Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2035

 

Хын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2016/05810 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Хын нэхэмжлэлтэй

Хариуцагч “ХХ” ХХК-д холбогдох

 

Гэрээний үүргээ биелүүлээгүйн хохирол 73 689 902 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

“ХХ” ХХК-ийн 4 373 750 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч Х, түүний өмгөөлөгч ХХХ,

хариуцагчийн төлөөлөгч ХХХХ,

хариуцагчийн өмгөөлөгч ХХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Хын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт:

Би 2013 оны 2 дугаар сарын 08-ны өдөр “ХХ” ХХК-ийн захирал ХХХХ, ерөнхий менежер ХХХХХ, СЭЗ албаны дарга ХХХХХХ нартай эрчим хүчний хэмнэлттэй 86.6 метр квадрат, 38.5 м.кв гараажийн талбайтай, өвлийн орон сууцыг ХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХ-д 2013 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд барьж гүйцэтгүүлэхээр 02/13 дугаар гэрээ байгуулсан. Гүйцэтгэгч тал нь хугацаандаа ажлаа хийж гүйцэтгээгүй, одоог хүртэл уг барилгыг хүлээлгэж өгөөгүй байгаа ба миний хувьд төлбөрийг бүгдийг төлсөн. Анх гэрээ байгуулах үед тухайн компани нь Чингисийн талбайд үзэсгэлэн гаргаж байсан бөгөөд манайх солонгос мэргэжилтнүүдээр чанартай хурдан хийж гүйцэтгэнэ гэхээр нь сонгож авсан боловч барилга барих хугацаанд нэг ч солонгос ажилчин байгаагүй, өөрийн мэргэжлийн ажилчид ч байгаагүй. Тухайн компани нь гэрээт ажлаа хугацаандаа хийлгүй ажилчид нь ажлын хөлс аваагүй гэх шалтгаанаар ажлаа хийхгүй хугацаа их алдаж байсан тул би тухайн барилгын ажил явагдаж байх үед ажлыг нь хурдан хийлгэхийн тулд өөрийн зүгээс ажилчдын хоолны мөнгийг өгч ажлыг нь хийлгэж байсан. Энэ барилга нь өвөл дулаан алдагдал ихтэй, маш хүйтэн тул хүн амьдрах боломжгүй, дулааны улиралд ч хүйтэн агааржуулалт байхгүйн улмаас хана нь цантсан, хагарсан, шалан дороос ус гарсан гэх мэт чанарын шаардлага хангахгүй байсан бөгөөд сүүлдээ утсаа ч авахгүй болсон. Ингээд би аргагүйн эрхэнд мэргэжлийн байгууллагад хандаж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 02-07-91/883 тоот дүгнэлт гарсан ба уг дүгнэлтэд "Иргэн Хын өвлийн зориулалттай орон сууцны барилгын баталгаат хугацаа дуусаагүй байгаа тул “ХХ” ХХК-иар засуулж ашиглалтын шаардлагад нийцүүлэх нь зүйтэй гэж дүгнээд, 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн арилгаж, 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор шаардлагын хариуг ирүүлэх" албан шаардлагыг “ХХ” ХХК-ийн захирал ХХХХид хүргүүлсэн боловч одоог хүртэл ямар нэг арга хэмжээ авахгүй хариу ирүүлэлгүй утсаа авахгүй байна. Энэ барилгыг мэргэжлийн хүмүүст үзүүлэхэд хүн амьдрах боломжтой, шаардлага хангасан байдалд оруулж засахад 35-40 сая төгрөг шаардлагатай гэж тооцоо гарсан. Иймд хариуцагчаас 35 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Орон сууцны талбайд хэмжилт хийлгэхэд гэрээнд заагдсан талбайгаас байшингийн ашигтай талбай нь 86.6 м.к байхаас 71.25 м.к гарсан ба зөрүү нь 15.35 м.к, гараажийн ашигтай талбайг нь 33.21 м.к байхаас 30 м.к гарсан ба зөрүү нь 3.21 м.к, саравчны ашигтай талбай нь 27.35 м.к байхаас 9.84 м.к гарсан ба зөрүү 17.51 м.к буюу 13 137 300 төгрөгийн талбайг дутуу барьсан байна. Иймд урьд нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага 60 552 602 төгрөгийг 13 137 300 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 73 689 902 төгрөгийг хариуцагч “ХХ” ХХК-ийн захирал ХХХХоос нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч “ХХ” ХХК-ийн тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагад:

Манай компани 2013 оны 2 дугаар сарын 08-ны өдөр иргэн Хтой барилгын ажил гүйцэтгэх 02/13 тоот гэрээг байгуулан, гэрээний дагуу байшингаа барьж 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор байшингаа хүлээлгэн өгсөн акт үйлдэн хүлээлгэн өгөөгүй боловч Х нь бидний барьсан барилгыг биет байдлаар хүлээн аваад нүүж ороод амьдарч байсан, одоо ч амьдарч байгаа. Бид байшин барих материалыг Хоос санал асууж үзүүлж сонголтыг хийлгүүлж байсан ба бид Солонгосын мэргэжилтнүүдээр чанартай хийлгүүлнэ гэж хэлээгүй болно. Х нь барилгын ажил эхлэхээс өмнө гэрээний 3.1-д зааснаар барилгын ажлын зураг, төсөв төлөвлөгөө гарган манай талд өгөх ёстой байсан боловч өгөөгүй, танайх өөрсдийнхөө хийцээр хийгээд өгчих, би мөнгийг нь өгье гэж хэлснээр ажил эхэлсэн. Гэвч одоог хүртэл мөнгөө өгөөгүй л байна. Гэтэл 2014 оны 6 дугаар сарын 19-нд Х нь манайд байшин хүйтэн байна гэж мэдэгдсэний дагуу манай компанийн хүмүүс газар дээр нь очиж үзэхэд суурин доор нь хийсэн усны шугам нь хагарсны улмаас шалнаас нь их хэмжээний ус алдаж байшин болон байшингийн суурийг бүхэлд нь норгож, бүхэлдээ чийг авч байшингийн ашиглалтад сөргөөр нөлөөлж, зарим хананы доторлогооны гипсэн хавтангийн хооронд хийсэн замаск эмүльс нь зааг гарсан байсан. Х бид нар анх гэрээ хийхдээ Х нь байшингийн сууриа цутгах, мөн халаалтыг өөрөө хариуцан хийх, манайх зөвхөн байшин барих үүргийг хүлээсэн. Хын байшин барьж байгаа газар нь намаг чийгтэй газарт байшингийнхаа суурийг стандарт шаардлагын дагуу дулаалга хийхгүйгээр хийснээс болж хүйтэн сэрүүний улиралд сууринаас жиндэж, дулаан алдаж, байшингийн суурины цэвэр усны шугам хөлдөж хагарч байшингийн хүйтэн байх нэг нөхцөлийг бий болгосон. Ер нь байшин барилга дулаан байх 3 шийдэл байдгийн халаалт, барилгын суурь хоёрыг Х өөрөө харилцан хийчихээд өвлийн улиралд дулаан хаагуур алдаад байгааг тодорхойлох ёстой байтал зун, намар, өвөл нь ашиглаад өөрийн буруугаас гэмтээчихээд дараа жилийнх нь зун хүйтэн байна гэж гомдол гаргаж байгаа нь зүйд нийцэхгүй. Бид Хын гомдлын дагуу очиж уулзаад байшинд нэмж хийх засваруудыг хийхээр тохиролцон 2 удаа очсон боловч эзэнгүй байсны улмаас одоо хүртэл хийж чадаагүй явж байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчийн дүгнэлт нь манай барьсан байшинг байшингийн баталгаат хугацаа дуусаагүй тул Ход байшингийн хана, шал, дээврийн дулаалга хангалтгүй байгааг өөрсдийн зардлаар арилгах дүгнэлтийг гаргасан байна.

Х шалныхаа дулаалгыг хариуцах, манайх хана, дээврийн дулаалгаа хариуцахаар болсон. Мэргэжлийн хяналтын дүгнэлт бол манайхыг Хын хана, шал, дээврийг 35 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгэ гэсэн дүгнэлт биш. Манайх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Байшинд дулаалга дутуу хийгдсэнийг хийж гүйцэтгэхэд бэлэн байна. Мөн Х шалны дуулгаа эхний ээлжинд хийж гүйцэтгэх шаардлагатай байна.

