барилгын нийт төсвийн 50 хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж барих явдал юм. Эндээс үзэхэд нэг зураг төсөл бүхий барилгын төсвийг О.Мөнгөнсүх, Б.Дагвадорж нар эн тэнцүү бүрдүүлэх үүрэг ногдож байна.

Маргаан бүхий хоёр тал буюу иргэн О.Мөнгөнсүх, иргэн Б.Дагвадорж нар барилгыг нийт төсвийн дагуу өөр өөрсдийн хөрөнгөөр 50:50 хувийн эрхтэй санхүүжүүлж барих үүрэгтэй бөгөөд санхүүжүүлж барьсны дараа өөрт ногдох хэсэг буюу 50:50 хувийг захиран зарцуулах эрх үүсэхээр байх тул талууд нэгнийхээ өмнө ямар нэгэн төлбөрийн үүрэг хүлээх үндэслэлгүй. 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр О.Мөнгөнсүх миний бие иргэн Б.Дагвадоржтой мөнгө хүлээлцсэн хэлцэл хийн 196 188 800 төгрөгийн барилгын бараа материал, хэсэг хэмжээний бэлэн мөнгө хүлээн авсныг баталгаажуулсан. 2 тал нэг метр квадрат талбайн үнийг тохиролцсон тохиолдолд орон сууц шилжүүлэх замаар төлж барагдуулахаар, тохиролцож чадахгүй тохиолдолд бэлэн мөнгө хэлбэрээр буцаан төлөхөөр тохиролцсон тул нэхэмжлэлд заасан 325 148 800 төгрөгийг гаргах үндэслэлгүй. Тиймээс 325 148 800 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэн Б.Дагвадорж болон иргэн О.Мөнгөнсүх бид хамтран барилгын зөвшөөрөл буюу ерөнхий төлөвлөгөөний зураг батлагдаагүй байхад дур мэдэн хамтын шийдвэр гаргаж барилгын ажлын зургийг ДиЭлТи ХХК-аар зуруулсан. Ийнхүү зуруулахдаа иргэн Б.Дагвадорж 16 сая төгрөг, иргэн О.Мөнгөнсүх би 20 сая төгрөгийг тус тус төлсөн. Одоо баригдаж байгаа барилга нь энэхүү зургаар баригдаагүй байх тул хамтран шийдвэр гаргасны дагуу өөр өөрсдийн хариуцлагыг хүлээх шаардлагатай тул 196 188 800 төгрөгөөс 16 сая төгрөгийг хасан зөвхөн 180 188 800 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Энэхүү ашиглаагүй барилгын ажлын зургийг хоёр тал хүлээн авснаар тус тус ашиглах эрхтэй барилгын зурагтай болно. Учир нь нэг иргэний гаргасан шийдвэрийн хариуцлагыг өөр нэг иргэн хүлээх учиргүй болно. Уг барилгын зурагт иргэн О.Мөнгөнсүх би 20 сая төгрөг төлсөн болно. Миний гаргасан шийдвэрийн хариуцлагыг иргэн Б.Дагвадорж хүлээх үндэслэлгүй. Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 22 байр 1 тоот байршилд баригдаж байгаа барилгын ажлын зураг нь “ДиЭлТи” ХХК-ийн боловсруулсан өөр хэмжээ бүхий барилгын ажлын зураг юм. Иргэн Б.Дагвадоржийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсанаар Иргэний хуулийн 187.3 дахь хэсэгт зааснаар мөнгө хүлээлцсэн хэлцлийг талууд хийсэн. Хэлцэлд дурдагдсан 180 188 800 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн. Мөнгө хүлээлцсэн хэлцэл дээр талууд хугацаа тохиролцоогүй тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 222.7-д заасныг удирдлага болгох үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.2, 205.2.2, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч О.Мөнгөнсүхээс 196 188 800 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Дагвадоржид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 128 960 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 783 694 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 138 894 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Дагвадорж давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанд нэхэмжлэгч Б.Дагвадоржийн зүгээс өмгөөлөгч авах, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шүүх үл хэрэгсэн шүүх хуралдааныг үргэлжүүлсэнээр хэргийг шийдвэрлэсэн. Хавтаст хэрэгт өмгөөлөгчтэй холбоотой баримтууд буюу өмгөөлөгч авсан, түүнтэй байгуулсан гэрээ, өмгөөлөгчид хэргийн материал танилцуулсан, шүүх хуралдааны зар мэдэгдсэн зэрэг баримт огт авагдаагүй. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус зөрчиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.8-д заасан хуульд заасан бусад эрхээр хангаагүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгч авах эрх зөрчигдсөн байна.

