Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 781

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******,******* төвд байрлах, “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,******* тоотод байрлах, “*******” ХХК-нд холбогдох                         

Санхүүгийн түрээсийн гэрээний төлбөр болон хохиролд 18 132 500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“” ХХК нь “” ХХК-тай 2015 оны 6 сарын 19-ний өдрийн ХЭ15/100 тоот Түрээсийн гэрээг харилцан тохиролцож байгуулсан. ХЭ 15/162 тоот Түрээсийн гэрээгээр “” ХХК нь R220LC-9S маркийн 1494 сериалтай гинжит экскаватор, SL760  маркийн 0044 сериалтай авто ачигч, RM100 маркийн 0036 сериалтай бутлуурыг 3 сарын  хугацаатай түрээслүүлэх, “Зогсолтгүй  хурд” ХХК нь гэрээгээр тохирсон төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн.

“” ХХК-ийн зүгээс гэрээний дагуу 2015 оны 6 сарын 19-ний өдөр 3 техникийг харилцагчид хүлээлгэн өгсөн байдаг. Талууд R220LC-9S маркийн 1494 сериалтай гинжит экскаватор 1 сарын түрээсийн төлбөрийн 19 800 000 төгрөг, SL  760 маркийн 0044 сериалтай авто ачигчийн 1 сарын түрээсийн төлбөрийг 13 750 000 төгрөг, RM100 маркийн 0036 сериалтай бутлуурын 1 сарын түрээсийн төлбөрийг 84 833 100 төгрөг, нийт 120 363 100 төгрөгийн түрээсийн гэрээг 3 сарын хугацаатай байгуулсан.

Дээрх техникүүд нь “*******” ХХК-ийн ашиглалтанд 2015 оны 8 сарын 21-ний өдрийг хүртэл  байсан бөгөөд энэ хугацаанд SL760 текникийн түрээсийн төлбөр 1 791 680 төгрөг, операторын цалин 2 976 000 төгрөг, томилолтын зардал  530 000 төгрөг, түлшний төлбөр 996 510 төгрөг, мөн “*******” ХХК-ийн нэг талын санаачилгаар гэрээ цуцалсны торгууль 11 838 310 төгрөг, нийт 18 132 500 төгрөгний хохирол учруулсан байна.

Иймд 2015 оны 8 сарын 21-ний өдрийг хүртэл байсан бөгөөд энэ хугацаанд SL 760 техникийн түрээсийн төлбөр 1 791 680 төгрөг, операторын цалин 2 976 000 төгрөг, томилолтын зардал 530 000 төгрөг, түлшний төлбөр 996 510 төгрөг, мөн “*******” ХХК-ийн нэг санаачилгаар гэрээ цуцалсны торгууль 11 838 310 төгрөг нийт 18 132 500 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт “” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“” ХХК нь “*******” ХХК-тай 2015 оны 6 дугаар сарын 19-ний ХЭ15/100 тоот түрээсийн гэрээг харилцан тохиролцож байгуулсан. ХЭ15/162 тоот түрээсийн гэрээгээр нэхэмжлэгч нь R220LC-9S маркийн 1494 сериалтай гинжит экскаватор, SL760 маркийн 0044 сериалтай авто ачигч, RM100 маркийн 0036 сериалтай бутлуурыг 3 сарын хугацаатай түрээслүүлэх, хариуцагч компани нь гэрээгээр тохирсон төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн.

Нэхэмжлэгчийн зүгээс 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр дээрх 3 техникийг харилцагчид хүлээлгэн өгсөн байдаг. Хүлээлгэн өгөхдөө хүлээлцэх акт үйлдэж, бүрэн бүтэн техникийг өгсөн. Талууд R220LC-9S маркийн 1494 сериалтай техникийг 1 сарын түрээсийн төлбөр 19 800 000 төгрөг, SL760 маркийн 0044 сериалтай авто ачигчийн 1 сарын түрээсийн төлбөрийг 13 750 000 төгрөг, RM100 маркийн 0036 дугаартай бутлуурийн 1 сарын түрээсийн төлбөр 84 833 100 төгрөг, нийт 120 363 100 төгрөгийн төлбөрийг төлөх, гэрээний хугацаа нь 3 сарын хугацаатай байгуулсан.