Х нь тус компанитай 23013 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 02/13 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээг 2 тал харилцан тохиролцсоны үндсэн дээр байгуулсан. Уг гэрээгээр Хын эзэмшлийн газар дээр 86.6 мкв талбайтай амины орон сууц, 35.8 м.кв автомашины гараажийн талбай, саравч 27.35 м.кв талбайг барихаар болсон. Хоёр талын байгуулсан дээрх гэрээний 1.3.1, 3.1 зүйлд заасны дагуу Х нь амины орон сууцны зураг төслийг хийж өгөх ёстой байсан боловч үнэтэй байна, танай компани амины орон сууцны зургийг зураад өгөөч би мөнгийг төлье гэж гуйсны дагуу манай компанийн архитектор инженер ХХХХХХХХ барилгын бүтцийн зургийг зурж Ход танилцуулж зөвшөөрч улмаар барилгын ажил эхэлж, амины орон сууцыг барьж дуусгасан. Хоос манайх дээрх зураг зурсан мөнгийг удаа дараа нэхсэн боловч өгнө гэж явсаар өдий хүрч байна. Манай зурсан зургийн үнэ нь одоогийн зах зээлийн ханшаар 1 м.кв-ын үнэ 35 000 байгаа ба 149.75 м.кв талбайг тухайн үеийн ханш 25 000 төгрөгөөр бодоход 3 743 750 төгрөгийн тооцоо гарч байна. Х нь мөн манай компаниас тухай үед 1.6х1.1 харьцаатай Эко зурган халаагуур 1 ширхэгийн мөнгийг нь дараа төлөхөөр авч явсан боловч одоо хүртэл төлөөгүй. Иймд иргэн Хоос Эко зурган халаагуурын үнэ 630 000 төгрөг, барилгын зургийн үнэ 3 743 750 төгрөгийн хамт нийт 4 373 750 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 349 дүгээр зүйлийн 349.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч “ХХ” ХХК-иас 35 578 487 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ход олгож, нэхэмжлэлээс 38 111 905 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Хоос 4 373 750 төгрөг гаргуулж хариуцагч “ХХ” ХХК-д олгож,

            Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Хын төлсөн 526 440 төгрөг, хариуцагч “ХХ” ХХК-ийн төлсөн 84 930 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч “ХХ” ХХК-иас 335 839 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ход, нэхэмжлэгч Хоос 84 930 төгрөг гаргуулж хариуцагч “ХХ” ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “ХХ” ХХК давж заалдах гомдолдоо:

 Шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй. Х нь гэрээ байгуулсаны дараа гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй барилгынхаа зургийг гаргаж өгөхгүй, сүүлдээ танайх зургаа гаргаад өгөөч гадуур их үнэтэй байна гээд удаа дараа гуйсны дагуу манайх зургийг нь инженерээрээ зуруулаад танилцуулж зөвшөөрсний дагуу барилгыг барьсан. Х нь барилгын ажил дуусаагүй байхад байшиндаа нүүж ороод байшингаа биет байдлаар хүлээж авч 2 тал Барилгын ажил гүйцэтгэх гэрээгээ дүгнэж төлбөр тооцоогоо нийлүүлж 2013 оны 07-р сарын 16-ны өдөр 2 тал гарын үсгээ зурж гэрээгээ дуусгавар болгосон. Гэтэл нэг жилийн дараа 2014 оны 6-р сарын дундуур Х нь утсаар байшингийн сууринаас ус гарлаа гэхээр нь очиж үзхэд байшингынх нь доторх сууринаас ус булаг шиг оргиж, байшин бөөн уур цан болсон байдалтай байсан ба та байшингийнхаа сууриа буруу дулаалгагүй хийсэн байна, түүнээс чинь болоод ус алдаж улмаар байшингийн чанарт нөлөөлсөн байна гэхэд юу ч хэлж чадахгүй байсан. Харин бид усны уур, чийгнээс болж гэмтсэн хана, таазны хэсгийг засч өгч болох юм гээд явсан. Х нь байшин хүйтэн байна гэдэг байшингийн дулаан байх халаалтын ямар нэг шийдэл хийгээгүй, байшингийнхаа суурийг геологийн дүгнэлт хийлгүүлээгүй, зураг төсөл байхгүй намаг цэвдэгтэй газарт дур мэдэн ямарч дулаалгагүй шууд байшингийнхаа суурийг хийснээс болж байшингийн суурин доогуур явуулсан усны шугам буюу труба нь өвөлд тас хөлдөөд хавар дулаарахаар труба нь гэсч шалан доороос ус гарч ирсэнээс байшингийн чанарт нөлөөлсөн. Манай барьсан барилга нь канад технологийн модон барилга учир ус алдуулах, ашиглалтын явцад дотроос нь чийг цохиулахыг технологийн хувьд хатуу хориглодог учир Хын хийсэн үйлдлээс болж ус алдуулж чанарт нөлөөлүүлсэн нь тодорхой юм. Энэ болсон проццес нөхцөлүүд нь иргэн Хын цэвэр өөрийн буруутай үйлдэл гэдэг нь гарцаагүй ойлгомжтой байна. Би Хын байшинд удаа дараа шүүхээс томилогдсон шинжээч нарын хамт очиход манай барьсан байшингийн хана, дээврийн заагаар цанталт байхгүй, харин шал хананы зааг, хормойн хэсгээр цанталт явагдаж шарласан ул мөр үлдсэнээс үзэхэд байшингийн сууринаас болж хөгзөрч, чанарт нөлөөлсөн нь шууд л харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл суурин доороос хүйтэн агаар байшин дотроос халуун агаар нийлж энэ заагт нь цанталт үүсч тэр нь чийг болж барилгын суурь хана 2-ын заагыг шарлуулдаг юм. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон ШУТИС-ийн Барилга, Архитектурын сургуулийн геотехникийн судалгааны төв дүгнэлт гаргахаас татгалзсан боловч Хын суурийн ажил нь судалгаа геологийн дүгнэлтгүй, зураггүй хийснийг тогтоон өгч, байшингийн сууринаас маш их дулаан алдаж байна гэдгийг тогтоосон болно.