Шүүх талуудыг эвлэрэх боломжийг хязгаарлаж, хангаж өгөөгүй. Талуудын эцсийн хүсэл зориг нь хамтарч хөрөнгө оруулан баригдсан барилгаасаа өөрийн хөрөнгө оруултанд ногдох талбайг хуваан авах замаар орлого өгөөжөө хүртэхэд чиглэгдэж байсан бөгөөд талуудын маргаантай асуудал нь Б.Дагвадоржид ногдох талбайн хэмжээг тогтооход оршиж байсан. Ийм учраас тус барилга баригдахад зарцуулсан нийт зардлын хэмжээг тогтоож, барилгын нийт талбайд харьцуулах замаар нэгж талбайн бодит өртөг зардлыг тогтоолгохоор хөндлөнгийн мэргэжлийн шинжээч томилуулах хүсэлтийг шүүхэд гаргаж, талууд харилцан зөвшөөрсөн боловч шүүх хүсэлтийг үл хэрэгсэн хэргийг шийдсэнээр шүүх талуудын эвлэрэн шийдвэрлэх боломжийг хязгаарласан.

Шүүгч нь тухайн шүүх хурлаар хоёр захирамж гаргасан бөгөөд тус шүүгчийн захирамжуудад гомдол гаргах эрхгүй болохыг дурджээ. Энэ нь хууль зөрчиж талуудын гомдол гаргах эрхийг хязгаарласан гэж үзэж байна. Өмгөөлөгч авах тухай хүсэлтийг хангахаас татгалзсан шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1, 100 дугаар зүйлийн 100.2, мөн шинжээч томилуулах, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг хангахаас татгалзсан шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1, 38 дугаар зүйлийн 38.9-д заасныг тус тус зөрчиж зохигчдыг шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхийг хязгаарласан.

