| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/1861/Э |
| Дугаар | 1888 |
| Огноо | 2019-12-16 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Г.Цэрэнжамц |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 1888
2019 12 16 2019/ШЦТ/1888
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,
улсын яллагч Г.Цэрэнжамц,
шүүгдэгч М.Б , түүний өмгөөлөгч Б.Эрдэнэцэцэг ҮД:17-11 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан М.Б д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 05991 2616 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, М.Б
Холбогдсон хэргийн талаар:
М.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Хит хаус” төвийн зочид буудлын 102 тоот өрөөний 32 инчийн лед зурагт, модон ширээ, аяга зэрэг эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага бус хэмжээнээс дээш хохирол буюу 620.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ: 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр манай найз намайг цуг халтууранд явах уу гэсэн. Тэгээд хоёр найзыгаа 04:00 өнгөрч байхад авсан юм. Хоёр найз ажлаасаа буугаад, халуун устай буудалд орчихъё гээд үүрийн 05:00 цаг өнгөрч байхад нэг буудалд орсон. Тэгээд ганц юм аваад цуг уусан. Тэрийгээ дуусгачихаад манай найз ганц юм аваадахъя гээд дэлгүүр ороод буцаж ирэхдээ нэг таньдаг залуутайгаа таарсан юм байна лээ. Тэгээд тэр найз нь манай найзыг тасарсан хойгуур над руу томроод байсан юм. Тэгэхээр нь би босгох гэж байгаад ширээн дээр нь унасан бөгөөд тэр залуу руу ширээний хөлийг аваад шидтэл зурагт оночихсон. Дараа нь буудлын ресепшн цагдаа дуудаад биднийг аваад явсан гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Төмөрийн өгсөн: ...Би “Хит хаус” зочид буудлыг 2012 оноос хойш ажиллуулж байгаа. Би 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ажил дээрээ байгаагүй. Тэр өдрийн ээлжийн ресепшн Нандинцэцэг над руу утсаар залгаад 08 цагийн орчим нэг хүн хэл амаар доромжлилж агсам тавиад хамаг юм эвдээд байхаар нь цагдаа дуудаад өгөөд явуулчихлаа гэсэн. Ингээд ажил дээрээ ирэхэд буудлын 202 тоот өрөөний 32 инчийн зурагт, модон ширээ, сэнжтэй аяга, шилэн стакан зэргийг эвдэлсэн байсан. Хохирол барагдуулаагүй байгаа. Хяналтын камер нь давхар болгоны коридорт байгаа. Тухайн үеийн бичлэг байхгүй. Хохирлоо барагдуулмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Нандинцэцэгийн өгсөн: ...2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр намайг Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хит хаус” зочид буудалд ресепшнээр ажиллаж байхад гаднаас үүрийн 5 цаг өнгөрч байхад 2 эмэгтэй, 2 эрэгтэй гээд нийт 4 хүн халамцуу орж ирсэн. Ингээд манайхаас өрөө захиалаад 2 давхарын 202 тоот өрөөнд орсон. Ороод удаагүй байхад 1 эмэгтэй нь түрүүлээд гараад явсан. Тэгээд 7 цагийн үед 2 эрэгтэй нь гарч нэг уух ус, ундаа олж ирье гээд гараад явсан. Тэгээд цаг орчим болж байгаад гаднаас гурвуулаа болоод нэг залуу нэмээд дагуулаад орж ирсэн. Орж ирэхдээ хиам, бэлэн гоймон, пиво барьчихсан нилээн согтсон байдалтай орж ирсэн. Тэгэхээр нь би пиво оруулахгүй гэсэн уухгүй эгч ээ, хоол идчихээд удахгүй гарлаа гээд өрөөндөө орсон. Тэгээд удалгүй хоорондоо зодолдоод маргалдаад эхэлсэн. Тэгэхээр нь би яваад орсон чинь бөөрөнхий ширээ эвдэлчихсэн байхаар нь яагаад ширээ эвдэлчихсэн түрүүлж орж ирсэн хоёр залуугийн нэг нь тасраад унтчихсан, нэг намхан залуу нь сүүлд дагуулж орж ирсэн залуутайгаа хоорондоо маргалдаад байсан. Тэгээд хэл амаар доромжлоод байхаар нь би цагдаа дуудлаа гээд доошоо буусан чинь араас хамт байсан нэг