Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2021/0060

 

 

 

 

 

 

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, Б.М нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 776 шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Иргэний нисэхийн ерөнхий газрын Тоног төхөөрөмжийн даатгалын үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 776 дугаар шийдвэрээр:

“... Даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4-д тус тус заасныг баримтлан “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Иргэний нисэхийн Ерөнхий газрын Тоног төхөөрөмжийн даатгалын үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороонд холбогдох Тоног төхөөрөмжийн даатгалын үйлчилгээ үзүүлэх тухай ИНЕГ/УЗ/ТББ/Б-38/20 дугаартай тендерт “Б” ХХК-ийг шаардлага хангаагүй гэж татгалзсан тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн Худалдан авах ажиллагааны албанд холбогдох 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 307 дугаар “гэрээ байгуулах эрх олгох тухай” захиргааны актыг хүчингүй болгуулах, тендерийг дахин зарлахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-аас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангалгүйгээр маргааны үндсэн үйл баримтад хангалттай нотлох баримтыг цуглуулж, үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр хэргийг хариуцагчийн тайлбараар, ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулалгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Талуудын хооронд үүссэн маргааны агуулга нь Санхүүгийн зохицуулах хорооны тодорхойлолтод заасан нөөц сангийн тодорхойлолт буюу нөхөн төлбөрийн нөөц сан, хураамжийн нөөц сангийн тухай юм.

Захиалагчийн зүгээс Санхүүгийн зохицуулах хорооны тодорхойлолтод нөхөн төлбөрийн нөөц сан 2.95 тэрбум төгрөг гэж заасан нь Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 4.2.ё.1-т заасан 3 тэрбум гэх шаардлагад нийцээгүй гэсэн.

Харин нэхэмжлэгчийн хувьд “Б” ХХК-ийн нийт нөөц сан нь 12.2 тэрбум төгрөг бөгөөд энэ нь санхүүгийн зохицуулах хорооны тодорхойлолтод заасан нөхөн төлбөрийн нөөц сан 2.95 тэрбум төгрөг болон хураамжийн нөөц сан 9.26 тэрбум төгрөгийн нийлбэр юм гэж маргаж байна.

Анхан шатны шүүхээс “даатгалын нөөц сан, орлогод тооцоогүй хураамжийн нөөц нь тусдаа ойлголт бөгөөд даатгалын нөөц сан нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой бол орлогод тооцоогүй хураамжийн нөөц нь даатгалын хураамжийн төрөлд хамаарахаар байна" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь, Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 01 сарын 09-ны өдрийн 02 дугаар тогтоолоор батлагдсан Даатгалын багц дүрмийн гуравдугаар хавсралт болох “Даатгалын нөөц сан, албан журмын даатгалын сан болон бусад санг бүрдүүлэх, хуваарилах, түүнд хяналт тавих журам”-ын 2.1-т “Ердийн даатгагчийн бүрдүүлэх даатгалын нөөц санг дараах байдлаар ангилна” гээд 2.1.1, 2.1.2 дахь хэсэгт нэхэмжлэлийн нөөц сан буюу нөхөн төлбөрийн нөөц санг тодорхойлон ангилсан бол 2.1.3-т “Даатгагчийн хүчин төгөлдөр даатгалын гэрээтэй холбогдон тайлант хугацаанаас хойш гарах нийт нөхөн төлбөр ба зардлын орлогод тооцоогүй хураамжаас давсан хэсгийг нөхөн төлбөр даатгагчийн хүлээх хариуцлагын дүн буюу учирч болзошгүй хохирлын нөөц сан гэж орлогод тооцоогүй хураамжийн нөөц санг ангилан тодорхойлсон.

Тодруулбал, тус журмын 2.5.2-т “Учирч болзошгүй хохирлын нөөц санг даатгалын хэлбэр тус бүрийн хувьд дараах томъёо ашиглан байгуулна”

УБХНСi=НТi+ҮАЗiЦХi-ΔОТХНi*ОТХНi

Үүнд,

НТi- i дугаар даатгалын хэлбэрийн даатгалын нөхөн төлбөрийн цэвэр зардал /давхар даатгагчийн хариуцсан нөхөн төлбөр орохгүй/ ба нөхөн төлбөрийн нөөц сангийн өөрчлөлтийн нийлбэр /давхар даатгалын хэсэг орохгүй/,

