Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 6425

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн БЭ87062406 регистрийн дугаартай, Монгол улс, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Трю эл хотхон 716 дугаар байр, 105 тоотод оршин суух Хавалын Жамботагийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам-нд холбогдох

 

Цалин хөлсний нөхөн олговор 2.783.284 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Х.Жамбота шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол улсын иргэн Х.Жамбота миний бие 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Хөдөө аж ахуй үйлдвэрлэл, шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвийн захирлын 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 11 дүгээр тушаалаар тус төвийн Төсөл, хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтний ажилд томилогдсон юм. 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Б/03 дугаар тушаалаар тус яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Санхүүгийн, хөрөнгө оруулалтын хэлтэст төсвийн байгууллагын төлөвлөлт хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад энэ хугацаанд төрийн албанд ороод мэргэшлийн сонгон шалгаруулалтанд орж тэнцэн төрийн жинхэнэ албан хаагчийн болзолыг хангасан. Ингээд үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны төрийн нарын бичгийн даргын 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/132 дугаар тушаалаар төсвийн байгууллагын төлөвлөлтийн мэргэжилтний албан тушаалд төрийн жинхэнэ албан хаагчаар баталгаажуулан томилогдсон. 2014 оны 11 дүгээр сарын 27-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 13-ний өдрийг хүртэл нэг жилийн хугацаатай хүүхэд асрах чөлөө авсан. Миний хүүхэд асрах хугацаа дуусч 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр чөлөө дуусч эрхэлж байсан ажилдаа орон хүсэлт тавьсан боловч өмнө эрхэлж байсан ажилд авахгүй хохироож байна. Иймд Х.Жамбота миний ажилгүй байсан хугацаа буюу 2016 оны 05 дугаар сар 16-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх цалин хөлсний цалин олговор боох 2.507.463 төгрөгийг Хүнс Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны санхүүгээс гаргуулах, 3 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл 275.821 төгрөгийг Нийгмийн даатгалын шимтгэлд шилжүүлэхийг даалгах тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Х.Жамботад ажилгүй байсан хугацааны цалин олгох мөнгө 2016 оны төсөвт тусгагдаагүй тул одоогоор олгох боломжгүй байна. Хөрөнгийн эх үүсвэр батлагдсан тохиолдолд нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны олговрыг олгох болно гэжээ.

 

Нэхэмжлэгч Х.Жамбота шүүхэд гаргасан тайлбартаа: Х.Жамбота миний бие Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас гаргаж өгсөн тайлбартай танилцлаа. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнас цалингүй байсан хугацааны 2.783.284 төгрөгийг өгөөгүй тохиолдолд Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Х.Жамбота нь хариуцагч Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам-нд холбогдуулан цалин хөлсний нөхөн олговор 2.783.284 төгрөг гаргуулах 3 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл 275.821 төгрөгийг Нийгмийн даатгалын шимтгэлд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Х.Жамботагийн нэхэмжлэлийн шаардлага болох цалин хөлсний нөхөн олговор 2.783.284 төгрөг гаргуулах, 3 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл 275.821 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг хариуцагч Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам биелүүлэхийг бүрэн хүлээн зөвшөөрснийг баталж, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам-нд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Жамботагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59.485 төгрөгийн 29.743 төгрөгийг улсын төсвөөс, 29.743 төгрөгийг хариуцагч Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам-наас тус тус гаргуулж нэхэмжлэгч Х.Жамботад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