| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/1745/Э |
| Дугаар | 1774 |
| Огноо | 2019-11-21 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.2., |
| Улсын яллагч | Н.Уранбайгаль |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 1774
2019 11 21 2019/ШЦТ/1774
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,
улсын яллагч Н.Уранбайгаль,
шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Х.Сэргэлэнбат ҮД:02-04,
хохирогч Ю.Эрдэнэжаргал,
иргэний хариуцагч С.Анхзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Т овогт Б.О-т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903 00953 0421 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б.О
Холбогдсон хэргийн талаар:
Б.О нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг, “Манзушир” хийд явах замд 2019 оны 08 дугаар сарын 02-ны орой 21 цаг 00 минутын орчимд “Бичил глобус Финанс” ББСБ-ын эзэмшлийн “Тоёота Приус” маркийн 74-96 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ жолоодож Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсвэл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас майхан дотор унтаж байсан Ю.Эрдэнэжаргалын баруун хөлийг дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ: 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр найз Анхзаяа, Цэнгүүн, Отгонтуяа нартай хамт дөрвүүлээ “Манзушир” хийд рүү амрахаар явсан. Тэндээ оройн 19:00 цагт очсон ба 2 цаг хэртэй болоод мах шарж идэцгээн, 3-4 лааз пиво ууцгаасан. Тэгээд би н.Анхзаяатай жаахан маргалдаад машинаа хөдөлгөсөн бөгөөд майхан дээгүүр гарснаа мэдээгүй, сүүлд араас утасдаж мэдэгдэхээр нь эргэж очсон. Хохирогчид 350.000 төгрөг, сүүлд 10 дугаар сарын эхээр 2.000.000 төгрөг өгсөн болно. Би хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ю.Эрдэнэжаргал мэдүүлэхдээ: Манай хамт олон “Манзушир” хийд рүү салхинд гарсан. Би жаахан айраг уугаад дотор муухай оргихоор нь хорхог болохоос өмнө майханд ороод хэвтэж байсан юм. Тэгэхэд баруун талын хөлөө шулуун, нөгөө хөлөө нугалаад хэвтэж байсан. Гэтэл гэнэт хөлөн дээгүүр машины дугуй гарсан. Тэгээд би орилоод, тэнд байсан хүмүүс цагдаа дуудсан байсан. Би тэрхэн үедээ ухаан алдаад унасан бөгөөд нэг мэдэхэд эмнэлэгт хэвтэж байсан. Тэгээд тэр өдрөө хөл хавдсан байсан ба өглөө нь энэ хоёр хүүхэд над дээр ирсэн юм. Би бүтэн 2 сар гаран буюу гэртээ 1 сар гаран хэвтэрт, 10 хоног эмнэлэгт хэвтээд ажилдаа орсон байдаг. Одоо нэхэмжлэх хохирол байхгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-15 дугаар тал/,
- Жолооч Б.Оыг эрүүлжүүлсэн талаарх баримт /хх-ийн 20 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ю.Эрдэнэжаргалын өгсөн: ...2019 оны 08 дугаар сарын 02-ны 16 цагийн орчимд манай ажлын газрын хүмүүс салхинд гарахаар Манзушир хийд рүү явсан. Тэнд модны хажууд майхан барьсан. Тэгээд хамт олонтойгоо нийлээд жаахан суусан. 21 цагийн орчимд байх миний дотор муухай оргиод байхаар унтъя гээд ганцаараа майхан дотор ороод баруун талд нь гараад баруун хөлөө үүд рүү чигтээ жийгээд нөгөө хөлөө нугалаад унтаж байтал хөлөн дээр машины дугуй гараад явчихсан. Мөн майхан нурсан. Тэгээд би орилоход гаднаас манай ажлын хүмүүс орж ирээд 103, цагдаа дуудсан. Миний баруун хөл шагай орчмоор өвдөөд шоконд орсон байсан. Тэгээд би Төв аймгийн эмнэлэг дээр үзүүлэхэд эмч үзээд мах нь тасарсан байна гэсэн. Миний хөл шагай орчмоороо маш их хавдсан байсан. Маргааш ирж шохойдуул гэж эмч хэлсэн. Би гэртээ иртэл манай хүүхдүүд таны хөл дээгүүр машин гарсан байна. Жолоочийг нь эрүүлжүүлээд мөргөсөн автомашиныг нь журмын хашаанд хийсэн гэж хэлсэн. 350.000 төгрөг өгсөн. Таяг аваад бензин хийгээд томографид харуулаад дууссан. Гомдолтой байна. Эрүүл мэндээр хохирч байна. Одоогоор надад өгөх баримт байхгүй. Би сард 1.200.000 төгрөгийн цалин авдаг. 2 сар хэвтрийн дэглэм сахь гэсэн. Би 2.000.000 төгрөг нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ө.Отгонтуяагийн өгсөн: ...Би 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотоос найз банди Цэнгүүний хамт бид 2 Яармагийн Сансар супермаркет дээр очоод Анхзаяа, Б.О хоёртой уулзаад Манзушир хийд рүү салхинд гарах гээд бид 4 хоёр машинтай явсан юм. Тэгээд Манзушир хийдийн тэнд модны хажууд буудаллаад бид хэд хоол ундаа идээд байж байтал Цэнгүүн, Б.О 2 модонд яваад замдаа энэ 2 барилдаад Б.О ууртай ирээд найз охин Анхзаяа руу чи одоо уухаа боль, хоёулаа явж унтъя гээд байхаар нь би Б.О руу чи ямар сүртэй юм бэ? салхинд гаръя гэж хэлчихээд унтах гээд байгаа бол өөрөө явж унт, найз охиноо тайван суулгаач гэж хэлсэн. Цэнгүүн хажуунаас сая барилдаад унахдаа охидуудын хажууд унагалаа гээд уурлаж байсан гэж хэлсэн. Б.О уурлаад машиндаа суугаад хөдлөхдөө хойшоо ухраад майхан унагаагаад Анхзаяа чирэгдэж байхыг би харсан. Би хүн хэвтэж байхыг мэдээгүй байсан. Хүмүүс орилоод байхаар нь хүн хэвтэж байсан гэдгийг мэдсэн юм. Мөргүүлсэн хүн намайг очиход дээшээ харчихсан ухаангүй ч юм шиг хэвтэж байсан. Тэгээд түргэн тусламж дуудаад дараа нь цагдаад мэдэгдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Анхзаяагийн өгсөн: ...