ҮАЗi– i дугаар даатгалын хэлбэрийн /хэлбэрээр задлах эсэх/ үйл ажиллагааны зардал, үүнд: даатгалын гэрээний зардал, ерөнхий ба удирдлагын зардал, борлуулалт маркетингийн зардал, санхүүгийн зардал, бусад зардал хамаарна. Зардлуудыг хэлбэрээр задлах боломжгүй бол хэлбэр тус бүрийн орлогод тооцсон хураамжийг нийт орлогод тооцсон хураамжид харьцуулсан хувийн жинг үйл ажиллагааны зардлын дүнгээр үржүүлэн даатгалын хэлбэр тус бүрээр зардлын задаргааг тооцож болно. Орлогод тооцсон хураамж гэж тайлант хугацаанд орлогод хүлээн зөвшөөрөгдсөн хураамжийн орлого буюу даатгалын хураамжийн цэвэр орлогоос орлогод тооцоогүй хураамжийн нөөцийн өөрчлөлтийг хасч хойшлогдсон давхар даатгалын хураамжийн өөрчлөлтийг нэмж тооцсон дүнг. /Орлогод тооцоогүй хураамжийн нөөцийн дансны тайлант үеийн үлдэгдлээс эхний үлдэгдлийг хасч орлогод тооцоогүй хураамжийн нөөцийн өөрчлөлтийг тодорхойлно. Орлогод тооцоогүй хураамжийн нөөцийн давхар даатгагчид ногдох хэсэг дансны тайлант үеийн үлдэгдлээс эхний үлдэгдлийг хасч хойшлогдсон давхар даатгалын хураамжийн өөрчлөлтийг тодорхойлно/

ЦХi- ! дугаар даатгалын хэлбэрийн даатгалын хураамжийн цэвэр орлого, (Даатгалын хураамжийн цэвэр орлого гэж даатгалын хураамжийн нийт орлогоос даатгалын хураамжийн буцаалт болон давхар даатгалын хураамжийн зардлыг хассан дүнг хэлнэ. Даатгалын хураамжийн буцаалт гэж даатгалын гэрээ цуцлагдахад тухайн гэрээнд заасны дагуу даатгуулагчид буцаан төлөх даатгалын хураамжийг. Давхар даатгалын хураамжийн зардал гэж даатгагч нь даатгуулагчийн өмнө хүлээсэн үүргээ бүрэн буюу хэсэгчлэн дахин даатгуулсны үндсэн дээр төлсөн ба төлөхөөр тооцсон төлбөрийг ойлгоно.

ΔОТХНi - i дугаар даатгалын хэлбэрийн даатгалын орлогод тооцоогүй хураамжийн нөөцийн нийт өөрчлөлт /хойшлуулсан давхар даатгалын хураамжийн өөрчлөлтийг хасна.

ОТХШ-i дугаар даатгалын хэлбэрийн даатгалын орлогод тооцоогүй хураамжийн нөөц, хойшлуулсан давхар даатгалын хураамжийн дүнг хасна.

Эндээс үзвэл орлогод тооцоогүй хураамжийн нөөц нь учирч болзошгүй хохирлын нөөц санд багтах ойлголт болох нь харагдаж байна.

Монгол Улсын даатгалын байгууллагууд дээрх ангиллын дагуу Даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан нийт нөөц санг тайлагнадаг нь тогтсон ойлголт юм.

Гэтэл анхан шатны шүүхээс Санхүүгийн зохицуулах хорооны тодорхойлолтод 9.26 тэрбум төгрөг хэмээн тодорхойлогдсон хураамжийн нөөц санг нөөц сан биш гэж хураамжийн төрөл хэмээн хууль тогтоомжид байхгүй ойлголтоор тайлбарлан дүгнэж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зарчимд нийцээгүй бөгөөд бодит байдалд нийцээгүй, энэ талаар нотлох баримт цуглуулах хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос тодруулж, лавлагаа авах боломжтой байсан боловч шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан нотлох баримт цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй учраас шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий болж чадаагүй бөгөөд нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх байсаар бодит нөхцөл байдлыг буруу дүгнэсэн.

Тендер захиалагчийн зүгээс Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 4.2.ё.1-т заасан нөөц санг нийт нөөц сан гэж ойлгоно хэмээн тодруулга гаргасан тул “Б” ХХК-ийн санхүүгийн зохицуулах хорооны тодорхойлолтод заагдсан 2 нөөц сангийн нийлбэрээр нийт нөөц сан 12,2 тэрбум төгрөг байгаа нь захиалагчийн татгалзлыг үгүйсгэж байна.