Дээрх техникүүд хариуцагч компанийн ашиглалтанд 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл байсан бөгөөд энэ хугацаанд гэрээнд зааснаар тогтмол хугацаанд төлбөрөө төлөөгүй тул гэрээг цуцлахыг мэдэгдэж, техникүүдийг татан авсан. Ингээд түрээсийн төлбөрийн үлдэгдэл болох SL760 техникийн төлбөр 1 791 680 төгрөгийг төлөөгүй байгаа. Мөн манайхаас оператор авч ажиллуулсан бөгөөд оперотерийн цалин 2 976 000 төгрөг, томилолтын зардал 530 000 төгрөг, түлшний төлбөр 996 510 төгрөг, мөн нэг талын санаачлагаар гэрээ цуцласны торгууль 11 838 310 төгрөг, нийт 18 132 500 төгрөгний хохирол учруулсан.

Иймд шүүхэд хандаж техникүүдийг хүлээн авснаас хойш 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж байсан учраас энэ хугацааны SL760 техникийн түрээсийн төлбөрийн үлдэгдэл 1 791 680 төгрөг, операторийн цалин 2 976 000 төгрөг, томилолтын зардал 530 000 төгрөг, түлшний зардал 996 510 төгрөг, мөн хариуцагч компанийн нэг талын санаачлагаар гэрээ цуцалсаны торгууль 11 838 310 төгрөг нийт 18 132 500 төгрөгийг  гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Хариуцагчийн 3 237 630 төгрөгийг зөвшөөрч байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Операторын цалинг мото цагаар төлөхөөр гэрээндээ тохирсон, харилцагч байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж сул зогсолт хийсэн бол бид эрсдэлийг хариуцахгүй. Бид ажилласан мото цагаар л төлбөрөө нэхэмжилсэн. Хэрвээ ажиллаагүй, өөр ажилд явсан гэж тайлбарлаж байгаа бол баримтаар нотлох ёстой. Мөн түлш, томилолтын зардлыг хариуцахаар гэрээнд тусгасан. Торгуулийг төлөхийг харилцан тохиролцсон учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч “*******” ХХК-ийн захирал шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“*******” ХХК нь 2015 оны 2 сарын 03 өдрийн №15/33 тоот “”, “”ХХК, “” ХХК гурван газрын хамтарсан гэрээ, 2015 оны 4 сарын 08-ны өдрийн № Г10/0711 тоот “”, “” ХХК хоёрын “Ажил гүйцэтгэх”, 2015 оны 4 сарын 16-ны өдрийн №15/1 тоот “” ХХК, “” ХХК нь “” ХХК гэх монгол компани болсон бөгөөд тус хоёр компанийн “Ажил гүйцэтгэх гэрээ” зэргийг үндэслэн 2015 оны 6 сарын 09-ний өдөр “” ХХК-тай “Хайрга бэлтгэн нийлүүлэх гэрээ”-г хийж улмаар уг ажлыг гүйцэтгэхээр 2015 оны 6 сарын 19-ний өдөр “” ХХК-тай “түрээсийн гэрээ”г байгуулж Хьюндай R220LC-9S гинжит эксковатор, RM 100 бутлуур, MS16D шигшүүр зэрэг техникүүдийг 2015 оны 6 сарын 20-ны өдөр өөрийн машин механизмаар ачиж тээвэрлэн суманд байх зам ангид хүргэсэн.

            Техникүүдийг ачих үед түлшний савнууд хоосон байсан тул манайх техник бүрд RM 100-д 20 л, SL 760 дугуйт ачигчид 20 л, эксковаторт 20 л тус тус түлш хийж ачсаныг  тухайн үед техник хүлээлгэн өгч байсан , зэрэг ажилчид гэрчлэх бөгөөд техникүүдийг буцаан хүлээлгэж өгөхөд бүх техник тус бүрт нь 50 л түлш хийж хулээлгэн өгсөн. 2015 оны 6 сарын 19-ний өдрийн “Түрээсийн гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 8-д заасны дагуу “түрээслүүлэгч түрээслэгчид техник хэрэгслийг шилжүүлэн өгөхдөө түлшний савыг түүний 10 хувьтай тэнцэх хэмжээний түлшээр хангах…” гэсэн нөхцлөөр гэрээ байгуулсан боловч түрээслүүлэгч уг үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй.

