Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/00468

 

Ш.Ж-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2017/02667 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2478 дугаар магадлалтай

Ш.Ж-ын нэхэмжлэлтэй,

Х.Б-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 89 250 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Оюунболдын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Оюунболд, хариуцагч Х.Б-, түүний өмгөөлөгч Н.Жамъян, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээг 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр байгуулж, Х.Б- 30 000 000 төгрөгийг 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2015 оны 07 дугаарсарын 21-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон, 16 дугаар байр 60 тоот 52 м.кв талбайтай, Х.Б-ийн өмчлөлийн орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээ 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Мөнгийг хаанаас авах вэ гэхээр нь үел эгч Баясгалангаас авна гэж хэлсэн. Эгч нь спикерээр Т.Баясгалангаас мөнгө авлаа гэхэд Х.Б мөнгө хүлээн авлаа гэж гэрээн дээр гарын үсэг зурсан. Х.Б- 30 000 000 төгрөгийг 3 хоногийн дотор сарын хүүтэй нь өгнө гэж ярьсан. Гэрээг бүртгүүлэхдээ надаас 25 000 төгрөг зээлсэн. Түүнийгээ хамт өгнө гэсэн, өгөөгүй. Би утасдсан. Гэтэл Дархан, Сэлэнгэд явна гэдэг. Гэр нь олдохгүй, эхнэр нь утсаа авдаг. Ингээд сураггүй болсон. Иймд хариуцагч Х.Б-ийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хариу мэдэгдэх хуудсаар Х.Б- нь Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо 2 дугаар хороолол, Алтай хотхон, энгельс гудамж, 12 байр 96 тоот хаягт оршин суудаг болохыг тогтоож өгсөн. 2017 оны 05 дугаар сард 86008888 дугаараас над руу ярьсан. Гэтэл хариуцагч нь намайг эрэн сурвалжлуулсан байсан. Гэрээ байгуулагдсанаас хойш Х.Б- нь нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй бөгөөд сар бүр төлөх ёстой хүүг төлөөгүй. Гэрээнд заасан үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.1 хувиар хоног тутамд алданги тооцохоор заасан. Иймд үндсэн зээл 30 000 000 төгрөг, зээлийн хүү 4 500 000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.1 хувийн алданги болох 17 250 000 төгрөгийг, хугацаа хэтрүүлсэн 25 сард Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасан хүү 37 500 000 төгрөг, нийт 89 250 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Ш.Ж- гэдэг хүнээс ямар ч мөнгө төгрөг зээлж аваагүй. Ш.Ж- гэх хүнийг танихгүй. Зээлийн гэрээ байгуулахаас өмнө миний эгч Х.Ижилцэцэг, Т.Баясгалан гэдэг хүнээс 26 500 000 төгрөг зээлж авсан гэдэг ба миний бие мөн Т.Баясгалангаас 30 000 000 төгрөг зээлье гэсэн хүсэлтийг эгч Х.Ижилцэцэгээр дамжуулан гаргасан. Т.Баясгалан нь эгчээр дамжуулж, Ш.Ж- гэх хүнтэй нотариат дээр очоод гэрээ байгуулчихаад, мөнгөө ав гэж хэлсэн гэдэг. Иймд 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Хан-Уул дүүрэгт байрлах нотариатын газар очиж иргэн Ш.Ж-тай уулзаж, зээлийн гэрээ байгуулсан. Гэрээ байгуулах үед эгч бидэнтэй байгаагүй. Гэрээ хийж байхдаа Ш.Ж-ын хажууд эгч рүүгээ ярьж, мөнгөө хүлээж аваагүй байхад авсан гээд биччихсэн байна, гэрээнд гарын үсэг зурж болох юм уу гэж асуухад эгч Т.Баясгалангаас асууя гэсэн. Тэгээд удалгүй эргээд залгаж, Т.Баясгалан мөнгөө авахаас хойш юун сүртэй юм,гэрээгээ хийчихээд 30 000 000 төгрөгөө авна биз гэсэн гэхээр нь би гэрээнд мөнгийг хүлээн авсан гэж гарын үсгээ зурсан. Гэтэл Т.Баясгалан нь манай эгчээс мөнгө төгрөгийн авлагатай, тэрийгээ дуусгаж байж ахиад мөнгө зээлээрэй гээд 30 000 000 төгрөгийг өгөөгүй. Иймд миний бие Ш.Ж-ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2017/02667 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Б-эс зээлийн гэрээний үүрэгт 89 250 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэгч Ш.Ж-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 644 140 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2478 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2017/02667 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Ж-ын давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 604 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Оюунболдын хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Ш.Ж-ын өмгөөлөгч Ж.Оюунболд би Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2478 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасныг заасныг удирдлага болгон хяналтын гомдол гаргаж байна.

...Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн эхлэн гүйцэтгэх 30,000,000 төгрөгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гэсэн дүгнэлт гаргасныг хуулийг буруу тайлбарлаж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй гэснийг зөрчиж үнэлж дүгнэсэн гэж үзэж байна.

Учир нь иргэн Ш.Ж-, Х.Б- нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан Зээлийн гэрээний харилцаа үүссэн.

Ш.Ж- нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зээлдэгч Х.Б-д 30,000,000 төгрөгийг өгсөн. Энэ үүргээ тэрээр өөрийн үел эгч Т.Баясгалангаар дамжуулан гүйцэтгүүлсэн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч, өмгөөлөгчийн тайлбар, Т.Баясгалан өөрийн 99119915 дугаараас Х.Ижилцэцэг рүү залгаж ярьсан гар утасны яриаг буулгасан СД бичлэг, 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл зэргээр нотлогдож байхад Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэлгүйгээр Ш.Ж- нь эхлэн гүйцэтгэх 30,000,000 төгрөгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Мөн түүнчлэн талуудын тэгш байдлын зарчим алдагдсан 2015 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн Зээлийн гэрээнд Х.Б- нь 30,000,000 төгрөг хүлээн авав гэж зурсан нь мөнгө авсныг илэрхийлэх чухал баримт байхад шүүх үүнийг үнэлээгүй. Дээрх хэмжээний мөнгө нь бага биш юм, ийм хэмжээний мөнгө аваагүй байж авсан хэмээн гарын үсэг зурсан байна гэж тайлбарлаж байгаа нь бодит үнэнд нийцэхгүй байхад шүүх хэт нэг талын тайлбар, гэрч гэх хариуцагчийн төрсөн эгч Х.Ижилцэцэгийг мэдүүлгийг үнэлж хэргийг шийдсэн.

Давж заалдах шатны шүүх нь өмгөөлөгч Ж.Оюунболд нь гэрчээр Т.Баясгаланг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу хэмээн гомдол гаргасан мэтээр магадлалд дүгнэлт хийсэн байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс Т.Баясгаланг гэрчээр оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн буруу гэж гомдол гаргаагүй. Харин Т.Баясгаланг оролцуулах хүсэлтээс татгалзах болсон шалтгаан нь дараах байсан гэж давж заалдах гомдол дурдсан. Үүнд:

1. Хариуцагчийн зүгээс нотлох баримтаар Т.Баясгалан өөрийн 99119915 дугаараас Х.Ижилцэцэг руу залгаж ярьсан гар утасны яриаг буулгасан СД бичлэг өгсөнтэй холбогдуулж гэрчээс оролцуулах хүсэлтээс татгалзсан билээ. Учир нь СД бичлэг дээр яригдаж байгаа зүйл нь Т.Баясгалан нь би өөрийн дүү Ш.Ж-ын мөнгийг та Х.Б-д зээлсэн, Я.Цэрэндэндэвийг шоронгоос гаргах гэсний оронд нь дүүгийнхээ байрыг тавья гэснийг тодорхой нотолсон баримт байсан тул гэрчийг асуулгахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн зохион байгуулалтгүй алдаанаас болж шүүх хурал 2 удаа хойшилсон. Шүүх хурал хойшилсноос болж гэрч сүүлийн шүүх хуралд оролцох боломжгүй буюу Япон улс уруу явах ажилтай болсон тул бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулахгүйн үүднээс гэрч оролцуулах хүсэлтээс татгалзсан.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийн хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй гэснийг зөрчиж үнэлэн хариуцагч зөвхөн Х.Б-ийн тайлбар, түүний төрсөн эгч Ижилцэцэгийн гэрчийн мэдүүлгийг үнэлж энэхүү хэргийг шийдвэрлэлээ хариуцагч талд ядаж нэг ч бичгийн нотлох баримт байгаагүй гэдгийг онцлон анхаарч үзнэ үү.

