Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 862

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Махатма гандийн гудамж, Галакси товер, 1004 тоотод байрлах, “Эко капитал” ББСБ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Хансвилл 103 дугаар байр, 1504 тоотод оршин суух, Боржигин овогт Пүрэвдоржийн Цэрэнсодномд /РД:НС69033169/  холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 46 416 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго нар оролцов.

 

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Эко капитал” ББСБ-ын ерөнхий захирал Б.Лхагвасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            “Экокапитал” ББСБ нь иргэн Пүрэвдорж овогтой Цэрэнсодномтой 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 15/080 тоот зээлийн гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй зээлүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13336/, Намъяанжүгийн гудамж 37 дугаар барилгын зоорийн давхарын 157 тоот байршилтай, худалдаа үйлчилгээний зориулттай 15,01 м.кв талбай бүхий (Ү-2204043623) үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.

            Зээлдүүлэгч тал зээлдэгч П.Цэрэнсодномд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж удаа дараа уулзаж шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн боловч зээлдэгч нар нь өнөөдрийг хүртэл үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байгаа болно. Зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч нар нь хүүнд 6,840,000 төгрөг төлсөн болно. Энэ нь манай байгууллагын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна.

            Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасны дагуу иргэн П.Цэрэнсодномоос 15/080 тоот зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл 30,000,000 төгрөг, зээлийн хүү 13,680,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,736,000 төгрөг нийт 46,416,000 /Дөчин зургаан сая дөрвөн зуун арван зургаан мянган/ төгрөгийг гаргуулж өгнө үү.

            Зээлийн гэрээний үүргийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэ-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч нь зээлийн гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй, удаа дараа шаардсан боловч зээлийн хүүгээ төлөөгүй тул бид шүүхэд хандахаас өөр аргагүй болсон. Эко капитал ББСБайгууллага, Цэрэнсодномтой 2015 оны  4 дүгээр сарын 10-ны өдөр 15/080 тоот зээлийн гэрээ байгуулж 30 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар, 4.5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14-р хороолол, Намъяанжүгийн гудамж, 37 дугаар барилгын зоорийн давхарын 157 тоот байршилтай худалдаа үйлчилгээний зориулалттай 15,01 м.кв талбай бүхий /Ү-2204043623/үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Зээлдүүлэгч тал зээлдэгч П.Цэрэнсодномд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа уулзаж шаардлага мэдэгдэл, хүргүүлсэн боловч зээлдэгч нар нь өнөөдрийг хүртэл үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байгаа болно.  Зээлдэгч нь хүүнд 6 840 000 төгрөг төлсөн. Иймд иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасны дагуу үндсэн зээл 30 000 000 төгрөг, зээлийн хүү 13 680 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 736 000 төгрөг нийт 46 416 000 төгрөг гаргуулж өгнө үү. Шийдвэрийг сайн дураар биелүүлэгдэхгүй байгаа тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч П.Цэрэнсодном шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

П.Цэрэнсодном миний бие нь “Экокапитал” банк бус санхүүгийн байгууллагаас өөрийн өмч болох Сандай худалдааны төвийн лангууг барьцаанд тавьж 30,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлийн гэрээ, барьцааны гэрээ хийж авсан. Сар бүр зээлийн хүүгээ тогтмол хийж ирсэн. Зээлийн хүү маш өндөр байсан учраас сүүлийн сард хүүгээ төлж чадахгүйд хүрсэн. Мөн бизнест эрсдэл гарч Сандай худалдааны төв шатсан, автомашины худалдааны төв зогссон зэрэг шалтгаанууд нөлөөлсөн.

П.Цэрэнсодном миний бие “Экокапитал” банк бус санхүүгийн байгууллагын өр төлбөрийг зээлийн гэрээний дагуу төлж барагдуулна.

П.Цэрэнсодном миний бие Эко банк бус санхүүгийн байгууллагаас өөрийн өмч болох 15,01 мкв талбай бүхий Сандай плазагийн лангууг барьцаалж 30 000 000  төгрөгийг 4,5 хувийн хүүтэй зээл авсан. Ингээд зээлээ гэрээний дагуу хэвийн төлж байтал 2015 оны 10 сарын 11-ны өдөр гал гарч их хэмжээний хохирол амсаж эдийн засгийн хүнд хямралд орсноор зээлийн төлөлтөнд сөрөг үр дагавар гарч одоог хүртэл зээлээ төлж чадахгүйд хүрээд байна. Гал гарсны дараа “Эко капитал” банк бус санхүүгийн байгууллагад зээлийн төлөлтөнд  хүндрэл учирсан гэдгийг удаа дараа мэдэгдэж байсан. Гал гарсан тухай тодорхойлолт авах гэж удсаны гол шалтгаан нь  хариуцах эзэнгүй байсан учир удсан. 2016 оны 7 сараас эхлээд Сандай плазад ХЭХ-ТББ байгуулагдсанаар тодорхойлолт  авах эрх нээгдсэнээр  энэ тодорхойлолтыг гаргуулж авлаа. П.Цэрэнсодном миний бие нь зээлийн үндсэн гэрээний дагуу төлж барагдуулна гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Эко капитал” ББСБ нь хариуцагч П.Цэрэнсодномд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 46 416 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч “Эко капитал” ББСБ нь хариуцагч П.Цэрэнсодномтой 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр №15/080 тоот Зээлийн гэрээ байгуулж, 30 000 000 төгрөгийг сарын 4,5 хувийн хүүтэй, 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн тохиролдолд нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцож, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 хороолол, Намяанжугийн 37 дугаар барилгын зоорийн давхарын 157 тоотод байршилтай, худалдаа үйлчилгээний 15,01 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан №15/080 тоот Зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, Голомт банкны дансны хуулга, 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн №15/080А тоот Зээлийн барьцааны гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000219433 тоот гэрчилгээ, барьцаалбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 3-5, 6-7, 10, 13, 15-р хуудас/

Зохигч зээлийн болон зээлийн барьцааны гэрээний хувьд маргаагүй, зээлийн болон зээлийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 154 дүгээр зүйлийн 154.1, 156 дугаар зүйлийн 156.1-д заасан шаардлагыг хангасан тул “Эко капитал” ББСБ, Б.Цэрэнсодном нарын хооронд байгуулагдсан 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн №15/080, №15/080А тоот гэрээг хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэв.

