Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 6223

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Монгол улсын иргэн ЦВ69071209 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 72 дугаар хотхон, 2 дугаар байрны 6 тоотод оршин суух Мишигдоной овогт Мишкагийн Баярмаагийн хүсэлттэй,

Золбингийн Батаагийн зээ охин болохыг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч М.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Номин-Эрдэнэ оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч М.Баярмаа нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Мишка овогтой Баярмаа миний бие 1969.07.12-ны өдөр Улаанбаатар хотноо аав Д.Мишка, ээж Ц.Минжин нарын ууган охин болон төрсөн. Миний ээж Цэрэндавга овогтой Минжин Маруся нь 1938 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн бөгөөөд эцгийн хайр, уул шиг түшгийг мэдэрч чадаагүй эгнэгт алдсан нэгэн байлаа. Түшээт хан аймгийн Их түшиг уулын хошуу, Барта хэмээх газарт төрсөн Зэлтэрийн ядуу малчин ард Золбингийн 4 дэх хүү Батаа миний ээжийн төрсөн эцэг өвөө болой. Түүний хоёр ах З.Лодон, З.Шижээ нар дэд жанжин, ялгуун баатар Сумъяа бэйсийн удирдлаган дор Хиагтыг чөлөөлөх, Баруун замын байлдаан зэрэгт явж ардын хувьсгалын үйл хэргийн төлөө тулалдсан партизан хүмүүс байлаа. Миний өвөө З.Батааг 1938 оны 02 дугаар сарын 08-нд Алтанбулагийн онцгой комисс гэгч баривчлаад 1938 оны 06 дугаар сарын 20-ны өдөр буудан алж, Улсын дээд шүүхийн 1965 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 93 дугаар тогтоолоор цагаатгажээ. Түүний том ах Лодонг эцэг Золбингийн хамт 1938 оны 09 дүгээр сард, бага ах Шижээг 1941 онд тус тус егүүтгэжээ. Миний бие нь ээжийн хамт З.Шижээгийн төрсөн хүү Ш.Эликс (ХГ34022470 регистрийн дугаар бүхий) ахаас эл мэдээллийг сонсож тэмдэглэж авч, нөхөн олговор авахаар нилээн хэдэн жилийн өмнөөс эхлэн хөөцөлдөж байсан юм. Миний эмээ болох Батцэрэнгийн Даваацоо эсэргүүний эхнэр гэгдэж, төрж өссөн нутаг хошуундаа байхын нөхцөлгүй болж, хоёр хүүхдээ (охин Маря Маруся) өөрөөрөө овоглон амьдрахын эрхээр хот руу дайжин ирсэн байна. Ийнхүү эмээ минь амьдралын гашуун зовлонг амсаж явахдаа өөрийн болон охидынхоо жинхэнэ нэр, насыг нууж, айдас хүйдэстэй амьдарч явсаны нэг илрэл нь 1944 оны хүн амын тооллогоор унаган нутаг Сэлэнгэ аймгаар (Түшигцагааннуур, Алтанбулаг сум) нь ч, шилжин ирж суурьшсан Улаанбаатар хотоор нь ч хичнээн хайлгаад мэдээлэл гарч ирэхгүй байгаа явдал гэж бодож байна. Эмээ минь ийнхүү олон жил ганцаар өрх толгойлон амьдарч явахдаа том охин Маяагаа алдаж, бага охин Маруся нь 1945 онд Циркийн сургуульд элсэн орж, жүжичин болж, 1947, 1949 онуудад Дэлхийн залуучууд оюутны Анхдугаар болон 2 их наадамд төлөөлөгчөөр оролцоход орос нэртэй байх нь зохимжгүй солих шаардлагатай гэсэн учир Минж нэртэй болсныг тухайн үед хамт сурч, ажиллаж байсан хүмүүсийн зарим хүмүүсийн зарим нэгэн төлөөлөл бичгээр гэрчилсэн байгаа. Түүнчлэн Улсын Циркийн архивын материалаас үзэхэд миний ээж нь Даваажавын Минжин нэрээр бүртгэгдсэн байгаад нилээн сүүлд Цэрэвдавгын Минжин нэрээр бичигдсэн гэсэн тодорхойлолт байна. Учир нь, миний эмээ Б.Даваажав нь хожим 1950 оны эхээр Г.Цэрэндавга гэгч хүнтэй ханилан сууж, охин Минжин (Маруся)-г хойд эцгийнх нь нэрээр овоглуулжээ. Ийнхүү миний ээж Цэрэндагвын Минжин нь хойд эцгийн нэрээр овоглосноос хойш 60 гаруй жил амьдрахдаа төрсөн эцгээ сэтгэлдээ тээсээр ирсэн нь ургийн овгоо өөрийн төрсөн эцгийн унасан газар болох Барта гэдэг нэрээр нэрлэж явснаас ойлгогдож байгаа юм. Дээр дурьдсанчлан миний өвөө Золбингийн Батаад оногдох нөхөн олговрыг миний ээж Ц.Минжинд өвлүүлэхээр Хууль ёсоор өв залгамжлах эрхийн гэрчилгээ-г 2000 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нотариатчийн шийдвэр гарч байсан юм. Тухайн үед улс төрийн хэргээр хэлмэгдэж, цагаатгагдсан хүмүүст олгох нөхөн олговрын асуудлаар бараг хүн бүр хөөцөлдөж, маш их хүндрэл чирэгдэлтэй, буруу ташаа лавлагаа мэдээлэл гарч байсантай уялдан ээж бид хоёр нөхөн олговрын асуудлыг орхисон байсан юм. Одоо цагт нөхөн олговор авах хүн цөөрсөн авах хүний тоо бараг гүйцсэн, урт дараалал, чирэгдэлгүй цаг сайхан болсон тул бид дахин хөөцөлдөхөөр шийдээд байсан юм. Гэсэн хэдий ч ээж минь нас өндөр болж, элэгний хорт хавдар хэмээх айхтар өвчнөөр өвдөөд хэвтэрт байсаар 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр насан эцэслэсэн тул амьд сэрүүн цагт нь нөхөн олговор авахаа хөөцөлдөж амжаагүй, түүнчлэн ээжийн минь талаарх үнэн бодит түүхийг мэдэх, гэрчлэх хүн бараг үгүй болсон тул надад байгаа цор ганц хавсралт материалуудыг нягтлан үзэж, хилс хэргээр хэлмэгдсэн миний өвөө Золбингийн Батаагийн буруутаж үлдсэн нэрвэгсдийн зээ охин мөн болохыг тогтоож өгнө үү, сайн үйлс дэлгэрэх болтугай гэв.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч М.Баярмаа нь Золбингийн Батаагийн зээ охин болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргаж, хүсэлтийн үндэслэлээ улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, цагаатгагдсан хүмүүст олгох нөхөн олговрыг гаргуулна гэж тодорхойлсон.

