Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 41

 

 

 

 

 

 

2020       01          02                                  2020/ШЦТ/41

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,

улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч Б.М , түүний өмгөөлөгч Г.Батцэцэг ҮД:16-64  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Харчин овогт Б М д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903 01116 0509 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

            Б.М  нь 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 16 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Нарантуул”  худалдааны төвийн баруун замд унадаг дугуй унаж явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч Д.Нарантуяаг мөргөн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт,

            мөн дээрх зам тээврийн ослыг гаргаад мөн дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаа нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтыг зөрчин хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М  мэдүүлэхдээ: Би Цэцэрлэгт хүрээлэн орох гээд явж байсан. Тэгээд явж байтал явган хүний гарцан дээр хүн мөргөөд хүнд хохирол учрулсан. Тухайн үед хохирогчийг хоёр залуутай нийлж байгаад замаас гаргасан. Жаахан айгаад, юу ч гэсэн эмнэлэг ороод эм аваад ирье гээд явсан. Эм авчихаад буцаад ирэхэд хохирогч явчихсан байсан ба түргэн ирээд аваад явсан байх гэж бодсон гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-9 дүгээр тал/,

- Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл: /хх-ийн 13-14 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Нарантуяагийн өгсөн: ...2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр би шөнийн захын урд байрлах байрнаас байраа түрээслэх гээд тэндээ гэрээ хийгээд Шөнийн захын баруун талын явган хүний гарцаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй явган хүний гарцаар нэг эмэгтэй гараад явж байтал баруун гар талаас нэг өргөн дугуйтай мотоцикл юмуу унадаг дугуй мөргөх шиг болсон. Тэгээд юу болсон талаар сайн санахгүй байна, нэг сэрсэн чинь замын хажууд хашаа налаад сууж байсан. Тэгсэн нэг эрэгтэй хүн эгч ээ би эмийн сан ороод ирье гээд яваад өгсөн. Тэгсэн хоёр  эмэгтэй ирээд та зүгээр үү, унадаг дугуйтай явж байсан залуу дугуйгаа унаад зугтаачихлаа гээд хэлж байсан ба тэр  хоёр  эмэгтэй түргэн тусламж дуудчихаад миний охинд утсаар хэлсэн байсан. Тэгээд удаагүй манай охин Мөнхцацрал ирээд байж байхад түргэн ирээд бид хоёр  ГССҮТ-рүү явсан. Эмнэлэг дээр очоод үзүүлэхэд баруун хөл шилбэ хэсгээр хугарсан, тархи их хавдартай байна гээд тэр өдөр шууд эмнэлэгт хэвтсэн. Баруун хөл шилбэ хэсгээр  хоёр  газар хугарч цуурсан, тархи цус хуралттай, хавантай, мөн баруун гар бугуй хэсгээр өвдөж байгаа, 1 шүд суларч унасан, бас 2 шүд суларсан байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Даваадуламын өгсөн: ...2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр би “Нарантуул”  захын уулзвараас ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлтэй зам хөндлөн ганцаараа гараад явж байхад унадаг дугуйтай залуу намайг мөргөх шахаад хажуугаар яваад өгсөн. Тухайн үед би юу ч бодоогүй алхаж байтал замын хажууд нэг настай эмэгтэй өвдөгөө бариад газар сууж байхаар нь та зүгээр үү гэж асуухад эмээг нь унадаг дугуйтай хүн мөргөөд явчихлаа гээд надад хэлэхээр нь та хүүхдийнхээ утасны дугаарыг өгөөч би залгаад хэлье гээд охинтой нь утсаар холбогдож хэлсэн. Тухайн үед тэр эмээгийн гинж нь тасарчихсан, цамц нь урагдчихсан, баруун гар нь хавдчихсан, мөн уруул нь цус гарсан байдалтай, бас хөл хөдлөхгүй байна гээд хөлөө бариад сууж байсан. Тэгээд би өөрийнхөө 91581177 дугаарын утсаар 103 дугаар руу залгаж дуудлага мэдээлэл өгсөн. Би тэгээд түргэний тэрэг ирэх хүртэл тэр эмээтэй хамт байж байгаад эмээг суулгачихаад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн 11728 дугаартай:

1. Д.Нарантуяагийн биед зүүн зулай ясны ар хэсгээс лямбада заадас хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, баруун чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хуралт, баруун духны дэлбэнгийн суурь хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, баруун тахилзуур, дотор хавчаар ясны далд хугарал, шагайн үений мултрал, баруун доод 1-р шүдний сулрал, доод уруулын дотор салст язрал, цус хуралт, баруун шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээжинд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Босоо суугаа аль ч байрлалд үүсэх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Шинжээч эмч Б.Ганзориг гэх дүгнэлт /хх-ийн 50 дугаар тал/,

- Хохирлын баримт /хх-ийн 21-29 дүгээр тал/,

- Шүүгдэгч Б.М гийн эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 76, 77, 78, 80-85 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.М  нь 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 16 ц аг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Нарантуул”  худалдааны төвийн баруун замд унадаг дугуй унаж явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч Д.Нарантуяаг мөргөн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг,

            мөн дээрх зам тээврийн ослыг гаргаад мөн дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаа нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтыг зөрчин хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Д.Нарантуяа, гэрч Б.Даваадулам нарын мэдүүлэг, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-9 дүгээр тал/, Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл: /хх-ийн 13-14 дүгээр тал/,  Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 11728 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.М г гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага  хүлээлгэх үндэслэлтэй байна.

 Хавтаст хэрэгт хохирогч Д.Нарантуяа хавтаст хэрэгт 3.083.721 төгрөгийн баримтыг ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Б.М  3.000.000 төгрөгийг төлж барагдуулсан талаар хохирогч Д.Нарантуяагийн бичгээр ирүүлсэн хүсэлтээр тогтоогдож байна. /хх-ийн 21-29, 114-119 дүгээр тал/

Хохирогч Д.Нарантуяа нь шүүхийн хэлэлцүүлэгт 450.490 төгрөгийн хохирлын бичгийн нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн байх тул уг хохирлын баримтыг үндэслэн шүүгдэгч Б.М аас гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна. /хх-ийн 114-119 дүгээр тал/

Гэвч хохирогч Д.Нарантуяагийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх тул гэмтлийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.М  нь санамсар болгоомжгүйгээр зам тээврийн ослын гэмт хэрэг үйлдээд, хохирогчид тусламж үзүүлэхгүйгээр хэргийн газрыг санаатайгаар орхин явсан нь гэмт хэргийг гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэстэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэв.

Шүүгдэгч Б.М  нь урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 562 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж уг  ялыг биелүүлэх ажиллагаа дууссан болох нь Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 19/716 тоот тогтоолоор тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар оногдуулах эрүүгийн хариуцлага байхгүй байна. /хх-ийн 122 дугаар тал/

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт: ...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: ...дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Б.М ы үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч Б.М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б.М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хэдийгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байх боловч өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээсэн атлаа дахин үйлдсэн болон хувийн байдлуудыг харгалзан эрүүгийн хариуцлагыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан 1 ширхэг Си-Ди-г хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсаргах ба битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М  нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Харчин овогт Баярсайханы М г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд,

            мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн газрын зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Баярсайханы М г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Б.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож 30 хоног буюу 1 /нэг/ сарыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.  

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.М д 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.М гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Б.М аас 450.490 /дөрвөн зуун тавин мянга дөрвөн зуун ерэн мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Дарамын Нарантуяа /РД:ВЮ60092801/-д олгосугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

9. Хохирогч Д.Нарантуяа нь гэмтлийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.М д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.

11. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.М д цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.АЛТАНЦЭЦЭГ