 Нэхэмжлэгч “Эко капитал” ББСБ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар мөнгөн хөрөнгө буюу 30 000 000 төгрөгийг П.Цэрэнсодномд шилжүүлсэн ба зээлдэгч гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй байна.

Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа гэрээнд зааснаар 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дууссан бөгөөд П.Цэрэнсодном нь зээлийн хүүг сар бүр төлөх гэрээгээр тохиролцсон хугацааг зөрчиж, зээлийн хүүг болон үндсэн зээл, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй байна.

Хариуцагч нь зээлийн хүү хэт өндөр байсан, мөн ажлын байранд гал гарсан, давагдашгүй хүчин зүйлийн улмаас зээл болон хүүг төлөхөд хүндрэл гарсан гэж тайлбарласан.          

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй“ бөгөөд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд энэ талаар харилцан тохиролцсон байна.

Мөн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж зааснаар зохигч талууд зээлийн гэрээнд хүүг харилцан тохиролцож, хариуцагч нь зээлийн гэрээ болон зээлийн эргэн төлөлтийн хуваарьтай танилцаж гарын үсэг зурсан, мөн зээлийн хүүг 2015 оны 5 дугаар сарын 10-наас 2015 оны 9 дүгээр сарын 10-ны хооронд хүлээн зөвшөөрч төлж байсан болох нь зээлийн эргэн төлөлтийн тооцоогоор нотлогдож байх тул зээлийн хүүг хэт өндөр тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзэв. /хэргийн 12, 31-48-р хуудас/

 

Нэхэмжлэгчээс үндсэн зээлийн 30 000 000 төгрөг, хүү 13 680 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 736 000 төгрөг, нийт 46 416 000 төгрөгийг нэхэмжилсэн.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн зээлийн графикийн талаар болон тооцооллын талаар маргаагүй боловч гэрээний үүрэг зөрчигдөхөд давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн гэж маргасан.

Талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.1-д “байгалийн болон нийгмийн хүчин зүйлээс шалтгаалж талууд үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон үед харилцан тохиролцсны дагуу тухайн нөхцөл байдал арилтал талууд үүргээ түр биелүүлэхгүй байж болно, 10.3-д “давагдашгүй хүчин зүйл 3 сараас дээш хугацаагаар үргэлжлэх бол талууд гэрээг цуцлах ба давагдашгүй хүчин зүйл бий болох хүртлэх үеийн үүргээ харилцан гүйцэтгэнэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн ажлын байр буюу Сандай худалдааны төвд 2015 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө гал гарсан, зээлийн гэрээний хугацаа 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дууссан байх тул үүргийн гүйцэтгэлд давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн гэж үзэж боломжгүй байна. /хэргийн 54-р хуудас/

Иймд хариуцагч П.Цэрэнсодном нь зээлийн гэрээг харилцан тохиролцож байгуулсан, зээлийн график тооцооллын талаар маргаагүй тул 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний дагуу тооцоод үндсэн зээлийн 30 000 000 төгрөг, хүү 13 680 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 736 000 төгрөг, нийт 46 416 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Эко капитал” ББСБ-д олгох үндэслэлтэй байна гэж үзэв.

Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан бөгөөд зохигч талууд 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр №15/080А тоот зээлийн барьцааны гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 хороолол, Намяанжугийн 37 дугаар барилгын зоорийн давхарын 157 тоотод байршилтай, худалдаа үйлчилгээний 15,01 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ. /хэргийн 6-10-р хуудас/

Хариуцагч нь зээлийн барьцааны гэрээ байгуулсан талаараа маргаагүй, зээлийн барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл тул нэхэмжлэгчийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар “Эко капитал” ББСБ П.Цэрэнсодном нарын хооронд байгуулсан зээлийн барьцааны гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан байх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 7.1, мөн зээлийн барьцааны гэрээний 7.1-д тус тус энэ талаар харилцан тохиролцсон байна.

Иймд хариуцагч үүргээ гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж үзэв.     

 

Хариуцагч П.Цэрэнсодномд 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдааны товыг 2016 оны 9 сарын  30-ны өдөр түүний 99102109 дугаарын утсаар, түүний өмгөөлөгч Г.Намуунд 2016 оны 9 дугаар сарын 30-ны өдөр түүний 99755792 дугаарын утсаар тус тус мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хариуцагч болон түүний өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, шүүхэд ямар нэгэн хүсэлт ирүүлээгүй болно.

Иймд хариуцагч болон түүний өмгөөлөгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэж үзэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаарзүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Боржигон овогт Пүрэвдоржийн Цэрэнсодномоос 46 416 000 /дөчин зургаан сая дөрвөн зуун арван зургаан мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Эко капитал” ББСБ-д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 390 030 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 390 030 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

           3.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч П.Цэрэнсодном нь  46 416 000 төгрөгийн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд түүний зээлийн барьцаанд барьцаалсан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 хороолол, Намяанжугийн 37 дугаар барилгын зоорийн давхарын 157 тоотод байршилтай, худалдаа үйлчилгээний 15,01 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, түүний үнээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Д.ХУЛАН