            Түрээслүүлэгчийн ачуулж явуулсан техникүүдийг ажлын талбарт ажиллуулж үзээд хүлээлгэж өгөхөөр тохиролцоод ачиж явсан бөгөөд түрээслүүлэгч талын техникч, оператор нар үзлэг хийхэд ковшны шанага маш их ханзарч цуурсан, шүднүүд мохсон, буйл элэгдэж цуурсан байсныг 7 сарын 17-19-ний өдрүүдэд манай компани 950 000 төгрөг /хавсралт/ гаргаж, гагнуулж засвар хийлгэснээс гадна гэрээ байгуулагдснаас хойш буюу 2015 оны 7 сарын 09-ны өдөр техник хүлээлцэх акт үйлдэн хүлээн авсан боловч түрээслүүлэгч талын техникчдийн оношлогоогоор ажиллах боломжгүй техник хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдсон:

Бутлуур нь доод тууш конверь ремен нь том нөхөөс 3 ширхэг, жижиг нөхөөс маш олон, тосох конверь ремен салбарласан, уг хоёр ременийг солих шаардлагатай, буцах конверь хажуу талаасаа сэмэрсэн, залгаас ханзарсан, шигшүүрний хашлага ремень элэгдэлтэй фракцууд холилддог, 3 ш хашлага солих шаардлагатай болох нь талуудын техникт үзлэг хийсэн акт /тайлбар/-т дурьдагдсан бөгөөд түрээслэгч тал уг техникийг ашиглан ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй байсныг нотолдог.

Түрээслүүлэгч компанийн оператор 2015 оны 6 дугаар сарын 23-наас 7 дугаар сарын 09-ний хүртэл, оператор 7 сарын 20-ноос 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нийт 46 хоног ажилласан. Энэ хугацаанд санхүүжилт хийгдээгүй хүлээлгэж байсны улмаас ажилгүй байсан бөгөөд ажилчид өглөө, өдөр, оройн хоол хүссэн үедээ цайлах, тамхи, ундаа ус, амттан зэрэг хоол хүнсээр тогтмол хангагдаж байсан. Энэ үед түрээслүүлэгч талаас удаа дараа утсаар ярьж “манай операторыг өдөрт 8 цагаар ажилласанд тооцон цагийн 6000 төгрөгөөр бодож цалин олгоно гэсэн албан бичиг хийж өг тэгэхгүй бол манайх гэрээгээ цуцалж техникээ татлаа” гэж дарамт учруулж байсан учир шаардлагыг нь хүлээн зөвшөөрч 2015 оны 7 сарын 08-ны өдөр арга буюу хэлснээр нь албан бичиг явуулсан болно. Гэвч нэгэнт ингэж хүлээн зөвшөөрсөн учир операторын цалинг тохирсон ёсоороо бодож гаргахад нийт 46 хоног /ажилгүй/ манайд амарсан хугацааны хөлс өдөрт 8 цагаар цагийн 6000 төгрөг байхаар тооцоход 2 208 000 /хоёр сая хоёр зуун мянган/ төгрөг болж байна.

Техник хүлээлгэн өгөх, оношлох шалтгаанаар түрээслүүлэгч талын машины ирсэн явсан тооцоолол буруу гарсан байна гэж үзэж байна. Уг машин 2015 оны 6 сарын 24-нд анх ирсэн ба 7 сарын 10-нд буцаж явсан нь манайтай холбоогүй бөгөөд түрээслүүлэгч талын хоёр ажилчин хувийн ажлаар буюу хүн нас барсан, мөн баяр наадмаар хөдөө явна гэсэн шалтгаанаар явсан болно. Ингэж яваад 8 сарын 21-нд техник буцаан ачих үеэр албан ёсоор ирж техникээ хүлээн авсан. 7 сарын 27-ны өдөр ирэхдээ манайд хүлээлгэж өгсөн байсан эксковатораа Эрдэнэт хот руу өөр компанид түрээслүүлэхээр болсон учир ачиж авч явахаар ирээд авч явсан нь манайд хамааралгүй болно. Үүнээс үүдэн тооцоолж үзэхэд түлшний зардал 187 950 /нэг зуун наян долоон мянга есөн зуун тавин/ төгрөг болж байна.

