Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 1940

 

 

"Монголын хохирол үнэлэгчдийн холбоо" ГҮТББ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2016/00664 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч "Монголын хохирол үнэлэгчдийн холбоо" ГҮТББ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч "Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт" ГҮТББ-д холбогдох

 

“Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт” ГҮТББ-ын 2014 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн дүрмийн 5.1.2, 6.2 дахь хэсгийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.Эрдэнэбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.Эрдэнэбаяр,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Буянхишиг,

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Оюунгэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Монголын хохирол үнэлэгчдийн холбоо" ГҮТББ нь 2013 оны 6 дугаар сард Санхүүгийн зохицуулах хорооноос Даатгалын хохирол үнэлэгчний тусгай зөвшөөрөл авсан хөрөнгө үнэлгээний компаниуд нэгдэж, “Даатгалын хохирол үнэлэгчдийн холбоо” нэртэй гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллагыг байгуулсан. Байгуулагдсан цагаасаа хойш "Монголын хохирол үнэлэгчдийн холбоо" ГҮТББ-ын гишүүн мэргэшсэн үнэлгээчид нь "Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт" ГҮТББ-ын гишүүнчлэлд давхар харьяалагдаж ирсэн. 2014 оны 3 сард “Даатгалын хохирол үнэлэгчдийн холбоо” ГҮТББ нь бүх гишүүдийн хурлаараа нэрээ сольж "Монголын хохирол үнэлэгчдийн холбоо" ГҮТББ нэртэй болсон. Ингэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд зааснаар Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага болж зохион байгуулагдсан. Одоогийн байдлаар "Монголын хохирол үнэлэгчдийн холбоо" ГҮТББ-ын гишүүнчлэлд хөрөнгийн болон хохирол үнэлгээний 25 компани, үүний дотор Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын хохирол үнэлэгчийн тусгай зөвшөөрөлтэй 22 компани болон тэнд ажиллаж байгаа 60 гаруй мэргэшсэн үнэлгээчид хамрагдаж байна.

"Монголын хохирол үнэлэгчдийн холбоо" ГҮТББ-ын үнэлгээчид бид “Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт” ГҮТББ-ын гишүүнчлэлээс гарах хүсэлтэй байгаа. Гэтэл “Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт” ГҮТББ-ын дүрэмд заасан зарим заалт “Монголын хохирол үнэлгээчдийн холбоо” ГҮТББ гишүүн, Сангийн яамны тусгай зөвшөөрөлтэй үнэлгээчин бидний “Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт” ГҮТББ-ын гишүүнчлэлээс гарах, сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэх, гишүүдийн хууль ёсны эрхийг зөрчиж байна.

Дүрмийн заалт 6.2-т заасан заалт нь гишүүнийг албан тушаал эрхэлж байгаа ажил мэргэжлээр нь ялгаварласан, гишүүний эрх ашигт үл нийцсэн заалтууд байна. “Монголын хохирол үнэлэгчдийн холбоо” ГҮТББ-ын гишүүн, Сангийн яамны тусгай зөвшөөрөлтэй үнэлгээчин бидний хувьд “Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт” ГҮТББ-д давхар татвар төлж хохирч байна. “Монголын хохирол үнэлэгчдийн холбоо” ГҮТББ, тус холбооны гишүүн Сангийн яамны тусгай зөвшөөрөлтэй үнэлгээчин бидний “Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт” ГҮТББ-ын гишүүнчлэлээс гарах эрхийг хааж, гишүүний тухайд давхар татвар төлүүлж ялгаварлан, хохироож байгаа “Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт” ГҮТББ-ын 2014 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн дүрмийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөрөнгийн үнэлгээний тухай хууль 2010 онд батлагдсаны дараа Үнэлгээний мэргэжлийн МОНМҮН (2001), ХҮМҮН (2006) байгууллагууд нэгдэж “Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт" ГҮТББ-ыг байгуулсан. Дүрэмд заасны дагуу 2010, 2014 онд бүх гишүүдийн хурлыг хуралдуулж, нийгмийн харилцааны хөгжил, институтийн үйл ажиллагааны цар хүрээтэй уялдуулан Институтын дүрмийг боловсронгуй болгон өөрчилж, дүрмийн шинэчлэлийг хуулийн дагуу Улсын бүртгэлийн байгууллагаар баталгаажуулсан. Ө.Эрдэнэбаяр нь мэргэшсэн үнэлгээчин, "Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт" ГҮТББ-ын гишүүний хувьд дээрх хурлуудад оролцож, дүрэмд оруулсан өөрчлөлтийг зөвшөөрөн батлалцаж байсан. “Даатгалын хохирол үнэлэгчдийн холбоо” ГҮТББ нь 2013 оны 6 дугаар сард байгуулагдсан бөгөөд 2014 оны 5 дугаар сард хуралдсан “Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт” ГҮТББ-ын бүх гишүүдийн хуралд оролцож зөрчилтэй гэж үзээд байгаа дүрмийн заалтуудын талаар эсрэг байр суурьтай байгаагүй.

