Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 1691

 

 

 

 

 

 

 

  2019        11          07                                  2019/ШЦТ/1691

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,

улсын яллагч М.Үүрийнтуяа,

шүүгдэгч Б.Э , түүний өмгөөлөгч Ц.Мандал ҮД:14-94,

хохирогч С.Сэндэнжав нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Э ад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 03454 2052 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б.Э

Холбогдсон хэргийн талаар:

Б.Э  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 6-31 тоотод буюу гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн эх болох 84 настай, С.Сэндэнжавд агсам согтуу тавьж, байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаан байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э  мэдүүлэхдээ:  Би архи уугаад ээжээсээ архины мөнгө нэхэж, агсам тавьсан нь үнэн. Энэ бол миний буруу. Сүүлийн 6-7 сар архи уулгүй, эмчилгээ хийлгэж байгаа. Би уушигны өрөвсөлтэй буюу уушиг, хавиргандаа наалдаастай юм гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Сэндэнжав мэдүүлэхдээ: Манай хүүхэд нилээн архи уудаг. Архи уугаагүй үедээ хүн шиг, уусан үедээ өөрт нь тохироогүй эвгүй үг хэлвэл над руу дайрдаг. Өөрт нь мөнгө байхгүй болохоор гэрээсээ зарах юм хайгаад гүйгээд байсан. Өөрт нь дүү нь өгч явуулсан сайхан гутлыг авч гарах гэхэд нь би өгөөгүй юм. Тэгээд намайг диван руу түлхсэн. Үүнээс л асуудал болсон юм. Тэгээд би түүнийг цагдаад дуудлага өгч, явуулснаар, тэрээр шүүхээр 30 хоног баривчлуулж байсан. Бид хоёр хоёулхнаа амьдардаг. Хүүхдүүд маань том болоод гадаад, дотоодод амьдарцгааж байгаа. Энэ хүн миний халамжид дээд зэргийн амьдралаар амьдардаг. Би энэнд архины мөнгө өгдөггүй. Өөрөө архи олоод л уучихдаг. Надаас уучлалт гуйгаад, та өргөдлөө татаад авчих гэсэн боловч би өргөдлөө татаж аваагүй юм. Одоо надад гомдол, санал алга. Өвчтэй, зовлонтой болохоор нь би хүүгээ өрөвдөж байна. Би хүүгээ явуулчих юм бол юугаа хийж суух вэ дээ. Муусайн ах дүү нар нь энийг архи уудаг болохоор  нь  үргэлж л муугаар үздэг. Иймд түүнд хорихоос өөр ял оногдуулж өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 6 дугаар тал/,

- Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс гаргасан Б.Э ад холбогдох дуудлага, мэдээллийн жагсаалт /хх-ийн 47 дугаар тал/,

- Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 21-25 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Сэндэнжавын өгсөн: ...Сэндэнжав миний хүү болох Балдан овогтой Б.Э  нь 20, 30 жил архи ууж байгаа, одоо бүр гэрийнхээ эд зүйлийг зарж архи уудаг болсон. Өнөөдөр 2019.06.06-ны өдөр хөргөгчинд байсан хонины мах алга болсон байхаар нь мах хулгайлж архи авч уулаа гэсэн чинь “яадаг юм, би архи авч ууна, архи ууж байгаад үхнэ” гээд орон дээр түлхэж унагаасан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Намайг түлхсэн. Одоо өвдөж байгаа зүйл байхгүй. Өмнө нь зодож байгаагүй. 2019 оны цагаан сарын үед гарнаас базахад гар хөхөрч байсан...