Түрээслүүлэгч талын хоёр ажилчны байр хоолыг манай компани бүрэн хариуцаж байсан тул томилолтын зардал гэх 530 000 төгрөгийг манайх хариуцах үндэслэл байхгүй.

Түрээслэгч талыг түрээслүүлэхээр ачуулсан техникээ хүлээлцэх актад тусгагдсан гэмтэл эвдрэлээ засаж өгөхийг удаа дараа шаардсан боловч Түрээсийн гэрээний 5-р зүйлийн 14-т заасан “түрээслүүлэгч тал техникийн бэлэн байдлыг хангаж ажиллах” гэсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй. 2015 оны 8 дугаар сар гарсан даруйгаас техникээ буцааж түрээслүүлэгч өөрийн зардлаар татах тухай яригдаж эхэлсэн ба энэ нь маш өндөр үнэ буюу 15-18 сая төгрөг манай талаас гаргуулахаар болж байсан учир арга буюу манай тал зардлыг гаргаж, түрээслэгчийн шахалт шаардлагаар тэдний оператор техникийн ажилчдыг байлцуулан хүлээлцэж буцаан хүргэж өгсөн юм. Үүгээр гэрээний 11.5-д заасан үүргээ биелүүлсэн болно. Улмаар хотоос техник ачигдсан цагаас эхлэн буцаж ирэх хүртэлх бүх хугацаанд техникүүдийн түлхүүр түрээслүүлэгчийн оператор болон техникч нарт байсан бөгөөд замын санхүүжилтын хийгдээгүй улс төр, эдийн засгийн нөхцөл байдал буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас манай компани техникийг зориулалтын дагуу ашиглаж чадаагүй учраас гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан гэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй гэж үзэж байна.

Иймд дээрх байдлыг харгалзан “” ХХК-ний гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас дараах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Үүнд:

1.SL760 Ковшийн түрээсийн төлбөр 1 791 680 төгрөг,

2.Операторын цалин 2 208 000 төгрөг,

3.Түлшний зардал 187 950 төгрөг, нийт 4 187 630 төгрөг.

            Үүнээс түрээслэгч талын ковшны гагнуур, засвар хийлгэсэн хөлс болох 950 000 төгрөгийг хасаж тооцоод нийт 3 237 630 /гурван сая хоёр зуун гучин долоон мянга зургаан зуун гучин/ төгрөгийг үл маргах журмаар төлөх боломжтой гэж үзэж байна гэжээ.

           

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа. 3 237 630 төгрөг дээр эвлэрэн хэлэлцэх санал байгаа. Түрээсийн үлдэгдэл төлбөрийг маргахгүй зөвшөөрнө. Харин бусад шаардлагын хувьд бүрэн зөвшөөрөхгүйг тайлбарлая.

1-рт техник хүлээлгэж өгсөн гэдэг дээр маргах зүйл байхгүй. 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр техникийг хүлээлгэж өгөхөд бутлуур нь эвдэрхий, шигшүүр нь ажиллахгүй байсан. Гэрээгээр бол эд хөрөнгийн бүрэн байдлыг 2015 оны 7 сарын 09-ний өдөр хүлээлгэж өгсөн акт дээр бичсэн байдаг. Техник өөрөө бүрэн бүтэн байдлыг хангаагүй байсан.