Золбингийн Батаа нь 1903 онд Сэлэнгэ аймгийн Их түшиг уулын хошуу, Барта хэмээх газар төрсөн бөгөөд хотын гар үйлдвэрийн барааны эрхлэгчээр ажиллаж байгаад 1938 оны 2 дугаар сарын 8-ны өдөр хувьсгалын эсэргүү улс төрийн хилс хэрэгт баривчлагдаж, 1938 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Онцгой бүрэн эрхт комиссын хурлын 22 дугаар тогтоолоор шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 4 дүгээр тал/

Монгол улсын Дээд Бүгд хурлын 1965 12 19- 093 тогтоолоор Золбингийн Батааг у хилсээр ял шийтгүүлсэн нь тогтоогдсон тул ц, 1998 9 29- 787 олох нь хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 5-6 дугаар тал/

З.Батаа нь хилс хэргээр ял шийтгүүлэхээс өмнө ам бүл 4 эхнэр Батцэрэнгийн Даваацоо, охин Маяа, Маруся нарын хамт амьдарч байсан бөгөөд түүний эхнэр Б.Даваажав нь 1952 онд Гүнсэнгийн Цэрэндагватай 1956 1 дүгээрр 20-ы иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх точвооны 32 дугаарт бүртгэжээ.

З.Батаагийн охин Маруся нь хожмоо хойд эцэг Цэрэндагваар овоглож, өөрийн нэрийг Минжин болгож өөрчилсөн болох нь хэрэгт авагдсан Монгол улсын циркийн 1998 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 133 дугаар тодорхойлолт, 1956 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн Увс аймгийн үйлдвэрчний эвлэлийн Баярын бичиг, Галын бурхад сонины 1997 оны №025 дугаар хэвлэлийн Сэтгэлийн өргөл нийтлэл, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2015 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 03-02/1358 дугаар архивын лавлагаа, Москва хотын циркийн урлагийн дээд сургуулийн 1963 оны Баярын бичиг, гэрч Ц.Цэдэндамбын мэдүүлэг, гэрэл зураг зэргээр тогтоогдож байна.

Нотариатч Дашцэдэнгийн 2000 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 29 дугаартай Хууль ёсоор өв залгамжлах эрхийн гэрээ-гээр З.Батаад оногдох нөхөн олговрыг Ц.Минжинд өвлүүлэхээр өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгосон байх бөгөөд өв залгамжлагч Ц.Минжин нь 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нас барсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. /хх-ийн 24 дүгээр тал/

Хүсэлт гаргагч М.Баярмаа нь Дэмбэрэлийн Мишка Цэрэндагвын Минжин нарын төрсөн охин болох нь түүний төрсний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар зэргээр тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д төрлийн хүн гэж гэрлэгчдийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охин, тэдгээрийн хүүхдийг ойлгоно гэж, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т заасан хэлмэгдэгчийн ач зээ гэдэгт хэлмэгдэгчийн төрсөн буюу үрчилж авсан хүү, охиноос гарсан хүүхэд ...-ийг хамааруулахаар заажээ.

Хүсэлт гаргагч М.Баярмаа нь Золбингийн Батаагийн зээ охин мөн болох нь дээрх үйл баримтуудаар тогтоогдож байх тул түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2 дахь заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1-д зааснаар Монгол Улсын иргэн ЦВ69071209 регистрийн дугаартай Мишигдоной овогт Мишкагийн Баярмаа нь Золбингийн Батаагийн зээ охин болохыг тогтоосугай .

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д тус тус зааснаар хүсэлт гаргагч М.Баярмаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