| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/1705/Э |
| Дугаар | 1734 |
| Огноо | 2019-11-15 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Цэрэнжамц |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 1734
2019 11 15 2019/ШЦТ/1734
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,
улсын яллагч Г.Цэрэнжамц,
шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч Б.Баярням ҮД:02-26,
хохирогч Б.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Б д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 03654 2345 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Б
Холбогдсон хэргийн талаар:
Б.Б нь 2019 оны 05 дугаар сарын 31-ний 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Боргичин” дэлгүүрийн гадна иргэн Б.Энх-Амгалантай маргалдаж, улмаар хавирч газарт унагааж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: Манай найзууд намайг замаараа ирж авсан. Тэд нар жаахан согтуу байсан юм байна лээ. Тэрийг нь би мэдээгүй. Тэгээд жаахан хурдтай явж байтал энэ ах ардаас ирсэн. Ер нь хурдтай явснаас л болж маргасан. Манай найз боолгуулаад уначихсан байсан. Тэгээд хохирогчийг газраас нэг цагаан юм авахаар нь би чулуу юм байх гэж бодоод гарнаас нь татсан чинь намайг цохичихсон. Намайг дахиад цохиж магадгүй гэж бодоод цааш нь татаж авч яваад унагаасан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Энх-Амгалан мэдүүлэхдээ: 2019 оны 5 дугаар сарын 31-ний шөнө би найзтайгаа нүдний шил аваачиж өгөх гээд явж байсан. Гэтэл хажуугаар нэг машин аягүй хурдтай өнгөрч, хүүхэд мөргөнгөө алдсан. Тэгэхээр нь “хөөе, та нар жаахан аажуухан, аятайхан яваач” гэсэн чинь зогсоод “юу гэнээ чи? Наашаа хүрээд ир” гэхээр нь яваад очсон. Тэгтэл 4 залуу бууж ирсэн. Б.Б намайг ганцаараа цохисон гэдэг нь худлаа. Дахиад 2 залуу цохисон. Энэ нь камерын бичлэгт ч байгаа. Энэ залуу намайг цохиход миний малгай газар унасан юм. Тэгээд би малгайгаа авах гээд тонгойгоод, өндийгөөд босоод ирсэн чинь өөдөөс цохиод байхаар нь биеэ хамгаалаад би өөдөөс нь ганц, хоёр цохисон. Ер нь гурвуулаа нийлж намайг зодсон. Энэ залуу намайг цааш нь аваачаад тонгороод унагаачихсан. Яг тэгэхэд л амьсгаа авч чадахаа больсон. “Та нар согтуу байна шүү дээ, цагдаа дуудлаа шүү” гэсэн чинь нэг нь шууд машинаа унаад зугатаачихсан. Тэгээд эд нар намайг тойрч зогсч байгаад, баахан харааж байгаад салаад явцгаасан гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-11 дүгээр тал/,
Мөрдан шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Энх-Амгалангийн өгсөн: ...2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Боргочин” дэлгүүрийн гадна гудамжаар Тулгаагийн хамт алхаж байхад 47-25 УНҮ улсын дугаартай хүрэн өнгийн машин хурдтай хажуугаар өнгөрсөн. Тэгээд би хүүхэд дайрлаа, аятайхан яваач гэж хэлсэн. “Боргочин” дэлгүүрийн гадна очиж зогсоод 20 гаран насны нэг нь намхан, нэг нь өндөр хоёр залуу бууж ирсэн. Юу гээд байгаа юм, чамд хамаагүй гэж хэлээд өндөр залуу нь чи муу юу гээд байгаа юм гээд миний нүүрэн тус газар 2-3 удаа цохисон. Зууралдаад байж байхад намхан залуу нь гуя руу 1 удаа өшиглөсөн. Тэгээд малгай унаад авах гээд тонгойход машинаас дахин гурван залуу бууж ирээд тал талаас цохиж, өшиглөөд байсан. Нэг залуу намайг үүрээд тонгороод шидэхэд хавиргаа өвдөөд амьсгаа авч чадахгүй болсон. Та согтуу байна шүү дээ цагдаа дуудсан гэхэд нэг залуу нь машинаа асаагаад яваад өгсөн. Тэгээд нөгөө хэдэн залуу нь ална шүү гэж байгаад явсан. Тулгаа салгаад явж байсан. Намайг авч шидсэн залуу учруулсан. 20 гаран насны залуу байсан...
