| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/1548/Э |
| Дугаар | 1583 |
| Огноо | 2019-10-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ганбулган, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 1583
2019 12 26 2020/ШЦТ/22
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,
улсын яллагч Б.Ганбулган,
шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Орхоныхон овогт Б.Х т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 06824 2764 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Б.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Хит Хаус” зочид буудлын ресторан дотор иргэн Д.Нандинцэцэгийн зүүн гуян тус газар 1 удаа өшиглөж, нүүрэн тус газар нь 2 удаа гараараа цохиж, биед нь зүүн гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х мэдүүлэхдээ: Тэр өдөр найзтайгаа жаахан юм уугаад, харьлаа гээд явсан юм. Болсон явдлыг сайн санахгүй байгаа. Сүүлд ямар ч байсан нэг эмэгтэйгээс уучлалт гуйгаад зогсч байснаа санаж байна гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Нандинцэцэгийн өгсөн: ...Би ажил дээрээ буюу “Хит Хаус” зочид буудалд ажлаа хийгээд байж байхад 2019.11.07-ны өдрийн 23 цагийн орчим гаднаас согтуу эрэгтэй хүн ганцаараа орж ирчихээд ресторан руу орох гээд байсан. Тэгэхээр нь ажиллахгүй байгаа гэсэн чинь үүдний буйдан дээр унтах гээд хэвтчихсэн. Тэгэхээр нь буйдан дээрээс босгоод гэртээ очиж амар гэж хэлсэн чинь ресторан руу яваад орчихсон. Тэгэхээр нь би тэр хүнийг гар гэж хэлээд татсан чинь эргэж хараад миний гуя руу нэг удаа өшиглөөд гараа атгаж байгаад шанаа хэсэг рүү нэг удаа цохиод дахиад цохих гэхээр нь гараараа хаасан чинь зүүн гарын сарвуу хэсгийг цохичихсон. Тэгэхэд манай ажлын үйлчлэгч эгч болох Даваасүрэн цагдаа дуудсан. Тэгээд тэр хүнийг явуулахгүй гээд хаалгаа түгжиж байгаад цагдаа ирэхээр өгөөд явуулсан. Би тэр хүнийг урьд өмнө харж байгаагүй, танихгүй 30-35 орчим насны биерхүү махлаг залуу байсан. Өөрийгөө “намайг 10-н байрны Х гэдэг атаман” гээд орилоод байсан. Тэр залуу нилээд согтолттой байсан...
...Би иргэн Хтай харилцан тохироод эмчилгээний зардал мөнгө гэж 300.000 төгрөг авахаар тохиролцсон. Энэ мөнгөн дүнд миний эмчилгээний зардал болон 4 өдрийн ажлын хөлс бас орсон...гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 10-11 дүгээр тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 13540 дугаартай шинжээчийн:
1. Д.Нандинцэцэгийн биед зүүн гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ..
3.4. Дээрх зүүн гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Т.Чимэд-Очир гэх дүгнэлт /хх-ийн 16 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн Б.Хын: ...Би хохирогч Д.Нандинцэцэгийг зодсон үнэн. Би өөрийн хийсэн хэргээ хүлээж байна...гэх мэдүүлэг /хх-н 37-38 дугаар тал/
- Шүүгдэгч Б.Хын эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 19, 20, 21 дүгээр тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Хит Хаус” зочид буудлын ресторан дотор иргэн Д.Нандинцэцэгийн зүүн гуян тус газар 1 удаа өшиглөж, нүүрэн тус газар нь 2 удаа гараараа цохиж, биед нь зүүн гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд Б.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч Д.Нандинцэцэг нэхэмжлэх зүйлгүй, 300.000 төгрөгийн хохирол хүлээж авсан талаарх хүсэлтээ бичгээр илэрхийлсэн бөгөөд хавтаст хэрэгт хохирол төлбөрийн талаар баримтыг ирүүлээгүй зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Б.Хт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Б.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Хит Хаус” зочид буудлын ресторан дотор иргэн Д.Нандинцэцэгийн зүүн гуян тус газар 1 удаа өшиглөж, нүүрэн тус газар нь 2 удаа гараараа цохиж, биед нь зүүн гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Нандинцэцэг, яллагдагчаар өгсөн Б.Х нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 13540 дугаартай дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогч Д.Нандинцэцэг нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй байх ба хохирлын 300.000 төгрөгийг хүлээн авсан бичгийг хавтаст хэрэгт ирүүлсэн байх тул шүүгдэгч Б.Хыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Хт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Шүүгдэгч Б.Х нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан Прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхоныхон овогт Б Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б Хыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Хт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