| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/1831/Э |
| Дугаар | 1848 |
| Огноо | 2019-12-09 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Ариунаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 1848
2019 12 09 2019/ШЦТ/1848
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,
улсын яллагч А.Ариунаа,
хохирогч, шүүгдэгч В.А, Б.Б,
гэрч Ц.Уянга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан В.А, Б.Б нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 05882 2373 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, В.А
2. Монгол улсын иргэн, Б.Б
Холбогдсон хэргийн талаар:
В.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 54 дүгээр байрны 7 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Бтэй маргалдаж нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,
Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 54 дүгээр байрны 7 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч В.Атэй маргалдан зодож улмаар дух, зовхи, хацар, уруул, шанаа, хүзүү, цээж ээмгэнд зулгаралт, гарын сарвуунд зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч В.А мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв өгсөн мэдүүлэг өгсөн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: Тэр өдөр Ц.Уянга гэртээ оруулъя гээд дуудсан. Гэрт нь ортол Ц.Уянга виски задлаад, Б.А энэ хоёр бетон зуурмагаас 13.000.000 төгрөгийн бодис гаргасан гэж хоорондоо ярьж байгаад, Ц.Уянгыг босоод явахаар нь надад би 13.000.000 төгрөгөөр нь нэг машин авсан. Хоёр дахь машин авсныг хэлвэл ална шүү. Амаа мэдээрэй” гэхээр нь би “янз янзын юм хэлж ярихгүй ээ” л гэсэн. Тэгээд сүүлдээ яриа өрнөөд, энэ хоёр хулгайн талаараа ч нэлээн яриад, хэл ам нь ч гүйцэгдэхгүй байхаар нь “та хоёр хамаагүй ингэж ярьж болж байгаа юм уу?” гэсэн чинь Ц.Уянга над руу “тэнэг, мангар хүүхэн” гээд дайрч давшлаад, агсраад унасан. Би жаахан байж байгаад В.Аг “хоёулаа явъя” гээд татаж, чангаатал над руу уурлаад, шууд миний нүүр рүү цохисон. Ц.Уянга нь ч согтуу байсан, нэг мэдэхэд намайг үсдээд л авсан. Хоёулаа л над руу дайрч, зодсон. Намайг шатны завсраар унасан гэсэн мэдүүлэг өгсөн байсан. Би өөрөө архи нээх сайн ууж чаддаггүй. Гэрээр нь дүүрэн миний үс болсон байх. Миний үс одоо халцралттай байгаа. Би үхтлээ зодуулчихаад, арга тасраад гарах гээд жаахан өндийгөөд бостол миний куртканаас ханз татсан. Тэгээд босоод гал тогооны шүүгээн дээр нэг сэрээ байсныг нь аваад, биеэ хамгаалаад, гарч явахыг хүссэн. Түүнээс биш би сэрээ бариад энэ хоёр луу дайрч, давшилсан зүйл байхгүй. Би барьж байсан сэрээгээ өөрөө унагаасан. В.А мэдүүлэгтээ “миний сэрээг өшиглөөд унагаасан” гэсэн байсан. Тэрийг нь би хүлээн зөвшөөрөхгүй. Энэ гэмтлийн улмаас Сайд нарын 2 дугаар эмнэлэгт 9 хоног хэвтсэн. Зардлыг нь эмнэлгээсээ гаргуулсан. Тухайн үед мөрдөгч нь хүртэл “чи тэгсэн юм биш үү, чи цохисон юм биш үү, зодсон юм биш үү, чи тэндээсээ эхэл, эндээсээ ярь, худлаа яриад бай чи, чи В.Аг зодсон юм уу?” гээд байсан. В.Абол надад зодож, цохиулахаар ч хүн биш. Би энэ зун байгууллагынхаа баярт хүртэл энэ хүнээс айгаад явж чадаагүй. “Би чамайг ажил дээр чинь очоод олны чинь нүдэн дээр алчихаж чадна шүү” гэдэг. Би энэ хүнд гар хүрээгүй. Биеэ хамгаалж л хуруу, хумс хүрсэн байж магадгүй. Түүнээс биш гар, хөлийг нь зүсээд, толгой тархи, нүүр амыг нь хавдтал цохих надад чадал, тэнхээ ч байхгүй, энэ хүн ч цохиулахаар хүн биш гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ц.