Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 261

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч Хэнтий аймгийн Батширээт суманд 1960 оны 05 сарын 06-ны өдөр төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрт жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сум 2-р баг 46-р байрны 77 тоотод оршин суух, СЩ60050617 регистрийн дугаартай Бодон овогт Дашийн Доржсүрэнгийн “цэргийн алба хаасныг тогтоолгох тухай” хүсэлтийг 2016 оны 09 сарын 19-ний өдөр хүлээн авч, 2016 оны 09 сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ, хүсэлт гаргагч Д.Доржсүрэн нар оролцов.

                                                                                                    Т О Д О Р Х О Й Л О Х нь:

          Хүсэлт гаргагч Д.Доржсүрэн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1985 оны 05 сарын 30-ны өдрөөс 1988 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл Хилийн ба дотоодын цэргийн 0263 дугаар ангид цэргийн алба хаасан. Хэнтий аймгийн Бор-Өндөрөөс 1985 оны 05 сарын 30-ны өдөр 0263 дугаар ангид цэрэгт татагдаад 1988 оны 06 сарын 01-ний өдөр 0263 дугаар ангиас цэргээс халагдсан. 3 жил цэргийн алба хаасан. Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 3058 тоот лавлагаагаар намайг Хэнтий аймгаас НАХЯ-ны сайдын 1985 оны 05 сарын 30-ны өдрийн 364 дүгээр тушаалаар 0263 дугаар ангид цэрэгт татсан гэдэг нь тогтоогдож байгаа. Харин цэргээс халагдсан тушаал нь Тагнуулын Ерөнхий газрын тусгай архив, Батлан хамгаалахын төв архив, Хил хамгаалахын Ерөнхий газрын төв архивын газраас гарахгүй байгаа. Хилийн ба дотоодын цэргийн 0263 дугаар анги нь 1990 онд татан буугдсан. Би цэргийн батлахаа 1991 оны үед үрэгдүүлчихсэн. Цэргийн алба хаасан 3 жилийг шүүхээр тогтоолгох шаардлагатай байна. Иймд намайг 1985 оны 05 сарын 30-ны өдрөөс 1988 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл Хилийн ба дотоодын цэргийн 0263 дугаар ангид цэргийн алба хаасныг тогтоож өгнө үү” гэжээ.

         Шүүхийн хэлэлцүүлгээр хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт цугларсан  бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад           

                                                                                                      Ү Н Д Э С Л Э Х нь:

           Хүсэлт гаргагч Д.Доржсүрэн нь 1985 оны 05 сарын 30-ны өдрөөс 1988 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл Хилийн ба дотоодын цэргийн 0263 дугаар ангид цэргийн алба хаасныг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ” гэж, мөн хуулийн 135.2.14 дэх хэсэгт “тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал” гэж, мөн хуулийн 135.3 дахь хэсэгт “Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ” гэж тус тус заасан байна.

Хүсэлт гаргагч Д.Доржсүрэнгийн цэргийн алба хаасан Хилийн ба дотоодын цэргийн 0263 дугаар анги нь татан буугдсан, одоо үйл ажиллагаа явуулаагүй байгаа, бичиг баримт нь үрэгдсэн, уг байгууллагын бичиг хэргийн баримт нь Тагнуулын Ерөнхий газрын тусгай архив, Батлан хамгаалахын төв архив, Хил хамгаалахын Ерөнхий газрын төв архивт тус тус байхгүй байгаа нь хүсэлт гаргагчийн тайлбар, Батлан хамгаалахын төв архивын 2016 оны 09 сарын 26-ны өдрийн 3465 тоот лавлагаа, Хил хамгаалахын Ерөнхий газрын төв архивын 2016 оны 09 сарын 26-ны өдрийн 184 тоот лавлагаа, Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2016 оны 11 сарын 02-ны өдрийн 02/564 тоот лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг шүүхийн журмаар тогтоон шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

           Хүсэлт гаргагч Д.Доржсүрэн нь 1985 оны 05 сарын 30-ны өдрөөс 1988 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл Хилийн ба дотоодын цэргийн 0263 дугаар ангид цэргийн алба хаасан болох нь:

            -Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2016 оны 06 сарын 17-ны өдрийн 02/3058 тоот “Дашийн Доржсүрэн нь Хэнтий аймгаас НАХЯ-ны сайдын 1985 оны 05 сарын 30-ны өдрийн 364 дүгээр тушаалаар 0263 дугаар ангид цэрэгт 07 сарын 08-ны өдрөөс татагдсан” гэх лавлагаа,

-Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2016 оны 11 сарын 02-ны өдрийн 02/564 тоот “Танай хүсэлтийн дагуу 0263 дугаар ангийн талаар архивын баримтанд шүүн үзэхэд 1989 онд тус ангиас халагдсан цэргийн баримт байгаа тул Д.Доржсүрэнгийн цэргийн алба хаасан хугацаанд тус анги татан буугдаагүй болно” гэх лавлагаа,

-Хүсэлт гаргагч Д.Доржсүрэнгийн “Миний бие 1985 оны 05 сарын 30-ны өдрөөс 1988 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл Хилийн ба дотоодын цэргийн 0263 дугаар ангид цэргийн алба хаасан” гэх шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

            -Гэрч С.Энхболдын “Миний бие 1985 оны 6 сард Сэлэнгэ аймгийн Шарынгол сумаас Хилийн ба ДЦУЕГ-ын 0263 дугаар ангид цэрэгт татагдаж очиход Доржсүрэн нь Хэнтий аймгаас цэрэгт татагдаж очсон. 1988 оны 6 сард 0263 дугаар ангиас бид нар цугтаа цэргээс халагдсан. Д.Доржсүрэн нь ангийн захирагчийн машины жолооч байсан” гэх мэдүүлэг,

-Гэрч Ө.Машбатын “Миний бие 1985 оны  6 сард Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумаас Хилийн ба ДЦУЕГ-ын 0263 дугаар ангид цэрэгт татагдаж очиход Доржсүрэн нь Хэнтий аймгаас татагдаж очсон. 1988 оны 6 сард 0263 дугаар ангиас цугтаа цэргээс халагдсан. Д.Доржсүрэн нь ангийн захирагчийн машины жолооч байсан” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

           Иймд хүсэлт гаргагч Д.Доржсүрэнгийн “1985 оны 05 сарын 30-ны өдрөөс 1988 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл Хилийн ба дотоодын цэргийн 0263 дугаар ангид цэргийн алба хаасныг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн

   82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-120, 133 дугаар

зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

          1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан СЩ60050617 регистрийн дугаартай Бодон овогт Дашийн Доржсүрэнг 1985 оны 05 сарын 30-ны өдрөөс 1988 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл Хилийн ба дотоодын цэргийн 0263 дугаар ангид цэргийн алба хаасныг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгосугай.     

          3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг танилцуулсугай.

          5.Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                     М.ЭНХМАНДАХ