Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 1874

 

 

 

 

 

 

 

   2019        12          13                                 2019/ШЦТ/1874

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                            

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,

          улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

          шүүгдэгч Т.Тнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Т.Тяллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 06409 2475 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, Т.Т

          Холбогдсон хэргийн талаар:                                       

Т.Т нь 2019 оны 09 дүгээр сарын 04-ний шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Энхжаргалын дуудлагын жолоочийн хөлс болох 75.000 төгрөг шилжүүлэх байснаас андуурч шилжүүлсэн 750.000 төгрөгийн  алдаатай гүйлгээ болох илүү шилжүүлсэн 675.000 төгрөгийг завшсан хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Т мэдүүлэхдээ: Энэ хэрэг үйлдэгдэхэд зуун хувь миний буруу тул хэргийн талаар дахин ярих зүйлгүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Энхжаргалын өгсөн: ...2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хуриманд явчихаад орой 23 цагийн орчимд би Зайсан орчимд байхдаа дуудлагын жолооч дуудсан бөгөөд дуудлагын жолоочийг ирэхээр нь замаараа найзыгаа буулгаад Будда вестад очиж нөхрийгөө авсан. Туханй үед манай нөхөр архи амссан байсан учир машинаа барихгүй гээд дахиад нэг дуудлагын жолооч дуудаад 2 машинаа бариулаад Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх гэрийнхээ гадна очсон. Тухайн үед жолоочоос хэдэн төгрөг өгөх талаар асуухад 75.000 төгрөг гэж хэлсэн бөгөөд надад бэлэн мөнгө байгаагүй учир дуудлагын жолоочид данс руу чинь шилжүүлчих үү гэхэд тэг гэж хэлсэн. Тэгээд тухайн жолоочоос би дансных нь дугаарыг аваад 5035587116 тоот данс руу 75.000 төгрөг шилжүүлэх гэж байгаад 750.000 төгрөг шилжүүлсэн байсан. Миний утасны дэлгэц хагархай байсан учир 1 орон нэмж шилжүүлсэн байсан. Тэгээд 9 дүгээр сарын сүүлээр байх манай нягтлан надад хэлэхдээ та такси гээд 750.000 төгрөг шилжүүлсэн байна, ийм үнэтэй такси барьж явсан юм уу гэхээр нь дансныхаа гүйлгээг нягталж үзэхэд 750.000 төгрөг шилжүүлсэн байсан. Тэгэхээр нь “ХААН “ банкнаас 2019.09.30-ны өдөр тухайн данс эзэмшигчийн дугаар руу залгуулахад утас нь холбогдох боломжгүй байсан. Тухайн үед би Герман руу ажлаар яваад 10 дугаар сарын дундуур ирээд Цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргасан. Би зургийг харлаа. Тухайн өдөр надад үйлчилсэн дуудлагын жолооч мөн байна. Би дуудлагын хөлс болох 75.000 төгрөгийг хасаад 675.000 төгрөгийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар тал/,

- “Жаргалантогтох” ХХК-иас ирүүлсэн албан бичиг /хх-ийн 10 дугаар тал/,

- Б.Энхжаргалын “ХААН” банкны депозит дансны хуулга /хх-ийн 5 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Т.Тын: ...Тэгээд 04:30 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Халдвартаас хойш яваад байрных нь гадна очсон. Тэгээд би 75.000 төгрөг болсон гэж хэлэхэд мобайлаар шилжүүлчих үү гэхээр нь би болно, болно гээд өөрийнхөө “ХААН” банкны 5035587116 тоот дансны дугаарыг өгсөн. Тэр үед надаас Түвшинбаяр мөн үү гэж асуухаар нь мөн гэж хэлэхэд мөнгө шилжүүлсэн гээд гүйлгээ амжилттай боллоо гэснийг харуулсан. Тэгээд би 7 хоногийн дараа миний дансанд илүү мөнгө орсныг мэдсэн бөгөөд тэр эгчийг надтай холбоо барих байх гэж хүлээсэн. Тэгээд холбоо барихгүй байхаар нь 09 дүгээр сарын сүүлээр байх тэр эгчийн дугаарыг олсон. Тэгээд тэр эгчтэй холбогдох гэснээ анх дансанд мөнгө орсныг мэдээгүй мөнгөнөөс нь хэрэглэчихсэн байсан болохоор бүрдүүлж байж холбогдъё гэж бодсон. Тэгтэл тэрний дараа би машинаа бариад явж байхад миний машин эвдрээд мөнгөний хэрэгцээ гарахаар нь хэрэглэчихсэн юм. Би бусдын андуурч хийсэн гүйлгээнээс мөнгө авч хэрэглэсэн өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож ухамсарлаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр тал/,

          - Шүүгдэгч Т.Т-н иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 11, 13 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          Т.Т нь 2019 оны 09 дүгээр сарын 04-ний шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Энхжаргалын дуудлагын жолоочийн хөлс болох 75.000 төгрөг шилжүүлэх байснаас андуурч шилжүүлсэн 750.000 төгрөгийн  алдаатай гүйлгээ болох илүү шилжүүлсэн 675.000 төгрөгийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Энхжаргал, яллагдагчаар өгсөн Т.Т нарын мэдүүлэг, хохирогч Б.Энхжаргалын болон шүүгдэгч Т.Тын “ХААН” банкны дансны хуулгууд зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Т.Тыг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч Т.Т нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсэн атлаа гэм буруугийн санаатай хэлбэрээр бусдад хохирол учруулж үйлдсэн байна.

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д …бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

          Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д ...бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх, адил нэр төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус хуульчилжээ.

          Хохирогч Б.Энхжаргалд гэмт хэргийн улмаас учирсан 675.000 төгрөгийн хохирлыг төлөөгүй байх тул шүүгдэгч Т.Т-с гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Шүүгдэгч Т.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Т.Тнь цагдан хоригдсон хоноггүй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:      

          1. Т.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төлбөр тооцооны алдаатай гүйлгээ  гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Т-г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Т.Т-т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

          4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Т.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Т.Т-с 675.000 төгрөгийг гаргуулан хохирогч Булгадар овогт Баатарын Энхжаргал /РД:/-д олгосугай.

          6. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.АЛТАНЦЭЦЭГ