Шүүх Хын нэхэмжлэлээс зарим хэсгийг ханган шийдвэрлэхдээ Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2014.05.30-ны өдрийн улсын байцаагчийн дүгнэлт, 2014.06.10-ны өдрийн улсын байцаагчийн албан шаардлага нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн байх бөгөөд дээрх 2 дүгнэлт, шаардлагыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар нь манайд мэдэгдээгүй, шаардлага нь манайд ирээгүй Х хувиараа танил талаар гаргуулсан баримтыг манайх зөвшөөрөөгүйгээс шүүхэд хүсэлт гаргаж, шүүх Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрыг шинжээчээр томилон улмаар 3 шинжээч томилогдон дээрх шинжээч нар нь дүгнэлтээ шүүгчийн захирамжид тавигдсан асуултад мэргэжлийн үүднээс хариулт өгсөн. Шинжээч нар нь дүгнэлтдээ “Иргэн Х нь байшингийн суурийг ямар ч дулаалгагүй, зохих зураг төсөлгүйгээр цемент зуураад хийсэн мөн барилгын дулаан хангамж шалны халаалтыг ямар ч тооцоо судалгаагүйгээр хийснээр барилга хүйтэн байна” гэж тогтоож өгсөн. Х нь өөрийн хариуцан хийсэн ажлыг болон манай хийсэн ажлыг эвдэж бусниулж тоночихоод манайхаар төлүүлэх, засварлуулах нэрийдлээр байшин барьсан зардал нь 47 300 000 төгрөг байхад бүтэн нугалж дээр нь илүү мөнгө 73 689 902 төгрөг нэхэмжилснийг шүүх зарим хэсгийг хүлээн авч төлбөр төлүүлэхээр шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна.

Мөн нэхэмжлэгч нь барилгын тухай хуулийг санаатайгаар зөрчиж барилгын битүүмжлэлийг гүйцэтгэгчийг байхгүй үед таазыг онгойлгон эвдсэн мөн суурьнаас дулаан алдаад байна гэсэн дүгнэлтүүд гарсаар байхад түүнтэй холбоотой зардлуудыг шүүх хүлээн авч төлүүлэхээр шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй.

Х нь нэхэмжлэлийн шаардлагаа анх байшингаа хүйтэн байгаагаас надад 35 000 000 төгрөгийн хохирол учирсан гэж гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт гаргасанд гомдолтой байна.

Манайх шүүхэд барилгын хөгжлийн төвийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй, дахин шинжээч томилуулан Хын байшинд бодит хохирлыг тогтоолгох хүсэлт гаргаснаар шүүх хүлээн авч, шүүхээс “ХХХ” ХХК-ийг шинжээчээр томилон 2016.07.10-ны өдөр шинжээчийн дүгнэлт гарч танилцахад 2 хүний гарын үсэгтэй Хын байшинд үзлэг хийгээгүй ХХХХ гэгч хүн гарын үсэг зурсан байсан ба газар дээр нь очиж үзлэг хэмжилт хийсэн шинжээч нь дүгнэлтээ гаргаагүй, гарын үсэг зураагүй болохоор хэмжилт үзлэг хийгээгүй 2 хүн дүгнэлт гарган гарын үсэг зурсанаас үзэхэд үзлэг хэмжилт хийсэн хүн нь дээрх дүгнэлтийн талаар санал зөрсөнөөс оролцоогүй биш биз гэсэн нь хардлагад хүрч улмаар дээрх дүгнэлт хууль бус болсон тухай анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан боловч манай хүсэлтийг хүлээн авалгүй хэрэгсэхгүй болгон шийдвэрлээд дээрх дүгнэлтийг үндэс болгон 23 811 827 төгрөгийн төлбөр хариуцуулан шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Энэ төлбөрт нь Х өөрийн хийсэн суурьнаас ус оргилж улмаар паркет шалыг хуулж хаясан зардал, барилгын "битүүмжлэлийг биднийг байхгүйд алдагдуулж дээвэр таазныг дотроос нь онгойлгож сүйтгэсний зардал зэргүүдийг оруулж тооцож, Барилгын тухай хуулийг ноцтой зөрчиж байхад шүүх хүлээн авч шийдвэрлэсэнийг зөвшөөрөхгүй байна.

Мөн нэхэмжлэгч Х нь шүүхэд шинжээч томилуулах хүсэлт гарган, шүүх Барилгын хөгжлийн төвийг шинжээчээр томилж, шинжээчийн ажлын зардалд төлсөн 1 366 680 төгрөг, мөн Х байшингийнхаа дулаан алдалтын хэмжилтийг хувиараа сайн дураараа шүүхийн тогтоол шийдвэргүй бусдаар дур мэдэн хийлгүүлсний зардалд төлсөн 400 000 төгрөгийг, мөн өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 10 000 000 төгрөгийг тус тус нэхэмжилснийг шүүх хангаж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Учир нь өмгөөлөгчийн ажлын хөлсний хэмжээг тогтоох тухай Хууль зүйн яамны сайдын тушаалаар өмгөөллийн хөлсийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн 10 хувь хүртэл хэмжээгээр 2 тал харилцан тохиролцож болно гэсэн зохицуулалт байхад нэхэмжлэлийн үнийн дүн 73 сая төгрөг байхад түүний 10 хувиас хэтрүүлсэн, шинжээчийн зардалд төлсөн 1 366 680 төгрөг, 400 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа хангуулахын тулд гаргасан зардлуудыг манайх төлөхөд гомдолтой байна.

Харин Хын нэхэмжлэлийн шаардлагаас 38 111 415 төгрөгийг шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрч байна. Иймд манай компаниас 35 578 487 төгрөг гаргуулан Ход олгон шийдвэрлэснийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Х давж заалдах гомдолдоо:

            Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 15/724 тоот шинжээч томилох захирамж гаргасан бөгөөд уг захирамжаар томилогдсон Барилгын хөгжлийн төвийн шинжээчид нь 2014 оны 10 дугаар capын 24-ний өдрийн дүгнэлтээр иргэн Хын амины орон сууцны засварын төсөв 48 786 442 төгрөг гэж гаргасан. Гэтэл анхан шатны шүүх шийдвэртээ хөрөнгийн үнэлгээний "ХХХ" ХХК-ийн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 45 тоот дүгнэлтийг үндэслэж 23 811 827 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан тухайн дүгнэлтүүдийг үнэн зөв бодитой дүгнэж шийдвэрлээгүй гэж үзэж байна. Учир нь "ХХХ'" ХХК-ийн дүгнэлтэд зайлшгүй хийгдэх ёстой ажлууд болох дээврийн баадан, гурвалжингийн модон зоргодсон хавтанг солих, цахилгааны монтаж шинэчлэх, гадуур хамгаалалт хийх гэх мэт ажлуудын материалын зардал ажлын хөлсийг оруулаагүйгээс материалын зардалд 13 000 000 төгрөгийн зөрүү гарч байна. Мөн "ХХХ" ХХК-ийн "төсөвт өртгийн нэгдсэн товчоо"-нд зайлшгүй тооцох ёстой ашиг 15 хувь, нормчлолын сан 0,18 хувь, нэмэгдэл зардал 72,3 хувь зэргийг тооцоогүй байгаа нь энэ дүгнэлт үнэн зөв гараагүй, хэт нэг талыг барьсан болохыг харуулж байна.

Барилгын дутуу барьсан талбайн зөрүү болох 13 137 300 төгрөгийн нэхэмжлэлийн тухайд хуульд заасан гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй нь буруу байна. Учир нь “ХХХХХХ" ХХК-ийн гаргасан талбайн зөрүү бүхий тухайн барилгыг нэхэмжлэгч хүлээж аваагүй, энэ нь Нийслэлийн мэргэжлийн хяналгын газрын 2015 оны 5-р сарын 30-ны өдрийн 02-07-91/883 тоот дүгнэлтэд "Энэхүү барилгыг 2013 онд “ХХХХХХХ” ХХК-тай 2013 оны 2-р сарын 08-ны өдрийн 0213 тоот гэрээгээр хийж гүйцэтгэсэн боловч зураг төсөл хүлээлцсэн акт, холбогдох бичиг баримтыг хүлээлгэж өгөөгүй байна" гэсэн хэсэг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2014 оны 6-р сарын 10-ны өдрийн 02-07-78/400 тоот албан шаардлагад "...ХХХХХХХ ХХК-нь "ХХХХХ" ХХК-д боловсруулсан TS 2011-247 шифр бүхий Угсармал амины сууц №1" нэртэй зураг төслийг баримтлан энэхүү орон сууцыг барьсан гэж танай компанийн менежер ХХХХХ танилцуулсан боловч хэмжээ, өрөө тасалгааны төлөвлөлт нь Хын орон сууцнаас өөр, суурийн болон дээврийн шийдэл нь уг зурагтай тохирохгүй байгаа нь тухайлсан зургаар бариагүй болохыг харуулж байна. Барилгыг 2013 онд барьсан атлаа одоо болтол захиалагч иргэнд албан ёсны акт үйлдэж хүлээлгэж өгөөгүй гээд ... Албан ёсоор шаардах нь ..."Барилгын тухай хуулийн 9.1.1-д нийцүүлэх тухай албан шаардлагын хариуг, иргэн Ход барилгыг хүлээлгэж өгсөн актын хамт 2014 оны 7-р сарын 01-ний өдөр ирүүлэх шаардлагатай гэсэн албан шаардлагаар барилгыг хүлээлгэж өгөөгүй нь тогтоогдож байна.

"ХХХХХХ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэл болох хувийн сууцны барилгын зурагны үнэ 3 743 750 төгрөгийг хангаж шийдвэрлэснийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Барилгыг барих үед ямар нэгэн зураг байгаагүй болох нь дээрх НМХГ-ын байцаагчийн дүгнэлт, шаардах хуудас болон НМХГ-ын 2015 оны 4-р сарын 01-ний өдрийн дүгнэлт дэх "иргэн Хын амины орон сууцны барилгын зураг төслийг “ХХ” ХХК "зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлгүй"-д боловсруулсан боловч гүйцэтгэсэн инженер ХХХ гарын үсгээ зурж баталгаажуулаагүй зураг төслөөр баригдсан” гэх хэсэг, шинжээчээр томилогдсон хөрөнгийн үнэлгээний "ХХ" ХХК-ийн 2015 оны 6-р сарын 12-ны өдрийн 15-611 тоот албан бичгээр шүүхэд ирүүлсэн хариунд "Бид танай 6984 тоот захирамжаар шинжээчээр ажиллах явцад тухайн барилгын зураг шаардлагатай болсон ба албан ёсны зураг байхгүй байсан тул гүйцэтгэлийн зураг хийхийг хэргийн зохигчдод мэдэгдсэн. Гэтэл хэргийн зохигчид гүйцэтгэлийн зураг хийлгэхээс татгалзсан тул хуулийн дагуу дүгнэлт гаргах боломжгүй байгааг мэдэгдэж байна" гэх албан бичиг, мөн шинжээчээр томилогдсон ШУТИС-ийн Барилга, архитектурын сургууль, Геотехникийн судлгааны төвийн 2015 оны 12-р сарын 11-ний өдрийн №12 дугаар албан бичигт Монгол Улсын барилгын тухай хуулийн 9.1.1-р зүйлд заасан шаардлагыг дээрх баримтууд хангаагүй буюу 9.1.2, 10.1.1, 12.1, 16.2-р зүйлийг тус тус зөрчсөн тул иргэний хэргийг хянан хэлэлцэхэд нотлох баримтын хэмжээнд авч үзэх хөндлөнгийн мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй" гэсэн баримтуудаар барилгын зураг байгаагүй нь тогтоогдож байна. Мөн 630 000 төгрөгийн үнэтэй зурган халаагуур гэх зүйлийг тухайн үед хариуцагч ХХХХ нь бэлэг гэж өгч байсан ба энэхүү зүйлийг огт хэрэглээгүй тул биет байдлаар буцааж өгөхөд бэлэн байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Х нь хариуцагч "ХХХХХХ” ХХК-д холбогдуулж гэрээний үүргээ биелүүлээгүйн хохирол 73 689 902 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс 4 373 750 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт бүрдүүлэх журмыг зөрчсөн, маргаанд хамааралтай үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн байгааг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй байна.