2-рт гэрээн дээр тусгай нөхцөл гээд заасан байдаг. Тухайн акт дээр бутлуур нь доод конверц ремен нь том нөхөөс 3 ширхэг, жижиг нөхөөс маш олон, тосох конвер ремен салбарласан, уг хоёр ременийг солих шаардлагатай, буцах конвер хажуу талаасаа сэмэрсэн, залгаас ханзарсан, шигшүүрний хашлага ремен элэгдэлтэй, Фракцууд холилддог, 3 ширхэг хашлага солих шаардлагатайг дурдсан байдаг. Түрээслүүлэгч компанийн оператор 2015 оны 6 дугаар сарын 23-наас 7 дугаар сарын 09-ний өдөр хүртэл, оператор 7 дугаар сарын 20-ноос 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нийт 46 хоног л ажилласан. Энэ үед санхүүжилт байхгүйн улмаас ажилгүй сул зогсолтой байсан. Энэ үед түрээслүүлэгчээс манай операторуудыг өдрийн 8 цагаар ажилласанд тооцон цагийн 6000 төгрөгөөр тооцсон албан бичиг хийж өг гэж шаардаж байсан. Нэгэнт манайхаас үнэтэй техник түрээсэлсэн нэг ч төгрөний ажил хийгээгүй байсан учраас энэ шаардлагын дагуу 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хэлснээр нь албан бичиг явуулсан. Энэ тохирсоны дагуу цалинг бодож гаргахад өдрийн 8 цагаар 6000 төгрөг байхаар тооцоход 2 208 000 төгрөг болж байсан.

Техник хүлээлгэн өгөх, оношлох шалтгаанаар түрээслүүлэгч талын машины ирсэн явсан тооцоолол буруу гарсан байна гэж үзэж байна. Уг машин 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр анх ирсэн ба 7 дугаар сарын 10-нд буцаж явсан нь манайхтай холбоогүй бөгөөд түрээслүүлэгч талын хоёр ажилтан хувийн ажлаар буюу хүн нас барсан, мөн баяр наадмаар хөдөө явна гэсэн шалтгаанаар явсан. Ингэж яваад 8-р сарын 21-ний өдөр техник буцаан авчрах үеэр албан ёсоор ирж техникээ хүлээн авсан. Үүнээс үүдэн тооцоход операторын цалинг ажилласан цагаар нь тооцсон.

Мөн манайх өөрсдөө түлшээ хийсэн, түлштэй буцаан өгсөн тул түлшний зардал 187 950 төгрөг болж байна. Түрээслүүлэгч талын хоёр ажилтныг манай зүгээс байр хоолыг бүрэн хариуцаж байсан тул томилолтын зардал 530 000 төгрөгийг нэмж манай тал хариуцах үндэслэл байхгүй. Түрээслэгч талд техникийн гэмтэл эвдрэлээ засаж өгөхийг удаа дараа шаардсан боловч түрээсийн гэрээний 5 дугаар зүйлийн 14-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй. Манай талаас гэрээний 11 дүгээр зүйлийн 11.5-д заасан үүргээ бүрэн биелүүлсэн болно.

Иймд манай талаас түрээсэлсэн техникийг ашиглаж ажил хийгээгүй, нэг ч төгрөгний орлогогүй зогсолтын байдалтай байсан байдлыг харгалзан нэхэмжлэгч компанийн шаардлагаас SL760 дугаартай техникийн түрээсийн төлбөр 1 791 680 төгрөг, операторын цалин 2 208 000 төгрөг, түлшний зардал 187 950 төгрөг, нийт 4 187 630 төгрөгийн хүлээн зөвшөөрч байгаа тул техникд хийсэн засварын зардал 950 000 төгрөгийг хасаж 3 237 630 төгрөгийг гаргуулж, илүү нэхэмжилсэн мөнгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-нд холбогдуулан санхүүгийн түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр болон учирсан хохиролд 18 132 500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг түрээсийн гэрээний дагуу төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тул түрээсийн үлдэгдэл төлбөрт 1 791 680 төгрөг, операторын цалин 2 976 000 төгрөг, томилолтын зардал 530 000 төгрөг, түлшний төлбөр 996 510 төгрөг, гэрээ цуцласны торгууль 11 838 310 төгрөг, нийт 18 132 500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Хариуцагч нь түрээсийн төлбөрийн үлдэгдэл 1 791 680 төгрөгийг зөвшөөрсөн боловч бусад шаардлагыг зөвшөөрөхгүй, операторууд нь ажлын цагтаа бүрэн ажиллаагүй 46 хоног ажилласан тул ажлын цагийг 8 цагаар тооцож 2 208 000 төгрөгийг төлнө, түлшний зардал 187 950 төгрөг зарцуулагдсан, томилолтын зардал болон гэрээ цуцласны торгуулийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-тай 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 132 000 ам.долларын R220LC-9S маркийн 1494 серийн дугаартай Хьюндай экскаватор, түрээсийн үнэлгээ 19 800 000 төгрөг, 53 900 ам.долларын үнэ бүхий SL760 маркийн 0044 серийн дугаартай Хьюндай дугуйт ачигч, түрээсийн үнэлгээ 13 750 000 төгрөг, 355 300 еврогийн RM100 маркийн 0036 серийн дугаартай бутлуур, түрээсийн үнэлгээ 84 833 100 төгрөг, нийт 120 363 100 төгрөгөөр 3 сарын хугацаатай түрээслэхээр Түрээсийн гэрээ байгуулжээ. /хэргийн 5-9-р хуудас/

