Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 674

 

 

 

 

 

 

 

 

 

    Н.Бд холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч М.Цэрэндаваа,

            нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 598 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ж.Энх-Амгалангийн бичсэн 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 20 дугаар эсэргүүцлийг үндэслэн Н.Бд холбогдох 201726011130 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Боржигон овгийн Ням-Очирын Н.Б, Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд 1982 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 2 дугаар баг, Цахиурт гэх газарт оршин суух албан ёсны хаягтай, /регистрийн дугаар: 3Е82090911/,

 

Н.Б нь 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 18-8 тоотод Б.Хыг зодож, бие махбодид нь “тархи доргилт, баруун мөрний зөөлөн эдийн гэмтэл, баруун шуунд зулгарал, зүүн шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Н.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ж.Энх-Амгалангаас “Н.Б холбогдсон хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.5 дугаар зүйлд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр заасан хэрэг тул шүүхэд шилжүүлсэн” гэж тайлбарласан.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт  хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах талаар заасан ба уг бүлгийн:

17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно” гэж, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “прокурор, мөрдөгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ял оногдуулах тухай болон энэ бүлэгт заасан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг танилцуулна”, “Прокурор яллагдагчийн хүсэлтийг хүлээн авах, эсхүл татгалзах тухай тогтоол гаргана” гэж, 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Яллагдагч... хэргийн зүйлчлэл, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар санал зөрсөн, ...бол хэргийг ердийн журмаар шийдвэрлэхээр прокурор тогтоол гаргана” гэж тус тус заасан байх ба эдгээр заалтаас үзвэл яллагдагч нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх, мөн түүний гаргасан хүсэлтийг прокурор хэрхэн шийдвэрлэсэн талаар шийдвэр буюу тогтоол гаргахаар хуульчилжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үзвэл яллагдагч Н.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргаагүй, энэ талаар прокуророос гаргасан ямар нэг шийдвэргүй, мөн яллагдагчид Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ял оногдуулах тухай болон энэ бүлэгт заасан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг танилцуулаагүй байна.

Нөгөө талаас яллагдагчид 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хэргийн материалыг танилцуулахад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргаагүй, тус тэмдэглэлд бичсэн санал, хүсэлтгүй /хх-61/ байхад дээрх хуулийн холбогдох заалтыг ноцтой зөрчиж Н.Бд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх хуралдаанаар дараах нөхцөл байдлыг хянана”

4.4-т хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх,

6 дахь хэсэгт “эсхүл энэ хуулийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана” гэж тус тус заажээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 2 дугаар яллах дүгнэлтийн 2 гэж дугаарласан хуудасны доод хэсэгт яллагдагч Н.Б нь “ялын саналтай танилцаж, саналыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж, 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр гараар бичиж, гарын үсгээ зурсан, шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Бас “прокурорын санал болгож, байгаа 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг буюу хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөхгүй талаар мэдүүлсэн.

Иймд шүүгдэгч Н.Бд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.4-т заасан нөхцөл байдлыг хянахад шүүгдэгч хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөөгүй нь мөн зүйлийн 6 дахь хэсэгт заасан хэргийг прокурорт буцаах үндэслэл бий болсон гэж үзэж Н.Бд холбогдох хэргийг дээрх үндэслэлээр прокурорт буцаах нь зүйтэй.

3. 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилсэн 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дөчин наймдугаар бүлэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” явуулах талаар заасан ба тус бүлгийн 414 дүгээр зүйлд “хялбаршуулсан журмаар байцаан шийтгэх ажиллагаа явуулах хэргийн харьяалалын талаар заасан. Уг зүйлийн 414.1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт хялбаршуулсан журмаар байцаан шийтгэх ажиллагаа явуулна” гэж, 415 дугаар зүйлийн 415.2 дахь хэсэгт “сэжигтэн, яллагдагч, хохирогч харилцан зөвшөөрч, хүсэлт гаргасан бөгөөд сэжигтэн, яллагдагч гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, хохирогч хохирлын талаар маргаангүй бол хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх бөгөөд хэрэг бүртгэх ажиллагааг эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш нэн даруй гүйцэтгэнэ”, 416 дугаар зүйлийн 416.1-д “хэрэг бүртгэгч энэ хуулийн 415.2-т заасан хүсэлтийг хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзвэл тогтоол үйлдэн 14 хоногийн дотор хэрэг бүртгэлт явуулна” гэж тус тус заасан байна.

Мөн 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж, мөрдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн бол мөрдөгч 14 хоногийн дотор хэрэг бүртгэлт явуулна” гэж, 17.5 дугаар зүйлд “зарим хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журам”-ын талаар заасан ба уг зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” ...гэмт хэргийн сэжигтнийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол танилцуулсан даруй, эсхүл нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай бол мөрдөгч мөрдөн байцаалтыг 14 хоногийн дотор явуулж хэргийг прокурорт шилжүүлнэ” гэж тус тус заажээ.