...Эхлээд машинаас Мөнх-Эрдэнэ гэх залуу бууж ирээд намайг хавирч унагаагаад гуя руу нэг удаа өшиглөсөн. Тэгээд салаад байж байхад Батмөнх гэх залуу ирээд нүүрэн тус газар цохисон. Би эргүүлээд нүүрэн тус газар 1-2 удаа цохисон. Тэрнээс салахад Б.Б гэх залуу ирээд тонгорч унагаагаад дээр хэвтээд боссон. Тухайн үед газар унахад хавирга эвгүй болоод амьсгаа авч болохгүй цээжээр өвдөж ирсэн. Хатуу газарт цээжээрээ хүчтэй унаснаас болж хавирга хугарсан. Сүүлд Б.Б гэх залуу миний зүүн 2, 3, 4 дүгээр хавирганы гэмтлийг учруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15, 46 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Мөнх-Эрдэнийн өгсөн: ...2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 22 цагийн орчим Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Боргочин” дэлгүүр орох гээд Батзориг, Батмөнх, Ганбаяр, Б.Б , Хулан нарын хамт Батзоригтой машинтай явж байсан. Тэгээд цонхоо онгойлгоод хоорондоо юм яриад явж байхад Энх-Амгалан гэх ах аятайхан яваач пизда нар минь гээд орилоод байсан. Зогсохгүй явж байгаад дэлгүүрийн гадна очоод зогссон. Машинаас хамгийн түрүүнд Батзориг буухад Энх-Амгалан очоод битгий хэрүүл зодоон үүсгээд бай, цаашаа яв гэж хэлсэн. Тэгээд Батмөнх, Б.Б нар дэлгүүр орох гээд буусан. Батзориг, Энх-Амгалан нар маргалдаад зогсож байсан. Би машинаас буугаад манай эхнэр Хулан араас бууж ирсэн. Манай эхнэр Хулан больцгоо гэхэд дуугүй бай гичий минь гээд байсан. Тэгээд би Энх-Амгалан 1 удаа хавирч унагаасан. Энх-Амгалан босч ирээд Батмөнхтэй барилцаж аваад бие биенээ цохиод байсан. Тулгаа гэх залуу нь Батмөнхийг боож унагаагаад чирээд байсан. Тэгтэл Б.Б цаанаас ирээд Энх-Амгалан гэх ахтай муудалцаад бие, биенээ цохиж, Б.Б , Энх-Амгаланг хавирч газарт унагаасан. Энх-Амгалан газар жоохон хэвтэж байгаад босч ирсэн. Тэгээд бид нартай юм ярьж байгаад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Ганбаярын өгсөн: ...2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Боргочин” дэлгүүр орох гээд найзууд Мөнх-Эрдэнэ, Батмөнх, Б.Б , Батзориг, Хулан нарын хамт Батзоригийн машинтай явж байсан. 10 жилийн нэг ангийн найзууд байгаа юм. Тэгээд бид нарыг явж байхад машины цонхоор бид нарыг хөөе гээд орилоод дуудаад байсан. “Боргочин” дэлгүүрийн гадаа зогсоод Батзориг машинаас буугаад юм яриад байсан. Би машин дотор сууж байсан. Батзориг явлаа гээд би машинаас буусан. Машинаас буухад Батмөнхийг Тулгаа гэх ах боочихсон байсан. Би боль ах аа, гээд салгаад болиулсан. Энх-Амгалан гэх ах Б.Б ыг цохичихсон. Б.Б цаашаа явж байгаад Энх-Амгалан гэх ахыг хавирч унагаасан. Энх-Амгалан гэх ах газар хэвтээд байхаар нь би очиж босгосон. Тэгээд больцгоосон...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Тулгын өгсөн: ...тэгээд машин дотроос 5-6 хүн бууж ирээд хүрээд ир гэж хэлсэн. Би утсаар ярьж байгаад явж очоод та нар гудамжаар хамаагүй хурдтай явж болохгүй гэхэд та нарт ямар хамаатай юм гэж маргалдсан. Маргалдаж байгаад Энх-Амгалан нэг залуу нь хавсарч унагаасан. Би салгаад байж байхад Энх-Амгаланг нэг залуу цохиод байсан. Цохисон залууг нь би салгаад газар унагаад дарсан. Тэр үед дахиад нэг залууг нь Энх-Амгаланг хавирч унагаасан. Энх-Амгалан газар хэвтээд хавирга эвгүй болчихлоо гээд босч чадахгүй байсан. Би Энх-Амгаланг цохисон залуутай зууралдаад байж байсан. Тэгээд салцгаасан. Хавиргаа дараад байсан. Газар жоохон суулгаж байгаад гэр рүү хамт явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 6984 дугаартай шинжээчийн:
1. Б.Энх-Амгаланд 2, 3, 4-р хавирганы хугарал тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Ганболд гэх дүгнэлт /хх-ийн 27 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Б.Б ын: ...2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 22-23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Боргочин” дэлгүүр рүү Мөнх-Эрдэнэ, Батзориг, Батмөнх, Хулан, Ганбаяр нарын хамт явсан. Тулга, Энх-Амгалан ардаас пизданууд гээд орилоод байсан. Батзоригтой маргалдаад байсан. Батмөнх бууж ирээд боль гэхэд Энх-Амгалан боогоод байсан. Мөнх-Эрдэнэ эхлээд хавирсан. Батмөнхийг Тулгаа нь боосон. Энх-Амгалан тойроод гарч ирээд газраас юм авах шиг болохоор нь би чулуу гэж бодоод гүйж очоод гарыг нь барьж авсан. Энх-Амгалан намайг цохиж авсан. Тэгээд би Энх-Амгаланг цааш нь авч яваад татаж газар унагаасан. Бүгдээрээ бужигналдаж байгаад гар бариад салцгаасан...гэх мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр тал/,
- Шүүгдэгч Б.Б ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 58, 63-65 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 05 дугаар сарын 31-ний 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Боргичин” дэлгүүрийн гадна иргэн Б.Энх-Амгалантай маргалдаж, улмаар хавирч газарт унагааж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Энх-Амгалан, гэрч Л.Мөнх-Эрдэнэ, Д.Ганбаяр, А.Тулга, яллагдагчаар өгсөн Б.Б нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 6984 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирлын баримт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Энх-Амгалан нь өөрт учирсан хохирлын талаарх 321.970 төгрөгийн баримтыг хавтаст хэрэгт ирүүлсэн бөгөөд нотлох баримтын шаардлагыг хангаж байх тул уг хохирлын шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх үндэстэй байна. /хх-ийн 38-37-40 дүгээр тал/
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Энх-Амгаланд учруулсан хохирлын төлбөр 332.500 төгрөгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Төрийн сангийн 100900005406 тоот дансанд тушаан байрлуулсныг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.Энх-Амгаланд олгох нь зүйтэй байна.
Хохирогч Б.Энх-Амгалан нь энэ гэмтлийн улмаас цаашид эмчлэгдэх эмчилгээний зардал болон холбогдох гэм хорын хохирлын талаарх холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б ыг 650 /зургаан зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь 650 /зургаан зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.Б аас 332.500 /гурван зуун гучин хоёр мянга таван зуун мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Батсүрэнгийн Энх-Амгаланд /РД:/ олгосугай.
7. Хохирогч Б.Энх-Амгалан нь энэ гэмтлийн улмаас цаашид эмчлэгдэх эмчилгээний зардал болон гэм хорын хохирлын холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