Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 42

 

 

 

 

 

 

 

2020       01          02                                  2020/ШЦТ/42

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,

улсын яллагч Б.Ганбулган,

хохирогч, шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Д.Энхбаатар ҮД:15-14 ,

хохирогч, шүүгдэгч В Ш Ч/W/, түүний өмгөөлөгч Г.Тамир ҮД:25-75,

орчуулагч Б.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон овогт Г Б, В Ш Ч/W/ нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 01984 2136 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Холбогдсон хэргийн талаар:

Г.Б нь 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн автобусны эцсийн буудлын орчимд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн В Ш Ч/W/-ийг зодож биед нь тархи доргилт, хүзүүний зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун зүүн шуунд цус хуралт, хүзүү, цээжинд зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн В Ш Ч/W/ нь 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн автобусны эцсийн буудлын орчимд иргэн Г.Бийн зүүн гарыг мушгиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: Би 3 жилийн өмнө “Их мандуул” ХХК, “Шонхорын хүслэн” ХХК-тай гэрээ хийж, байр захиалсан. Гэтэл байрны урьдчилгааг аваад, байрыг минь өөр хүнд зарчихсан байсан. Тэгэхээр нь би 26-30 сая төгрөгөө эдний компаниас авъя гээд 3-4 удаа очиход захиралууд нь байхгүй, оффисоо сольж, зугатаж явсан. Тэгээд би М.Мөнх-Эрдэнэ захиралтай нь уулзаад “байргүй болчихлоо, мөнгөгүй болчихлоо, ямар улсууд байгааг надад танилцуулаад өгөөч, би байрныхаа урьдчилгааг авъя” гэнгүүт яг тэр өдөр М.Мөнх-Эрдэнэ манай нөхөр лүү утсаар яриад, “хятад захирал нь ирчихсэн байна, хүрч ирээд уулз” гэсэн. Би энэ хятад иргэнийг урьд нь огт хараагүй биш харж байсан. Яг тэр оффист нь нэг удаа таарч байсан. Гэхдээ энэ хүн намайг хүлээж авч уулзаагүй. “Би мэдэхгүй, танай байрыг мэдэхгүй, хариуцсан хүн нь би биш байна” гэж энэ захирал хэлж байсан. Тэгээд Улаанхуарангийн эцэст очиж уулзаад, “санхүү дээр чинь очиж, тооцоо нийлье” гэж би хэлсэн. Гэтэл монголоор “би явахгүй, хаашаа ч явахгүй” гэхээр нь “за явъя” гэтэл миний үстэй толгойноос барьж аваад, үсийг минь зулгаагаад, баруун гарнаас зулгаагаад, газар унагаасан. Тэгэхэд энэ хүн байсан, манай гэр бүлийн хүн байсан, мөн М.Мөнх-Эрдэнэ байсан. Цаана нь 2-3 хүн байсан боловч би тэр хүмүүсийг танихгүй. Намайг зодонгуут нь би санамсаргүйгээр биеэ хамгаалсан. Яагаад гэвэл миний үс гэзэг аймаар болчихсон, шороон дээр уначихсан, дээрээс нь хөл, гар маань эвгүй болчихсон байсан. Яахав би түүнд хүрсэн байх магадлал бий. Гэхдээ би хүрье гэж бодоогүй. Ингээд байж байтал миний хүү цаанаас машинаас гарч ирээд бид хоёрыг салгатал манай хүүхэд рүү дайраад, хувцсыг нь ураад, нүүр амыг нь маажаад байж байтал 2 цагдаа ирсэн. Гэтэл энэ хүн тэр 2 цагдаа руу мөн л дайрсан. Ингээд тэр 2 цагдаа гавлаад аваад явсан. Болсон явдал нь ерөөсөө тэр. Тухайн үед баруун гар маань битүү хавдартай, толгой тархи маань өвдчихсөн, хүзүүний баруун талд гэмтэл учирсан байсан. Одоо Шүүх эмнэлэгт зураг авахуулсан болон гадуур эмчилгээ хийлгэсний 590.000 төгрөг  нэхэмжилж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч В Ш Ч/W/ мэдүүлэхдээ: Тэр өдөр би гадуур хоол идчихээд, Улаанхуарангийн тийшээ машинаа унаад гэртээ харьж байсан юм. Тэгээд гэрийнхээ гадаа зогсоод, машинаасаа буухад яг миний ард нэг машин ирээд зогссоныг харсан ба дотроос нь 4 хүн бууж ирсэн. Нэг нь миний таньдаг “Их мандуул” ХХК-ийн захирал М.