Нэхэмжлэлд "Монголын хохирол үнэлэгчдийн холбоо" ГҮТББ-ын гишүүнчлэлд одоогийн байдлаар 20 гаруй компаний 60 гаруй үнэлгээчид хамрагддаг гэсэн боловч “Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт” ГҮТББ-д одоог хүртэл тусгай зөвшөөрөл бүхий нэг ч үнэлгээчин гишүүнчлэлээс гарах тухай өргөдөл, хүсэлт ирүүлээгүй. Үнэлгээчин Б.Эрдэнэбаяр ч мөн адил өнгөрсөн хугацаанд ММҮИ-ийн гишүүнчлэлээс гарах өргөдлөө ирүүлж байгаагүй. ММҮИ-ийн дүрэм нь хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн ганц байгууллага байх үед боловсруулагдсан учраас энэ нөхцөл байдалд үндэслэн дүрэмд гишүүнчлэлийн асуудлыг нарийвчлан тусгаагүй байхыг үгүйсгэхгүй. Нэхэмжлэлд дурдсан 60 үнэлгээчин бүгд сайн дурын үндсэн дээр ММҮИ-ээс гарч МХҮХ-ны гишүүн болсныг нотлох баримт байхгүй. Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөлтэй үнэлгээчид 3 жил тутамд өргөдөл, материалаа бүрдүүлэн, сургалт, шалгалтанд хамрагдан тусгай зөвшөөрлөө сунгуулдаг. Гэтэл 2015 онд Тусгай зөвшөөрлийн эрх сунгуулах байсан нийт 46 үнэлгээчнээс ММҮИ-д 42 үнэлгээчин өргөдөл гарган, сургалт, шалгалтанд хамрагдан эрхээ сунгуулсан ба зөвхөн 4 үнэлгээчин МХҮХ-оор дамжуулан эрхээ сунгуулж байгаагаас үзэхэд хохирол үнэлгээний компанид ажиллаж буй 60 үнэлгээчин бүгд ММҮИ-ийн гишүүнчлэлээс гарах гээгүй нь харагддаг. Бодит байдал ийм байхад нийт үнэлгээчдийг төлөөлөн, тэдний санаа бодол, хүсэл зоригийг үл харгалзан ийнхүү мэдэгдэж, асуудал үүсгэж байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Мөн мэргэжлийн өөр байгууллага шинээр бий болж байгаа өнөөгийн нөхцөлд мэргэшсэн үнэлгээчид нь давхар гишүүнчлэлтэй байж болох эсэх талаар Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд тодорхой заагаагүй бөгөөд энэ нь үнэлгээчдийн сайн дурын асуудал гэж үзэж байна.

"Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт" ГҮТББ нь зөвхөн мэргэшсэн үнэлгээчдийг бус үнэлгээчдийн туслах, үнэлгээний компани, судалгаа шинжилгээний бусад байгууллага, сургууль, академи, холбоо гэх мэт дэмжигч иргэн, байгууллага гишүүн байж болохоор дүрмэндээ тусгасан. Гишүүдийн гүйцэтгэж байгаа үүрэг, оролцоо, хариуцлага харилцан адилгүй байдаг. Үнэлгээчний туслах сургалтад хамрагдан 3 жилийн хугацаанд дадлага туршлага хуримтлуулж, үнэлгээний ажилд туслахаар оролцдог бөгөөд үнэлгээчний хариуцлага хүлээдэггүй, төрийн байгууллагад ажиллаж буй мэргэшсэн үнэлгээчин нь төрийн албанд ажиллаж байхдаа үнэлгээний үйл ажиллагаа эрхлэхийг хуулиар зөвшөөрдөггүй, Санхүүгийн зохицуулах хорооноос тавигддаг шалгуураар бизнесийн үнэлгээг үнэлгээчнээр бус үнэлгээний компаниар гүйцэтгэдэг гэх мэт үнэлгээчин, үнэлгээчний туслах, үнэлгээний компанийн үүрэг, оролцооны адил биш байдал нь гишүүнчлэлийн татварыг ялгаатай тогтоох үндэслэл болдог. Үүнийг бүх гишүүдийн хурлаар хэлэлцээд, ялгаатай тогтоохоор санал нэгтэйгээр шийдвэрлэж дүрэмд тусгасан. Ө.Эрдэнэбаяр нь татварын хэмжээг шинэчлэн баталсан бүх гишүүдийн хоёр удаагийн хуралд оролцон энэхүү шийдвэрийг бусад үнэлгээчдийн адилаар дэмжин батлалцсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7 дахь хэсэгт зааснаар "Монголын хохирол үнэлэгчдийн холбоо" ГҮТББ-ын "Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт" ГҮТББ-ын 2014 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн дүрмийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч "Монголын хохирол үнэлэгчдийн холбоо" ГҮТББ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.Эрдэнэбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх маргааны зүйл болох Институтын дүрмийн 8.6, 8.6.1, 5.1.1, 1.1, 4.1 зэргийг гаргасан шийдвэрийнхээ үндсэлэл болгожээ. Гэвч шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон "Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт" ГҮТББ-ын дүрмийн 5.1.2 дахь заалтын тухайд хариуцагчийн Дүрмийг бүх гишүүдийн хурлаар баталсан, гишүүнээс гарах талаар нэг ч гишүүн гомдол гаргаагүй гэсэн тайлбарыг шийдвэрт дурдсанаас биш дүгнэлт өгөөгүй атлаа "Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт" ГҮТББ-ын дүрмийн 6.2 дахь заалтад ач холбогдол өгч хууль зөрчөөгүй, гишүүнийг албан тушаал, эрхэлж байгаа ажил мэргэжлээр нь ялгаварласан, гишүүний эрх ашигт үл нийцсэн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэжээ.

Харин нэхэмжлэгчийн тухайд дээрх "Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт" ГҮТББ-ын дүрмийн 5.1.2 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 10-д заасан Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарласан, мөн Төрийн бус байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан заалтуудыг зөрчсөн гэж нэхэмлэгчийн зүгээс үзэж байна. “Монголын хохирол үнэлэгчдийн холбоо” ГҮТББ, тус холбооны гишүүн Сангийн яамны тусгай зөвшөөрөлтэй үнэлгээчин бидний "Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт" ГҮТББ-ын гишүүнээс татгалзах буюу тусгаарлаж гарах эрхийг хязгаарлаж, гишүүний тухайд давхар, бас өндөр татвар төлүүлж ялгаварлан, хохироож байгаа “Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт” ГҮТББ-ын дүрмийг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасны дагуу бусдын эрх зөрчсөн шийдвэр тул хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаад уг маргаан шүүхээр 1 жил гаран хугацаанд явж байгаа энэ хугацаанд бүх гишүүдийн хурлыг хуралдуулах шаардлагатай үед бүх гишүүдийн хурлын бүрэн эрхийг эдлэх, Удирдах зөвлөлийн хурлыг хуралдуулах, даргалах эрх бүхий инстутын тэргүүн эрх үүргээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсан. Нэхэмжлэгчийн зүгээс удирдах зөвлөлд хандан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан буюу дүрмийн зохих зүйл заалтууд манай ТББ-ын тухайд эрх ашгийг зөрчиж байгаа болон үйл ажиллагааны хувьд хавчиж гадуурхаж байгаа талаар гомдол саналаа байнга тавьж байсан болно.