Уянга мэдүүлэхдээ: Ерөнхийдөө эхнээс нь хамт байсан болохоор бүгдийг нь мэдэж байгаа. Энэ хоёрыг би гэртээ урьсан. Хэрүүл, зодооныг Б.Бгэдэг эмэгтэй эхэлж өдөөсөн. Өөрөөр хэлбэл В.Аг надтай хардсан. В.Аг газар хэвтэж байхад нь Б.Бтэвэрч аваад, янз бүрээр хэлээд, тэр нь даамжраад зодоон болоод, бас над руу дайрч, доромжилж, зодсон. Би бас өөрийн гэмтлийн зэргийг тогтоолгосон боловч гэмтлийн зэрэг тогтоогдоогүй юм байна лээ. Манай гэр оронг бүр түйвээгээд хаячихсан. Энэ эмэгтэйг амиа хорлох гэж байхад нь амийг нь аварсан. Манай 3 давхрын цонхоор үсрэх гээд байсан, мөн гадаа унаж тусах гээд явж байсан. Хамгийн гол нь гэрч байсан боловч цагдаа нар болон прокурор тэр гэрчийг ерөөсөө байцаагаагүй. Үүнийг манай эсрэг талын орцны жижүүр харсан байна лээ. Надаас гадна 2 гэрч байгаа. Тэрийг зөндөө хэлсэн боловч нэг ч удаа дуудаж, мэдүүлэг аваагүй. Тэр нь манай өөдөөс харсан айлын н.Азжаргал гээд эмэгтэй, мөн н.Энхбат гээд өөдөөс харсан байрны жижүүр юм. Нэг удаа тэр орцны жижүүрийг аваад очсон боловч цагдаа нь “амжихгүй байна” гээд асуугаагүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Бийн өгсөн: ...2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Оюутны байранд гэртээ А бид 2, 2 охины хамт хоолоо идээд байж байхад Уянга гэх эмэгтэй 2-3 удаа залгасан. Би Уянга гэх эмэгтэйг танихгүй, тухайн өдөр танилцаж байсан. Тэр үед А нь хоолоо идэж байна, жоохон байж байгаад эргээд залгая гээд утсаа салгаад байсан, уг эмэгтэй нь Аг дуудаад байх шиг байсан...Тэгээд бид гурав уг вискигээ ууж дуусгасан ба Уянга нөгөө үлдсэн вискигээ гаргаж ирээд ууя гэхээр нь би “яах юм бэ?, одоо болно, ядаж ус ундаагүй уусан болохоор хатуу байна” гэж хэлээд Аг “ус, ундаанд гараад ир” гэж хэлсэн чинь машинаа хол тавьсан гээд уурлаад байсан. А ус ундаанд явахгүй болохоор нь би Аг гэр рүүгээ харьяа гэж хэлэхэд А уурласан. Би куртикээ өмсчихөөд Аг явъя гэж хэлсэн чинь над руу “ална шүү пизда минь” гэж хэлээд над руу ирээд баруун гараараа миний зүүн талын хацар руу хүчтэй алгадаад авсан. Уянга гэх хүүхэн ямар учиртай над руу дайрсныг би ойлгоогүй, над руу ирээд үсдэж аваад тэр хоёр дайрч эхэлсэн. Уянгын хувьд бол миний үснээс л зулгааж байсан, хөл рүү өшиглөж, гараараа цохиод байсан. А ч мөн ялгаагүй миний нүд рүү баруун гараар цохиж зодсон. Миний хувьд хэн нь хэдэн удаа, аль гар, хөлөөрөө цохиж өшиглөхийг сайн анзаарч хараагүй. Би тэр хоёрт зодуулаад газар унасан бөгөөд нүүр таглаад хэвтсэн. Тэгэхэд нүүр, гар, толгойгүй цохиж өшиглөсөн. Би тэр хоёрт зодуулчихаад босоод гарах гэхэд куртикний араас А татахад баруун талын ханцуйны хэсэг урагдчихсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч В.Агийн өгсөн: ...Би дүгнэлттэй танилцлаа. Миний биед учирсан гэмтлийг Б.Бнь учруулсан. Надад гомдол санал байхгүй, харин Бийн гэрээс өөрийн хувцас хунар болон фитнессийн төхөөрөмж, их сургуулийн диплом, машины бичиг баримт зэргийг яаралтай авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 125-126 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Уянгын өгсөн: ...Тэгэхэд А нь гэрт газраар хэвтэж байхад нь Б дэргэд нь очоод тэвэрч хэвтсэн, тэгж байхдаа Б нь Аг надтай хардаж, хэрүүл үүсгэж эхэлсэн. Энэ үйл явдлаас болж Б над руу дайрч хэл амаар доромжилж, миний уруул, дух хэсэг рүү цохисон, мөн над руу сэрээ барьж дайрсан. А, Б хоёр газар хэвтэж байхад нь Б нь Аг эхэлж цохиж, хэрүүл өдөж маргааныг үүсгэж, манай гэрт танхайрч эхэлсэн юм. Б нь урьд нь хүртэл амиа хорлох үйлдэл гаргаж байсан бөгөөд Б нь амиа хорлоно гээд цонхон дээр зогссон. Тэгэхэд нь А Бийг татаж холдуулж амь насыг нь амарсан. Б нь Аг цохиж, өшиглөж гартаа таарсан бүхнийг авч шидсэн, тэр болгонд нь А нь өөрийгөө хамгаалж, ганц хоёр удаа цохиж, өшиглөсөн үйлдэл байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/,
Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-8 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 11846 дугаартай шинжээчийн:
1. Бийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд, доод зовхины зураасан зулгаралт, дух, шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн шанааны цус хуралт, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, хамрын зулгаралт, баруун шуу, сарвуу, зүүн бугалга, зүүн тохой, баруун өвдөг, баруун, зүүн шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Н.Энхцолмон гэх дүгнэлт /хх-ийн 24 дүгээр тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 12010 дугаартай шинжээчийн:
1. В.Агийн биед дух, зовхи, хацар, уруул, шанаа, хүзүү, цээж, эгэмэнд зулгаралт, гарын сарвуунд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо болон хурц ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шинжээч эмч Н.Туяа гэх дүгнэлт /хх-ийн 40 дүгээр тал/,
- Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хохирогч Бийн хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүхийн хуулбар /хх-ийн 92-102 дугаар тал/,
- Хохирогч Бийн гаргаж өгсөн баримт, гэрэл зураг /хх-ийн 119-120 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн В.Агийн өгсөн: ...Б утсаар ярьж дуусчихаад над руу дайрч эхлэн нүүр, ам, хүзүү, нуруу хэсэгт хумсаараа маажсан. Ингэж байхад Уянга дундуур орж ирээд салгасан. Би Бтэй муудалцаж хэрэлдэж байгаад Уянгын гэрээс гараад явсан чинь Б араас дагаж гарч ирсэн. Б 3-р давхраас бууж байхдаа шатны дунд хэсгээс 3, 2-р давхрын голын хэсэгт уначихаар нь буцаж дээш гараад Бийг босгож авсан. Босгож байхад Бийн хамарны орчимд улайсан харагдсан. Би Уянгын гэрийнхэн орцноос гарсан чинь Б араас ирж хүзүү хэсгээс маажсан, би Бээс зугтаж байр тойрчихоод эргээд Уянгын гэр рүү орсон. Уянгын гэрт ороод байж байхад араас Б орж ирээд гал тогооны өрөөнөөс сэрээ аваад над руу дайрсан. Би сэрээ барьсан гарыг нь өшиглөөд, сэрээг нь унагаасан, Б татаж холдуулсан чинь над руу дайрч хамар руу баруун гараараа цохисон. Миний хамарнаас цус гарсан бөгөөд цусаа тогтоож, цэвэрлэсэн. Би цусаа цэвэрлээд байж байхад Б нь Уянга руу дайраад үсдээд доош дарж чирээд яваад байсан. Би тэр хоёрыг очиж салгасан. Уянга айсандаа цагдаа дуудсан. Машинд эргүүлийн цагдаа ирэхэд Б нь шууд эсрэгээрээ Уянга бид хоёрыг зодсон гэж уйлсан, цагдаа нар шууд намайг эрүүлжүүлэх байранд хийсэн. Ийм л зүйл болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 51-53 дугаар тал/,
- Хохирогч Бийн гаргаж өгсөн хохирлын баримт /хх-ийн 119 дүгээр тал/,
- Шүүгдэгч Б, В.Анарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 62, 69, 85, 103 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
В.Ань архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 54 дүгээр байрны 7 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Бтэй маргалдаж нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг,
Б.Бнь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 54 дүгээр байрны 7 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч В.Атэй маргалдан зодож улмаар дух, зовхи, хацар, уруул, шанаа, хүзүү, цээж ээмгэнд зулгаралт, гарын сарвуунд зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б, В.А, гэрч Ц.Уянга нарын мэдүүлэг,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 11846, 12010 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд,
- хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,
- шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан Си-Ди бичлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч В.А, Б.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч В.Ань урьд хохирогч Бтэй хамтран амьдарч байх хугацаандаа түүний биед 2 удаа халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, дээрх үйлдэл бүртээ ял шийтгүүлсэн боловч гэм буруугаа ухамсарлаагүй, өөрийн үйлдэлдээ дүгнэлт хийгээгүй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Б.Бнь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын 48.200 төгрөгийн баримтыг хавтаст хэрэгт ирүүлсэн бөгөөд шүүгдэгч В.Ауг хохирлыг барагдуулаагүй байх тул түүнээс гаргуулах нь зүйтэй байна. /хх-ийн 119 дүгээр тал/
Хохирогч В.Ань хавтаст хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх баримтыг ирүүлээгүй байх тул шүүгдэгч Бийг баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,
мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу хохирогч Б, В.А нар нь энэ гэмтлийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлыг холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч В.Ань Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1037 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ялаар,
- 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 1224 дүгээр шийтгэх тогтоолоор мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбаруудаар тогтоогдож байна. /хх-ийн 69, 76-79, 80-82 дугаар тал/
Дээрх 2 удаагийн ял шийтгэгдсэн байдлаас дүгнэхэд В.Ань хохирогч Бтэй хамтран амьдрах хугацаандаа эрүүл мэндэд нь 2 удаагийн үйлдлээр хөнгөн зэргийн хохирол учруулан, ял шийтгүүлсэн боловч дахин Бийн биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байна.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 1224 дүгээр шийтгэх тогтоолоор мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас өнөөдрийн байдлаар эдлээгүй үлдсэн 6 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын үлдэгдэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно гэж заасны дагуу В.Агийн өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 6 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-г хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч В.А, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. В.А, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б-г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар,
- В.А-г 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б-д оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг, В.А-д оногдуулсан 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг тус тус хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар В.А-д Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 1224 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 6 /зургаан/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тусад нь эдлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б, В.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар В.А /РД:/-с 48.200 /дөчин найман мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б /РД:/-д олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
8. Хохирогч Б, В.А нар нь энэ гэмтлийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлыг холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б, В.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