Мөнх-Эрдэнэ байсан. Тэгээд би М.Мөнх-Эрдэнэтэй гар барихад өөрсдийнхөө машин луу суулгах гээд намайг чирсэн. Намайг машин луу суулгах гэж байхдаа энэ эмэгтэй миний гэдэс, толгой руу цохиод байсан. Тэр үед би намайг барьцаалаад явах гэж байна гэж бодоод маш их айсан. Энэ үйл явдал ерөнхийдөө 4 минутад болсон. Тэгээд тэр цагдаагийн хувцастай залуу нь өөрийнхөө үнэмлэхийг гаргаж ирээд үнэмлэхээрээ миний нүүр лүү цохиод, хамрыг минь шалбалаад, хүзүүг минь боосон. Би бол огт гараа хөдөлгөөгүй. Яагаад гэвэл олон хүн байгаа, дээрээс нь Монгол Улсад байгаа гадаад хүн тул гараа хөдөлгөсөн зүйл байхгүй. Тэгээд нэг цагдаагийн машин ирээд, 2 цагдаа бууж ирээд, намайг гавлаад аваад явсан. Тэр цагдаа нарыг хэн дуудсаныг мэдэхгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор Г.Бийн өгсөн: ...Миний биед учирсан гэмтлийг тэр Хятад улсын иргэн учруулсан. Тухайн өдөр буюу 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 13 цагийн орчим манай нөхөр рүү Мөнх-Эрдэнэ гэдэг “Их Мандуул” ХХК-ны захирал залгаад нөгөө Хятад захирал энд явж байна, та нар хүрч ирээд уулз, би түүнийг дагаад явж байна гэж хэлсэн байсан. Тухайн үед би нөхөр хүүхдүүдийнхээ хамт манай хүү шагнал авсан гээд хоолонд орох гээд явж байсан. Ингээд Улаанхуаранд эмнэлгийн хажууд тэр Хятад улсын иргэнтэй уулзсан. Уг нь би Мөнх-Эрдэнэ гэдэг захиралтай гэрээ байгуулаад тэр гэрээний дагуу мөнгө төгрөгөө өгч байсан боловч Мөнх-Эрдэнэ захирал нь би мөнгийг тэр Хятад хүний компанийн дансанд шилжүүлсэн учраас та энэ хүнтэй учраа ол гэдэг байсан бөгөөд би тэр Хятад иргэнийг нь олж уулзах гээд оффис дээр нь 4 удаа очсон боловч байхгүй байсан. Би гэрээгээ дүгнээд тооцоогоо хийх гэж очиж байсан боловч тэр хүнийг байхгүй гэж хэлдэг байсан. Гэтэл тэр өдөр Мөнх-Эрдэнийн дуудсаны дагуу очиход тэр оффис дээр сууж байдаг байсан Хятад иргэн байсан бөгөөд би тэр хүнтэй уулзаад танай оффис дээр очиж тооцоогоо хийе гэхэд тэр хүн намайг ямар ч шалтгаангүйгээр миний үснээс зулгаагаад доошоо газар унагаагаад гар мушгиад, газар шороон дээр мөлхүүлээд дээрээс гараараа толгой руу цохисон. Мөн гар руу цохисон. Тэгэхэд хажууд Мөнх-Эрдэнэ ч байсан боловч гайхаад салгаагүй, тэгж байхад манай хүү Бат-Оргил машинаас бууж ирээд бид хоёрыг салгасан боловч тэр Хятад иргэн манай хүү Бат-Оргилыг зангианаас нь боогоод хашаа налуулаад хувцас хунарыг нь урсан. Тэгээд манай хүүгийн хувцас нь тайлагдсан байсан бөгөөд хүзүү, хоолойноос нь маажсан байсан. Тэгээд тэр Хятад иргэн дахиж манай хүүхдийн зангиа нь тасрахад дахиж манай хүүг бариад авсан бөгөөд хувцаснаас нь зулгаагаад байж байхад цаанаас алаг тэрэг /102/ цагдаа нар ирээд тэр хүнийг гавлаад аваад явсан. Цагдаа нар ирээд тэр Хятад иргэнд шаардлага тавихад тэр Хятад иргэн явахгүй гээд тэр цагдаа нар руу дайрахад нь тэр цагдаа нар тэр хүнийг гавлаад машинд суулгаад аваад явсан. Тэр дуудлагаар ирсэн нэг цагдаагийнх нь нэр нь Отгонбаяр билүү Отгонбаатар гдэг нэртэй байсан...