Дээрх байдлаар хэргийг шийдвэрлэснээр хариуцагч Х.Б- ямар ч үүрэг, хариуцлага хүлээхгүй болж, барьцааны гэрээ мөн адил хүчингүй болж түүний төрсөн эгч гэх Х.Ижилцэцэгээс шүүхийн мэдүүлгийн дагуу мөнгөө нэхэх асуудал гарч байна. Энэхүү анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал шууд хэлэхэд луйварчдад дэндүү ашигтай шийдвэрлэгдлээ.

Хэрэгт авагдсан өөрийн гараар бичсэн мөнгө хүлээн авсан гэх гэрээний нэмэлт хэсгийг өчүүхэн төдий ч үнэлсэнгүй, түүнчлэн Х.Ижилцэцэг Т.Баясгалан нарын хооронд ярьсан зүйлийг үнэлсэнгүй.

Анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хариуцагч нь өмгөөлөгч авахаасаа өмнө шүүх хурал дээр эвлэрье авсан мөнгөнийхөө оронд “Land cruiser 105” маркийн автомашин өгье гэж байсан бөгөөд өмгөөлөгч авснаар дээрх хэлсэн зүйлээсээ буцаж эхэлсэн, үүн дээрч анхан шатны шүүх дүгнэлт хийсэнгүй.

Хяналтын шатны эрхэм шүүгч та бүхэн энэхүү хэргийг сайтар нягтлан үнэн зөвийг дэнсэлж өгөхийг хүсч байна.

Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 02667 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2478 дугаар магадлалыг бүхэлд хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Ш.Ж- нь Х.Б-д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 89 250 000 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн мөнгийг аваагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Талууд 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Зээлийн болон Барьцааны гэрээ байгуулж Ш.Ж- нь 30 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5%-ийн хүүтэй Х.Б-д шилжүүлэхээр, зээлдэгч Х.Б- нь зээлийг гэрээгээр тохирсон нөхцөлийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах үүрэг тус тус хүлээж, зээлдэгч нь үүргийн гүйцэтгэлд өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн Алтай хотхоны 16 дугаар байрны 60 тоот 52мкв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалжээ. 

Талуудын хооронд байгуулсан Зээлийн болон  Барьцааны гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч Ш.Ж- нь гэрээний дагуу гэрээний зүйл болох мөнгийг зээлдэгч Х.Б-д шилжүүлж өгөөгүй бөгөөд тэрээр “...зээлийг хариуцагч Х.Б-ийн эгч Ижилцэцэг нь Баясгалангаас хүлээн авсныг зээлдэгч зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан тул гэрээний зүйлийг хүлээн авсан гэж үзнэ” гэж тайлбарлах боловч зээлийн мөнгийг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн гэх Ижилцэцэг, Баясгалан нар нь гэрээний оролцогч биш тул зээлдүүлэгч Ш.Ж- нь зээлдэгч Х.Б-ийн өмнө гэрээгээр хүлээсэн гэрээний зүйл буюу мөнгийг шилжүүлэх үүргээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасны дагуу биелүүлээгүй байна.

Иймд хэдийгээр гэрээ байгуулагдсан боловч бодит байдалд хэрэгжээгүй тул Ш.Ж- нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг Х.Б-эс шаардах эрхгүй гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүх хууль зөрчөөгүй байна.

Шүүх талуудын хооронд Зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргаанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1 дэх заалтуудыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2., 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасан шаардлагад нийцсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2017/02667 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2478 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Оюунболдын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Ш.Ж-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 604 200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР       

ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД