| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2020/0033/Э |
| Дугаар | 92 |
| Огноо | 2020-01-16 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Ганзориг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 92
2020 01 16 2020/ШЦТ/92
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа,
улсын яллагч Б.Ганзориг,
шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар ҮД:00-09 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Бад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 05961 2630 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Э.Б
Холбогдсон хэргийн талаар:
Э.Б нь 2019 оны 10 дугаар сарын 03-ны шөнө 02 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 86-88 УНС улсын дугаартай “Аванти XD” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож такси үйлчилгээнд явж байхдаа Х.Энхзулын эзэмшлийн бөгж, ээмэг, гинж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 1.849.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн тул дахин ярих зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Х.Энхзулын өгсөн: …Би 2019 оны 10 сарын 03-ны орой 02:00 цагийн үед Баянцээлд байдаг Бишрэлт караокеноос гараад тэндээсээ зам дээрээс такси бариад таксинд оронгуутаа Шөлөндө хоолны газар орно гэж хэлээд суусан чинь халуун пааранд нь цохиулаад унтчихсан байсан. Тэгсэн чинь намайг тэр таксины жолооч Баянхошууны оршуулганы тэнд авааччихсан байсан. Тэгээд би яаж байгаа юм бэ, би Баянхошуунд ирэх шаардлагагүй гэж хэлээд өөрийнхөө цүнхэн дэх юмнуудаа үзсэн чинь миний цүнхэнд байсан миний 3 хос монетон ээмэг, 2 ширхэг монетон бөгж, 2 ширхэг монетон гинж, гоёлын 1 хос ээмэг, цагаан чулуун цаг, Самсунг Эс-7 маркийн гар утас, утасны цэнэглэгч алга болсон байхаар нь миний юмнууд өг гээд байж байсан чинь тэр зам дээр цагдаагийн машин харсан болохоор эргээд тэр такси намайг Баянцээлд авч ирэхээр нь би цагдаагийн хэсэг рүү ороод хэлсэн чинь тэнд байсан цагдаа тэр таксин дотроос хайж байгаад шалавчин доороос нь миний алга болсон юмнуудыг олж өгсөн...
...Буцааж авсан зүйлүүдээс 1 ширхэг өрөөсөн ээмэг байхгүй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 9-10, 11-12 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар Э.Б-н өгсөн: ...2019 оны 10 дугаар сарын 03-ны орой 23 цагийн үед Сүхбаатарын талбайн хажуу талаас ажлаа тараад хувийн машинаар таксинд явсан тэгсэн нэг хүн гар өргөхөөр нь аваад Сансар ороод буулгасан. Тэгсэн Сансарын нүхэн гарцны ойролцоогоос эмэгтэй хүн гар өргөхөөр нь зогсоод авсан. Тэгэхэд согтуу эмэгтэй хүн байсан. Тэгэхээр нь буулгах гэтэл буугаагүй, унтаад өгөхөөр нь шөнө болсон болохоор нь гэр рүүгээ аваад явсан. Тэр хоорондоо ар гэр рүү нь залгах санаатай цүнхийг ухаад үзсэн. Тэгсэн ээмэг, бөгж, гинж байхаар нь авсан. Гар утсаар нь залгах гэтэл унтраачихсан байсан. Тэгээд цаашаа хөдлөөд Баянхошууны хөтөл давах гээд байж байхад сэрсэн. Тэгээд хаашаа явж байгаа юм бэ гэхээр нь би “та машинд орж ирээд унтаад өгсөн, сэрээх гэсэн чинь сэрээгүй, таныг гэр рүүгээ авч явж байна” гэж хэлсэн. Тэгсэн тэр эмэгтэй би Сансар орох ёстой гэхээр нь би Сансарт цагдаагийн постон дээр ирээд тэр хүүхэн миний эд зүйлийг энэ залуу авсан гэж хэлээд миний машиныг нэгжээд ээмэг, бөгж, гинж зэргийг буцааж өгсөн. Би тэр эмэгтэйг аваад 100 айл руу уруудаж байхдаа гэрлэн дохио дээр зогсож байх хоорондоо цүнхийг ухаж үзсэн. Тухайн үед цүнхэн дотор монетон гинж, монетон бөгж, гар утас, ээмэг гэх зэрэг зүйл байсан. Тэгээд цүнхнээс нь аваад машиныхаа жолоочийн суудал доор нуусан...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 22 дугаар тал/,
- Алдагдсан гэх эд зүйлийг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тухай баримт / 53-54-р тал/
- Шүүгдэгч Э.Б-н иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, Нийгмийн даатгалд шимтгэл төлсөн тодорхойлолт /хх-ийн 31, 32, 33, 34 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Э.Б нь 2019 оны 10 дугаар сарын 03-ны шөнө 02 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 86-88 УНС улсын дугаартай “Аванти XD” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож такси үйлчилгээнд явж байхдаа Х.Энхзулын эзэмшлийн бөгж, ээмэг, гинж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 1.849.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Х.Энхзул, яллагдагчаар өгсөн Э.Б нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Быг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
- Хохирогч Х.Энхзул нь алдсан эд зүйлсээ биет байдлаар буцаан авсан талаар эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл үйлдэгдсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 53-54 дүгээр тал/
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: ...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Э.Б-н үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Э.Б нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаж байна гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Бад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Шүүгдэгч Э.Б нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 31 дүгээр тал/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Э.Бад оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгуулагадаа урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Э.Б-н тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Б нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг сануулсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