 

Зохигчид Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасны дагуу гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж гэрээг байгуулсан, санхүүгийн түрээсийн гэрээний хуулиар тогтоосон хэлбэр, журмыг зөрчөөгүй байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д заасан санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.

Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д “санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар нэхэмжлэгч нь гэрээнд заасан техникүүдийг шилжүүлсэн тул хариуцагч нь түрээсийн төлбөрийг тогтмол хугацаанд төлөх үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-нд тогтмол хугацаанд түрээсийн төлбөрийг төлөх, үүргээ зөрчвөл гэрээг цуцлах талаар мэдэгдэж, үлдэгдэл төлбөрийг төлөх талаар 2015 оны 9 дүгээр сарын 16-нд нэхэмжлэх, 2016 оны 3 дугаар сарын 30-ний өдөр шаардах хуудас хүргүүлж, ярилцлага хийж байсан гэж тайлбарласаныг /хэргийн 13, 17, 44-р хуудас/ хариуцагч хүлээн зөвшөөрсөн бөгөөд түрээсийн гэрээний төлбөрийн үлдэгдлийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй талаараа маргаагүй болно.

Иргэний хуулийн 315 дугаар зүйлийн 315.1-д “түрээслэгчийн гэм буруугаар санхүүгийн түрээсийн гэрээ хугацаанаас өмнө дуусгавар болсон тохиолдолд түрээслүүлэгчээс тавих шаардлагын хэмжээг тодорхойлохдоо түрээслэсэн эд юмсын элэгдлийг тооцсон үнэ, төлөгдөөгүй төлбөр болон хэмнэгдсэн зардлыг харгалзан үзэх”-ээр, Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д “түрээслэгчийн гэм буруугаар санхүүгийн түрээсийн гэрээ хугацаанаасаа өмнө дуусгавар болсон бол түрээслүүлэгчээс тавих шаардлагын хэмжээг түрээсэлсэн эд хөрөнгийн элэгдлийг тооцсон үнийг харгалзан тодорхойлно” гэж тус тус заасан байна. 

Зохигч талуудын хооронд байгуулагдсан гэрээний 11.1-д “түрээслэгч тал энэхүү гэрээний үүргээ цаг хугацаанд нь зохих ёсоор бүрэн биелүүлээгүй тохиолдолд харилцан тохиролцож тодохой хугацаа зааж нэмэлт хэлэлцээрийн дагуу үүргээ бүрэ.н биелүүлэхийг шаардаж болно. Хэрэв нэмэлт хэлэлцээр хийсэн, уг хэлэлцээгээр тавьсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Түрээслүүлэгч гэрээг дангаар цуцалж, учирсан хохирлоо Түрээслэгч талаар төлүүлэх эрхтэй”, 11.2-т “гэрээг цуцалсан тохиолдолд техникийн төлбөрийг түрээсийн төлбөрт шилжүүлэн, худалдан авагчийн талбайд ажилласан нийт хугацаа, бодит ажилласан мото/цагт үндэслэж тооцож нэхэмжилнэ. Уг төлбөр нь техникийг ашигласан элэгдэл бөгөөд гэрээнээс учирсан хохирол байх болно” гэж тохиролцжээ. /хэргийн 8-р хуудас/

Хэрэг авагдсан хүлээлцэх хуудсаар SL760 маркийн 0044 серийн дугаартай Хьюндай дугуйт ачигчийг 2015 оны 8 дугаар сарын 21-нд татан авсан бөгөөд 1707 мото цаг /хэргийн 37-р хуудас/, RM100 маркийн 0036 серийн дугаартай бутлуурыг 2015 оны 7 дугаар сарын 09-нд татан авсан бөгөөд 901 мото цаг /хэргийн 40-р хуудас/, R220LC-9S маркийн 1494 серийн дугаартай Хьюндай экскаваторыг 2015 оны 8 дугаар сарын 20-нд татан авсан бөгөөд 936,3 мото цаг /хэргийн 14-р хуудас/ тооцогдсон, хариуцагч “*******” ХХК нь техник хүлээлцэх акттай танилцсан, энэ талаар маргаагүй болно.