Яллагдагч Н.Б 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр үйлдсэн гэх гэмт хэрэгт 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр гомдол хүлээн авч /хх-4/ Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэс 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол үйлдэж, уг тогтоолыг 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр прокурорт танилцуулсан. Н.Баттулгыг 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнээр тооцох тогтоол үйлдэж, байцаасан /хх-30-32/, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж /хх-33-36/, 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан, дараа нь прокурор 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 54 дүгээр тогтоолоор яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулж, яллагдагч Н.Бд шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял өөрчлөн сонсгосон байна. /хх-56/

Дээрх нотлох баримтуудаас үзвэл яллагдагч Н.Бд эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш хэрэг бүртгэлтийн ажиллагаа 14 хоногт явагдах хугацаа 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр дууссан. Өөрөөр хэлбэл хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хэрэг бүртгэлт явуулах 14 хоногийн хугацаа өнгөрсөн. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон одоо мөрдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах хуулийн хугацааг хэтрүүлсэн атлаа Н.Бд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, ялын санал бичиж ирүүлсэн нь прокурор мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналтаа хэрэгжүүлээгүй, улмаар хууль зөрчиж хэргийг шүүхэд шилжүүлсэн байгааг анхаарч хуулийг чанд сахиж, хэрэгжүүлвэл зохино.

4. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаартай яллах дүгнэлтэд гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацааг 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр гэж тогтоож бичсэн, эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол, хохирогчийн гомдол зэрэгт гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацааг 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр гэж тэмдэглэсэн байх бөгөөд яллах дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, прокурор яллах дүгнэлтдээ гаргасан дээрх техникийн шинжтэй алдаагаа засах нь зүйтэй байна.

Мөн прокуророос Н.Бд холбогдох хэргийг шүүхэд 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлэхдээ яллагдагчид “гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг авсан” гэж яллах дүгнэлтийн хавсралтдаа дурдсан байх ба Н.Бд 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан таслан сэргийлэх арга хэмжээг авсныгаа тус хууль хүчингүйд тооцогдсон үеэс хүчингүй болгоогүй, 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж, хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлж яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээг огт аваагүй, 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчингүй болсон хуульд заасан таслан сэргийлэх арга хэмжээ авсан зөрчилтэйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн ноцтой зөрчилтэй байгааг тэмдэглэж, шүүгдэгч Н.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

            Прокурор Ж.Энх-Амгалан бичсэн эсэргүүцэлдээ: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч эсэргүүцэл бичлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тусгаж, уг бүлэгтээ дээрх хянан шийдвэрлэх ажиллагаа нь хоёр өөр хэлбэрээр явагдахаар хуульчилжээ. Үүнд:

А. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд яллагдагч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг хэзээ, ямар болзол шаардлага хангасан тохиолдолд гаргах эрхтэйг заасан. Өөрөөр хэлбэл 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “яллагдагч гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно”, 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй” гэж заасан нь хорих ялын дээд хэмжээг найман жилээс доош хугацаагаар ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт яллагдагч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн тохиолдолд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны үндсэн дээр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шаардлагыг тусгасан байна.

Б. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журам буюу тус зүйлд шууд заасан 16 төрлийн гэмт хэргийг яллагдагч хүсэлт гаргах шаардлагагүйгээр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан байна.

Дээрх хоёр төрлийн шаардлага хангасан тохиолдолд хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хоёр өөр хэлбэрээр явагдахаар байна.

В. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд “Зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журам буюу тус зүйлд заасан 16 төрлийн гэмт хэрэгт яллагдагч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлөхөө илэрхийлж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргахыг шаардаагүй. Мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл... заасан гэмт хэргийг сэжигтний эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол танилцуулсан даруй, эсхүл нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай бол мөрдөгч мөрдөн байцаалтыг 14 хоногийн дотор явуулж хэргийг шилжүүлнэ” гэснээс дүгнэхэд заавал яллагдагч хүсэлт гаргах шаардлагагүйгээр сэжигтэнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол танилцуулсан үеэс хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлэхээр байна.

Прокурор яллах дүгнэлтийг 24 цагийн дотор хянаж, яллагдагчид хүлээлгэх хариуцлагын талаар танилцуулж, түүний зөвшөөрлийг шаардахгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлэхээр байна.

Н.Бд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, хэргийг шүүхэд шилжүүлсэн учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан журмаар хэргийг хянан шийдвэрлэхийн оронд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан журмаар хэргийг мөрдөн байцаалтад буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна.