Би 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотоос Манзушир хийд рүү салхинд гарах гээд найз банди Б.О, Б.Оын найзууд Цэнгүүн, Отгонтуяа нарын хамтаар 74-96 УНЭ улсын дугаартай “Приус-20” болон “Приус-30” маркийн машинтай явсан. Манзушир хийдийн ойролцоо очоод майхнаа бариад, мах шараад 2 цаг гаран болж байсан. Тэгээд ойролцоогоор 1 хүний 2-4 ширхэг лаазтай Сэнгүр нэртэй пиво ууж байтал Б.О бид хоёр маргалдаад Б.О машин унаад явсан. Б.О эхлээд хойшоо ухраад хойно байсан машиныг шүргэчихсэн. Би зогсоох гэж өөдөөс очиход урагшаа хөдлөөд явсан юм. Тэгээд байж байтал тэнд байсан хүмүүс орилолдоод хүний хөл дайрчихлаа гэж хэлсэн. Түргэн тусламж болон цагдаа дуудсан. Удалгүй түргэн тусламж ирээд хөлийг нь дайрсан эгчийг аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Г.Энхбулганы өгсөн: ...Манай хадам ээж Амармэнд цэргийн ангид ажилладаг юм. 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр найз нартайгаа Манзушир хийд явах гэсэн юм. Автомашинаа түр өгөөч гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд би 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр автомашинаа авахаар очиход хадам ээж майхны хажууд байхад нь “Тоёота Приус-20” маркийн 74-96 УНЭ улсын дугаартай автомашины жолооч согтуугаар хөдөлгөөнд оролцоод шүргээд мөн майханд амарч байсан. Ю.Эрдэнэжаргалын хөлийг нь дайрчихлаа гэж надад хэлсэн. Жолооч миний автомашины хохиролд 50.000 төгрөг өгч хохирол барагдуулсан тул одоо надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн 10101 дугаартай:
1. Ю.Эрдэнэжаргалын биед баруун хөлийн шагайн үений цусан хураа, шөрмөс тасрал, урагдал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
3. ШЭГЗТЖ-ын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно. Шинжээч эмч С.Одончимэг гэх дүгнэлт /хх-ийн 45 дугаар тал/,
- Шүүгдэгч Б.Оын эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, Цагдаагийн Ерөнхий газрын Б.Оын жолоочийн эрх хасагдсэн талаарх лавлагаа /хх-ийн 72, 73, 75, 77 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Б.Оын: ...Би сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээний зардалд 350.000 төгрөг өгсөн. Цаашид бүрэн төлж барагдуулна...гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.О нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг, “Манзушир” хийд явах замд 2019 оны 08 дугаар сарын 02-ны орой 21 цаг 00 минутын орчимд “Бичил глобус Финанс” ББСБ-ын эзэмшлийн “Тоёота Приус” маркийн 74-96 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ жолоодож Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсвэл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас майхан дотор унтаж байсан Ю.Эрдэнэжаргалын баруун хөлийг дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ю.Эрдэнэжаргал, гэрч Ө.Отгонтуяа, иргэний нэхэмжлэгч С.Анхзаяа, яллагдагчаар өгсөн Б.О нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 10101 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Оыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч Ю.Эрдэнэжаргал хавтаст хэрэгт 372.550 төгрөгийн баримтыг хавтаст хэрэгт ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Б.О нийт 2.350.000 төгрөгийг төлж барагдуулсан байна.
Гэвч хохирогч Ю.Эрдэнэжаргалын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх тул гэмтлийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн иргэний нэхэмжлэгч Г.Энхбулган машины хохиролд 50.000 төгрөг авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мэдүүлэгтээ илэрхийлсэн байх тул иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв. /хх-ийн 28 дугаар тал/
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэв.
Шүүгдэгч Б.О нь урьд нь ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 72 дугаар тал/
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт:... тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт:...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийн хөнгөн гэмт хэрэгт тооцохоор тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Б.Оын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч Б.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлэгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.
Иймд Б.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, мөн согтуурсан мансуурсан үедээ Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар Б.О-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, хязгаарлалт тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар Б.О-т шүүхээс тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх хягаарлалт тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.О нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг дурдсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Б.Оын тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.О-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүгдэгчид ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Хохирогч Ю.Эрдэнэжаргал нь гэмтлийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