Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2018/00493

 

Д.Д-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1050 дугаар шийдвэр

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 182 дугаар магадлалтай

Д.Д-ы нэхэмжлэлтэй

Б.Г-т холбогдох

5 250 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантулгын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Б.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Б.Г-т 2 000 000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 16-нд 1 500 000 төгрөгийг зээлж барьцаат зээлийн гэрээ байгуулж, нотариатчаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Б.Г- нь одоог болтол гэрээний үүргээ үл биелүүлж төлбөр мөнгөө төлөөгүй тул барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж нийт 5 250 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Зээлийн төлбөрийг дансаар нэг удаа, бэлнээр нэг удаа тус тус төлсөн. Д.Д- дэвтэр дээр гарын үсэг зуруулж авсан. 2015 оны 06 дугаар сарын 08-нд 2 000 000 төгрөг зээлдүүлэхээр ярилцсан боловч уг өдөр 1 500 000 төгрөгийг өгсөн. Д.Д- маргааш нь 500 000 төгрөгийг нэмж өгнө гэсэн боловч өгөөгүй. 2015 оны 06 дугаар сарын 18-нд мөнгө зээлж аваагүй. Анх 2 сая төгрөгийн гэрээ байгуулсан боловч 1 500 000 төгрөг л өгсөн. Манай талаас 1 250 000 төгрөгийг төлсөн учир үлдэх 250 000 төгрөгийг л хүлээн зөвшөөрч байна. 2 000 000 төгрөг аваагүй, 1 500 000 төгрөг авсан тул амаар гэрээ байгуулсан гэж үзээд хүү алдангийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1050 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 232 дугаар зүйлийн 232.6 дaхь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Г-аас 3 397 818 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Д-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1 852 182 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн барьцааны зүйл болох Б.Г-ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Г-2003007332 дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг Хүнсчид 2-27А тоот 503 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, уг газарт байрлах Улсын бүртгэлийн Ү-2003017086 дугаарт бүртгэгдсэн 64.0 мкв талбайтай хувийн сууц зэргийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Г-аас улсын тэмдэгтийн хураамжид 69 315 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Д-д олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 182 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1050 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Г-аас 3 397 818 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Д-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1 852 182 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Г-аас 2 600 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Д-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2 650 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

3 дахь заалтыг “хариуцагч Д.Г-аас улсын тэмдэгтийн хураамжид 56 550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Д-д олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Б.Г-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 000 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж хариуцагч Б.Г-т олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантулга хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ... Давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч Б.Г- нь 2 000 000 төгрөг зээлж аваагүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрт Б.Г-ийг “Д.Г-” гэж буруу бичсэн. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг зөвтгөх ёстой байсан боловч зөвтгөөгүй. Д.Д- нь манай гэрийнхэн шүүхэд өгсөн гэж хэлэхэд тэмдэглэлд тусгагдаагүй байдаг. 3 500 000 төгрөгөөс 1 500 000 төгрөгийг бэлнээр авсан, үлдсэн мөнгийг аваагүй. Мөнгө шилжүүлсэн гэх ямар ч баримт байхгүй. Зээлийн гэрээний ард 3 500 000 төгрөг авсан гэх бичилтийг л үндэслэж шийдвэрлэсэн. Иймд магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэж, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Д.Д- нь Б.Г-т холбогдуулан хоёр удаагийн, нийт 3 500 000 төгрөгийн  үнэ бүхий зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 3 500 000 төгрөг, хүү, алдангид 1 750 000 төгрөг, нийт 5 250 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс нэг удаа 1 500 000 төгрөгийн зээл авч, 1 250 000 төгрөгийг төлсөн тул 250 000 төгрөгийг төлнө, бусдыг нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь нэхэмжлэгчээс 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 2 000 000 төгрөгийг нэг сарын хугацаатай, 10%-ийн хүүтэй зээлж авахаар гэрээ байгуулсан боловч гэрээний дагуу 1 500 000 төгрөгийг шилжүүлэн авсан,  2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 2 000 000 төгрөгийг бичгээр гэрээ байгуулалгүй зээлж авсан, зээлийн гэрээний үүрэгт 1 250 000 төгрөгийг буцаан төлсөн үйл баримт тогтоогджээ.

Хариуцагч Б.Г- 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 2 000 000 төгрөгийг аваагүй гэж тайлбарлах боловч хэргийн 5 дугаар хуудасны ард бичигдсэн “2015.06.16-нд    2 000 000 төгрөг нэмж аваад нийт 3 500 000 төгрөг авав” гэсэн бичвэрийг үгүйсгэсэн тайлбар, үндэслэлээ нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

Иймд хариуцагчийг нэхэмжлэгчээс 3 500 000 төгрөгийг зээлж авсан гэх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байх тул “... 2 000 000 төгрөгийг аваагүй” гэх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 3 397 818 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хариуцагчаас 2 600 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, талуудын хооронд үүссэн Зээлийн гэрээний эрх зүйн маргааныг үндэслэл бүхий тодорхойлон, дүгнэлт хийсэн боловч зээлдэгчээс төлсөн төлбөрийг тооцохдоо үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчсөнөөс тооцооны алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөсөн нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т нийцсэн байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч Б.Г-ийн овгийн үсгийг “Д” гэж буруу бичсэн талаар магадлалын хянавал хэсэгт заасан боловч алдааг засаагүй байна.

Давж заалдах шатны шүүх магадлалын удиртгал хэрэгт нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн “5 250 000” төгрөгийг “2 880 900” төгрөг гэж буруу бичсэнийг тэмдэглэх нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 182 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “3 дахь заалтыг “хариуцагч Д.Г-аас улсын тэмдэгтийн хураамжид 56 550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Д-д олгосугай” гэж” гэснийг “3 дахь заалтын “...Д.Г-аас...” гэснийг “...Б.Г-аас...” гэж, “...69 315...” гэснийг “...56 550 ...” гэж  тус тус өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   Х.СОНИНБАЯР        

ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД