Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 1815

 

 

 

 

 

 

 

   2019        12          02                                  2019/ШЦТ/1815

 

                         

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                               

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,

улсын яллагч Н.Гэрэлмаа,

шүүгдэгч Н.Л,

хохирогч Н.Энхбаясгалан, түүний өмгөөлөгч Ц.Даваажаргал ҮД:25-98 нарыг оролцуулан тус шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан Н.Л яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 06277 2550 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.      

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Монгол Улсын иргэн, Н.Л

Холбогдсон хэргийн талаар:

           Н.Л нь 2019 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Н.Энхбаясгалантай маргалдан, түүний нүүрэн хэсэгт гараараа нэг удаа цохиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Л мэдүүлэхдээ:  Тэр орой 24:00 цагийн үед сагсны тэмцээнд орчихоод найзуудтайгаа “Натур”-ын тэнд байдаг “Queen” караокед орсон. Юм идчихээд, гадаа тамхи татаад зогсч байтал манай найзыг нэг залуу цохиод авсан. Тэгээд би “яаж байгаа юм бэ?” гээд тэр хоёрыг салгасан. Салгачихад мөн л тамхи татаад зогсч байтал араас шууд нэг залуу ирж цохисон. Тэгээд зууралдаад, цохиж нүдэлцэж байгаад эргэж хараад намайг цохисон залуу мөн байна гэж бодоод хохирогчийн араас хүчтэй цохисон. Ер нь бол бүгд согтуу байсан, харин бид эрүүл байсан. Тухайн үед маргалдсан зүйл байгаагүй, зүгээр байхад л цохиж унагаагаад ийм асуудал үүссэн. Хохиролд 1.235.000 төгрөг төлсөн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Энхбаясгалан мэдүүлэхдээ: Тэр орой эхнэртэйгээ, найзтайгаа караокенээс гарч явсан. Тухайн үед би архи уугаагүй байсан. Тэгээд үүдний гадна энэ хэдийг маргалдаж байхыг хараад очиж салгаад, бүгдийг нь холдуулчихаад явж байхад шүүгдэгч араас шууд ирээд цохисон Тэгээд цохичихоод тэр чигтээ зугатаагаад яваад өгсөн. Төд удалгүй 2-3 хоногийн дараа би яаралтай хагалгаанд орох шаардлагатай болсон. Хагалгааны дараа Н.Л, түүний ээжтэй нь ярьж, сэтгэл санаа, эрүүл мэндийн хохирлыг шийдвэрлэчих юм бол энэ хэргийг цааш нь явуулахгүй байж болох талаар зөндөө санал хэлсэн боловч тодорхой алхам хийгээгүй. Би 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хагалгаанд орсон бөгөөд эмчилгээний зардал 1.256.000 төгрөг болсон байгаа. Одоо удаан ярихаар эрүүний булчин өвддөг болсон. Цаашид 2020 оны 4 дүгээр сард эрүүнийхээ чипийг авах хагалгаанд орно. Мөн 2 сар ажилгүй байсан цалин хөлсөө нэхэмжилж байгаа гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Энхбаясгалангийн өгсөн: ...Би 2019 оны 10 дугаар сарын 06-ны оройн 21 цагийн үед найзууд болох Ганбат, Мөнх-Од, Сэргэлэн, Гантулга нартай хамт ресторанд орж хоол идээд 23 цагийн үед гараад Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг караокед орсон. Бид нар тэр газар ороод 1 шил 0.75 литрийн “Болор” нэртэй архи хувааж уугаад 00:50 цагийн үед тухайн караокед тооцоогоо хийчихээд хамгийн сүүлд гарсан. Намайг гарахад манай найз Мөнх-Од үл таних 4 залуутай маргалдаж байсан бөгөөд би салгаад зогсож байхад манай найзууд тэр залуучуудтай зодолдож эхэлсэн. Би тэр хооронд дахин салгах гэж очоод салгаад эргэж хараад явж байхад араас үл таних залуу ирж миний нүүрэн тус газар цохиод зугтаасан бөгөөд би цагдаад дуудлага өгсөн. Гомдолтой байна. Би хохирлын 1.232.000 төгрөг нэхэмжилж байна. Би тэр үед хэн нэгнийг цохисон, зодсон зүйл байхгүй. Намайг Н.Л гэх залуу нүүрэн хэсэгт маань 1 удаа гараараа цохисон. Тэр үед манай эхнэр харсан...гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Баасанжавын өгсөн: ...Би 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Күйн” нэртэй караокед 23 цагийн үед найзууд болох Н.Л, Намхайнямбуу, Гончигдорж нар дээр ирсэн. Дөнгөж орох гэж байтал Намхайнямбуу, Гончигдорж нар гадаа гарч хамт тамхи татах гээд гарсан. Гадаа гараад байж байхад тус караокегоос үл таних 4 залуу гарч ирээд 1 өндөр залуу Гончигоогоос тамхи байгаа эсэх талаар асуухад хариуд нь байхгүй гэхэд шууд нүүр хэсэгт нь мөргөсөн. Тэр үед Намхайнямбуу бид 2 салгахад тэр залуу Намхайнямбуу руу цохих гэж дайрсан. Дотроос Н.Л гарч ирээд тамхи татаад зогсож байхад нь нөгөө зодолдох гээд байсан залуу Н.Лгийн араас гараараа цохисон бөгөөд бид нар очиж салгасан. Удаагүй тэр залуучууд чулуу бид нар руу шидээд араас хөөсөн бөгөөд би зугтаад явсан ба манай найз Н.Л эргэж хараад араас нь нүүрэн хэсэгт нь цохисон байсан бөгөөд бид нар тэгээд зугтаасан. Тухайн үед би Н.Лг хэн нэгэнтэй зодолдож байхыг хараагүй. Сүүлд надад тэр хохирогч болох Энхбаясгалан гэх залууг цохисон гэж хэлсэн. Тэр үед Энхбаясгалан Н.Лгээс өөр хүнтэй зодолдсон асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар тал/,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 12499 дугаартай шинжээчийн:

1. Н.Энхбаясгалангийн биед эрүү ясны далд хугарал, хугарал засах мэс заслын дараах байдал тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Г.Ханхүү гэх дүгнэлт /хх-ийн 14 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Н.Лгийн: ...Би 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр найзуудын хамт тэмцээнд орчихоод Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах “Күйн” нэх караокед найзуудын хамт орсон. Ороод удаагүй байхад Баасанжав, Гончигоо, Намхайнямбуу нар гадаа тамхи татах гээд түрүүлж гарсан бөгөөд би удаагүй араас нь гарсан. Намайг караокенаас гарахад үл таних 2-3 залуу манай найз болох Намхайнямбууг ална гэх зэргээр хэл амаар доромжилж байгаад нэг залуу нь нүүрэн хэсэгт нэг цохиход нь би салгаад та нар одоо яв гэж хэлэхэд тэд нар явсан. Гэтэл нэг үл таних залуу миний толгой хэсэгт нэг удаа гараараа цохисон. Би эргэж хараад зууралдаад би зам руу орсон бөгөөд удаагүй салцгаасан. Тэгэхэд нэг үл таних залуу ирээд намайг цохих гэхэд нь би түлхсэн ба тэр залуу эргэж харахаар нь би нүүрэн хэсэгт нь гараараа нэг удаа цохисон. Гэтэл тэр цохиулсан залуугийн нөгөө найзууд нь тоосго, чулуу шидэх үед бид нар зугтаасан бөгөөд тэр газар эргэж ирээгүй. Би хохирогч Энхбаясгалангийн эрүү ясны далд хугаралгэх гэмтлийг намайг цохих үед үүссэн гэмтэл болохыг хүлээн зөвшөөрч байна. Би ямар нэгэн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр тал/,

- Хохирлын баримт /хх-ийн 17 дугаар тал/

- Шүүгдэгч Н.Л-н иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 18-19, 33 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч Н.Л нь 2019 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Н.Энхбаясгалантай маргалдан, түүний нүүрэн хэсэгт гараараа нэг удаа цохиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Н.Энхбаясгалан, гэрч Б.Баасанжав, яллагдагчаар өгсөн Н.Л нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 12499 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирлын баримт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Лг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

             Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Энхбаясгалан өөрт учирсан хохирлын талаарх 1.256.660 төгрөгийн баримтыг хавтаст хэрэгт ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Н.Л уг хохирлыг нөхөн төлж барагдуулсан байна. /хх-ийн 17, 51 дүгээр тал/

             Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Энхбаясгалан нь хөдөлмөрийн чадвар түр алдсан буюу хоёр сарын ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжилж байна.

            Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т зааснаар ...гэм хор учруулах үед  хохирогч, цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багаггүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй байна.

             Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар …бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбоотой гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилалын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй, гэж тус тус  хуульчилжээ.

Хохирогч Н.Энхбаясгалан нь “Гялс” ХХК-д ерөнхий мэргэжлийн эмч ажилтай,  сарын 800.000-1300.000 төгрөгийн цалин орлоготой, энэ гэмт хэргийн улмаас 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвараа түр алдаж, цалин хөлсөө аваагүй болох нь “Гялс” ХХК-н гүйцэтгэх захирал Н.Наранбатын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 19/465, 19/466 тоотуудаар ирүүлсэн тодорхойлолтууд, нийгмийн даатгал төлсөн талаарх баримт болох Нийгмийн даатгалын 0531098 дугаартай дэвтэр, Амбулаториор эмчлүүлэгсдийн карт, 1261843 дугаар бүхий эмнэлгийн хуудас зэргээр нотлогдож тогтоогдож байна. /хх-ийн 54-61 дүгээр тал/

Иймд хохирогч Н.Энхбаясгалангийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого болох  нэг сарын цалин орлогыг 1.300.000 төгрөгөөр тооцож, хоёр сарын цалин орлого болох нийт 2.600.000 төгрөгийг шүүгдэгч Н.Лгээс гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хохирогч Н.Энхбаясгалан энэ гэмтлийн улмаас цаашид эмчлэгдэх эмчилгээний зардал болон холбогдох гэм хорын хохирлын талаарх бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч Н.Лд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Н.Л нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Н.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Л-г 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Л нь 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Н.Л нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Н.Л /РД:/-с 2.600.000 /хоёр сая зургаан зуун мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Нямаагийн Энхбаясгалан /РД:/-д олгосугай

6. Хохирогч Н.Энхбаясгалан нь энэ гэмтлийн улмаас цаашид эмчлэгдэх  эмчилгээний зардал болон гэм хорын хохиролтой холбоотой бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.АЛТАНЦЭЦЭГ