Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 263

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг 

хүлээн зөвшөөрснийг  баталж, хэргийг 

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч М.Энхмандах би нэхэмжлэгч Дорноговь аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй хариуцагч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрт холбогдох нийгмийн даатгалын шимтгэл 125870592 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг  2016  оны 11 сарын 04-ний өдөр хүлээн авч, 2016 оны 11 сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад     

 

                                                                                     Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэр нь ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын санд хугацаанд нь төлөөгүйгээс болж нийгмийн даатгалын шимтгэлийн 152870592 төгрөгний өр үүсгэсэн тул уг нийгмийн даатгалын шимтгэлийг гаргуулж, нийгмийн даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

 Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнгөнцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: “Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь 2016 оны 10 сарын 28-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрээс нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг 152870592 төгрөг гэж нэхэмжлэлийн үнийн дүнг буруу бичсэнийг залруулж 125870592 төгрөгний нийгмийн даатгалын өртэй байгаа. Иймд хариуцагч “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрээс 125870592 төгрөгний нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг гаргуулж, нийгмийн даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ундрах шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Монголросцветмет ХХК нь хэдийгээр санхүүгийн хүнд нөхцөл байдалд байгаа боловч үүсээд байгаа нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр төлбөрийг 2016 оны 06 сараас эхлэн сар бүр 20 сая төгрөг төлж барагдуулах саналтай байгаагаа Дорноговь аймгийн Айраг сумын засаг дарга С.Ганбаатарт 2016 оны 06 сарын 02-ны 1/680 тоот албан бичгээр хүргүүлсэн билээ. Үүнээс хойш 2016 оны 10 сарын 14-нд 10 сая төгрөг, 2016 оны 10 сарын 18-нд 50 сая төгрөг төлөөд байна. Одоогоор 125870592 төгрөгний үлдэгдэл өрийг хуваарийн дагуу төлөх болно. Төлбөл зохих дүн дээр татгалзах зүйлгүй” гэжээ.

 

                                                                                                    Ү Н Д Э С Л Э Х нь:

 Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрээс нийгмийн даатгалын шимтгэл 125870592 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “ Ажил олгогч нь даатгуулагчийн төлбөр зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй  адилтгах орлого олгох бүртээ энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ” гэж заасан байна.

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрээс нийгмийн даатгалын шимтгэл 125870592 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнцэцэг хариуцагч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн ерөнхий нягтлан бодогч Р.Буд нарын хийсэн тооцооны үлдэгдлийн баталгаанд 185870952 төгрөгний үлдэгдэлтэй байсан нь нотлогдож байна.

Зохигчид нь 2016 оны 10 сарын 14-ний өдөр 10 сая төгрөг, 2016 оны 10 сарын 18-ны өдөр 50 сая төгрөг өгч, авсан гэдгийг хүлээн зөвшөөрч тайлбарыг гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэр нь нийгмийн даатгалын шимтгэл 125870592 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

 Иймд хариуцагч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэр нь нийгмийн даатгалын шимтгэл 125870592 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбараа ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.  

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь төсвийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрээс 125870592 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 787303 төгрөгний тал хувь 393651 төгрөг 50 мөнгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулж, улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75,

123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага

болгон  З А Х И РА М Ж Л А Х нь:

 

          1.Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжилсэн 125870592 /нэг зуун хорин таван сая найман зуун далан мянга таван зуун ерэн хоёр/ төгрөгийг хариуцагч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэр нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Дорноговь аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрээс улсын тэмдэгтийн хураамж 393651 төгрөг 50 мөнгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулж, улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэр нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

ШҮҮГЧ                      М.ЭНХМАНДАХ