Мэтгэлцэх зарчмийг хэрэгжүүлэх боломж олгоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан мэргэжлийн өмгөөлөгч сонгон авах эрхийг хязгаарлаж шүүх нь өмгөөлөгчөөр хангах үүргийг хэрэгжүүлээгүй нь мэтгэлцэх зарчмыг бүрэн алдагдуулж, ямарч бэлтгэлгүй, холбогдох нотлох баримтгүйгээр шүүх хуралдааныг тэгш бус байдлаар явагдсанд гомдолтой байна. Миний бие зөвхөн учирсан хохирлоо нэхэмжилсэн бөгөөд хөрөнгө оруулалтын хэмжээнд ногдох олох байсан орлогоо нэмж нэхэмжлэх бололцоог өгөөгүй, түүнтэй холбоотой шүүхэд хүсэлт гаргах замаар нотлох баримт цуглуулах эрхийг хязгаарласан. Хэргийг шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларах боломжоор хангаагүй. Хавтаст хэрэгт зөвхөн Б.Дагвадоржийн 196 188 800 төгрөгийн хөрөнгө оруулсан тухай баримтаас өөр баримтгүйгээр хэргийг шуурхай шийдвэрлэж, Б.Дагвадоржийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, хариуцагч үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол, байр түрээслэсэн баримт, иргэдээс авсан зээлийн гэрээ, зээлийн хүүгийн баримт, банкинд хадгалуулсанаас олох байсан орлогын гэх зэрэг олон баримтуудыг шүүх хуралдаанд авчирсан боловч шүүх хүлээж авалгүй, эрх үүргийг тодорхой тайлбарлаж өгөөгүй, эрх зүйн туслалцаа авах боломжоор хангаагүй. Гэтэл шүүх Б.Дагвадоржийг тус нэхэмжлэлийн шаардлагаа нотлож чадаагүй, энэ талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д заасныг зөрчиж хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдүүлэх боломжийг хааж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүх хуралдааны явцад тус хэргийн жинхэнэ хариуцагч нь О.Оюунчимэг болох тухай шинэ нөхцөл байдал үүссэн. Тус шүүх хуралдаанд хариуцагч О.Мөнгөнсүхийн өгсөн мэдээллээр тус барилгын бүхий л бичиг баримтууд, барилга барих тусгай зөвшөөрлүүд, улсын бүртгэл болон санхүүгийн баримтууд, барилгын газар нь О.Мөнгөнсүхийн ээж О.Оюунчимэгийн нэр албан ёсоор бүртгэлтэй болсон байна. Нэхэмжлэгч Б.Дагвадорж нь хөрөнгө оруулах үедээ иргэн О.Оюунчимэгтэй мөн адил олон удаа уулзаж, хөрөнгө оруулалтыг тухайн барилгад оруулсан байдаг тул О.Оюунчимэгийг жинхэнэ хариуцагчаар оролцуулах зүй ёсны шаардлага үүссэн.

Нэхэмжлэлийг анх 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд өгсөн боловч шүүх таг чиг гурван cap болсоны дараа буюу 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хариуцагчид гардуулж, хариу тайлбар ирүүлэх хугацаа 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөр дуусмагц нэхэмжлэгч талд "мэтгэлцэх, тайлбартай танилцаж хариу тайлбар бэлтгэх, холбогдох нотлох баримт гаргах цуглуулах, нэхэмжлэлийн шаардлагад өөрчлөлт оруулах, өмгөөлөгчийн туслалцаа авах, эвлэрэн хэлэлцэх.." зэрэг эрх үүргээ хэрэгжүүлэх хангалттай цаг хугацаа, боломж олголгүйгээр 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн анхны шүүх хуралдаанаар хэргийг шууд эцэслэн шийдвэрлэсэн. Зохигчдын хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж байсан удаа байхгүй бөгөөд шүүхийн өөрийн үйл ажиллагаанаас шалтгаалан хариуцагчид гардуулж өгөхгүй, тодорхой бус байдалтай гурван сарын хугацаа өнгөрөөсөн мөртлөө хариуцагчийн тайлбар ирмэгц хэргийг шууд эцэслэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх хугацаандаа багтааж шийдвэрлэх зорилгоор хэргийн оролцогчдийн хууль ёсны эрхийг хохироосон гэж үзэж байна.

Талуудын амаар байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу хариуцагчид орон сууцны барилгыг бариулах, хугацаанд нь ашиглалтанд оруулах үүрэг үүссэн тухай шүүх дүгнэсэн. Гэтэл хариуцагч үүргээ биелүүлээгүйгээс өнөөдрийг хүртэл 2 жил гаруй хугацаа хэтэрсэн байгаа нь нэхэмжлэгч талд бодитой мөнгөн хохирол учруулсаар байгааг шүүх анхаарсангүй хохирлыг хэрэгсэхгүй болгож, зөвхөн анх оруулсан мөнгөн хөрөнгийг буцаан олгохоор шийдвэрлэжээ. Түүнчлэн хамтран ажиллах гэрээний дагуу нэхэмжлэгч өөрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээнд ногдох олох байсан орлогоо авалгүй хохирч үлдээд байна. Энэ нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 заалтыг зөв тайлбарлан хэрэглэж чадсангүй гэж үзэхээр байна. Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хохиролтой холбогдуулан Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.3, 222 дугаар зүйлийн 222.5, 222.7-д заасныг анхаарч үзсэнгүй. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Дагвадорж нь хариуцагч О.Мөнгөнсүхэд холбогдуулан хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, оруулсан хөрөнгө оруулсан 196 188 800 төгрөг, гэрээний үүргийн зөрчлийн хохиролд байр түрээсэлсэн, зээлийн хүү, олох байсан орлого 128 960 000 төгрөг, нийт 325 148 800 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн захирамж гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор хэрэг үүсгэх тухай хуулийн зохицуулалтыг зөрчсөн байна.

 

Мөн шүүх 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд хэргийн хугацаа 2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр дуусах байтал хэргийн хугацаа дуусаагүй байхад 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр сунгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасантай нийцээгүйгээс гадна, хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагчид мэдэгдэх хуудас хүргүүлэн шүүхэд ирүүлэх ажиллагаа хийлгүйгээр шүүхэд албадан ирүүлэх үндэслэл бий болоогүй байхад албадан ирүүлэх захирамж гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзнэ.

 

Түүнчлэн шүүх хариуцагчид 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн нэг хувийг гардуулж, хариу тайлбар ирүүлэх хугацааг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөр тогтоосон атлаа тайлбар ирүүлэх сүүлийн хугацаа дуусаагүй байхад 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай нотлох баримт хангалттай бүрдсэн гэх үндэслэл зааж шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцүүлэх шүүгчийн захирамж гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 76 дугаар зүйлийн 76.1.1-т заасантай нийцэхгүй байна.

 

Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараас үзвэл хэргийн бодит байдал бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 118 дугаар зүйлийн 118.3-д заасан нөхцөл шаардлагыг хангаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн буруу болжээ.

 

Нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн захирамж гаргасны дараа шүүх хэргийн оролцогч бүрт эрх, үүргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д заасны дагуу тайлбарлан өгөх ажиллагаа хийх ёстой.

 

Гэтэл шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийн талаар танилцуулсан боловч хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрдүүлэх, зарим нотлох баримтыг шүүхээр бүрдүүлэх, өмгөөлөгч авах эрхээ хэрэгжүүлэх боломжит хугацааг олгоогүй байна.

 

Шүүх нэхэмжлэгч Б.Давгадорж, хариуцагч О.Мөнгөнсүх нарт хэргийн материал танилцуулсан баримт байх боловч нэхэмжлэгч Б.Дагвадорж нь 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд шинээр нотлох баримт гаргаж өгснийг хариуцагчид танилцуулсан эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгч авах эрхийг хангаагүй учир зохигчид уг баримтуудыг няцаах, баримт цуглуулах, улмаар шүүхэд мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан зохицуулалтад нийцэхгүй.

 

Шүүх хуралдаан эхлэхээс өмнө буюу шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэхээс өмнө хэргийн оролцогч нотлох баримт гаргаж өгсөн байхад анхан шатны шүүх хүлээж аваад нөгөө талд нь танилцуулах ажиллагааг хийх ёстой. Гэтэл шүүх энэ ажиллагааг хийсэн талаар баримт хэрэгт авагдаагүй нь буруу болжээ.

 

Анхан шатны шүүх шинжээч томилуулах хүсэлтийг зохих ёсоор шийдвэрлэсэн боловч хариуцагч О.Мөнгөнсүхийн шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтаас хасуулах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэхдээ хүсэлтийг хангахаас татгалзсан үндэслэл нь тодорхойгүй, ямар нотлох баримтыг хасуулах хүсэлт гаргасан, хүлээн авахаас татгалзсан нотлох баримтууд тодорхой бус байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтын талаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/06274 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Дагвадоржийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 802 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                                   

                                          ШҮҮГЧИД                                     С.ЭНХТӨР

 

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