Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 1938

 

 

Т.Баярмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/05261 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Т.Баярмаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Хаан боржгон” ХХК-д холбогдох

 

1 990 887 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч Т.Баярмаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Баярдалай,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтуул,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдөр “Алтай констракшн” ХХК-ийн Саруул хороололд барилгын заслын ажлыг гүйцэтгэж байгаа Б.Мөнхтуул, Томо нартай зарын дагуу ярьж, заслын ажлыг гэрээгээр хийхээр болсон. Энэ компани Саруул хороололд В2 блок, 2 дугаар орцны 1-13 давхраар нь аваад ажиллаж байсан. Үүний 2, 3 дугаар давхрыг миний бие бригадаараа авч заслын ажлыг нь гүйцэтгэсэн. 2015 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Б.Мөнхтуул нь 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр орсноор тооцож гэрээ хийсэн. Нийт 2, 3 дугаар давхрын ажлын хөлс 5 950 888 төгрөг авах ёстойгоос баталгаат хугацааны 297 544 төгрөгийг 6 сарын дараа танд буцааж өгнө гээд ажлын хөлснөөс суутгаж авсан ба үлдэгдэл 5 653 343 төгрөгөөс 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Б.Мөнхтуул надад 1 200 000 төгрөгийг ажлын хөлсний урьдчилгаа гэж өгсөн. 410 000 төгрөгийг миний бие Б.Мөнхтуулаас ажилчдын хоол унааны урьдчилгаа мөнгө гэж зээлж авсан бөгөөд үлдэгдэл 4 043 343 төгрөг “Хаан боржгон” ХХК-иас аваагүй үлдсэн. Энэ компани дээр авсан ажлаа 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хийж дуусгаад Б.Мөнхтуул, Томо нарт хүлээлгэж өгсөн. Санхүүгийн албаны дарга Пүрэвсүрэнтэй миний бие уулзаж, танай блокны ажлыг чинь гүйцэтгэе, та надад “Хаан боржгон” ХХК-иас авах үлдэгдэл ажлын хөлсийг авч өгөөч гэхэд Пүрэвсүрэн дарга зөвшөөрч “Хаан боржгон” ХХК-иас ажлын хөлсний тооцоо гаргуулаад ир гэсэн. Менежер Б.Мөнхтуул ажлын хөлсний тооцоог албан ёсоор тамга тэмдгээ дараад гаргаж өгсөн. Б.Мөнхтуулын гаргасан 4 043 343 төгрөгийн ажлын хөлснөөс 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 1 сая төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 1 сая төгрөгийг тус тус өгсөн. 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Б.Мөнхтуул надаас 300 000 төгрөгийг таны үлдэгдэл мөнгөнөөс авна, таны хийсэн ажлын засварыг хийсэн гээд байхаар нь би дургүйцэж 150 000 төгрөг суутгуулсан. Ингээд Б.Мөнхтуулын бодож өгсөн 4 043 343-2 000 000-150 000=1 893 343 төгрөгийг миний бие авах ёстойгоос 460 000 төгрөгийг надаас үндэслэлгүй хасч 1 433 343 төгрөгийг бэлэн мөнгөний орлогын баримт дээрээ бичиж өгсөн. 1 433 343 төгрөгийг бэлэн мөнгөний орлогын баримтаа Пүрэвсүрэн даргад 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ажлын багаж шатчихлаа гээд авч очоод энэ төгрөгөөс 200 000 төгрөгийг бэлэн мөнгөний орлогын баримт дээр бичиж авсан. 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр “Алтай констракшн” ХХК-ийн ня-бо Солонготуяа миний авах ёстой 1 433 343 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримтыг надаас авсан. Үлдэгдэл 1 230 000 төгрөгийг Пүрэвсүрэн дарга надад 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өгч дуусгасан боловч 2016 оны 2 дугаар сарын 07-ны өдөр “Алтай констракшн” ХХК дээр яаралтай хийсэн В1, В2-ын дундын гараашийн ажлын хөлс 20 304 519 төгрөгөөс 1 230 000 төгрөгийг үндэслэлгүй хассаныг асуухад “Алтай констракшн” ХХК-ийн санхүү мэдэхгүй, 1 230 000 төгрөгийн учрыг “Хаан боржгон” ХХК-иас ол гэсэн. Б.Мөнхтуул, Томо нар нь үгсэн хуйвалдаж, “Алтай констракшн” ХХК-ийн санхүүгийн хэлтэст намайг худал хэлж, залилан мэхэлж, ажлын хөлс 1 230 000 төгрөг авсан. Томотой ярихад “Алтай констракшн” ХХК усны насосууд алдсан гээд манай компани дээр 1-13 давхар тус бүрт 350 000 төгрөгийн акт тавьсан. Та 2, 3 дугаар давхрын хийсэн учраас таниас 700 000 төгрөг суутгаж авна гэсэн тул Пүрэвсүрэн даргаас асуухад манай ня-бо-гоос асуу гэж хэлсэн. Ня-бо Солонго шалгаад манайх тийм акт тавиагүй гэсэн болно.

Иймд энэ компанид залилуулсан миний ажилчдын ажлын хөлс учир битүүлгээр луйвардуулсан 1 230 000 төгрөг үлдэгдэл 3 343 төгрөг, нуун дарагдуулсан 460 000 төгрөг, буцааж олгож өгнө гэсэн 297 544 төгрөг нийт 1 990 887 төгрөгийн хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Т.Баярмаатай 0015/03/37 тоот хөлсөөр ажиллах гэрээ хийж “Алтай констракшн” ХХК-ийн саруул хороолол үйлчилгээ орон сууцны барилга дээр В-2 блокны 2,3 давхрын ажлыг хийлгэхээр гэрээ хийж ажил олгосон. Т.Баярмаагийн ажлын хөлс нь “Алтай констракшн” ХХК-ийн барилгын зургийн үндсэн хэмжээний дагуу 5 693 288 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн үүнээс гэрээний дагуу баталгаат хугацааны төлбөрт гэрээний нийт үнийн дүнгийн 5 хувийг улсын комисс хүлээж авснаас хойш 6 сарын хугацаанд захиалагч талын дансанд байршуулан авч үлддэг. Үүний дагуу 284 664 төгрөгийг “Алтай констракш” ХХК-ийн дансанд хадгалагдаж байгаа бөгөөд үлдэгдэл 5 408 624 төгрөгөөс нийт өөрийнх нь гар дээр авсан санхүүжилт 4 330 000 төгрөгийг олгосон байгаа бөгөөд 2 айлын 4 ширхэг тоолуур алдсан 160 000 төгрөг суутгасан, 2,3 дугаар давхрын нийтийн эзэмшлийн дутуу гүйцэтгэсэн ажлыг манай ерөнхий инженер Д.Энхжаргал болон Т.Баярмаа нар тохиролцсоны дагуу 1 давхарт 150 000 төгрөг буюу нийт 2,3 давхарт 300 000 төгрөг суутгуулж нийт үлдэгдэл 618 624 төгрөг үлдсэн. Гэтэл Т.Баярмаагийн нэхэмжлэлд “Алтай констракшн” ХХК-тай гэрээ хийж гараашийн ажлыг гүйцэтгэж дууссан байхад нь манай компани үндэслэлгүйгээр 1 230 000 төгрөгийн дураараа суутгаж авсан гэж бичсэн байна. 1 230 000 төгрөгийн асуудлынхаа талаар “Алтай констракшн” ХХК-ийн нягтлантай Т.Баярмаа өөрөө очиж тооцоо нийлэх нь зөв бөгөөд манай компанид огт хамааралгүй асуудал юм. Мөн Т.Баярмаа нь удаа дараа компаний нэр хүндэд халдаж бичиг баримтгүй хуурамч компани гэх мэтээр ярьж яваа. Манай компани нь улсад бүртгэлтэй үйл ажиллагаа явуулаад 10 жил болж байгаа бөгөөд улсад нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч албан ёсны барилгын зөвшөөрөлтэй компани болно. Санхүүгийн хямралтай зэрэгцэн компаний санхүү асар их уналтанд байгаатай холбогдуулан бид Т.Баярмаад үлдэгдэл санхүүжилтийг олгож амжаагүй байгаа бөгөөд үлдэгдэл санхүүжилт болох 618 624 төгрөгийг нөхөн олгох болно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан, хариуцагч “Хаан боржгон” ХХК-иас 457 544 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Баярмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 533 343 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46 810 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Хаан боржгон” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 14 376 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Баярмаад олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Т.Баярмаа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, нотлох баримтыг бодитой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлээгүй төдийгүй тооцооллын алдаа гаргаж “Хаан боржгон” ХХК-иас авах ёстой мөнгөний 1 533 343 төгрөгийг үндэслэлгүйгээр хасч шийдвэрлэсэн. “Хаан боржгон” ХХК-тай 2015 оны 8 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний дагуу тус компаниас авах ажлын хөлсний нийт төлбөр 5 950 888 төгрөг бөгөөд үүнээс гүйцэтгэсэн ажлын баталгаат хугацааны барьцаа төлбөр 297 544 төгрөгийг барилгыг улсын комисс хүлээн авсны дараа авахаар тохиролцож, үлдэгдэл 5 653 343 төгрөгөөс 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр урьдчилгаанд 1 200 000 төгрөг, ажилчдын хоол хүнсний зардалд 410 000 төгрөг, нийт 1 610 000 төгрөг авч гэрээний дагуух ажлыг 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хийж дуусгаж хүлээлгэн өгсөн.

Харин “Хаан боржгон” ХХК-ийн инженер, менежер Б.Мөнхтуул нар надад олгох ёстой ажлын хөлсний үлдэгдэл 4 043 343 төгрөгийг “Алтай констракшн” ХХК-ийн санхүүгийн албанаас надад шууд олгуулахаар тохиролцож мөнгөний баримтыг гаргаж өгснийг би “Алтай констракшн” ХХК-ийн санхүүгийн албанд өгсөн. Энэхүү мөнгөнөөс би 150 000 төгрөгийг давтан засварт суутгуулаад 2 000 000 төгрөгийг бэлэн авсан тул үлдэгдэл 1 893 343 төгрөг болсон. Гэтэл “Хаан боржгон” ХХК-ийн инженер Энхжаргал, менежер Б.Мөнхтуул нар хууль бус ажиллагаа хийж таны ажил гүйцэтгэж байсан давхрын усны тоолуур алдагдсан, “Алтай констракшн” ХХК-иас торгууль тавигдсан гэж үндэслэлгүйгээр миний ажлын хөлсний үлдэгдэл 1 893 343 төгрөгөөс 460 000 төгрөг суутган надад дахин 1 433 343 төгрөгийн баримт олгосон. Би уг суутгалыг хүлээн зөвшөөрөөгүй ба 1 433 343 төгрөгийн баримтыг нь “Алтай констракшн” XXK-ийн санхүүгийн албаны дарга Пүрэвсүрэнд 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өгч уг мөнгөнөөс 200 000 төгрөг авсан ба 1 233 343 төгрөг үлдсэн. Харин надад дээрх мөнгөнөөс 1 230 000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “Алтай констракшн” ХХК-ийн санхүүгийн албаны дарга Пүрэвсүрэн өгсөн тул би “Хаан боржгон” ХХК-ийн хууль бусаар суутгасан 460 000 төгрөгийн тооцоо үлдлээ гэж бодож байсан. Гэтэл “Хаан боржгон” ХХК-ийн инженер Энхжаргал Т.Баярмаагийн гүйцэтгэсэн ажилд доголдол гарсан гэж худал хэлж “Алтай констракшн” ХХК-ийн санхүүгийн албанаас 1 433 343 төгрөгийн баримтаа авч явсан ба тэдний энэхүү үйлдэлдтэй холбоотойгоор “Алтай констракшн” ХХК-ийн санхүүгийн албанаас надад 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр олгосон 1 230 000 төгрөгөө миний “Алтай констракшн” ХХК-тай 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр гэрээ байгуулан хийсэн ажлын хөлс 2 304 159 төгрөгийн урьдчилгаа байсан гэж өөрчлөн 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөр огноолон 1 230 000 төгрөгийн баримт өгсөн. Мөн энэ мөнгөтэй холбоотой асуудлыг “Хаан боржгон” ХХК-ийн менежер, инженер нартай учраа олж ав, манайх холбогдох санхүүжилт болох 11 000 000 төгрөгийг 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдөр “Хаан боржгон” ХХК-д шилжүүлчихсэн гэж хэлсэн. Энэ нь “Алтай констракшн” ХХК-ийн 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн болон 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн “харилцагчийн тооцоо” нэртэй баримтаар тогтоогддог.

Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор “Хаан боржгон” ХХК-иас авах ажлын хөлсний үлдэгдэл 1 693 343 төгрөгийг 2 компаний эрх бүхий албан тушаалтнуудын хоорондын асуудлаас үүдэн “Хаан боржгон” ХХК-иас авч чадаагүй хохирсоныг тодруулахын тулд “Алтай констракшн” ХХК-ийн санхүүгийн албаны дарга Пүрэвсүрэнг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хангаагүй төдийгүй тэрээр дээрх 1 230 000 төгрөгтэй холбоотой асуудлыг хөлсөөр ажиллах гэрээнд тусгагдаагүй мөнгө нэхэмжилсэн байна гэж дүгнэсэн. Мөн миний ажлын хөлснөөс “Хаан боржгон” ХХК-ийн менежер 460 000 төгрөг суутгасан нь үндэслэлгүй гэж тогтоосон атлаа үндэслэлгүйгээр 300 000 төгрөгийг хасч шийдвэрлэсэн зэргээр алдаа гаргаж нэхэмжлэлийн шаарлагын 1 533 434 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт тооцооны хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Т.Баярмаа нь хариуцагч “Хаан боржгон” ХХК-д холбогдуулан ажлын хөлс 1 990 887 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Хэргийн 9-11 дүгээр талд хөлсөөр ажиллах гэрээ авагдсан байх бөгөөд уг гэрээний агуулгаас үзвэл нэхэмжлэгч хариуцагчид биежсэн ажлын үр дүн хүлээлгэн өгөх, хариуцагч нэхэмжлэгчид хөлс төлөхөөр тохирсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзнэ.

 

Талууд 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр бичгээр гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Т.Баярмаа нь Саруул хорооллын барилгын 2, 3 дугаар давхарт барилгын заслын ажлыг цагаан замаск 1 үе зүлгүүртэйгээр м.кв-ыг 1400 төгрөгөөр, эмулс м.кв-ыг 2400 төгрөгөөр, амалгаа 1 ширхэгийг 9 000 төгрөгөөр хийх үүргийг, хариуцагч “Хаан боржгон” ХХК уг ажлын хөлс төлөх үүрэг хүлээсэн болох нь хэрэгт авагдсан баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдсон, энэ үйл баримтын талаар талууд маргахгүй байна.                                                                                                   /хэргийн 9-12 дугаар тал/

 

            Зохигчид хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн, төлөх хөлсний хэмжээн дээр маргахгүй, харин гэрээгээр тохиролцсон ажлын хөлсний тооцооны талаар маргажээ.

 

Хэргийн 12 дугаар талд авагдсан гэрээний хавсралт баримтаас үзвэл нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэх ажлын хөлс 5 950 888 төгрөг, ажлын хөлсний 5 хувийг Улсын комисс ажилласан өдрөөс хойш 6 сарын турш дансанд 297 544 төгрөг байршуулж, бэлнээр эхний ээлжинд 5 653 343 төгрөгийг төлөхөөр талууд тохиролцжээ.

 

Нэхэмжлэгч Т.Баярмаа нь нийт ажлын хөлс 5 950 888 төгрөгөөс урьдчилгаанд        1 610 000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 04, 10-ны өдрүүдэд 2 000 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 200 000 төгрөгийг хариуцагчаас авсан талаар талууд маргахгүй байх тул уг үйл баримт тогтоогдсон гэж үзнэ.

 

Нэхэмжлэгчид 4 330 000 төгрөгийн хөлсийг бэлнээр олгож алдсан 4 ширхэг тоолуурын үнэ 160 000 төгрөгийг ажлын дутуу гүйцэтгэсэн ажлаас 300 000 төгрөг хасч тооцон 618 624 төгрөг төлөх үлдэгдэлтэй гэх тайлбараа хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагаас үндэслэлгүй хассан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцэхгүй байна.

 

Хариуцагч “Хаан боржгон” ХХК-ийн өмнөөс “Алтай констракшн” ХХК нэхэмжлэгч Т.Баярмаад мөнгө төлсөн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь ажлын доголдолтой холбоотой 150 000 төгрөгийг суутгуулахыг зөвшөөрсөн тул 150 000 төгрөгийг хариуцагчийн төлөх ёстой ажлын хөлсний үлдэгдэл       2 140 888 төгрөгөөс хасаж тооцвол үлдэгдэл хөлс 1 990 888 төгрөг тул 1 990 887 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгчийн гэрчээр нотлуулах асуудал нь “Хаан боржгон” ХХК, Т.Баярмаа нарын хоорондын гэрээний маргаанд хамааралгүй асуудал гэж үзэж шүүх нэхэмжлэгчийн гэрч асуулгах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй тул энэ талаарх гомдол үндэслэлгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр тооцооны талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/05261 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан  хариуцагч “Хаан боржгон” ХХК-иас 1 990 887 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Баярмаад олгосугай”,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “14 376 төгрөг” гэснийг “46 810 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Баярмаагийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 810 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                     Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