| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/1703/Э |
| Дугаар | 1732 |
| Огноо | 2019-11-15 |
| Зүйл хэсэг | 11.7.2.1., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 1732
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,
улсын яллагч Б.Эрдэнэбаатар,
шүүгдэгч Г.Б , түүний өмгөөлөгч М.Батмөнх ҮД:18-28,
хохирогч Б.Алтанцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан Г.Б т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 05890 2349 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Г.Б
Холбогдсон хэргийн талаар:
Г.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Алтанцэцэгтэй байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлан тарчлааж, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг болох нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шүүгчийн 407 дугаартай захирамж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шүүгчийн 1332 дугаартай захирамжаар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Алтанцэцэгт агсам тавьж, хэл амаар доромжлон, хүүхдийн дэргэд догшин авирлаж, гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: Хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөвөөр мэдүүлсэн тул дахин ярих зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Алтанцэцэцэг мэдүүлэхдээ: Манайх 5-9 насны хоёр бага насны хүүхэдтэй. Одоо би 8 сартай жирэмсэн энэ хүн ял аваад явчихвал бидний амьдрал хэцүү болох гээд байна. Таксинд явж биднийг тэжээдэг юм. Тухайн үед архи ууна гэхээр нь гаргахгүй, явуулахгүй гэснээс маргаан үүссэн. Надад гэмтэл учруулаагүй. Одоо нэхэмжлэх зүйл гомдол саналгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Алтанцэцэгийн өгсөн: ...2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр би хүүхдийнхээ эцэг эхийн хуралд суучихаад 20:00 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд манай нөхөр Г.Б архи уучихсан байсан. Тэгэхээр нь би ороо засаад унтах гээд байж байтал нөхөр Г.Б гарч явж архи ууна гээд байхаар нь би гаргахгүй гэхэд нөхөр би чиний мөнгөөр архи уугаагүй гичий, янхан, пизда, гуйлгачин гэх мэтээр хэлээд хүүхдүүд айгаад уйлахаар нь цагдаа дуудтал гараад зугтаачихсан. Г.Б намайг 2018 онд зодоод баривчилгаанд явж байсан. Өмнө нь сардаа 2-3 удаа архи уудаг байсан. 2019 оны 09 сар гарснаас хойш 7 хоногтоо 2-3 удаа архи ууж байгаа. Манайх ээжийнхтэй хамт нэг хашаанд амьдардаг юм. Г.Б ыг архи уусан үед хашаанд хэн нэгэн байвал зүгээр унтчихдаг. Хашаанд хүн байхгүй, би 2 хүүхэдтэйгээ өөр хүнгүй үед бол дээрэлхээд хэл амаар доромжлоод байдаг. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...
...Өмнө нь намайг зодож 2 удаа баривчилгаанд явсан. Би одоо 7 сартай жирэмсэн. Сүүлийн үед Г.Б өдөр болгон архи ууж байна. Архи уух болгондоо надад агсам тавьдаг. Ойр хавийн дэлгүүрт зээл тавьж архи уудаг. Энэ хүнд хуулийн дагуу арга хэмжээ авахуулмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 5-7, 8-9 дүгээр тал/,
- Цагдаагийн АСАП сангийн Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл, лавлагаа /хх-ийн 39-66 дугаар тал/,
- Аюулын зэргийн үнэлгээний маягт, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 37, 27-35 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Г.Б ын: ...2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр манай эхнэр хүүхдийн эцэг эхийн хуралд явсан юм. Тэр хооронд нь эхнэрийн ахтай хамт нэг шил 0.33 литрийн архи хувааж уугаад байж байтал эхнэр ирсэн. Тэгээд би гарч архи уумаар санагдаад гарах гэтэл эхнэр гаргахгүй байсан. Эхнэр гаргахгүй гээд хаалга хааж зогсчихоод байхаар нь гарах гэтэл эхнэр намайг татаад шалан дээр унагаачихаар нь би хүн гарах гээд байхад яагаад байгаа пизда вэ гэж хэлээд гараад явсан. Би 2 удаа баривчилгаанд явж байсан. Эхнэртээ агсам тавьж, хэл амаар доромжилсон гэх үндэслэлээр шүүхээр орж баривчилгаанд явж байсан...
...Би өмнө нь 2 удаа шүүхээр орж баривчилгаанд явахдаа архи уусан үедээ эхнэр Б.Алтанцэцэгийг хэл амаар доромжилсон, дараа нь үснээс нь татаж газарт унагаасан гэх үндэслэлээр баривчилгаанд явж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 10-12, 16-19 дүгээр тал/,
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэвэрүүд /хх-ийн 69-70, 71-72 дугаар тал/,
- Шүүгдэгч Г.Б ын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 22, 23, 67 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт: ...цагдаагийн албан хаагч хохирогчийн амь нас, эрүүл мэнд аюулгүй байдалд учирсан, эсхүл учирч болох эрсдэлд аюулын зэргийн үнэлгээ хийнэ гэжээ.
Цагдаагийн албан хаагч Л.Ядамсүрэн хохирогчийн аюулын зэргийн үнэлгээг хийсэн байна. /хх-ийн 37 дугаар тал/
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт: ...нийгмийн ажилтан нөхцөл байдлын үнэлгээ хийнэ гэжээ.
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээг Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нийгмийн ажилтан Б.Хандмаа хийсэн байна. /хх-ийн 27-35-р тал/
Г.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Алтанцэцэгтэй байнга харгис хэрцгийн харьцаж, догшин авирлан тарчлааж, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг болох нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шүүгчийн 407 дугаартай захирамж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шүүгчийн 1332 дугаартай захирамжаар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Алтанцэцэгт агсам тавьж, хэл амаар доромжлон, хүүхдийн дэргэд догшин авирлаж, гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн болох нь аюулын зэргийн үнэлгээний маягт, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, хохирогч Б.Алтанцэцэг, яллагдагчаар өгсөн Г.Б нарын мэдүүлэг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шийтгэврүүд зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Б ыг гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт: ...гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаас гарсан хүүхэдтэй этгээдийг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд тооцохоор хуульчилжээ.
Хохирогч Б.Алтанцэцэг нь шүүгдэгч Г.Б ын эхнэр тул гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд тооцогдоно.
Шүүгдэгч Г.Б эхнэр Б.Алтанцэцэгт сэтгэл санааны болон бие махбодийн хүчирхийлэл үйлддэг болох нь хэрэгт авагдсан цагдаагийн АСАП сангийн бүртгэл мэдээлэл болон зөрчлийн шийтгэл оногдуулах тухай Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 407 дугаартай шийтгэвэр, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 1332 дугаартай шийтгэвэр зэргээр тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. /хх-ийн 69-70, 71-72-р тал/
Иймд Г.Б ын гэм буруугийн үйлдлийг Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт:...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийн хөнгөн гэмт хэрэгт тооцохоор тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Г.Б ын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:... хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж хуульчилжээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогч Б.Алтанцэцэгийн санал хүсэлт болон шүүгдэгч Г.Б ын хувийн байдлыг харгалзан үзэв.
Хохирогч Б.Алтанцэцэг хавтаст хэрэгт хохирлын баримтыг ирүүлээгүй, хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийслэн байх тул шүүгдэгч Г.Б ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Г.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Г.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох жирэмсэн эмэгтэйд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Гомбодоржийн Г.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т тус тус зааснаар Г.Б т шүүхээс тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хязгаарлах хязгааралт тогтоосугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Г.Б ын тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Б нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг сануулсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Б т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