Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 1849

 

 

 

 

 

 

 

   2019       12          09                                   2019/ШЦТ/1849

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,

улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

шүүгдэгч Б.Унарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Уд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 04261 2079 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б.У

Холбогдсон хэргийн талаар:

Б.У нь 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө  Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Анужинг зодож, улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У мэдүүлэхдээ: 2019 оны 7 дугаар сарын 09-ний орой Б.Билгүүний төрсөн өдөр болж байсан. Би тэнд очоод 10 минут болсон, мөн ганцаараа эрүүл байсан. Тэгээд 10 минут болоод бүгдээрээ гарцгаасан. Б.Билгүүн, н.Баяраа, н.Жагаа нар төрсөн өдөр тэмдэглээд нэлээн согтсон байсан ба араас нь Т.Анужин гаднаас өөр газар уучихсан, нэлээн согтуу орж ирсэн. Тэгээд 10 минутын дараа нөгөө газар нь хаагаад, бид “Никитон” клубын гадаах зогсоол дээр зогсч байсан юм. Т.Анужин их согтуу байсан болохоор агсам тавьж эхэлсэн бөгөөд  над руу виски цацаад, толгой дээр минь виски асгаад, янз бүрийн хараалын үг хэлээд, жаахан дайраад байсан. Тэгээд би үснээс нь барьж байгаад өөрөөсөө жаахан түлхсэн. “Машинаа онгойлгох юм бол би буумаар байна” гэж бусдаас нь гуйсан боловч онгойлгоогүй. н.Баяраа, н.Жагаа хоёр бид хоёрын голд суугаад, бид хоёрыг хоёр захдаа суулгаад машин хөдөлсөн байдаг. Тэгээд бүгдээрээ хамт Шангри-Ла орж, Skywalker гэдэг газар сууя” гээд байхаар нь би  хамт явахгүй. Гэртээ харьмаар байна” гэж машин хөдөлснөөс хойш гуйсаар байгаад Шангри-Лагийн яг эсрэг талын харалдаа зогсоод, би нөгөө талаас нь таксинд суугаад явсан байгаа. 2019 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Т.Анужинтай “Хүй Долоон Худаг” дээр таарахад нүүр, биеийн байдал нь зүв зүгээр байсан. Өгсөн өргөдөлдөө тэрээр “бие өвдөөд хэд хоног гарч чадаагүй, дараа нь цагдаад мэдүүлэг өгсөн” гэж бичсэн байна лээ. Түүнийг 7 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд зүгээр явж байсныг гэрчлэх хүмүүс байгаа гэв.  

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.Анужингийн өгсөн: ...Би 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гэрээсээ гараад найз Билгүүний төрсөн өдөрт “Никитон” бааранд очсон, тэгээд тэндээсээ гараад өөрийн машинд Билгүүн, Б.У, Жагаа, Баяраа гээд хүмүүсийн хамт суугаад Баянцээлийн ийшээ ирсэн. Баянцээлийн доод аркны орчим төв зам дээр явж байх үед Б.У машин дотор тамхи татаад тамхины үнсээ машин дотор хаяаад байсан. Тэгэхээр нь үнсээ битгий дотор хаяаад бай гэсэн чинь юу ч хэлээгүй шууд баруун гараараа миний нүүр хэсэг рүү 4-5 удаа гараа атгаж байгаад цохисон. Тэгээд үсдээд дээрээс бас хэдэн удаа цохисон. Тэгсэн чинь дуудлагын жолооч машин зогссон чинь хамгийн баруун талд сууж байсан Баяраа нөгөө хүүхнийг болиулах гээд очсон чинь миний үснээс татчихаад тавихгүй байсан. Жагаа бас болиулсан. Тэгээд тэр хүүхнийг Баяраа, Жагаа аваад явсан. Би Билгүүнээр гэртээ хүргүүлсэн. Тэгээд өнөөдөр цагдаагийн байгууллагад хандаж байна...

...Тэр эмэгтэй намайг зодож байхыг Билгүүн /Жав/, Жагаа, Баяраа болон дуудлагын жолооч байсан. Машины арын суудалд сууж байсан Баяраа, Жагаа нар намайг салгасан. Эмчилгээнд гарсан зардлын баримт байгаа. Би түүнийгээ авч ирж өгнө. Би гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 10-12, 13-14 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Билгүүний өгсөн: ...2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр миний төрсөн өдөр болж Үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлах “Никитон” клубт найзууд болох Энхбаяр, Мөнхжаргал нарын хамт төрсөн өдрөө тэмдэглэж байсан. Энхбаярын дуудсанаар Б.У гэх эмэгтэй ирсэн байсан. Хэсэг хугацааны дараа Анужин ирсэн байсан. Бидний сууж байсан газар хаах цаг нь болж бид нар тэндээс гараад дуудлагын жолооч дуудаад Анужингийн машинд суусан. Би урд талд жолоочийн хажуу талын суудалд суусан байсан. Харин арын суудалд Анужин, Б.У, Энхбаяр, Мөнхжаргал дөрөв сууж байсан. Бид нар хөдлөөд явж байхад Б.У татаж байсан тамхины үнсээ машинд нь хаяаад байхаар нь Анужин нь Б.У-н татаж байсан тамхийг аваад машины цонхоор гаргаад шидсэнээс хэрүүл маргаан хийж эхэлсэн. Анужин, Б.У нар хоорондоо маргалдаад намайг харахад Б.У нь Анужингийн үснээс нь бариад дарсан байхаар нь машинаа зогсоож буулгахад Анужингийн нэг талын шанаа хэсэг нь хавдаад ам хэсгээс нь цус гарсан байсан. Амнаас нь юм уу хамраас нь гарсан эсэхийг би хараагүй. Машин зогссон газар нь Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо Сансарын Тунелийн автобусны буудлын эсрэг талд байсан. Би Анужинг машинтай нь аваад Мөнхжаргал, Энхбаяр хоёр Б.Уыг аваад харихаар явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаад  гэрч Ж. Энхбаярын: ...намайг харж байхад Б.У нь Анужинг энэ чинь миний толгой дээр виски асгасан гээд үснээс нь зулгааж доош дараад тавихгүй байсан. Өөр байдлаар цохиж байхыг хараагүй...Анужингийн биед Б.У-с өөр хэн нэгэн хүн хүрч, цохиж зодоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р тал/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Мөнхжаргалын: ...миний харснаар тэр хоёр хоорондоо үсдэлцэж нэг нэгнийхээ үснээс зулгаагаад байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 8606 дугаартай шинжээчийн:

1.2. Т.Анужингийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн дээд 1-р шүдний сулрал, уруулд зулгаралт, язрал, хоёр шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Бадрал гэх дүгнэлт /хх-ийн 17 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Б.У-н: ...Бид нар тэндээс гарахад Анужинг Билгүүн түшээд явж байсан. Маш их согтсон дээр нь өсгийтэй гутал өмссөн явж чадахгүй байсан. Бид нар Никитоны гадаа дуудлагын жолооч дуудаад байж байхад Билгүүнээ миний мөрөн дээр гараа тавиад бүгд цааш явна гэж хэлсэн. Үүнээс болж Анужин нь намайг Билгүүнтэй хардсан юм шиг байхаар нь би Анужинд хандаж би нөхөртэй гэж хэлсэн. Бид нар гадаа сэрүүхэн байхаар нь машинд суугаад байж байсан. Би машинд суугаад тамхи асаагаад найз нартайгаа юм яриад байж байхад Анужин нь намайг чи битгий юм яриад бай, дуугүй бай новш оо, гичий гэх мэтээр харааж байснаа миний татаж байсан тамхийг аваад над руу шидсэн. Тамхи нь миний цээжин хэсэгт оноод нэгнийх нь хөл дээр унасныг аваад гадаа гаргаж хаясан. Энэ үед Анужин нь миний зүүн талд суусан байсан бөгөөд би нөгөө тийш хараад найзуудтайгаа юм ярьж байхад над руу Анужин нь над руу виски цацаад үлдсэнийг нь миний толгой дээрээс асгаж байхаар нь би вискиг нь цааш түлхсэн. Миний нүд рүү виски ороод хорсоод байхаар нь нухаж байхад Анужин нь над руу сарвалзаад маажих гээд байхаар нь би үснээс нь бариад өөр рүүгээ ойртуулахгүйн тулд доош дараад найзууддаа хаалгаа нээхийг шаардсан. Энэ үед Баяраа, Жагаа хоёр машинаас буугаад би араас нь үснээс нь тавиад араас нь буусан. Удалгүй дуудлагын жолооч ирээд бид нар машиндаа суугаад хөдөлсөн. Машин хөдлөөд тэд нар амралтанд явна гэхээр нь би явахгүй бууна гэж хэлж байсан. Машин хөдлөөд хойш эргээд  Шангрилагийн урд очиж зогсоод Баяраа, Жагаа бид гурав  машинаас буусан бөгөөд миний араас Билгүүн бууж ирээд надаас уучлалт гуйгаад Анужин нь маш их согтсон байна гэж хэлж байсан. Цааш тэр машинаар Анужин Билгүүний хамт явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар тал/,

- Шүүгдэгч Б.Уын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 30, 31 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Б.У нь 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө  Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Анужинг зодож, улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Т.Анужингийн мэдүүлэг, гэрч Б.Билгүүн, Ж.Энхбаяр, Д.Мөнхжаргал нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 8606 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.У-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.У нь хохирогч Т.Анужинд энэ гэмтлийг учруулаагүй гэж мэтгэлцэж байх боловч түүнийг няцаасан нотлох баримт хавтас хэрэгт авагдаагүй байх тул гэм буруугүй байна гэж үзэх үндэслэлгүй байна.

            Шүүгдэгч Б.У нь энэ гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

            Хохирогч Т.Анужин нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй тул шүүгдэгч Б.У-г бусдад баримтаар төлөх төлбөргүй гэж үзэв.

            Хохирогч Т.Анужин нь энэ гэмтлийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлыг холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Б.У-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.У нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.У-г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.У-д оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.        

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.У нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч Т.Анужин нь энэ хэргийн  улмаас учирсан  гэм хорын хохирлыг холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.АЛТАНЦЭЦЭГ