Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 18

 

 

 

 

 

2017 оны .... сарын .... өдөр                Дугаар                                                         Төв аймаг

                                                    123/ШШ2017/00 ...

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Зоригтбаатар би “Мөнх Агит” ХХК-иас Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/310 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Мөнх агит” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын захирамжууд нь “Мөнх-Агит” ХХК-ний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж доорх үндэслэлээр гомдол гаргаж байна. Төв аймгийн Жаргалант сумын Засаг дарга Т.Цолмонгэрэлийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/310 тоот захирамжийн 1 дүгээр зүйлд: Баянбулаг 3-р багийн нутаг дэвсгэр Агьтийн хөндийд 150/22 га-с үр тарианы зориулалтаар 22 га газар эзэмшигч “Мөнх-Агит “ ХХК нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тул газар эзэмших эрхийг гэрчилгээг нь хүчингүй болгосугай гэж, 2. Мөн Засаг даргын 2017.04.27-ний өдрийн А/312 тоот захирамжийн 1 дүгээр зүйлд: Баянбулаг 3-р баг нутаг дэвсгэрт Агьтийн хөндийд 147/76 га-с үр тарианы зориулалтаар 76 га газар эзэмшигч “Мөнх-Агит “ ХХК-нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгосугай гэж, Засаг дарга Т.Цолмонгэрэлийн 2017.04.27-ний өдрийн А/313 тоот захирамжийн 1-р зүйлд: Баянбулаг 3-р багийн нутаг дэвсгэрт Агьтийн хөндийд 152/85 га-с үр тарианы зориулалтаар 85 га газар эзэмшигч “Мөнх-Агит” ХХК нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай гэж, 2017 оны 04 дүгээр сарын 26 ний өдөр 1 захирамж, 27-ний өдөр 2 захирамж гаргасан байна. “Мөнх-Агит” ХХК 1994 оноос эхлэн үр тариа, тэжээлийн ургамал, төмс хүнсний ногоо, тосны ургамал тариалах, хадлан өвс бэлтгэх үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. Манай компани тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7-д заасныг хэрэгжүүлж үр тариа, тэжээлийн ургамал, төмс хүнсний ногоодосны ургамалыг сэлгэн тариалах, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх туршилт судалгааны ажлыг хийж байгаа юм. Үүнийхээ үр дүнд “ТОГТВОРТОЙ УРГАЦЫН ШИНЭ ТЕХНОЛОГИ”-ийг боловсруулан 2016 оны эхээр Жаргалант сумын Засаг дарга, Төв аймгийн ХХАА удирдах газрын дарга, Төв аймгийн Засаг дарга, ХХААХҮ-ийн яамны дэмжлэгийг авсан болно. Энэ нь Тариалангийн тухай хуулийг иж бүрнээр хэрэгжүүлэх загвар болсонтой холбоотой. Манай компаний болон Жаргалант сумын газрын албатай байгуулсан “Газар эзэмших гэрээний” Газар эзэмшүүлэгчийн эрх үүргийн дагуу 4.2-т 1026 га-д жил бүр тариалалт явуулах шаардлагыг тавьж байхаар тусгайлан заасан. Гэтэл Засаг дарга Т.Цолмонгэрэл “Тогтвортой ургацын шинэ технологи”-оор 1026 га-д 2017 онд тариалалт явуулахыг шаардахын оронд өөрөө зүй бус, хууль бус үйлдэл хийж шинэ техник, технологи нэвтрүүлэх ажлыг зориуд бусниулж байна. Засаг даргын дээрх захирамжинд заагдсан Агьтийн хөндийн 22, 85 талбайг 2016 онд цулгуйгаар ураншилсан бөгөөд одоо төмс тариалж байна. Төмс тариалалт нь сэлгэн тариалалтын сайн өмнөгч бөгөөд 2018 онд тариалангийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Үр тарианы үйлдвэрлэлд хөрс хамгаалах тэг элдэншүүлгийн болон цомхотгосон технологийг ашиглана” гэсэн заалтыг хэрэгжүүлэх, газар эзэмших гэрээний 4.2-ийн Жил бүр 1026 га талбайд тариалалт явуулж байх шаардпагыг хангах үндэслэл мөн. Засаг даргын захирамжинд заасан 76 га талбайд 2016 онд төмс тариалсан бөгөөд одоо сэлгээнд /жил бүр тариалах зарчимаар/ үр тариа тариалахаар бэлтгэж байна. Бид эзэмшил газартаа жил бүр тариалалт явуулж байхад шинээр ажил авсан Засаг дарга Т.Цолмонгэрэл “Мөнх-Агит” ХХК-нийг гэрээнд заасан зориулалтаар болон 2 жил ашиглаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. ....“Мөнх-Агит” ХХК 2007 оны 02 дугаар сарын 20-ний өдөр 1254 га газрыг эзэмших 0109230 тоот гэрчилгээг авсан. Энд заасан 8-н талбайг тус бүрт нь эзэмших гэрчилгээг одоо хүртэл олгоогүй байж 22, 85, 75 га талбайн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэдэг нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй байна. Учир нь тусдаа бичигдээгүй, байхгүй гэрчилгээг хүчингүй болгуулахаар заасан байна. Иймд Жаргалант сумын Засаг даргын А/310, А/312, А/313 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Харин нэхэмжлэгч “Мөнх Агит” ХХК шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Мөнх Агит” ХХК нь 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Захиргааны хэргийн шүүхэд Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдуулан түүний гаргасан гурван захиармжинд гомдол гаргасан боловч уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явц болон маргаан бүхий газрын үзлэгийг үндэслэн нэхэмжлэгч “Мөнх Агит” ХХК нь Төв аймгийн Жаргалант сумын Засаг дарга Т.Цолмонгэрэлийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ний өдрийн А/310 тоот захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжпэлийн шаардлагаасаа таталзаж байна. Учир нь Засаг дарга Т.Цолмонгэрэл нь Тариалангийн компаниудын эзэмшил газруудын хувиарлалт, тариалалт хийсэн эсэхийг үндэслэлтэй тогтоолгүйгээр өөр хүний эзэмшлийн газрыг манай компанийх мэтээр буруу захирамж гаргасан байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч “Мөнх Агит” ХХК нь Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 26-ний өдрийн А/310 тоот захирамжийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх”, 66 дугаар зүйлийн 61.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 62.2-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх ...” гэж заасны дагуу нэхэмжлэгч “Мөнх Агит” ХХК нь Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдуулан  гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтээ шүүхэд бичгээр гаргасан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах...”, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж заасны дагуу хэргийн оролцогч нарт шүүгчийн захирамжийг үр дагаврын талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж, үр дагавар танилцуулсан баримтад гарын үсэг зурсан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт тус тус заасныг  удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдуулан  “Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 26-ний өдрийн А/310 тоот захирамжийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч “Мөнх Агит” ХХК-ний татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай. 

 

 

 

ШҮҮГЧ                                  Д.ЗОРИГТБААТАР