...Миний гар тухайн үед битүү хавдартай байсан бөгөөд би давстай хар цайгаар шавшаад хавдрыг нь буулгах гээд гэрээсээ эмчилгээ хийлгэж байсан бөгөөд би зүгээр болчихно гэж бодоод байгаад байсан боловч тэр нь зүгээр болохгүй байхаар нь шүүх эмнэлэгт очиж үзүүлсэн. Уг нь би шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй байна гэж бодоод тэнд очихгүй байж байгаад гарын хавдар буухгүй байсан учраас би сүүлд нь хоног алдаж шүүх эмнэлэгт үзүүлсэн. Би тогтоол аваачсанаас хойш 2 хоногийн дараа Шүүх эмнэлэг дээр очсон бөгөөд тэгэхэд гарын сарвууны зураг авдаггүй, хувиараа зургаа авахуулаад ир гэсэн болохоор нь зургаа авахуулах гэж ганц нэг хоносон. Түүнээс болоод тэгж хугацаа алдсан байх...

...Миний хүү Бат-Оргил нь намайг В Ш Чнь зодоод бариад авангуут намайг шороотойгоо хутгалдсан байхад хүрч ирээд бид хоёрыг салгасан. Харин ч Вэй Шиэ Чүэн гэгч нь миний хүү Бат-Оргилыг хоолойг нь боосон. В Ш Чнь Бат-Оргилыг боогоод Бат-Оргилын царай нь цайчихсан байхаар нь би араас нь очоод тэр Вэй Шиэн Чүэнийг хоолойноос нь салгах гээд татсан. Миний хүүхдийг боогоод байсан болохоор би тэр хүнийг салгах гэж татсан. Түүнээс өнөөдөр би санаатайгаар тэр хүний биед хүрсэн зүйл байхгүй.../1-р хх-ийн 41-44, 45-47, 48-49 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор В Ш Ч/W/-ий өгсөн: ...Миний биед учирсан гэмтэлд эмчилгээ бол хийлгээгүй, тийм учраас баримт байхгүй, толгой болон хүзүүндээ гэмтэл авсан байж болзошгүй гэж бодоод “Натур” эмнэлэгт толгойны томограф, хүзүүний томографийн зураг авахуулсан зардал гарсан. Үүнээс өөр нэхэмжлэх зүйл байхгүй, миний биед гэмтэл учруулсан хүмүүс гомдолгүй гэвэл миний хувьд нэхэмжлээд байх зүйл байхгүй...

