Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 6312

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,

Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд 2576376 регистрийн дугаартай, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө 9, Скайтел плазад оршин байх Скайтел ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын иргэн УК90042359 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 21 дүгээр байр, 22 тоот хаягт оршин суух, Дэлгэрбаян овогт Энхээгийн Энххүлэгт холбогдох

 

Гэрээний үүрэгт 408.305 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Скайтел ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Энххүлэг нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр дараа төлбөрт Postpaid BC-20K үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж 91900423 дугаарын эзэмшигч болсон. Э.Энххүлэг нь гэрээний үүргээ үл биелүүлж 91900423 дугаарын 2015 оны 09 сарын байдлаарх төлбөр 404.670 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 5.1.6-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Э.Энххүлэгт төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Э.Энххүлэгээс төлбөрийн үлдэгдэл болох 404.670 төгрөг, нотариатын зардал 4000 төгрөг, нийт 408.305 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авна уу гэжээ.

Хариуцагч Э.Энххүлэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Энххүлэг миний бие Скайтел ХХК-д 408.305 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Скайтел ХХК нь хариуцагч Э.Энххүлэгт холбогдуулан гэрээний үүрэгт 408.305 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Скайтел ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 408.305 төгрөгийг хариуцагч Э.Энххүлэг нь 408.305 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, Э.Энххүлэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Скайтел ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12.910 төгрөгийн 6455 төгрөгийг улсын төсвөөс, 6455 төгрөгийг хариуцагч Э.Энххүлэгээс тус тус гаргуулж нэхэмжлэгч Скайтел ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