Хэрэв анхан шатны шүүхээс Санхүүгийн зохицуулах хорооны дээрх журамд заасан хураамжийн орлогын нөөц нь нөөц сан мөн эсэхийг тодруулан шалгасан бол ийм дүгнэлт хийх боломжгүй бөгөөд хариуцагчийн Санхүүгийн зохицуулах хорооны тодорхойлолтод нөхөн төлбөрийн нөөц сан 2.95 тэрбум төгрөг гэж заасан нь Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 4.2.ё.1-т заасан 3 тэрбум гэх шаардлагад нийцээгүй гэх хууль бус татгалзлын үндэс суурийг тодруулж, буруу ойлголтыг тодруулах боломжтой байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч “Б” ХХК-ийн Иргэний нисэхийн ерөнхий газрын Тоног төхөөрөмжийн даатгалын үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан Тоног төхөөрөмжийн даатгалын үйлчилгээ үзүүлэх тухай ИНЕГ/УЗ/ТББ/Бббб-38/20 дугаартай тендерт “Б” ХХК-ийг шаардлага хангаагүй гэж татгалзсан тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Үүнийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяраас давж заалдах гомдол гаргаж, гомдлын үндэслэлээ “...Санхүүгийн зохицуулах хорооны тодорхойлолтод 9.26 тэрбум төгрөг хэмээн тодорхойлогдсон хураамжийн нөөц санг нөөц сан биш гэж хураамжийн төрөл хэмээн хууль тогтоомжид байхгүй ойлголтоор тайлбарлан дүгнэж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зарчимд нийцээгүй бөгөөд бодит байдалд нийцээгүй...” хэмээн тайлбарласан байна.

Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/256 дугаар “Үнэлгээний хороо байгуулах тухай” тушаал гарч, уг хороо Тоног төхөөрөмжийн даатгалын үйлчилгээ үзүүлэх” ИНЕГ/УЗ/ТББ/Б-38/20 дугаартай гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах тендерийг 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нээж, тендерт оролцсон нийт 7 компаниудын тендерээс татгалзсан шийдвэрт нэхэмжлэгч “Б” ХХК багтжээ.

Нэхэмжлэгч “Б” ХХК-аас дээрх шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...“Б” ХХК-ийн зүгээс нөөц сан 3 тэрбум төгрөгөөс доошгүй байна гэсэн шаардлагыг хангаж байхад захиалагчаас үндэслэлгүйгээр бага нөөц санг тодорхойлж шаардлага хангаагүй гэж татгалзаж байгаа нь хуульд нийцэхгүй...” гэж тайлбарлан маргасан байна.

Анхан шатны шүүх “...нэхэмжлэгч “Б” ХХК-ийн ...тендер нь захиалагчийн тогтоосон тендерийн баримт бичигт заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй тул “Б” ХХК ...тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзсэн Үнэлгээний хорооны 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хурлаас гарсан шийдвэр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2, 27.1.3, 27.3, 27.4 дэх заалтад тус тус нийцсэн байна” гэж дүгнэж, “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.2.ё-д “Тухайн гэрээг хэрэгжүүлэхэд ажлын капитал хүрэлцээтэйг нотлох баримт (зээл авах боломж болон бусад боломжтой санхүүгийн эх үүсвэрүүд)”, 4.2.ё-ын 1 дэх хэсэгт “Нөөц сан 3 тэрбум төгрөгөөс доошгүй байна (Санхүүгийн зохицуулах хорооны тодорхойлолт ирүүлэх)” гэсэн шаардлага тавьжээ.

Гэтэл Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Мэдээлэл хүргүүлэх тухай 9/3576 дугаар албан бичигт нэхэмжлэгч “Б” ХХК-ийг сүүлийн 3 жилийн санхүүгийн үзүүлэлтээр “2020 оны 2 дугаар улиралд нөхөн төлбөрийн нөөц сан 2.95 тэрбум төгрөг” гэж тодорхойлсноос үзэхэд дээр дурдсан Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.2.ё.1-д заасныг хангахгүй байгаа нь тогтоогдсон, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон боловч Тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй зүйлийг шийдвэрлэж бичсэн, мөн заалтын дугаарыг буруу бичсэн байх тул зөвтгөсөн өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 776 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “...Баянгол дүүргийн Худалдан авах ажиллагааны албанд холбогдох 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “гэрээ байгуулах эрх олгох тухай” 307 дугаар захиргааны актыг хүчингүй болгуулах, тендерийг дахин зарлахыг хариуцагчид даалгах...” гэснийг хасч, 5 дахь заалтын дугаарыг “3” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаярын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                         Н.ДОЛГОРСҮРЭН 

ШҮҮГЧ                                                                Д.БААТАРХҮҮ