Анхан шатны шүүх зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой иргэний эрх зүйн хамгаалалт бүхий хуулийн заалтын дагуу бусдын эрх зөрчсөн шийдвэр буюу "Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт" ГҮТББ-ын 2014 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн дүрмийг хүчингүй болгох бүрэн боломжтой байсан ч нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч "Монголын хохирол үнэлэгчдийн холбоо" ГҮТББ нь хариуцагч "Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт" ГҮТББ-д холбогдуулан “Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт” ГҮТББ-ын 2014 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн дүрмийн 5.1.2, 6.2 дахь хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч бусдын эрх ашиг сонирхолд хохирол учруулаагүй, хууль зөрчөөгүй гэж маргажээ.

 

            Хариуцагч "Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт" ГҮТББ нь 2010 оны 6 дугаар сард байгуулагдсан, харин нэхэмжлэгч "Монголын хохирол үнэлэгчдийн холбоо" ГҮТББ нь 2013 оны 7 дугаар сард “Даатгалын хохирол үнэлгээчдийн холбоо” ГҮТББ нэртэйгээр үүсгэн байгуулагдаж, 2015 оны 3 дугаар сард нэрээ өөрчилж "Монголын хохирол үнэлэгчдийн холбоо" ГҮТББ нэртэй болсон үйл баримт хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар тогтоогдсон бөгөөд энэ талаар талууд маргахгүй байна.

 

            Хэргийн 83-89 дүгээр талд "Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт" ГҮТББ-ын бүх гишүүдийн 2014 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хурлаар дүрмийг хэлэлцэн баталсан үйл баримт талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.                                                                                               /хэргийн 10-19 дүгээр тал/

 

            Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу байх боловч нэхэмжлэгчийн тайлбарыг давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг тодруулан асуухад "Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт" ГҮТББ-ын 2014 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн дүрмийг бүхэлд нь хүчингүй болгуулах агуулгатай бус дүрмийн 5.1.2, 6.2 дахь заалтуудыг хүчингүй болгуулах агуулгатай байна.

 

Хэргийн 90-94 дүгээр талд авагдсан "Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт" ГҮТББ-ын 2014 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн дүрмийн 5.1.2-т тусгай зөвшөөрөл бүхий үнэлгээчдээс бусад гишүүд өөрийн хүсэлтээр гишүүнээс гарах эрхтэй гэснээс үзвэл тусгай зөвшөөрөл бүхий үнэлгээчдийг гишүүнчлэлээс гарахыг хязгаарласан заалт байна.

 

Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.10, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэгт заасан иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг дээрх дүрмийн заалтаар хязгаарлаж байгаа нь нэхэмжлэгч "Монголын хохирол үнэлэгчдийн холбоо" ГҮТББайгууллага буюу бусад ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагын эрх ашигт нөлөөлөхөөр байх тул уг заалтыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

"Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт" ГҮТББ-ын 2014 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн дүрмийн 6.2 дахь хэсгээр уг байгууллагын гишүүдийн ангилал тус бүрээр гишүүний татварын хэмжээг өөрөөр тогтоосон нь "Монголын хохирол үнэлэгчдийн холбоо" ГҮТББ-ын эрх ашгийг зөрчиж байгаа гэх үндэслэл хэргийн баримт, талуудын тайлбараар тогтоогдоогүй тул уг заалтыг хүчингүй болгуулахаар шаардах Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасан эрх нэхэмжлэгч байгууллагад үүсээгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2016/00664 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасныг баримтлан "Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт" ГҮТББ-ын 2014 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн дүрмийн 5.1.2-т заасан заалтыг хүчингүй болгож, дүрмийн 6.2 дахь заалтыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч "Монголын хохирол үнэлэгчдийн холбоо" ГҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай”,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч "Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт" ГҮТББ-аас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "Монголын хохирол үнэлэгчдийн холбоо" ГҮТББ-д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                     ШҮҮГЧИД                                          Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