эмэгтэй нь уг намхан залуутай маргалдаад байсан сүүлд орж ирсэн залуутай миний араас хүрч ирээд эгч ээ, цагдаа дуудаад хэрэггүй бид нар одоо гарлаа гээд дагаад байсан. Тэр үед дээр 202 тоот өрөөнд үлдсэн намхан залуу ганцаараа орилж чарлаад агсраад үлдсэн. Тэгсэн гэнэт пис пас гэх чимээ гарахаар нь дээшээ гараад өрөөнд нь орох гэсэн чинь тэр намхан залуу тасарсан байсан залууг чирчихсэн гаргах гэж байхаар нь хөөе гэсэн чинь урдаас хиам авч шидээд агсраад байхаар нь буцаад буусан чинь цагдаа хүрээд ирсэн. Тэгээд цагдаагийн хамт дээшээ өрөөнд нь орсон чинь хананд өлгөсөн байсан зурагт хагалчихсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар тал/,
- “Хос стандарт” ХХК-ын 19/07 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 21-23 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн М.Б ийн: ...Тэр өдөр Ёндог гэж дууддаг найзын хамт таксинд явж байгаад Сүнжин грандаас таньдаг хоёр найз охиноо Ёндогийг авсан. Тэгээд үүрийн 5 цаг өнгөрч байсан болохоор халуун устай буудал оръё гээд “Хит хаус” зочид буудал орсон. Буудалд ороод нэг охин нь явчихсан. Буудал дотор Ёндог бид 2 нэг шил “Хараа” архи уугаад дуусахад 6 өнгөрч байсан. Тэгээд дахиад шил архи авахаар Ёндог бид хоёр хамт гараад Ботаник ороод дэлгүүр дотор Ёндогийн хуурай дүү Бат-Эрдэнэтэй тааралдаад бид 3 буцаж буудал орж архиа уугаад Ёндог унтчихсан. Тэгээд Бат-Эрдэнэ бид 2 уугаад сууж байхад Бат-Эрдэнэ жоохон томроод байхаар нь би босохдоо ширээн дээр нь дараад босох гэсэн чинь ширээний хөл нь хугарчихсан. Тэгэхээр нь хөлийг нь аваад шидсэн чинь хананд өлгөсөн байсан зурагтыг нь хагалчихсан. Тэгээд удалгүй цагдаа ирээд Бат-Эрдэнэ бид хоёрыг эрүүлжүүлсэн. Ширээг нь би хийчихсэн байгаа. Зурагтыг нь одоо авч өгөөд боллоо гэсэн. Хохирогчтой нь тохиролцоход 3 ширээ хийгээд өгчих тэгээд нэг зурагт аваад өгчих гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар тал/,
- Шүүгдэгч М.Б ийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39, 40 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
М.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 18ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хит хаус” төвийн зочид буудлын 102 тоот өрөөний 32 инчийн лед зурагт, модон ширээ, аяга зэрэг эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага бус хэмжээнээс дээш хохирол буюу 620.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Г.Төмөр, яллагдагчаар өгсөн М.Б нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул М.Б ийг гэм буруутайд тооцож эрүүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Шүүгдэгч М.Б нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар …бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д ...бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх, адил нэр төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус хуульчилжээ.
Хохирогч Г.Төмөрт учирсан хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгч М.Б ээс хохирлыг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч М.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.Б нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. М.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Б-г 500 /таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Б д оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар М.Б ээс /РД:/ 670.000 /зургаан зуун далан мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Ганзоригийн Төмөрт /РД:/ олгосугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол М.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