Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 1861

 

 

 

 

 

 

   2019        12          12                                  2019/ШЦТ/1861

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,

улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч Ө.Э, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн ҮД:04-40,

хохирогч Л.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ө.Эд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903 01143 0486 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ө.Э

Холбогдсон хэргийн талаар:

Ө.Э нь 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 16 цаг 20 минутын үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Цэргийн нэгдсэн эмнэлгийн зүүн урд талын замд “Тоёота-Приус” маркийн 49-04 УБЦ улсын дугаартай тээврийн  хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Л.Энхбаярыг мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Э мэдүүлэхдээ: 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр би үдээс хойш Цэргийн төв эмнэлэгт ажилд орохоор явж байсан юм. Тэгээд очих явцдаа Цэргийн төв эмнэлгийн үүдэнд хохирогчийг мөргөсөн. Тухайн үед би 1 дүгээр эгнээнд явж байгаад хохирогчийг сайн харж чадаагүй. Хохиролд 1.600.000 төгрөг төлсөн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Энхбаяр мэдүүлэхдээ: Тэр өдөр манай охин төрөх гээд эмнэлэгт ирчихсэн байсан. Тэгээд би ажлынхаа цайны цагаар эмнэлэг рүү явж байсан юм. Цэргийн госпиталийн зүүн талын гарцаар явж байтал гэнэт машин ирээд мөргөсөн. Би юу болсныг ч мэдээгүй. Нэг ухаан ортол баруун талын тавхайн дээр машины дугуй гарчихсан байсан. Тэгээд орилоод “ухраач ээ” гэж байж хөлөө аваад,түргэн тусламж, цагдаа дуудаач ээ” гэсэн чинь  ах, гайгүй юу? ийшээ госпиталь орох уу?” гэсэн. Би өөрөө 102 луу 2 удаа дуудлага өгсөн байдаг. Түргэн тусламж ирээд гэмтлийн эмнэлэг рүү явсан. Гэмтлийн эмнэлэгт 14 хоног хэвтээд, дараа нь “Мед траума” хувийн эмнэлэгт 8 хоног хэвтсэн. Хөлөнд ил шарх үүсээд дандаа боолт, цэвэлэгээнд явж байсан. Сая 12 дугаар сарын эхээр л ил шарх эдгэлээ. Одоо хөл дээрээ явахад шагай гэмтчихсэн юм шиг хавдаад, өвдөөд болдоггүй. Хөдөлмөрийн чадвараа алдаж, ажилгүй байсан хугацааны цалин 3.300.000 төгрөг, эхнэр намайг асрахын тулд 3 сар ажлаа алдсаны 3.000.000 төгрөг, сэтгэл санаа, эрүүл мэндийн хохирол 3.000.000 төгрөг, нийт 9.300.000 төгрөг нэхэмжилж байна гэв.  

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-9 дүгээр тал/,

- Хэргийн газрын давтан үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-16 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.Энхбаярын өгсөн: ...Би 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ажлынхаа завсраар Амгалан 3 дугаар төрөх орох гээд өдөр 16 цаг 20 минутын орчимд байх Кино-Үйлдвэрээс гараад явган хүний замаар алхаж явж байгаад Цэргийн нэгдсэн төв эмнэлгийн зүүн урд талын явган хүний гарцаар гараад гарц дуусч байхад төв замаар явж байсан Т.Приус маркийн автомашин туслах зам руу баруун гар тийш эргэх үйлдэл хийхдээ намайг мөргөсөн юм. Би машинд мөргүүлээд унасан. Тэгтэл миний баруун хөл уг машины баруун урд дугуйн доор нь орчихсон байсан. Би хойшоо ухраач гэж хэлж байж уг машины жолооч нь хойшоо ухарсан юм. Тэгээд би өөрөө шууд 102-т дуудлага өгсөн, жолооч 103-т дуудлага өгсөн юм. Удалгүй түргэний эмч нар ирээд миний биед үзлэг хийгээд хөл хугарсан байна гээд шууд намайг аваад гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн юм.Би гэмтлийн эмнэлэгт хүрээд баруун хөл болон цээжний зураг авсан. Мөн ЭХО-д харуулсан. Эмч нар баруун хөлний зураг үзээд хөл хугарсан байна гээд хэвтүүлсэн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 11909 дугаартай шинжээчийн:

1. Л.Энхбаярын биед баруун шаант, тахилзуур ясны далд хугарал, баруун шилбэний өмнөд гадаргуун зулгарсан шарх, баруун тавхайн дотор гадаргуун зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Н.Энхцолмон гэх дүгнэлт /хх-ийн 37 дугаар тал/,

Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 438 дугаартай:

1. “Тоёота-Приус-20” маркийн 49-04 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ө.Э нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн: Арван зургаа. Явган хүний гарц нэвтрэх: 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө-гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч 45 настай эмэгтэй Лхамсүрэн овогтой Энхбаяр нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

3. Зам тээврийн осол гарахад зам орчны нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. Цагдаагийн ахмад Д.Батзориг гэх дүгнэлт /хх-ийн 50 дугаар тал/,

- Шүүгдэгч Ө.Э-ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 62, 69, 71 дүгээр тал/,

- Хохирлын баримт /хх-ийн 77-81 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ө.Э нь 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 16 цаг 20 минутын үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Цэргийн нэгдсэн эмнэлгийн зүүн урд талын замд “Тоёота-Приус” маркийн 49-04 УБЦ улсын дугаартай тээврийн  хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Л.Энхбаярыг мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Л.Энхбаяр, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 1909 дугаартай шинжээчийн болон Тээврийн цагдаагийн албаны 438 дугаартай дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар  тогтоогдож байх тул шүүгдэгч Ө.Эыг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ө.Э нь энэ гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус хуульчилжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.Энхбаяр хавтаст хэрэгт 137.000 төгрөгийн баримтыг хавтаст хэрэгт ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Ө.Э 1.600.000 төгрөгийг төлж барагдуулсан байна. /хх-ийн 76-87 дугаар тал/

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Энхбаяр нь энэ гэмтлийн улмаас ажилгүй  байсан хугацааны цалин хөлс 3.300.000 төгрөг, гэр бүлийн хүн асарч ажил хөдөлмөр эрхлээгүйн улмаас 3 сарын цалин орлого 3.000.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 3.000.000 төгрөг нийт 9.300.000 төгрөгийг нэхэмжилж байна.

Шүүхэд ирүүлсэн бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хохирогч Л.Энхбаярын нэг сарын цалин орлогыг 800.000 төгрөгөөр тооцож, нийт гурван  сарын хөлс 2.400.000 төгрөгийг, мөн эм тарианы төлбөрт төлсөн 150.050 төгрөг нийт 2.550.050 төгрөгийг хохирогчид гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. /хх-ийн 138-169 дүгээр тал/

Хохирогч Л.Энхбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх тул гэмтлийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ө.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэв.

            Шүүгдэгч Ө.Э нь урьд нь ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 62 дугаар тал/  

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт: ...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Ө.Э-ы үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч Ө.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид  эмнэлэгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ө.Э нь цагдан хоригдсон хоноггүй байна.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ө.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Э-г 750 /долоон зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 /долоон зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ө.Э-д оногдуулсан 750 /долоон зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 /долоон зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай. 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Ө.Э /РД:/-с 2.550.050 /хоёр сая таван зуун тавин мянга тавин/ төгрөгийг гаргуулж хохирогч Лхамсүрэнгийн Энхбаярт /РД:/ олгосугай.   

          5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ө.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдан ирсэн Ө.Э-ы 1041108 дугаартай жоллоочийн үнэмлэхийг Ө.Э-д буцаан олгосугай.

7. Хохирогч Л.Энхбаяр нь энэ гэмтлийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ө.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.АЛТАНЦЭЦЭГ