| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/1820/Э |
| Дугаар | 37 |
| Огноо | 2020-12-30 |
| Зүйл хэсэг | 11.7.2.1., |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 37
2019 12 30 2020/ШЦТ/37
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,
улсын яллагч Ц.Гантулгабат,
шүүгдэгч Ц.Д, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор ҮД:02-48,
хохирогч Ц.Оюуннаран нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан Сартуул овогт Ц.Д д холбогдох эрүүгийн 1906 05183 2397 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Ц.Д нь 2017 оны 05 дугаар сарын 17, 2019 оны 01 дүгээр сарын 27, 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрүүдэд архидан согтуурсан үедээ Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цахлайн 6-р гудамжны 4 тоотод өөрийн эхнэр Ц.Оюуннаранд удаа дараа агсам тавьж, хэл амаар доромжилсон бөгөөд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнтэй байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Д мэдүүлэхдээ: Эхнэртэйгээ жаахан хэрэлдсэнээс болоод ийм асуудалд хүрсэн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Оюуннаран мэдүүлэхдээ: Согтуу орж ирээд над руу ганц, хоёр зүйл хэлэхээр нь уурандаа цагдаа дуудсан гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Оюуннарангийн өгсөн: ...Тухайн өдөр гэртээ согтуу ирээд намайг гэрээсээ хөөж байсан, өөр зүйлийг санахгүй байна. Согтохоороо тэгдэг юм. Янз янзын хэл амаар доромжлоод байдаг. Согтуу орж ирэхээрээ элдэв бусын юм ярьж доромжилдог. Эрүүлдээ гайгүй байдаг. Намайг зодоогүй. Өмнө нь ганц нэг удаа гар хүрч байсан. Бид хоёр суугаад 20 жил шахуу болж байна. Сүүлийн 5-6 жил архи ууж байгаа. Архи уучихаараа агсам тавина, гадуур хононо. Энэ байдлаас болж маргалддаг. Би олон удаа цагдаагийн байгууллагад дуудлага өгч байсан. 3-4 удаа баривчлагдаж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр тал/,
- Цагдаагийн байгууллагын хайлтын системийн лавлагаа, Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 8-д1/2957 тоот албан бичиг, түүний хавсралт /хх-ийн 15-39, 68-70 дугаар тал/,
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 925 дугаартай, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 312 дугаартай шүүхийн шийтгэвэрүүд /хх-ийн 71-72, 73-74 дүгээр тал/,
- Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 12 дугаар тал/,
- Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Ц.Дгийн: Би буруугаа ойлгож байна, алдаагаа зассан. Одоо архи дарс уухгүй байгаа. Намайг архи уучихаад ирэхээр эхнэр уурлаж загнадаг. Тэгээд хоорондоо хэрэлддэг. 2014 он, 2015 онд гар хүрч түлхэж, түлхэлцэж байсан. Бид хоёр нэг гэрт амьдарч байгаа. Харилцаа хэвийн байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар тал/,
- Шүүгдэгч Ц.Дгийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60, 61, 62 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт: ...цагдаагийн албан хаагч хохирогчийн амь нас, эрүүл мэнд аюулгүй байдалд учирсан, эсхүл учирч болох эрсдэлд аюулын зэргийн үнэлгээ хийнэ гэжээ.
Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэсийн цагдаагийн албан хаагч аюулын зэргийн үнэлгээг хийсэн байна. /хх-ийн 12 дугаар тал/
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт: ...гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаас гарсан хүүхэдтэй этгээдийг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд тооцохоор хуульчилжээ.
Хохирогч Ц.Оюуннаран нь шүүгдэгч Ц.Дгийн хууль ёсны эхнэр болох нь тэдгээрийн гэрлэлтийн баталгаа зэргээр тогтоогдож байх тул гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд тооцогдоно. /хх-ийн 63-р тал/
Шүүгдэгч Ц.Д нь 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрүүдэд архидан согтуурсан үедээ Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цахлайн 6-4 тоотод өөрийн эхнэр Ц.Оюуннаранд агсам тавьж, хэл амаар доромжилж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнтэй харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан үйлдлийг удаа дараа гаргасан болох нь:
- Ц.Д нь согтууруулах ундаа уусан үедээ эхнэр Ц.Оюуннаранг хэл амаар доромжлон танхайрч, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 925 дугаартай шийтгэвэрээр Захиргааны хариуцлагын тухай хуулийн 221 дүгээр зүйлд зааснаар 7 хоног баривчлагдаж, зан үйлд нөлөөлөх сургалтанд 16 цаг хамруулах шийтгэлийг /хх-ийн 73-74-р тал/,
- мөн 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр согтууруулах ундаа уусан үедээ эхнэр Ц.Оюуннаранд агсан тавьж хэл амаар доромжлон гэрээсээ хөөж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан зөрчил үйлдэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 312 дугаартай шүүхийн шийтгэвэрээр Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 4.4 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар 10 хоног баривчлагдаж, зан үйлд нөлөөлөх сургалтанд 15 цаг хамруулах шийтгэлийг /хх-ийн 71-72-р тал/,
- хохирогч Ц.Оюуннарангийн мэдүүлэг, аюулын зэргийн үнэлгээний маягт, Цагдаагийн АСАП сангийн мэдээлэл зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Дг гэр бүлийн хүн болох эхнэр Ц.Оюуннаранд байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
- Ц.Дгийн гэм буруугийн үйлдлийг Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзлээ.
Шүүгдэгч энэ гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Хохирогч Ц.Оюуннаран хавтаст хэрэгт хохирлын баримтыг ирүүлээгүй, хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийслэн байх тул шүүгдэгч Ц.Дг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ц.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй байна.
Шүүгдэгч Ц.Дд 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан боловч шүүхэд ирж бүртгүүлээгүй, таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 09 цаг 00 минутанд товлогдсон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Ц.Дг шүүхэд албадан ирүүлэхээр 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 3615 дугаартай шүүгчийн захирамж гаргасан ба 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс цагдан хоригдож, нийт 11 /арван нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна. /хх-ийн 92-93 дугаар тал/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сартуул овогт Ц.Д г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Ц.Д г 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ц.Д д 06 /зургаан/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ц.Д нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ц.Дгийн цагдан хоригдсон 11 /арван нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.Дд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