...Манай хүү Б.Э  ер нь байнга архи уудаг байсан. Архи ууж гэртээ орж ирэхээр нь бид 2 ямар нэгэн зүйлээс эвгүй харьцсанаас болж хэрүүл маргаан үүсч, агсам тавьдаг юм. Заримдаа бол дуугүй орж ирээд унтчихдаг. Заримдаа дон туссан юм шиг гэрээсээ хулгай хийж, хулгайлсан юмаа зараад архи уугаад байдаг. Голцуу өөрийнхөө хувцас хунараас их зардаг. Б.Э ын эгч болон дүү нар нь бүгдээрээ Америк улсад байдаг юм. Тэд нараас нь гоё, гоё хувцас хунар ирдэг юм. Тэднийг нь бүгдийг нь зараад архи ууна. Тэрнээс болоод бид хоёр  их хэрэлдэж, маргалдана. Тэгээд надад агсам тавина. Архи уучихаад агсам тавихаараа надтай их догшин, хэрцгий авирлаж хэл амаар доромжилно. Намайг бүр архины мөнгө өгсөнгүй, баян авгай, пизда минь гэж харааж зүхдэг. Хэрцгий авирлаж, харааж зүхэх болгонд нь би 102 дугаарт залгаж цагдаа дуудаж байсан. Арай гайгүй үед нь цагдаа дууддаггүй, орхичихдог байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 10-11 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ч.Найгалын өгсөн: ...Манай хөрш айл болох 31 тоотод байдаг настай эмээгийн хүү нь байнга архи уусан, согтуу яваа харагддаг. Тэрнээс биш ээждээ болон өөр энд тэнд агсам тавьж байгаа харагдаагүй. Манай гэрт чанга чимээ шуугиан сонсогдож байгаагүй. Сүүлийн үед эмээгийн хүү Б.Э  нь нэг ажилд орсон гээд архи, дарс огт уухгүй байгаа гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Б.Э ын: ...2019.06.06-ны өдөр байрныхаа гадна байрны хөгшчүүлтэй хамт архи уусан юм. Орой 17-18 цагийн үед Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 дугаар байрны 31 тоотод гэртээ орсон чинь гэрт ээж Сэндэнжав сууж байсан. Тухайн үед надад дахиад нэмж архи уух мөнгө байгаагүй учир гэртээ байсан өөрийнхөө гутлыг зарах гээд авч гарах гэтэл ээж намайг гаргахгүй, гутал заруулахгүй гэж эсэргүүцэж, ээж бид хоёрын дунд хэрүүл маргаан үүссэн юм. Тухайн үед би гарах гээд ээжийг түлхсэн. Тэгсэн чинь ээж буйдан руу унасан. Ингээд ээж уурлаад цагдаа дуудсан юм. Харин би гутал авч гарахаа болиод орон дээрээ унтаад өгсөн. Тэгээд удалгүй цагдаа ирж намайг сэрээгээд дагуулаад гарсан юм. Би архины мөнгөгүй болохоороо ээжээс мөнгө нэхдэг. Ингээд ээжтэй хэрэлдэж маргалддаг юм. Ээж заримдаа надад мөнгө өгөхгүй, заримдаа ч өгөхгүй. Ихэвчлэн ээжийг “та мөнгөтэй байж надад мөнгө өгсөнгүй” гэж хэрүүл маргаан эхэлдэг. Тэгээд ээж надтай хэрэлдэж, маргалдаж байгаад цагдаа дуудчихдаг юм. Цагдаа ирээд эрүүлжүүлэх байранд хүргэдэг. Энэ асуудлаасаа болоод 3 удаа баривчилгаанд явж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр тал/,

           - Шүүгдэгч Б.Э ын иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой баримтууд болон Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шийтгэвэрүүд /хх-ийн 19, 20, 33-38, 30-31 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт: ...цагдаагийн албан хаагч хохирогчийн амь нас, эрүүл мэнд аюулгүй байдалд учирсан, эсхүл учирч болох эрсдэлд аюулгүйн зэргийн үнэлгээ хийнэ гэжээ.

            Цагдаагийн албан хаагч Г.Эрдэнэболд аюулгүйн зэргийн үнэлгээг хийсэн байна. /хх-ийн 6 дугаар тал/

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт: ...нийгмийн ажилтан нөхцөл байдлын үнэлгээ хийнэ гэжээ.

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээг Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нийгмийн ажилтан Б.Оюунтуяа хийсэн байна. /хх-ийн 21-25-р тал/

Б.Э  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 6-31 тоотод буюу гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн эх болох 84 настай, С.Сэндэнжавд агсам согтуу тавьж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь аюулын зэргийн үнэлгээний маягт, Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс гаргасан дуудлага мэдээллийн жагсаалт, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, хохирогч С.Сэндэнжавын мэдүүлэг, яллагдагчаар өгсөн Б.Э  нарын мэдүүлэг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шийтгэврүүд зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Э ыг ахмад настай хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Э ын гэм буруугийн үйлдлийг Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт: ...гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаас гарсан хүүхэдтэй этгээдийг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд тооцохоор хуульчилжээ.

Хохирогч 84 настай С.Сэндэнжав нь шүүгдэгч Б.Э ын төрсөн эх тул гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд тооцогдоно.

Шүүгдэгч Б.Э  нь 84 настай буюу ахмад настай эх С.Сэндэнжавд бие махбодийн болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлддэг болох нь хэрэгт авагдсан цагдаагийн АСАП сангийн бүртгэл мэдээлэл болон зөрчлийн шийтгэл оногдуулах тухай Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 754 дугаартай шийтгэвэр, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 87 дугаартай шийтгэвэр, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1628 дугаартай шийтгэвэр зэргээр тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. /хх-ийн 33-38, 41-45-р тал/

Иймд Б.Э ын гэм буруугийн үйлдлийг Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт зургаан сараас хоёр жил хүртэл  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт:...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийн хөнгөн гэмт хэрэгт тооцохоор тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Б.Э ын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 7. 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:... хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж хуульчилжээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогч С.Сэндэнжавын санал хүсэлт болон шүүгдэгч Б.Б.Э ын эрүүл мэнд байдлыг харгалзан үзэв.

Хохирогч С.Сэндэнжав хавтаст хэрэгт хохирлын баримтыг ирүүлээгүй тул шүүгдэгч Б.Э ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Э ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э  нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай ахмад настай хүнд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т тус тус зааснаар Б.Э ад шүүхээс тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хязгаарлах хязгааралт тогтоосугай.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Б.Э-н тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Э  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Э  нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ч.АЛТАНЦЭЦЭГ