 

Талуудын хооронд 2013 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлийн газар дээр төмөр арагт бүтэцтэй 86.6 м.кв талбайтай, гаражийн талбай нь 35.8 м.кв, гадна саравчны талбай 27.35 м.кв-тай хувийн сууцыг зураг төслийн дагуу 2013 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд барьж гүйцэтгэн захиалагч талд хүлээлгэн өгөх, захиалагч нь барилгын үнэ нийт 66 593 875 төгрөг төлөхөөр тус тус тохирсон байх ба гэрээний зүйл болох амины орон сууц чанарын доголдолтой баригдсанаас зохигчдын хооронд уг доголдлыг арилгуулахтай холбоотой зардлыг гаргуулах талаар маргаан үүссэн байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын гаргасан “өөрсдийн гүйцэтгэсэн ажлын доголдол, үүнийг арилгуулахад гарах зардлын тооцоог шинжээч томилон гаргуулах хүсэлтийг шүүх шийдвэрлэхдээ Шүүхийн шинжилгээний тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон шинжээч томилон ажиллуулах журмыг зөрчжээ. Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсгийн “Шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлах”, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйл 9.1 дэх хэсгийн “Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлт гаргаж, шинжилгээ хийхээр томилогдож байгаа шүүхийн шинжилгээний байгууллагад ажилладаггүй шинжээчийг дуудан ирүүлж, түүний биеийн байцаалт, мэргэжил, чадвартай танилцан, хэргийн оролцогчтой ямар харилцаатай болохыг тогтоохоос гадна шинжээчээс татгалзан гарах үндэслэл байгаа эсэхийг шалгах”, 9.2 дахь хэсгийн “Энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулах” гэж заасныг зөрчжээ.

 

           Үүний зэрэгцээ шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон “ХХХХХХХХ” ХХК нь барилгын ажлын чанар байдал, зардлын тооцоог гаргах зэрэг ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эсэх нь тодорхойгүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

 

            Иймд шүүхээс шинжээчээр томилогдсон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Барилгын хөгжлийн төв, “ХХ” ХХК, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Барилга, архитектурын сургуулийн геотехнологийн судалгааны баг, “ХХХХХХХХ” ХХК-ийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтын хэмжээнд үнэлж, хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж үзэв.

 

Түүнчлэн, хэрэгт авагдсан баримтуудаар талуудын гэрээгээр хүлээсэн үүргийн зөрчил бүрэн тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл гэрээгээр хүлээсэн үүргээ зохигчдын хэн аль нь биелүүлсэн эсэх, тэдний хийж гүйцэтгэсэн ажил нь чанарын доголдолтой нь бусдын гүйцэтгэсэн ажлын чанарт нөлөөлсөн эсэхийг тодруулах шаардлагатай.

 

            Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2016/05810 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 355 060 төгрөг, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 355 850 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

           

                

                                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

           

                                         ШҮҮГЧИД                                           М.НАРАНЦЭЦЭГ                                                                                                         

           

                                                                                                                 А.МӨНХЗУЛ