| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/1753/Э |
| Дугаар | 1804 |
| Огноо | 2019-11-29 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 1804
2019 11 29 2019/ШЦТ/1804
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,
улсын яллагч Б.Эрдэнэбаатар,
шүүгдэгч Ж.Н, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж ҮД:26-04,
хохирогч Б.Болдбаатар,
хохирогч И.Наранболд, түүний өмгөөлөгч Л.Бурмаа ҮД:04-75,
гэрч Б.Галмандах нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ж.Н-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 04575 0565 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Ж.Н
Холбогдсон хэргийн талаар:
Ж.Н нь 2017 оны 06 дугаар сард иргэн Б.Болдбаатарын өмчлөлийн 92-61 УНГ улсын дугаартай “Ланд- Круйзер-80” маркийн автомашиныг фэйсбүүкээр худалдана гэсэн зарын дагуу Сүхбаатар аймагт очиж иргэн Б.Болдбаатартай 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, бэлнээр 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг авч, автомашины нэр шилжүүлэхдээ үлдэгдэл 3.000.000 /гурван сая/ төгрөгийг өгөхөөр тохиролцсон боловч, үлдэгдэл мөнгийг өгөхгүй 3.000.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,
мөн уг автомашиныг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Да хүрээ” зах дээр иргэн И.Наранболдод зохиомол байдлыг зориудаар бий болгон худалдаж 9.000.000 /есөн сая/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Н мэдүүлэхдээ: Б.Болдбаатарын тухайд би 2016 оны 4 дүгээр сард С.Батбаяр гэдэг хүнтэй очиж, энэ машиныг худалдаж авсан. Эхлээд 4.000.000 төгрөгийг нь бэлэн өгсөн, 1.000.000 төгрөгийг нь хүрч ирээд надаас гуйгаад авсан. Ингээд 5.000.000 төгрөгийн тооцоо дууссан болно. Тэгээд нөгөө шилжүүлж өгөх М.Оргилбаяр гэдэг хүн нь БНСУ руу явчихсан, байхгүй гээд шилжүүлж өгдөггүй. Ингээд энэ машинд 5.000.000 төгрөгийн засвар хийгээд, нийт 10.000.000 төгрөг зарлагадаад зах дээр гаргаад байж байтал 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Л.Ичинхорлоо гэдэг хүн над руу утсаар яриад “эгч нь Дорнод аймгийн Матад сумаас 7 морь аваад ирлээ, морь аваач ээ” гэсэн. Баянзүрхийн товчооны зүүн талд нэг байгууллагын блокон хашаан дотор морьдуудаа буулгачихсан байсан. Тэгээд 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр над руу автовокзал дээр байхдаа утасдаад “хүрээд ирээч ээ, миний дүү” гэхээр нь яваад очтол И.Наранболд хоёр дүүтэйгээ, ээжтэйгээ дөрвүүлээ байж байсан. Ингээд хоол цай идүүлж, уулгаад, гэртээ аваачаад машин үзүүлтэл “энэ машиныг чинь би авчихъя” гээд унаж яваад, Эрдэнэтолгойн далан дээгүүр, хотын төвөөр явж, шалгаж үзсэн. Тэгээд “болж байна, бүтэж байна” гээд 12.500.000 төгрөгөөр гэрээ, хэлцэл байгуулаад, нэг хээр морийг нь 1.000.000 төгрөгөнд бодож аваад, машинаа зээлээр өгөөд явуулсан. Зохиомол байдлыг би зориудаар үүсгэж чадахгүй. Мөн би Б.Болдбаатараас энэ машиныг фэйсбукээр худалдаж аваагүй. Одоо Б.Болдбаатарт нэг ч өглөг байхгүй, тооцоог нь бүрэн дуусгасан. Хоёрдугаарт, И.Наранболдын тухайд.И.Наранболд надаас машин зээлээр авсан. Би 8.800.000 төгрөг авах дутуу байгаа. Мөн дээрээс нь надаас 1.300.000 төгрөг зээлж авсан. Энэ бол хэрэг биш юм аа. Энэ бол бүхэл бүтэн гүжирдлэг юм гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Болдбаатар мэдүүлэхдээ: Ж.Нтай 2016 оны 4 дүгээр сард машины наймаа хийсэн. Би дүүгийнхээ утсаар фэйсбук дээр “машин зарна” гээд зар тавиултал Ж.Н над руу зарын дагуу яриад “Би Сүхбаатар аймагт байна. Зарын дагуу ирсэн юм. та машинаа зарах уу?” гэхээр нь “Зарна” гэсэн. Тэгээд “Би бензин тосыг нь хийж өгье. Та хөдөөнөөс аймгийн төвд ороод ирэх боломж байна уу?” гэхээр нь би ганцаараа хөдөөнөөс машинаа унаад давхиад ороод ирсэн юм. Тэгсэн чинь аймгийн талбайн зүүн урд Ж.Н андаж зогсоод, миний машиныг унаж үзээд “за наймаа тохиръё. Машин чинь гайгүй л юм байна” гээд хоёулаа 7.000.000 төгрөгөнд тохиролцоод, машинаа худалдахдаа би “энэ миний нэр дээр байдаггүй юм. Хотын хүн дээр, М.Оргилбаяр гэж хүний нэр дээр байдаг юм” гэж хэлсэн. М.Оргилбаяр нь манай Б.Галмандахтай цуг ажилладаг юм. Б.Галмандах нь манай хүргэн, Тэгээд би Б.Галмандах руу яриад “ах нь 7.000.000 төгрөгөөр машинаа зарахаар боллоо. Энэ хүн бэлэн мөнгийг нь өгөхгүй гэнээ. 4.000.000 төгрөгийг нь бэлэн өгье гэж байна. Машины сэлбэгүүдээ зараад 3.000.000 төгрөгийг чинь өгье гээд байна, яах уу?” гээд би Ж.Ныг өөртэй нь хүртэл утсаар яриулсан. Тэгээд наймаа тохироод, надад данс энэ тэр байхгүй юм чинь 4.000.000 төгрөгийг бэлэн өгсөн. Би тэр машинаас 4.000.000 төгрөгийг, дээр нь байсан хадгаа аваад л буусан. Одоо би 3.000.000 төгрөгөө авчихвал машиныг нь шилжүүлээд өгнө гэж би өөрт нь хэлсэн. Би удаагүй 14 хоногийн дараа 4.000.000 төгрөгийг нь өвөртөлж ирээд, наймаагаа буцъя гээд араас нь хөөлцөлдөөд, “Да хүрээ” зах дээр дүүтэйгээ очиж уулзсан. Гэтэл наадах чинь зугатаагаад, бид араас нь машинтай хөөж гарч ирээд, МТ колонк дээр уулзсан юм. Тэгээд “чиний машиныг хүн унаад явчихаад байна. Орой ирнэ. Маргааш аваад яв” гэсэн. Дараа нь утсаа хаагаад, олдохоо байсан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч И.Наранболд мэдүүлэхдээ: Анх Дорнод аймаг явдаг Баянзүрхийн товчоон дээр хоёр дүүтэйгээ автобусанд суух гээд байж байтал ээж залгаад “Нөгөө Ж.Н чинь” Ланд-Круизер-80” үз гээд байна” гэсэн. Тэгээд удалгүй Ж.Н өөрөө ч ирлээ, тэгээд машиныг нь үзэхээр явлаа. 16:00 цагийн автобусаар явах байсан боловч явахаа болиод Ж.Нын гэрт очсон. Тэгээд машиныг нь үзээд, тэр оройдоо хоёр дүүтэйгээ эднийд хоносон л доо. Өөр арга байхгүй, шуудан яваад өгчихсөн байдаг. “Машины өртөг үнийг нь тохирвол авбал авъя. Яахав засвар үйлчилгээ нь бол хамаагүй. Би өөрөө янзлаад авчихна” гэж хэлсэн. Бэлэн 6.000.000 төгрөг, морио 3.000.000 төгрөгөнд бодож өгөөд, нийт 9.000.000 төгрөгийн өртгөнд л авсан машин. 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 1.500.000 төгрөгийг дансаар, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 1.000.000 төгрөгийг дансаар, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 3.500.000 төгрөгийг Цайз-16-ийн тэнд байдаг АТМ дээрээс Ж.Нт авч өгөөд, хуулгыг нь өөрөө авч үлдсэн. Машиныхаа нэрийг шилжүүлье гэтэл “орой болъё” гэсэн. Орой нь маргааш болсон. Тэр өдөр чинь баасан гариг байсан. Тэгээд даваа гарагт эзэн нь байхгүй гэж байж байгаад 2-3 сар болгоод, М.Оргилбаяр гэж хүнийг 3 сар хайж байж, сүүлд Авто Тээврийн Үндэсний төвөөс нэрийг нь олж авч, олсон. Тэгээд М.Оргилбаяр гэдэг хүний нэр дээр байна гэхээр нь би “Хан агьт” гэдэг компани дээр нь өөрөө очиж “би хүнээс 6.000.000 төгрөгийг бэлэн өгөөд, 3.000.000 төгрөгт нь морь өгөөд машин авсан юм. Энэ машин танай нэр дээр байдаг юм байна” гэсэн чинь “энэ Ж.Н гэдэг хүний нэр дээр байхгүй байна. М.Оргилбаяр гэж хүний нэр дээр байна. М.Оргилбаяр нь зөвхөн өөрөө таны нэр дээр шилжүүлж өгнө үү гэхээс биш манай дээр өр төлбөр байхгүй” гэж хэлсэн. Ж.Наас эзнийг нь асуухаар хэн гэдгийг нь ч хэлэхгүй, сүүлдээ БНСУ руу явчихсан гээд, мөн “Автотээврийн үндэсний төвд хахууль, мөнгийг нь өгч байгаад наадахыг чинь асуудалгүй шилжүүлнэ” гээд миний иргэний үнэмлэхийн хуулбарыг бараг өдөр болгон, 2-3 өнжөөд аваад явдаг байсан. Сүүлдээ би үгэнд нь итгэхээ болиод, эзнийг нь ямар ч байсан олъё гээд 3 сар хайж байж М.Оргилбаярыг олж авсан. Тэгээд М.Оргилбаяртай уулзахаар “тийм юм байхгүй ээ, наадах чинь Сүхбаатар аймгаас авсан юм. Тэр өрийг нь өгөх юм бол шилжүүлж өгнө” гэдэг. Ингээд цагдаагийн байгууллагад 3 дугаар сарын 18-ны өдөр хандсан. Би Ж.Нт “эсхүл миний мөнгийг буцаагаад өгчих, эсхүл машиныхаа нэрийг шилжүүлээд гэж хэлдэг байсан гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч И.Наранболдын өгсөн: ...Би тухайн машиныг зүс таних Ж.Н гэгчээс 9.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцон бэлэн нэг хээр адууг 3.000.000 төгрөгөөр бодон бэлнээр өгч, үлдэгдэл 6.000.000 төгрөгийг 3 хувааж буюу банкаар түүний төрсөн эгч Жамбалжав, Эрхэмтуяа, нарын 5099550511, 5063172845 дугаарын дансанд 1.500.000, 1.000.000, 3.500.000 төгрөгийг дансаар хийсэн. Ж.Нтай ямар нэгэн гэрээ, худалдан авах талаар тохиролцоогүй. Зүгээр амаар тохиролцсон юм. Тухайн залууд итгэсэн учраас би мөнгөө данс руу хийсэн юм. Эндээс машинаа хар гээд тэгснээ хольж солиод болохоор бол сонго гээд худал хэлээд байсан байна лээ. Энд дажгүй машин гээд мөнгөндөө тааруулаад заахаар “за байж бай, энийг таньдаг хүн нь ирээгүй байна, одоо ингээд ирнэ” гээд худал хэлж байсан юм байна лээ. Гэрийнхээ хашаа руу дагуулж оруулаад машин тэрэг үзүүлээд энэнээс авах юм уу гэхээр 25.000.000, 30.000.000, 45.000.000 гэх шиг зарим машин нь муу машин харуулдаг ба маргааш уулзъя гээд өдийг хүртэл намайг хуурсан юм...
...Миний бие Дорнод аймгаас Улаанбаатар хотод ирээд 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр дүүгийн хамтаар Дорнод руу явах гэж байсан миний ээж Ичинхорлоогийн дугаар руу Ж.Н өөрөө залгаад “Ланд-80” байна гэж хэлсэн. Ээж надад Ж.Н гэдэг хүнд машин байна гэхээр нь “Да хүрээ” зах руу очсон юм. Түүнээс өмнө нь би 9 дүгээр сарын 03-ны өдөр санагдаж байна. Тухайн залуутай адуу ачиж яваад тааралдаад би “Ланд-80” загварын машин сонирхож байгаагаа хальт хэлж байсан юм. Ингээд Ж.Нтай “Да хүрээ” зах дээр уулзаж машиныг Ж.Нын гэрийнх нь хашаанд үзсэн юм. Тухайн үедээ гайгүй жаахан засвар үйлчилгээтэй байсан ч гэсэн надад таалагдаад 9.000.000 төгрөгөөр бодож 6.000.000 бэлнээр Дорнод очоод өгье гээд одоо байгаа 1 адуугаа 3.000.000 төгрөгөнд бодож тохиролцсон юм. Анх машинаа авч явахдаа гэрт нь цаасан дээр гарын үсэг зуралцаад машиныг аваад явсан юм. Машины бичиг баримтыг мөнгөө гүйцээгээд өгөхөөр чинь шилжүүлж өгнө гээд би 10 дугаар сарын 27-ны өдөр 1.500.000 төгрөгийг 5099550511 дугаарын дансаар Жамбалжавын Эрхэмтуяа нэр дээр 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Ж.Эрхэмтуяагийн дансаар 1.000.000 төгрөг, 2018 оны 02дугаар сарын 23-ны өдөр 3.500.000 төгрөгийг тухайн хүний дансаар нийтдээ 6.000.000 төгрөгийг төлсөн юм. Ингээд мөнгө төгрөгөө шилжүүлээд дуусаад Ж.Н руу нэрээ шилжүүлэх талаар асуусан. Тухайн үед дарга нь гэлүү согтуу архи уугаад явчихсан байна гээд хойшлуулсан. Ингээд удаа дараа худлаа хэлж сүүлдээ утсаа авахаар за яах вэ болно, бүтнэ гэж итгэл үнэмшил төрүүлсээр байсан. Яг тухайн 92-61 УНГ улсын дугаартай машин бол Мөнхтөрийн Оргилбаяр гэдэг хүний нэр дээр байдаг мөртлөө “Хан Агьт” ХХК-н нэр дээр 2014 оны 08 дугаар сард тавьсан байсныг би мэдсэн. М.Оргилбаяртай уулзахад миний машин яагаад Ж.Н зардаг юм, юу яриад байгаа юм, би өөрөө машинаа авна гэж тухайн маргаан эхэлсэн юм. Тухайн учир байдлыг Ж.Нт хэлэхэд Ж.Н за асуудал байхгүй, чи хүлээж бай, машиныхаа мөнгийг авчихаад мөнгийг чинь өгнө гэж хэлээд аргалдаг болсон. Эцэс сүүлдээ дундаа ороод за яах вэ дээ тэгээд болно доо гэх мэтээр ярьдаг болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 16-17 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Болдбаатарын өгсөн: ...Би 2012 онд Галмандах дүүтэйгээ утсаар яриад ах нь нэг машин авах гэсэн юм, чи аваад явуулчих гэсэн. 2012 оны 11дүгээр сард Галмандах руу би 13.000.000 төгрөг шилжүүлж Галмандах тэр мөнгөөр маань 92-61 УНГ улсын дугаартай, хөх өнгийн “Ланд-80” маркийн машиныг аваад, Сүхбаатар аймагт надад хүргэж өгсөн. Би тухайн үедээ сайхан машин байна гээд Галмандах дүүдээ баярлаж байсан. Тэр үед Галмандах надад хэлэхдээ машины эзэмшигчийг шилжүүлээгүй байгаа. Оргилбаяр гэх хүний нэр дээр байгаа. Та нэг хот руу орох болохоороо машинаа өөрийнхөө нэр дээр болгож аваарай гэж байсан. Би хөдөө мал дээр байдаг учир Улаанбаатар хот руу явж амжихгүй байсан. Тэгж байгаад нэг удаа Улаанбаатар хот руу орж машиныхаа гэрчилгээг өөр дээрээ шилжүүлж авъя гэхэд Оргилбаяр гэх хүн нь байхгүй байх таарсан юм. Тэгээд машинаа шилжүүлж авч чадалгүй буцаад яваад өгсөн. Тэрнээс хойш тэр машиныг унаж байгаад 2017 онд заръя гэж бодоод гар утаснаасаа фэйсбүүкээр машинаа зарна гэж зар тавьсан. Зар тавиад удаагүй байхад Ж.Н гэх үл таних залуу утсаар яриад “зарын дагуу ярьж байна. Та “Ланд-80” маркийн машин зарна гэсэн юм уу, хаана байгаа машин бэ” гэж асуусан. Би хөдөө байна гэсэн. Тэгтэл тэр залуу “та Сүхбаатар аймгийн төв дээр хүрээд ирэх боломж байна уу, би Сүхбаатар аймгийн төв дээр байна гэсэн. Тэгэхээр нь би за тэгье гээд машинаа унаад Сүхбаатар аймгийн төвд очиж Ж.Н гэх үл таних залуутай уулзсан. Намхан, тарган, шар залуу байсан. Тэр залуу өөрийгөө машины ченж Улаанбаатар хотод байдаг. Зарын дагуу явж байгаа юм гэсэн. Тэгээд миний машиныг унаж үзээд болж байна, авъя гэсэн. Тэгээд 7.000.000 төгрөгөнд авахаар болсон. Би ч гэсэн 7.000.000 төгрөгөнд заръя гэсэн. Ж.Н машины гэрчилгээг үзээд Оргилбаяр гэдэг хүний нэр дээр байдаг юм байна шүү дээ гэсэн. Би учир байдлаа хэлсэн. Тэгтэл Ж.Н гэх залуу би танд одоо 4.000.000 төгрөг бэлнээр өгье гэсэн. Улаанбаатар хотод очоод Оргилбаяр гэх хүнтэй чинь уулзаад машиныхаа гэрчилгээг шилжүүлж авсныхаа дараа 3.000.000 төгрөгийг чинь өгье гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд надад бэлэн 4.000.000 төгрөг өгөөд машиныг маань унаад явсан. Ямар нэгэн бичиг баримт үйлдэж, нотариатын газар ороогүй, гэрээ хийгээгүй. Би энэ талаар өөрийн хүргэн дүү Галмандахад хэлсэн. Галмандах машины гэрчилгээн дээр нэр нь байсан Оргилбаяр гэх хүнтэйгээ ярьж шилжүүлэг хийх талаар ярилцсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Галмандахын өгсөн: ...2012 оны 11 дүгээр сард Болдбаатар ах надтай Сүхбаатар аймгаас утсаар ярихдаа “ах нь нэг машин авах гэсэн юм. Мөнгийг нь шилжүүлчихье, чи аваад явуулчих, очих гэхээр мал дээр хүн байхгүй, амжихгүй байна” гэсэн. Тэгэхээр нь би “за тэгье, ямар машин авах юм” гэж асуусан. Болдбаатар ах өндөр, үнэ гайгүй машин аваад явуулаач” гээд 13.000.000 төгрөг шилжүүлсэн. Би машин хайж байгаад тухайн үед хамт машин засдаг байсан найз Оргилбаярт “ах машин захисан, гайгүй зарах машин байна уу” гэж асуусан. Оргилбаяр өөрийнхөө “Ланд-80” маркийн машиныг 13.000.000 төгрөгөөр заръя гэсэн. Тэгээд Оргилбаярт 13.000.000 төгрөг өгч машиныг нь авсан. Би тэр машиныг нь унаад Сүхбаатар аймаг руу явж Болдбаатар ахад хүргэж өгсөн. Болдбаатар ахад машиныг нь өгөхдөө “би найзаасаа авсан юм. Та нэг хот руу орохоороо машинаа өөрийнхөө нэр дээр шилжүүлээд авчихаарай” гэж хэлсэн. Болдбаатар ах тэгье гэж байсан. Тэрнээс хойш Болдбаатар ах Улаанбаатар хотод нэг ирсэн юм. Тэр үед нь Оргилбаяр хотод байхгүй таараад нэрээ шилжүүлж чадаагүй. Тэгээд нэрээ шилжүүлэхгүй явсаар байгаад 2017 оны 06 дугаар сар хүргэсэн. 2017 оны 06 дугаар сард Болдбаатар ах надтай утсаар ярихдаа “ах нь машинаа зарна гээд зар тавьчихсан чинь Улаанбаатар хотоос нэг машины ченж ирээд аваад явчихлаа. 3.000.000 төгрөг авах дутуу байгаа. Хотод очихоор нь үлдэгдэл 3.000.000 төгрөгийг аваад машины гэрчилгээг шилжүүлээд өгчихөөрэй гэсэн. Хэн гэж хүн ирэх юм гэж асуухад Ж.Н гэдэг хүн очно гэж ярьсан. Тэгээд хэд хоноход Ж.Н гэж хүн утсаар ярьж холбогддоггүй. Би Болдбаатар ахад хэлж Ж.Н гэх машин авсан хүнийх нь дугаарыг авч залгахад амжихгүй байна, тэгж байгаад болъё гэж хойшлуулсаар байгаад сүүлдээ утсаа авахаа больсон...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн М.Оргилбаярын: ...Уг машин нь манай найз Галмандахын хадам ах Болдбаатарын эзэмшлийн автомашин. 2013 онд байх одоо сайн санахгүй байна. Манай найз Галмандахад мөнгөний хэрэг гараад ах Болдбаатараасаа машиныг нь гуйж миний нэр дээр ломбарданд явдгаар тавьсан юм. Тэгээд төлбөр тооцоог нь хийж дууссан. Тэгтэл 2016 онд байх Болдбаатар ахаас Ж.Н очиж машиныг нь 7.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохироод бэлнээр 4.000.000 төгрөг өгөөд үлдэгдэл 3.000.000 төгрөгийг нь хотод надтай ирж уулзаад нэрээ шилжүүлэхдээ 3.000.000 төгрөгөө өгнө гэж тохиролцсон юм билээ. Тэгсэн 2018 оны намар авто тээврийн газраас над руу залгаж таны машиныг бусдад шилжүүлж болох уу гэхээр нь би болохгүй наад машин чинь төлбөрийн асуудалтай байгаа гэж хэлсэн. Тэр Ж.Н нь авто ломбард дээр очиж шилжүүлэхэд татгалзахгүй гэсэн бичгийг нь авчихсан авто тээвэр дээр нэр шилжүүлэх гээд явж байсан юм билээ...гэх мэдүүлэг /хх-ийн 75 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Ичинхорлоогийн өгсөн: ...Миний төрсөн хүү И.Наранболд 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Да хүрээ” техникийн захаас “Тоёота Ланд-Круйзер-80” маркийн автомашиныг 9.000.000 төгрөгөөр Ж.Н зарна гээд, миний хүү 6.000.000 төгрөгийг нь бэлнээр өгөөд үлдсэн 3.000.000 төгрөгөнд нь хурдан удамтай морио өгөхөөр тохиролцсон юм билээ. 6.000.000 төгрөгөө бэлнээр өгч машиныг нь шилжүүлэг хийлгүй, /мөнгөө төлж дуусгачихаад шилжүүлэг хийнэ гээд/ унаж авч явсан юм билээ. Тэгээд 3.000.000 төгрөгөнд нь хурдан удамын морио өгсөн гэсэн. Тэгээд машиныхаа шилжүүлгийг хийх гэтэл нөгөө машин нь Ж.Нын нэр дээр биш, Банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байсан гэсэн. Банк бус санхүүгийн байгууллага дээр нь очиж уулзахад М.Оргилбаяр гэх хүний нэр дээр байдаг машин байна. Ж.Н болон өөр хүнд шилжүүлж өгөх боломжгүй, Оргилбаяр гэх хүнд өгөх боломжтой гэсэн байдаг. Миний хүү Оргилбаяр гэгчийг нь олж уулзахад Оргилбаяраас Ж.Н уг машиныг худалдаж авна гээд мөнгийг нь дутуу төлж залилан авч явсан байдаг. Ингээд гурвалжин, дөрвөлжин юм болж Ж.Нын талаар өргөдөл гаргаж өгсөн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Баярбаатарын өгсөн: ...Миний төрсөн ах Болдбаатар нь Сүхбаатар аймагт оршин суудаг юм. Тэр болгон холбогдоод байдаггүй. Би айлд өргүүлчихсэн болохоор харилцаа холбоо хөндий байдаг юм. Тэгтэл 2018 оны 08 дугаар сард Болдбаатар ах надтай утсаар ярихдаа “Ланд-80” маркийн автомашинаа хүнд зарсан чинь залилуулчихлаа. Үлдэгдэл 3.000.000 төгрөгөө авч чадахгүй байна. Одоо Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэс дээр ирж мэдүүлэг өгөөд явж байна” гэсэн. Тэгээд тухайн үед нь би Болдбаатар ахад юу болсон талаар үнэн зөв яриад мэдүүлэг өгчих өө, тэгээд уулзаарай гэсэн. Бас зөвлөгөө өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Отгонболдын өгсөн: ...2017 онд байх яг хэдэн сарын хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Намайг гэртээ байж байхад багын найз болох Ж.Н нь “Ланд-80” маркийн машин унаад хүрээд ирсэн. Энийг сая авчихаад ирлээ. Энэ машинаа хэд хоногоор зарна гээд ярьж байсан. Тэгээд өөр юм ярьж байгаад Ж.Н явчихсан. Тэр өдрөөс хойш уулзалгүй байж байгаад 10-аад хоногийн дараа ирээд машинаа зарчихсан зөрүүнд нь нэг хурдан морь оролцуулсан гэж хэлж байсан. Тэгээд нөгөө морь өвөл хашаанд хэвтэж байгаад үхчихсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 199 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Мөнхбатын өгсөн: ...Би гэрээ байгуулахад нь байгаагүй. Тэр машиныг нь би олж хараагүй. И.Наранболд гэх хүнийг ч хараагүй. Би 2017 оны 11 дүгээр сард Шархад хавьцаа явж байгаад Ж.Нын Баянзүрх дүүргийн Шархаданд байдаг гэрт нь очсон. Тэрнээс хойш хэдэн сар Ж.Нтай хамт ойр зуурын юманд нь туслаад явж байсан. 1 удаа Жамбалжав, Ж.Н, Ж.Нын эгч нартай би нэг айлаас очиж морь авсан. Тэр морь нь ямар учиртай гэдгийг нь би мэдээгүй. Би тэр морийг нь унаад Жамбалжавын хашаанд нь аваачиж өгсөн. Тэрнээс биш би тэр хүмүүсийн хооронд хийсэн наймааны талаар би юу ч мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 200 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Жамбалжавын өгсөн: ...2016 билүү 2017 онд байх хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Техникийн зах дээр Наранболд гэх Дорнодын хүн 92-61 УНГ улсын дугаартай Ланд-8 маркийн автомашиныг 12.500.000 төгрөгөөр зээлээр аваад явсан. Тэгээд дараа нь 1.000.000 төгрөгөнд бодоод морь өгсөн. Тэгсэн тэр морь үхчихсэн. Тэгээд л тэр нөхөр алга болсон. Дараа нь манай бандид гомдол гаргаад шалгагдаж байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 201 дүгээр тал/,
- Тээврийн хэрэгслийн лавлагаа, цагдаагийн АСАП сангийн лавлагаа, эрэн сурвалжлалт зарласан тухай /хх-ийн 44, 45-46, 47-51 дүгээр тал/,
- Хохирогч И.Наранболд нь Ж.Эрхэмтуяагийн “ХААН” банкны дансанд мөнгө шилжүүлсэн тухай баримт /хх-ийн 56 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Ж.Н нь 2017 оны 06 дугаар сард иргэн Б.Болдбаатартаа автомашин худалдах-худалдан авах харилцаа үүсгэсэн, мөн Ж.Н нь бусдын өмчлөлийн автомашиныг эрхийн зөрчилтэй болохыг мэдсээр байж иргэн И.Наранболдод 2017 оны 09 дүгээр сард 9.000.000 төгрөгөөр худалдсан үйл баримт болсон байна.
Хэргийн оролцогч нарын хооронд хөдлөх хөрөнгө буюу автомашин худалдах- худалдан авах харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 243.дугаар зүйлийн 243.1-д:... худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой бичиг баримтыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ,
мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д: ...талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийн өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж тус тус хуульчилжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Болдбаатарын өгсөн: ...Би 2012 онд Галмандах дүүтэйгээ утсаар яриад ах нь нэг машин авах гэсэн юм, чи аваад явуулчих гэсэн. 2012 оны 11 дүгээр сард Галмандах руу би 13.000.000 төгрөг шилжүүлж Галмандах тэр мөнгөөр маань 92-61 УНГ улсын дугаартай, хөх өнгийн “Ланд-80” маркийн машиныг аваад, Сүхбаатар аймагт надад хүргэж өгсөн. Би тухайн үедээ сайхан машин байна гээд Галмандах дүүдээ баярлаж байсан. Тэр үед Галмандах надад хэлэхдээ машины эзэмшигчийг шилжүүлээгүй байгаа. Оргилбаяр гэх хүний нэр дээр байгаа. Та нэг хот руу орох болохоороо машинаа өөрийнхөө нэр дээр болгож аваарай гэж байсан. Би хөдөө мал дээр байдаг учир Улаанбаатар хот руу явж амжихгүй байсан. Тэгж байгаад нэг удаа Улаанбаатар хот руу орж машиныхаа гэрчилгээг өөр дээрээ шилжүүлж авъя гэхэд Оргилбаяр гэх хүн нь байхгүй байх таарсан юм. Тэгээд машинаа шилжүүлж авч чадалгүй буцаад яваад өгсөн. Тэрнээс хойш тэр машиныг унаж байгаад 2017 онд заръя гэж бодоод гар утаснаасаа фэйсбүүкээр машинаа зарна гэж зар тавьсан. Зар тавиад удаагүй байхад Ж.Н гэх үл таних залуу утсаар яриад “зарын дагуу ярьж байна. Та “Ланд-80” маркийн машин зарна гэсэн юм уу, хаана байгаа машин бэ” гэж асуусан. Би хөдөө байна гэсэн. Тэгтэл тэр залуу “та Сүхбаатар аймгийн төв дээр хүрээд ирэх боломж байна уу, би Сүхбаатар аймгийн төв дээр байна гэсэн. Тэгэхээр нь би за тэгье гээд машинаа унаад Сүхбаатар аймгийн төвд очиж Ж.Н гэх үл таних залуутай уулзсан. Намхан, тарган, шар залуу байсан. Тэр залуу өөрийгөө машины ченж Улаанбаатар хотод байдаг. Зарын дагуу явж байгаа юм гэсэн. Тэгээд миний машиныг унаж үзээд болж байна, авъя гэсэн. Тэгээд 7.000.000 төгрөгөнд авахаар болсон. Би ч гэсэн 7.000.000 төгрөгөнд заръя гэсэн. Ж.Н машины гэрчилгээг үзээд Оргилбаяр гэдэг хүний нэр дээр байдаг юм байна шүү дээ гэсэн. Би учир байдлаа хэлсэн. Тэгтэл Ж.Н гэх залуу би танд одоо 4.000.000 төгрөг бэлнээр өгье гэсэн. Улаанбаатар хотод очоод Оргилбаяр гэх хүнтэй чинь уулзаад машиныхаа гэрчилгээг шилжүүлж авсныхаа дараа 3.000.000 төгрөгийг чинь өгье гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд надад бэлэн 4.000.000 төгрөг өгөөд машиныг маань унаад явсан. Ямар нэгэн бичиг баримт үйлдэж, нотариатын газар ороогүй, гэрээ хийгээгүй. Би энэ талаар өөрийн хүргэн дүү Галмандахад хэлсэн. Галмандах машины гэрчилгээн дээр нэр нь байсан Оргилбаяр гэх хүнтэйгээ ярьж шилжүүлэг хийх талаар ярилцсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 дугаар тал/,
мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Галмандахын өгсөн: ...2012 оны 11 дүгээр сард Болдбаатар ах надтай Сүхбаатар аймгаас утсаар ярихдаа “ах нь нэг машин авах гэсэн юм. Мөнгийг нь шилжүүлчихье, чи аваад явуулчих, очих гэхээр мал дээр хүн байхгүй, амжихгүй байна” гэсэн. Тэгэхээр нь би “за тэгье, ямар машин авах юм” гэж асуусан. Болдбаатар ах өндөр, үнэ гайгүй машин аваад явуулаач” гээд 13.000.000 төгрөг шилжүүлсэн. Би машин хайж байгаад тухайн үед хамт машин засдаг байсан найз Оргилбаярт “ах машин захисан, гайгүй зарах машин байна уу” гэж асуусан. Оргилбаяр өөрийнхөө “Ланд-80 “ маркийн машиныг 13.000.000 төгрөгөөр заръя гэсэн. Тэгээд Оргилбаярт 13.000.000 төгрөг өгч машиныг нь авсан. Би тэр машиныг нь унаад Сүхбаатар аймаг руу явж Болдбаатар ахад хүргэж өгсөн. Болдбаатар ахад машиныг нь өгөхдөө “би найзаасаа авсан юм. Та нэг хот руу орохоороо машинаа өөрийнхөө нэр дээр шилжүүлээд авчихаарай” гэж хэлсэн. Болдбаатар ах тэгье гэж байсан. Тэрнээс хойш Болдбаатар ах Улаанбаатар хотод нэг ирсэн юм. Тэр үед нь Оргилбаяр хотод байхгүй таараад нэрээ шилжүүлж чадаагүй. Тэгээд нэрээ шилжүүлэхгүй явсаар байгаад 2017 оны 06 дугаар сар хүргэсэн. 2017 оны 06 дугаар сард Болдбаатар ах надтай утсаар ярихдаа “ах нь машинаа зарна гээд зар тавьчихсан чинь Улаанбаатар хотоос нэг машины ченж ирээд аваад явчихлаа. 3.000.000 төгрөг авах дутуу байгаа. Хотод очихоор нь үлдэгдэл 3.000.000 төгрөгийг аваад машины гэрчилгээг шилжүүлээд өгчихөөрэй гэсэн. Хэн гэж хүн ирэх юм гэж асуухад Ж.Н гэдэг хүн очно гэж ярьсан. Тэгээд хэд хоноход Ж.Н гэж хүн утсаар ярьж холбогддоггүй. Би Болдбаатар ахад хэлж Ж.Н гэх машин авсан хүнийх нь дугаарыг авч залгахад амжихгүй байна, тэгж байгаад болъё гэж хойшлуулсаар байгаад сүүлдээ утсаа авахаа больсон...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар тал/,
мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн М.Оргилбаярын: ...Уг машин нь манай найз Галмандахын хадам ах Болдбаатарын эзэмшлийн автомашин. 2013 онд байх одоо сайн санахгүй байна. Манай найз Галмандахад мөнгөний хэрэг гараад ах Болдбаатараасаа машиныг нь гуйж миний нэр дээр ломбарданд явдгаар тавьсан юм. Тэгээд төлбөр тооцоог нь хийж дууссан. Тэгтэл 2016 онд байх Болдбаатар ахаас Ж.Н очиж машиныг нь 7.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохироод бэлнээр 4.000.000 төгрөг өгөөд үлдэгдэл 3.000.000 төгрөгийг нь хотод надтай ирж уулзаад нэрээ шилжүүлэхдээ 3.000.000 төгрөгөө өгнө гэж тохиролцсон юм билээ. Тэгсэн 2018 оны намар авто тээврийн газраас над руу залгаж таны машиныг бусдад шилжүүлж болох уу гэхээр нь би болохгүй наад машин чинь төлбөрийн асуудалтай байгаа гэж хэлсэн. Тэр Ж.Н нь авто ломбард дээр очиж шилжүүлэхэд татгалзахгүй гэсэн бичгийг нь авчихсан авто тээвэр дээр нэр шилжүүлэх гээд явж байсан юм билээ...гэх мэдүүлэг /хх-ийн 75 дугаар тал/ зэргээр нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ж. Ж.Н нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартай: Би 2017 оны 06 дугаар сард иргэн Б.Болдбаатарын өмчлөлийн 92-61 УНГ улсын дугаартай “Ланд- Круйзер-80” маркийн автомашиныг 5.000.000 төгрөгөөр худалдан авахаар амаар тохиролцон Сүхбаатар аймагт очиж үзэн 4.000.000 төгрөгийг бэлнээр өгч, 1.000.000 /нэг сая/ төгрөгийг дараа нь өгсөн, одоо Б.Болдбаатарт өгөх төлбөр тооцоо байхгүй, машины бичиг баримтыг миний нэр дээр шилжүүлж өгөхгүй байна гэх боловч, дараа нь өгсөн гэх 1.000.000 /нэг сая/ төгрөгийн төлбөр тооцоо хийж дууссан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, Ж.Ныг иргэн Б.Болдбаатарт автомашины үнийг бүрэн төлөөгүй, 3.000.000 төгрөгийн тооцоотой талаар гэрчийн мэдүүлэг өгсөн тул Ж.Н иргэн Б.Болдбаатарт авто машиныг хуурч аваад үнийг бүрэн төлөөгүй, машиныг буцааж өгөхгүй байгаа үйлдэл нь иргэн Б.Болдбаатарыг залилсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн уг автомашиныг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Да хүрээ” зах дээр өөрийн өмчлөлийн биш эрхийн доголдолтой гэдгийг мэдсээр байж иргэн И.Наранболдыг хуурч үнийг нэмэгдүүлж 9.000.000 /есөн сая/ төгрөгөөр худалдсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Н нь 2017 оны 9 дүгээр сард 12.500.000 төгрөгөөр гэрээ, хэлцэл байгуулаад, нэг хээр морийг нь 1.000.000 төгрөгөнд бодож аваад, машинаа зээлээр өгөөд явуулсан. Би 8.800.000 төгрөг авах дутуу байгаа. Мөн дээрээс нь надаас 1.300.000 төгрөг зээлж авсан гэх тайлбарыг өгч байна.
Хавтаст хэргийн 157-р талд: Авто машин худалдах-худалдан авах гэрээг ирүүлсэн байна.
Хохирогч И.Наранболд анх автомашин худалдан авахдаа бичгээр гэрээ хийгээгүй талаар мэдүүлдэг бөгөөд үүнийг гэрч Б.Мөнхбат, Г.Отгонболдын мэдүүлгээр анх автомашин худалдан авах бичгээр гэрээ хийгээгүй болох нь нотлогдож байх тул хэрэгт авагдсан авто машин худалдах-худалдан авах гэрээг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж үзлээ. /хх-ийн 157, 199-200 дугаар тал/,
Хохирогч И.Наранболд Ж.Наас автомашин 9.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцон бэлэн нэг хээр адууг 3.000.000 төгрөгөөр бодон бэлнээр өгч, үлдэгдэл 6.000.000 төгрөгийг 3 хувааж буюу банкаар түүний төрсөн эгч эцэг Жамбалжав, эгч Эрхэмтуяа нарын 5099550511, 5063172845 дугаарын дансанд 1.500.000, 1.000.000, 3.500.000 төгрөгийг дансаар өгсөн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Отгонболдын болон Б.Мөнхбатын нарын мэдүүлгээр нотлогдож байна. /хх-ийн 56 дугаар тал/
Шүүгдэгч Ж.Н нь гэм буруугийн шууд санаатай үйлдлээр шунахай сэдэлттэйгээр үйлдсэн байна.
Иймд шүүгдэгч Ж.Ныг бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т …бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т ...бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх, адил нэр төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Ж.Н нь хохирогч Б.Болдбаатарт машины үнийн дутуу 3.000.000 төгрөгийг, хохирогч И.Наранболдод машины үнэнд авсан 9.000.000 төгрөгийг тус тус төлөх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт: ...шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж болно гэж хуульчилсны дагуу шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг завсарлуулав.
Хохирогч И.Наранболд, Б.Болдбаатар нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байна. /2-р хх-ийн 44 дүгээр тал/
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ж.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болно.
Шүүгдэгч Ж.Ныг 2019 оны 03 дугаар сарын 12-оос сэжигтнээр баривчлан 2019 оны 03 дугаар сарын 20-оос яллагдагчаар цагдан хорьж 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл нийт 30 хоног цагдан хоригдсон байна. /1-р хх-ийн 89-90, 92-93, 2-р хх-ийн 41-43-р тал/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ж.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Ныг 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Нын цагдан хоригдсон 30 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.Нт оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг түүний цагдан хоригдсон 30 хоногийн найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, шүүхээс оногдуулсан ялыг эдэлсэнд тооцсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, одоогоор бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