Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 124/2019/0020/З |
Дугаар | 221/МА2021/0071 |
Огноо | 2021-01-28 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2021/0071
“Э-Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад
холбогдох захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Д.Оюумаа, Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Янжиндулам, нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.О, түүний өмгөөлөгч Т.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, гуравдагч этгээд “У” ХК-ийн төлөөлөгч П.А, түүний өмгөөлөгч Н.Э, гуравдагч этгээд Ч.П-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О нарыг оролцуулан, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд “У” ХК-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Э-Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр: ”Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Э-Ө” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2011 оны 01 сарын 21-ний өдрийн А/07 дугаартай захирамжийн хавсралтын 19 дэх хэсэгт “У” ХК-д хүнсний захын зориулалтаар 26928 м.кв газрыг эзэмшүүлсэн хэсгээс 19 м.кв хэсгийг хүчингүй болгож,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газраас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э-Ө” ХХК-д олгож” шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд “У” ХК-ийн төлөөлөгч П.А давж заалдах гомдолдоо: “ ... Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг үүсгэн шийдвэрлэсэн нь хөөн хэлэлцэх хугацааг зөрчсөн үйлдэл болсон, ... 2011 оны А/07 дугаар захирамжийг нэхэмжлэгч мэдэж байсан, ... Засаг даргад өргөдөл өгч түүнээс хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолж байгаа нь буруу, энэ нь цаашид буруу жишиг тогтоох үр дагавартай.
... Шүүх хэрэгт бүрэн бодитой дүгнэлт хийгээгүй, ... Засаг дарга шүүхийн 2004 оны шийдвэрийг үндэслэн шийдвэрлэсэн асуудлыг сүүлд 2006 онд хийсэн кадастрын зурагт үндэслэн шийдвэрлэсэн нь буруу.
Иймд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч “Э-Ө” ХХК-аас “Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/07 дугаар захирамжийн “Э-Ө” ХХК-ийн газарт “У” ХК-д давхцуулан олгосон 19 м.кв хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга 1999 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр “Э-Ө” ХХК-д тус сумын нутаг дэвсгэрт, 15 жилийн хугацаагаар, 7103 ам дөрвөлжин метр талбай бүхий газар эзэмших эрхийн 24501 дүгээр гэрчилгээ[1]-г,
мөн 2000 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 68 дугаар шийдвэрээр олгосон гэж “У” ХК-д 2001 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 32016 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийн 24522 дугаар гэрчилгээ[2] тус тус олгосон,
улмаар 2004 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 52 дугаар захирамжаар[3] “Э-Ө” ХХК-ийн урьд 24501 дүгээр гэрчилгээнд заасан 7103 ам дөрвөлжин метр талбай бүхий эзэмшил газрын хэмжээг 7456 м.кв болгон нэмэгдүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.
Увс аймгийн газрын алба 2004 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ““Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2000 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 68 дугаар шийдвэр, 2001 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн газар эзэмших эрхийн 24522 дугаар гэрчилгээгээр эзэмшүүлсэн 32016 м.кв талбайн хэмжээ”-г Увс аймгийн Засаг даргын 2004 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 393 дугаар шийдвэрийг үндэслэн /аймгийн Засаг даргын захирамж хэрэгт авагдаагүй/ багасган “У” ХК-тай хүнсний захын зориулалттай 25069,2 м.кв хэмжээтэй газар эзэмшүүлэх гэрээ[4] байгуулсан байна.
Увс аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2004 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 445 дугаар шийдвэрээр[5] ““У” ХК-ийн гурилын захын 25х25 метр талбай “Э-Ө” ХХК-ийн газартай давхцалтай гэх үндэслэлээр “Э-Ө” ХХК-ийн 7103 м.кв талбай бүхий 1999 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн газар эзэмших эрхийн 24501 дүгээр гэрээ, “У” ХК-ийн 32016 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийн 24522 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгосон”-ыг Увс аймгийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2004 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 22 дугаар магадлалаар[6] “Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга “Э-Ө” ХХК, “У” ХК-д газар эзэмшүүлсэн шийдвэр албан ёсоор гаргаагүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв” талаар дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Үүний дараа Увс аймгийн Улаангом сумын газрын даамал 2006 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ““Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 52 дугаар захирамжаар “Э-Ө” ХХК-д эзэмшүүлсэн 7456 м.кв талбайн хэмжээ”-г нэмэгдүүлэн газрын нийт талбайг 7465 м.кв хэмжээтэйгээр өөрчилж, газар эзэмшүүлэх гэрээ[7]-г “Э-Ө” ХХК-тай байгуулж, газар эзэмших эрхийн 0088862 дугаар гэрчилгээ[8] олгосон байна.
Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга иргэний хэргийн шүүхийн дээрх шийдвэр, магадлалыг үндэслэн 2006 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 120 дугаар захирамжаар[9] эзэмшил 7456 м.кв талбай бүхий газраас нь гурилын захын 520 м.кв газрыг хасаж, үлдэх 6936 м.кв газрыг “Э-Ө” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.
Увс аймгийн Засаг дарга 2007 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 239 дүгээр захирамжаар[10] “У” ХК-д хүнсний захын зориулалтаар, 25069,2 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, 2007 оны 06 дугаар сарын 18-ны өдөр газар эзэмших эрхийн 0118980 дугаар гэрчилгээ[11]-г,
улмаар хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга 2011 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/07 дугаар захирамжаар[12] “У” ХК-д урьд Увс аймгийн Засаг даргын 2007 оны 239 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн 0118980 дугаар гэрчилгээг хүчингүйд тооцож, “У” ХК-д сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт, хүнсний захын зориулалтаар, 26928 м.кв газрыг эзэмшүүлж, Чангаагийн Пүрэвсүрэнгийн нэр дээр газар эзэмших эрхийн 0333491 дүгээр гэрчилгээ[13]-г тус тус олгожээ.
Хэдийгээр урьд гаргасан 2006 оны 120 дугаар захирамж нь хүчин төгөлдөр байсан ч Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга “Э-Ө” ХХК-ийн хүсэлтийг[14] нь үндэслэн 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/11 дүгээр захирамжаар[15] “Э-Ө” ХХК-ийн эзэмшил газраас Д.Ж, Э.С нарт 2839.8 м.кв, 2768.5 м.кв газрыг тус тус шилжүүлэн эзэмшүүлэхдээ тухайн компанийн газрыг 8072 м.кв гэж үзэж, үлдэх 2464 м.кв газрыг “Э-Ө” ХХК-д эзэмшүүлж, мөн өдөр газар эзэмшүүлэх гэрээ[16] байгуулж, газар эзэмших эрхийн 0175330 дугаар гэрчилгээ[17] олгожээ.
Газрын тухай хуульд заасан бүрэн эрхийг эдэлж бусдад газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргахдаа Засаг дарга газрын тухай хууль тогтоомж, ялангуяа Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6 /газрын кадастрын зураг, бүртгэл, судалгаа, үнэлгээний материал/-д заасан газар зохион байгуулалтын үндсэн баримт бичгүүд болох газрын кадастрын зураг, бүртгэл нь мөн зүйлийн 25.5 /Газрын кадастрын зураг, бүртгэл, судалгаа, үнэлгээний материалууд нь холбогдох хуулийн шаардлагыг хангасан байна/-д заасны дагуу хуульд заасан шаардлагыг хангасан материалыг үндэслэн олгох ёстой бөгөөд үүний дараа хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 /Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ/-д зааснаар Засаг даргын газар эзэмшүүлсэн шийдвэр гарсан тохиолдолд газрын даамал тухайн этгээдтэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгож, улсын бүртгэлд бүртгэх учиртай.
Хэрэгт авагдсан нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, шүүхээс хийсэн үзлэг, гэрчүүдийн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн эзэмшил бүхий газрууд нь 19 м.кв талбайгаар давхцалтай болох нь тогтоогджээ.
Мөн тухайн баримтуудаас үзвэл хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга шүүхийн шийдвэрийг үндэслэн гаргасан гэх 2006 оны 120 дугаар захирамжаар “Э-Ө” ХХК-ийн эзэмшил газрыг багасгаж, 6936 м.кв болгосон боловч сумын газрын даамал тухайн шийдвэрт заасны дагуу газар эзэмшигч “Э-Ө” ХХК-тай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгож, улсын бүртгэлд бүртгэх ажиллагааг хийгээгүйгээс гадна 2012 оны А/11 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг шилжүүлэх үед “Э-Ө” ХХК-ийн эзэмшлийн газрын хэмжээг 8072.3 м.кв гэж үзсэн нь ойлгомжгүй байна.
Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 /Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна/-д зааснаар газар эзэмшүүлэх хүсэлт гаргасан этгээдийн газар нь бусдын эзэмшил газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх ёстой бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас газар эзэмших тухай гаргасан хүсэлт нь уг шаардлагыг хангасан эсэхийг мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 /Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаархи үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна/-д зааснаар сумын газрын даамал нягтлан хянах учиртай.
Өөрөөр хэлбэл, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас газар эзэмших хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж байгаа газартай ямар нэгэн байдлаар давхцалтай эсэхийг шалгах чиг үүргийг сумын газрын даамал хэрэгжүүлж, холбогдох шийдвэрийг Засаг дарга гаргадаг.
Нөгөөтээгүүр, сумын Засаг дарга газар эзэмшигч нарын хооронд маргаан үүссэн тохиолдолд Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т зааснаар газар эзэмшигч нарын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэх чиг үүрэгтэйгээс гадна мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 /Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно/-д зааснаар өөрийн гаргасан шийдвэр нь газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг хууль бус шийдвэрээ өөрөө хүчингүй болгох боломжтой.
Ялангуяа хариуцагч албан тушаалтан бүрэн эрхийнхээ хүрээнд аж ахуйн нэгжүүдэд газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ газрын тухай хууль тогтоомжийг бүрэн хэрэгжүүлээгүй, тухайлбал, “Э-Ө” ХХК болон “У” ХК-д аль алинд нь маргаан бүхий газрыг давхардуулан эзэмшүүлсэн, тухайн байдлынхаа талаар мэдэгдэж, хүсэлт гаргасаар байхад давхцуулан асуудлыг шийдвэрлэлгүй ойлгомжгүй байдал үүсгэснээс хуулийн этгээдүүдийн хооронд олон жилийн турш маргах нөхцөл байдлыг үүсгэсэн байна.
Энэ тохиолдолд шүүх захиргааны байгууллагын тухайн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох боломжгүй. Өөрөөр хэлбэл, хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, тэрхүү тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн нөхцөл байдал байна, тухайн нөхцөл байдлыг хариуцагч өөрөө тодруулж, хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд холбогдох ажиллагааг явуулж, дахин шинэ акт гаргах нь зүйтэй гэж үзэв.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт маргаан бүхий захиргааны актыг дахин шинэ акт гартал дөрвөн сарын хугацаагаар түдгэлзүүлсэн өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 12 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсгийг баримтлан Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/07 дугаар захирамжийн “Э-Ө” ХХК-ийн газартай давхцуулан “У” ХК-д газар эзэмшүүлсэн хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл дөрвөн сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсэгт “2. Шүүхээс тогтоосон дөрвөн сарын хугацаанд хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/07 дугаар захирамжийн “Э-Ө” ХХК-ийн газартай “У” ХК-д давхцуулан олгосон 19 м.кв хэсэг хүчингүй болохыг дурдсугай” гэсэн заалт нэмж, шийдвэрийн 2 заалтын дугаарыг “3”, 3 дахь заалтын дугаарыг “4” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
[1] 1 дэх хавтсын 93 дахь тал.
[2] 1 дэх хавтсын 36 дахь тал.
[3] 1 дэх хавтсын 64 дэх тал.
[4] 1 дэх хавтсын 47 дахь тал.
[5] 1 дэх хавтсын 103 дахь тал.
[6] 1 дэх хавтсын 105 дахь тал.
[7] 1 дэх хавтсын 57 дахь тал.
[8] 1 дэх хавтсын 146 дахь тал.
[9] 1 дэх хавтсын 35 дахь тал.
[10] 1 дэх хавтсын 45 дахь тал.
[11] 1 дэх хавтсын 46 дахь тал.
[12] 1 дэх хавтсын 16 дахь тал.
[13] 1 дэх хавтсын 49 дэх тал.
[14] 1 дэх хавтсын 51 дэх тал.
[15] 1 дэх хавтсын 4 дэх тал.
[16] 1 дэх хавтсын 66 дахь тал.
[17] 1 дэх хавтсын 5 дахь тал.