Яллагдагч Н.Бд холбогдох хэргийг яллагдагчаар татах тогтоол батлуулах саналтай прокурорт ирүүлэх үед Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу байцаан шийтгэх ажиллагаа явуулсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 415 дугаар зүйлийн 415.2 дахь хэсэгт “сэжигтэн, яллагдагч, харилцан зөвшөөрч, хүсэлт гаргасан бөгөөд сэжигтэн, яллагдагч гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, хохирогч хохирлын талаар маргаангүй бол хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэнэ” гэж заасан тул яллагдагч хүсэлт гаргаагүй, гэмт хэргээ хүлээн зөвшөөрөөгүй үндэслэлээр ердийн журмаар шалгагдаж прокурорын хяналтанд ирсэн.

Прокурорын хяналтад байх хугацаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж, тус хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Бд ял сонсгож, 24 цагийн дотор хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм. 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 2 дугаар яллах дүгнэлтэд гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацааг 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр гэж бичсэн техникийн шинжтэй алдаа бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны тэмдэглэлээр дээрх зөрчил засагдах боломжтой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлд “яллагдагч шүүгдэгчид энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу дараах таслан сэргийлэх арга хэмжээ авна” гэсэн нь яллагдагчид заавал таслан сэргийлэх арга хэмжээ авахыг шаардахгүйгээс гадна хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах үндэслэл болохгүй, гэм буруугийн асуудал шийдвэрлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад саад болохгүй юм.

Анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.2, 17.3, 17.4 дэх хэсэгт заасан шаардлага хангаагүй гэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсгийг удирдлага болгон захирамжилж, Захирамжлах хэсгийн 4 дэх заалтад “мөн хуулийн 33 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурор эсэргүүцэл бичих эрхтэй” гэж заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулахад энэ хуулийн Гучин гуравдугаар бүлэгт заасан журмыг баримтлахгүй” гэж заасныг ноцтой зөрчсөн байна.

Мөн шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ж.Энх-Амгалангаас “яллагдагч Н.Б холбогдсон хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.5 дугаар зүйлд заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсэгт хамаарч байгаа учраас түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн гэж тайлбарласан гэж, 415 дугаар зүйлийн 145.2-т “сэжигтэн, яллагдагч, хохирогч харилцан зөвшөөрч хүсэлт гаргасан бөгөөд сэжигтэн, яллагдагч гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, хохирогч хохирлын талаар маргаангүй бол хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” гэж дурьдсан боловч хуулийн зүйл заалтыг өөрөөр бичсэнийг дурьдаж байна.

Иймд Н.Бд холбогдох Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн
анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 598 дугаартай
шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

 

Шүүгдэгч Н.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Надад ял шийтгэл оногдуулна гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирогч гэх Хонгорзул нь гэрт орж ирээд өөрөө хэрүүл өдөж, миний толгойг цохьсон. Хутга барьж дайрсан үйлдлийг нь таслан зогсоосон болохоос түүнийг цохиж, гэмтэл учруулаагүй. Миний гэм бурууг тогтоогоогүй гэж үзэж байна.” гэв.

 

Шүүгдэгч өмгөөлөгч М.Цэрэндаваа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасны дагуу прокурор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулаагүй тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж үзэж байна. Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан хяналтаа бүрэн хэрэгжүүлээгүй. Эрүүгийн хэрэг гарсан цаг хугацаа, нөхцөл байдлыг тодруулаагүй. Яллах дүгнэлтэд 6 дугаар сарын 28-ны өдөр гэмт хэрэг гарсан талаар тодорхойлсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэнийг бүрэн тогтоох заалтыг зөрчсөн. Н.Б анхнаасаа Б.Х нэг удаа алгадаж, нэг удаа цохьсон гэж тогтвортой мэдүүлдэг. Хэрэгт авагдсан гэрч Дүгэржавын мэдүүлэгт “Хонгорзул гэрт орж ирээд Н.Бтай маргалдаж, сандалаар толгой руу нь цохьсон. Ингээд хутга авч Н.Б руу дайрахад Хонгорзулын эх бид хоёр хутгыг салгаж авсан. Н.Б Б.Х нэг удаа алгадсан. Үүний дараа Хонгорзул дахин хутга авч Н.Б руу дайрсан. Хонгорзулаас хутгыг булааж авахаар ноцолдох үед Хонгорзул хутгаа дээш өргөөд хойш ухарч байхдаа хөргөгчинд тээглээд хойш унасан” гэдэг. Хохирогч Хонгорзул “би уурандаа Н.Б руу хутга авч дайрсан” гэж хэлсэн. Эдгээр нөхцөл байдлыг мөрдөгч болон прокурор шалган тогтоогоогүй. Хонгорзул нь Н.Б ямар үйлдлийн улмаас гэмтэл авсан нь тодорхойгүй. Хонгорзул хойш унахдаа тухайн гэмтлийг авсан байх боломжтой байдаг. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субъектив нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Мөн хохирлын хэмжээг буруу тооцсон. Эмчилгээний зардалд 121.000 төгрөг, цагны засварт 19.000 төгрөг зарцуулсан гэх хохирогчийн мэдүүлэг байдаг боловч эмчлүүлсэн талаар баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй. Баримтаа гаргаж өгөөгүй тул шүүгдэгч хохирлыг төлөх боломжгүй байна. Хэргийг прокурорт буцаавал эдгээр асуудлыг тогтоох шаардлагатай гэж үзэж байна.” гэв.

 ХЯНАВАЛ:

 

            Н.Бд холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 598 дугаар шүүгчийн захирамж үндэслэл муутай байна.

 

“Яллагдагч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргах”, “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх” гэсэн хэлбэрээр эрүүгийн хэргийг хялбаршуулан хянан шийдвэрлэх журмыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт хуульчлан тогтоосон бөгөөд энэ хоёр журам нь тус тусдаа өөр өөр байдлаар хэрэгжихээр зохицуулжээ.

 

Тухайбал: Яллагдагч хүсэлт гаргаснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд найман жил хүртэл хорих ялтай гэмт хэргүүд хамаарах ба яллагдагч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн баримт, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн тухай баримтуудыг хавсарган ирүүлнэ. /Хуулийн 17.1 дүгээр зүйл/ Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуульд заасан ердийн хэрэг хянан шийдвэрлэх журмыг баримтлахаас гадна тухайн бүлэгт заасан тусгай журмыг баримтлахаар заасан байна. /Хуулийн 17.4 дүгээр зүйл/

 

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан тодорхой төрлийн хөнгөн гэмт хэргүүдийн хувьд сэжигтнийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол танилцуулсан даруй, эсхүл нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай бол мөрдөгч мөрдөн байцаалтыг 14 хоногийн дотор явуулж хэргийг прокурорт шилжүүлэхээр хуульчилсан байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох зорилгоор гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авснаас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хүртэл явуулж байгаа энэ хуульд заасан ажиллагааг хэрэг бүртгэлт гэнэ” гэжээ. Үүнээс үзэхэд хуульд тусгайлан заасан зарим төрлийн хөнгөн гэмт хэргүүдийн хувьд хэрэг бүртгэлтийн ажиллагаа дуусмагц тухайн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлэх ба шаардлагатай гэж үзвэл 14 хоногийн дотор мөрдөн байцаалт явуулах журмыг хуулиар тогтоосон байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсгүүдэд прокурор хэргийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор хянаж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлэх, шүүх хүлээн авснаас хойш 72 цагийн дотор эцэслэн шийдвэрлэхээр заасан ба шүүхээс гэм буруутайг тогтоосон бол Эрүүгийн хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялыг оногдуулах боломжтой.

 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан тодорхой төрлийн хөнгөн гэмт хэргүүдийг түргэн шуурхай шийдвэрлэх үүднээс ердийнхөөс богиносгосон хугацааг хуулиар тогтоосноос гадна яллагдагч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эсхүл хохирлоо нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрэн хэлэлцсэн байхыг хуулиар шаардаагүй нь яллагдагчийн хүсэлтэд үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээс онцлог ялгаатай байна.

 

Н.Б холбогдсон “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан гэмт хэрэгт хамаарч байх тул энэ зүйлд заасны дагуу хялбаршуулсан журмаар буюу богиносгон хугацаагаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг гэж үзнэ. Гэтэл шүүх “...яллагдагч хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх хүсэлт гаргаагүй...”, “... энэ талаар прокуророос ямар нэгэн шийдвэр гараагүй...”, “... яллагдагчид Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан үндэслэлийг танилцуулаагүй...”, “... ялын саналыг яллагдагч хүлээн зөвшөөрөөгүй...” гэх зэрэг яллагдагчийн хүсэлтэд үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журмын шаардлагыг тавьж хэргийг прокурорт буцаасан нь хууль бус болжээ.

 

Түүнчлэн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлсэн нь хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн бол сонирхогч этгээдийн хүсэлт, шаардлагаар хугацааг сэргээх асуудлыг хэлэлцдэг. /Жишээ нь: мөрдөгч, прокурор, шүүхийн шийдвэр, үйл ажиллагаанд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн бол сэргээх гэх мэт/ Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байгаа этгээдийн үйл ажиллагаанаас шалтгаалж нэгэнт алдагдсан хугацааг сэргээх, нөхөх боломжгүй байхад хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр хэргийг буцааж байгаа нь үндэслэл муутай шийдвэр гэж үзэхэд хүргэв.  

 

Мөн шүүх гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэнийг шүүх хуралдааны явцад тогтоох, яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хуульд нийцүүлэн авах эрх хуулиар нээлттэй байна.

 

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Н.Бд холбогдох хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 598 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Н.Бд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧИД                                                          Т.ӨСӨХБАЯР

                                                                                                            М.ПҮРЭВСҮРЭН