Хариуцагч нь R220LC-9S маркийн 1494 серийн дугаартай Хьюндай экскаватор болон RM100 маркийн 0036 серийн дугаартай бутлуурын түрээсийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, харин SL760 маркийн 0044 серийн дугаартай Хьюндай дугуйт ачигчийн түрээсийн төлбөрийн үлдэгдэл 1 791 680 төгрөгийг төлөөгүй байх тул нэхэмжлэгч тал гэрээний үлдэгдэл төлбөр болон гэрээ цуцласнаас учирсан хохирлоо шаардах эрхтэй байна.

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа мото цаг болон түрээсийн төлбөрийн талаар маргаагүй, SL760 маркийн 0044 серийн дугаартай Хьюндай дугуйт ачигийн түрээсийн төлбөрийн үлдэгдэл 1 791 680 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн болно.

 Нэхэмжлэгч нь операторын цалинд 2 976 000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд талуудын хооронд байгуулсан Түрээсийн гэрээний гэрээний онцгой нөхцлийн 15-д “түрээслэгч тал нь “*******” ХХК-аас оператороор хангагдсан тохиолдолд уг операторын байр хоолны зардлыг хариуцахаас гадна ээлж солих тээврийн зардлыг хариуцна. Түрээсийн операторын цагийн хөлс нь 6000 төгрөг байх ба ээлжийн ажлын цагийн фонд нь 242 цаг байна. Илүү цагийг 1,5 дахин бодож тооцно” гэж тохиролцжээ.

Хариуцагч нь “*******” ХХК-иас оператороор хангагдсан талаар маргаагүй боловч ажилласан цагийн тооцооллыг зөвшөөрөхгүй, сул зогсолт хийж байсан, оператор нар нь ажиллах биш амарсан, мото цагийн тооцоололд ажиласан биш наадмаар хөдөө явсан, ажилд явдалд оролцохоор явсан тооцоолол тооцогдсон тул ажилласан 46 хоногийн цалинд 2 208 000 төгрөгийг төлнө гэж мэтгэлцсэн.

 Нэхэмжлэгчээс хэрэгт оператор болон нарын мото цагийн тооцоолол, ажлын цагийн бүртгэл, операторын тайланг шүүхэд ирүүлсэн бөгөөд оператор нь ажлын 29 хоног буюу 232 мото цаг, оператор нь ажлын 33 хоног буюу 264 мото цаг ажилласан болох нь баримтаар нотлогдож байна. /хэргийн 33-34 хуудас/

Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.11-д ...операторын ажлын цаг нь тухайн түрээсийн зүйлийн мото цагийн заалтаар илэрхийлэгдэх ба сарын түрээсийн суурь үнэлгээнээс илүү гарсан мото цагийн заалтаар операторын ажлын цагийн үнэлгээг тооцно нэхэмжлэнэ” гэсэн байх тул нэхэмжлэгч операторын цалинг мото цагаар тооцон нэхэмжилснийг буруутгах боломжгүй, мөн хариуцагч нь оператор нарыг ажиллаагүй хөдөө явсан, ажилд явдалд явсан талаарх тайлбараа баримтаар нотлоогүй, техникийн эвдрэлийн улмаас сул зогсолт хийсэн гэж тайлбарласан боловч гэрээний 5.8-д “түрээслүүлэгч нь тоног төхөөрөмжийн аливаа сул зогсолтоос үүдсэн алдагдлыг хариуцахгүй” гэж заасан байх тул хариуцагч “*******” ХХК-иас операторын цалинд 2 976 000 төгрөгийг /232м/цаг х6000=1 392 000, 264м/ц х6000=1 584 000, 1 392 000+1 584 000=2 976 000/ гаргуулан олгох нь зүйтэй байна гэж үзэв.