...Би 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 19-р хороололд хоол идчихээд ганцаараа машинаа бариад Улаанхуаранд байх гэрийнхээ гадна очиход миний машин ар талд Мөнх-Эрдэнэ танихгүй хүмүүстэй ирчихсэн байсан. Тэгээд Мөнх-Эрдэнийн хамт нийт 4 хүн машинаас бууж ирсэн, одоо ямар маркийн машин байсныг санахгүй байна, тэгээд буугаад ирэхээр нь би Мөнх-Эрдэнийг таньдаг учраас очоод гар барьсан чинь Мөнх-Эрдэнэ намайг машин руу шууд чирсэн. Тэр үед Бийн нөхөр нь гэх Батбаяр нь машины хаалга онгойлгоод Б, түүний хүү цагдаагийн бичиг баримт үзүүлсэн 2 залуу араас түлхээд машин руу суулгах гээд байсан. Тэгэхээр нь би 2 гараараа тулаад суухгүй гээд эсэргүүцсэн. Тэгээд намайг машинд суулгах гээд цамцнаас татаад хойноос түлхээд байсан. Тэгж байгаад хүүхэд нь Бат-Оргил гэх залуу цагдаагийн бичиг баримт үзүүлээд миний хоолойг багалзуурдаж аваад бичиг баримтаараа нүүр рүү цохисон, тэр үед ээж нь буюу Б гэх эмэгтэй гараа атгаж байгаад гэдэс рүү 3, 4 удаа цохисон. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 51-52, 60-61 дүгээр тал/,

...Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Бат-Оргилын өгсөн: ...Тэгэхэд манай ээж энд зогсчих гээд хэлэхээр нь би тэр газарт нь зогссон бөгөөд тэнд БНХАУ-ын иргэнтэй уулзсан бөгөөд тэр Хятад улсын иргэн нь нэг харахад манай ээжийг үсдчихсэн, ээжийн гарыг нь мушгисан зогсож байхаар нь би машинаасаа буугаад тэр хоёрыг салгаад та нар Цагдаагийн байгууллага дээр очоод учраа ол гэж хэлэхэд тэр Хятад улсын иргэн манай ээжийг тавихгүй байхаар нь би салгасан. Тэр хоёрын голоор орж салгаж байх үед тэр Хятад улсын иргэн миний хоолойг маажаад толгой руу гараараа 2 удаа цохисон. Мөн багалзуурдаад хоолой маажиж кителийн товч болон цагаан цамцны товчийг мөн тасалсан байсан. Тэгж байхад манай аав Батбаяр 102 дугаарын утас руу залгасан байсан бөгөөд Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн цагдаа нар машинтай хүрч ирсэн.../1-р хх-ийн 62-65 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч П.Батбаярын өгсөн: ...2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 14 цагийн орчим гэр бүлээрээ хоолонд орох гээд явж байхад байр захиалсан “Их Мандал” ХХК-ийн захирал Баянзүрх дүүргийн энд явж байна, би араас нь дагаад явж байна гэж хэлсэн. Хаана очих юм уулзаадахъя гэж хэлсэн. Тэгээд Мөнх-Эрдэнэтэй ярьж байгаад Улаанхуарангийн эцэс дээр очсон. Бид нар танихгүй болохоор Мөнх-Эрдэнэтэй хамт очсон. Тэгээд манай эхнэр Б би байр захиалсан гэж хэлж байхад тухайн Хятад үснээс нь зулгааж гарыг нь мушгисан. Манай хүү Бат-Оргил очоод салгахад Бат-Оргилын хоолойг боож, толгой руу нь 2 удаа цохиж, цамцыг нь урж, зангиаг нь тасалсан. Тэгээд би цагдаа дуудсан. Цагдаа ирээд цагдаагийн хэлтэс рүү явсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 71 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Н.Цэнгэлмаагийн өгсөн: ...Тэгж салснаас хойш удаагүй хориод минутын дараа В Ш Чдарга над руу утсаар яриад Мөнх-Эрдэнэ хүмүүстэй ирээд намайг машин руугаа чихээд байна, хурдан хүрээд ир гэж над руу яриад утас нь тасарсан. Ингээд би буцаж яваад гэрийнх нь тэнд буюу Улаанхуаранд очсон. Тэр хугацаанд би дахиж В Ш Чдаргын утас руу нь залгахад энэ хүмүүс дөрвөөс тавуулаа нэг цагдаатай хамт ирчихсэн намайг машин руугаа чихэж байна гээд утас нь тасраад дахиж залгахаар утсаа аваагүй. Тэгээд би хамгийн ойрхон хүн рүү болох барилгын инженер Жамсран, борлуулалтын менежер Бааска нар руу яриад та нар хурдан яваад очооч, ийм асуудал болоод байна гээд В Ш Чдаргын хэлснийг хэлсэн. Жамсран, Бааска 2 намайг даргын гэрийнх нь тэнд очиход ирчихсэн байсан. Тэгэхэд В Ш Чдаргын машин нь байсан боловч өөрөө байгаагүй. Бид 3 тэгээд хамт Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст очсон. Тэгэхэд тэр хавьд явж байсан хүмүүсээс Жамсран, Бааска нар юу болсон талаар асуухад хэдэн хүмүүс цагдаа нартай хамт ирээд нэг хүнийг чирээд байсан, тэгээд 2 цагдаа ирээд тэр хүнийг аваад явсан гэж хэлсэн байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 72-75 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч М.Мөнх-Эрдэнийн өгсөн: ...тухайн өдөр би “Шонхорын хүсэл” ХХК-ны захирал Ли-г хүлээгээд оффисийнх нь үүдэнд хүлээгээд байж байтал түүний унаж байдаг машин нь хойшоогоо Улаанхуаран чиглэл рүү 13 дугаар хороололын уулзвараас явахаар нь би Батбаяр руу утсаар яриад нөгөө Ли-гийн машин нь явж байна гэхэд хэн явж байна гэхээр нь хүн нь харагдахгүй байна гэхэд би араас чинь яваад очъё гээд би Ли-гийн “Ренж Ровер” маркийн машиныг нь дагаад явж байхад араас Батбаяр эхнэр, хүүхэдтэйгээ хамт машинтайгаа явж байна гэсэн. Ингээд Улаанхуаранд тэр “Рэнж Ровер” маркийн машин Улаанхуаранд ирээд зогсоход нь Батбаяр түрүүлээд ард нь зогсоод би араас нь машинтайгаа тэр машины ард зогсоход тэр машинаас В Ш Чнь ганцаараа буугаад ирсэн бөгөөд эхнэр нь В Ш Чдээр очоод мөнгөө авъя, эсвэл цагдаагийн байгууллага дээр очъё гэхэд тэр В Ш Чнь Батбаярын эхнэртэй нь зууралдаад авсан. Эхнэрийг нь үсдээд дарахад Батбаяр, хүүхэдтэйгээ хамт тэр В Ш Чдээр очоод үнэмлэхээ үзүүлээд би цагдаагийн алба хаагч байна, хамт цагдаагийн байгууллага дээр очъё гэхэд В Ш Чнь очихгүй гээд Батбаярын цагдаа хүүхдийнх нь цамцаар нь хоолойг нь боогоод хувцас хунарыг нь ураад хаячихсан юм. Тэгэхэд би цагдаагийн байгууллага руу дуудлага өгсөн бөгөөд Батбаяр ч гэсэн өөрийнхөө утсаар дуудлага өгсөн. Тухайн үед цагдаагийн алаг тэрэгтэй 2 цагдаа дуудлага өгснөөс хойш бараг минут ч хүрэлгүй хугацаанд хүрч ирээд тэр Вэй Шиэн Чүэн-ийг авч явах гэхэд мөн тэр цагдаа нартай хамт явахгүй гээд өөдөөс нь зууралдаад авсан бөгөөд тэгэхэд цагдаа нар тухайн хүнийг хүч хэрэглэн гавлаад авч явсан. Би тэгээд тэндээсээ тэд нараас салаад явсан юм...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 87-90 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 3985 дугаартай шинжээчийн:

1. Г.Бийн биед гарын сарвуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шинжээч эмч Н.Туяа гэх дүгнэлт /1-р хх-ийн 103 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 3781 дугаартай шинжээчийн:

1. W-н биед тархи доргилт, хүзүүний зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун зүүн шуунд цус хуралт, хүзүү, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ө.Сарангэрэл гэх дүгнэлт /1-р хх-ийн 110 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн В Ш Ч/W/-ийн өгсөн: ...Тэгээд би машинд нь суухгүй байсан чинь тэр бичиг баримт үзүүлсэн залуу багалзуурдаж аваад эмэгтэй нь гараа атгаж байгаад гэдэс рүү цохиод байсан, тэр үед би хариу цохилт ерөөсөө хийгээгүй, мөн бичиг баримтаараа нүүр рүү цохиод байсан. Тэр хооронд маш олон юм яриад байсан би юу ч ойлгоогүй, тэгтэл Мөнх-Эрдэнэ утсаар залгаад хүнтэй яриад байсан. Удалгүй машинтай цагдаа нар ирээд намайг гавлаад баривчилж авч явсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 134-137 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Г.Бийн өгсөн: ...тэгээд яваад очиход нөгөө Хятад машинаасаа бууж ирэхээр нь би оффис дээр чинь очиж тооцоо нийлье гэхэд тооцоо нийлэхгүй гэсэн. Тэгсэн чинь Мөнх-Эрдэнэ тэр Хятад иргэнийг хоёулаа цуг явъя гэхэд би явахгүй гээд Монгол хэлээр хэлсэн, тэгэхээр нь би явъя гээд баруун гарнаас нь татсан чинь урдаа миний зүүн гарыг барьж авч мушгиад толгойтой үснээс зуураад бетонон шалан дээр унагаад 2-3 удаа толгой руу гараараа цохиж аваад зууралдсан чинь манай хүү Бат-Оргил бууж ирээд бид хоёрыг салгасан чинь Бат-Оргилыг хашаа руу чирч яваад зангиагаар нь хоолойг нь багалзуурдаад авахаар би араас нь очоод хувцасных нь захнаас нь татаад салгаж байхад 102-н цагдаа нар ирээд гавлаад авч явсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 142-145 дугаар тал/,

- Шүүгдэгч Г.Б, В Ш Ч/W/ нарын хувийн байдалтай холбоотой баримтууд /1-р хх-ийн 152, 153, 155, 159 дүгээр тал, 2-р хх-ийн 2, 3, 4, 6 дугаар тал/,

- Хохирогч Г.Бийн зүгээс гаргаж өгсөн хохирлын баримт /1-р хх-ийн 154 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Г.Б нь 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн автобусны эцсийн буудлын орчимд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн В Ш Ч/W/-ийг зодож биед нь тархи доргилт, хүзүүний зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун зүүн шуунд цус хуралт, хүзүү, цээжинд зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг,

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн В Ш Ч/W/ нь 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн автобусны эцсийн буудлын орчимд иргэн Г.Бийн зүүн гарыг мушгиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Г.Б, В Ш Ч/W/, гэрчээр өгсөн М.Мөнх-Эрдэнэ, Н.Цэнгэлмаа, П.Батбаяр, Б.Бат-Оргил нарын мэдүүлэг,

            - Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 3985, 3781 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Б, В Ш Ч/W/ нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

            мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус хуульчилжээ.

            Хохирогч Г.Б шүүх хуралдаанд 350.000+128.000=нийт 478.000 төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжилж байх боловч хавтаст хэрэгт 128.000 төгрөгийн баримтыг ирүүлсэн бөгөөд В Ш Ч/W/-с гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна. /1-р хх-ийн 93-94, 106-р тал/,

            Хохирогч В Ш Ч/W/ хавтаст хэрэгт 128.000 төгрөгийн баримтыг ирүүлсэн бөгөөд хохирлыг нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй байна. /1-р хх-ийн 114-115-р тал/

            Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б, В Ш Ч/W/ нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Г Б, В Ш Ч/W/ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Г Б, В Ш Ч/W/ нарыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Б, В Ш Ч/W/ нарт тус тус оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.        

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.Б, В Ш Ч/W/ нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар  В Ш Ч/W///-с 128.000 / нэг зуун  хорин найман мянган/ төгрөгийг гаргуулан Г Б т / / олгож, В Ш Ч/W/ хохирлыг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Б, В Ш Ч/W/ нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.АЛТАНЦЭЦЭГ