Нэхэмжлэгч нь томилолтын зардалд 530 000 төгрөг, түлшний төлбөрт 996 510 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний онцгой нөхцлийн 7-д “түрээслэгч тал тоног төхөөрөмжийн тээвэрлэлтийн зардал, түлш өдөр тутмын тос тосолгоо, газартай харьцах болон түргэн элэгдэх эд ангийг хариуцах”-аар заасан боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор шүүхэд ирүүлсэн баримтууд нь засвартай, үнийн дүн нь гаргагдахгүй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй, дээрх баримтуудын эх хувийг шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн томилолтын зардал 530 000 төгрөг, түлшний төлбөр 996 510 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна. /хэргийн 20-32-р хуудас/

Мөн нэхэмжлэгч нь гэрээний 11 дүгээр зүйлийн 11.3-д “гэрээг цуцласан тохиолдолд гэрээний нийт үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх торгуулийг Түрээслэгч Түрээслүүлэгчид төлнө” гэж заасны дагуу гэрээний нийт үнийн дүнгийн 10 хувь буюу 11 838 310 төгрөгийг нэхэмжилсэн.

Хариуцагч гэрээг техникийн эвдрэлийн улмаас ашиглах боломжгүй байснаас цуцласан, гэрээний 5.14-д “түрээслүүлэгч тал техникийн бэлэн байдлыг хангаж ажиллах ба техникт түрээслэгчээс үл шалтгаалсан эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд түрээслүүлэгч техникт нэн даруй засвар үйлчилгээг хийнэ” гэж заасан үүргээ биелүүлээгүй тул торгууль төлөхгүй гэж маргасан. 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д “үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ” гэж заасан байх бөгөөд талууд гэрээндээ торгууль төлөхөөр тохиролцжээ. /хэргийн 5-р хуудас/

Хариуцагч нь гэрээг техникийн эвдрэлийн улмаас цуцласан, техникүүдийг ашиглах боломжгүй байсан гэж тайлбарласан боловч баримтаар нотлоогүй, техник хүлээлцэх акт дээр гарын үсэг зурж, техникүүдийг хүлээн авсан талаараа маргаагүй.

Мөн хариуцагч нь техникт 950 000 төгрөгний засвар хийсэн гэж тайлбарлаж нотлох баримтаар бэлэн мөнгөний зарлагын баримт, техникч тайлбарыг шүүхэд ирүүлсэн боловч талуудын хооронд байгуулсан гэрээний 8.7-д “түрээслэгч нь засвар үйлчилгээг түрээслүүлэгчээр хийлгэх үүрэг хүлээх бөгөөд хэрэв түрээслүүлэгчээс өгсөн бичгийн зөвшөөрөлгүйгээр бусад этгээдээр засвар үйлчилгээг хийлгэвэл үүнээс үүдэн түрээсийн техникт учирсан гэмтлийг өөрийн зардлаар засварлах, хүлээлгэн өгөх үүрэг хүлээнэ” гэж заасан, мөн уг баримтыг хэн хүлээн авсан нь тодорхойгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно./хэргийн 60-р хуудас/

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д “анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасан, хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн нь 4 767 680 төгрөг /1 791 680+2 976 000=4 767 680/ байх тул торгуулийг уг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 2 383 840 төгрөг /4 767 680:2=2 383 840/ гаргуулах нь үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд хариуцагч “*******” ХХК-иас SL760 маркийн 0044 серийн дугаартай Хьюндай дугуйт ачигчийн түрээсийн төлбөрийн үлдэгдэл 1 791 680 төгрөг, операторын цалинд 2 976 000 төгрөг, торгууль 2 383 840 төгрөг, нийт 7 151 520 төгрөг /1 791 680+2 976 000+2 383 840=7 151 520/ гаргуулан олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10 980 980 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

  ТОГТООХ НЬ:

 

   1.Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 315.1, 232 дугаар зүйлийн 232.5, 232.4-д зааснаар хариуцагч “*******” ХХК-иас 7 151 520 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10 980 980 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 248 615 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 129 374 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ХУЛАН