Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2019/ШЦТ/251

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Э хөтлүүлж

Улсын яллагч: Б.М

Шүүгдэгч: Ж.Б нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар  

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Ж Бод холбогдох ................ дугаартай эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.  

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн ...суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Архангай аймгийн ..тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 260 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, Б овгийн Жн Б /РД:/ 

 

                   Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Ж.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн ... тоотод оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу эхнэр Л.С-ийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, биеийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Мөрдөн байцаалтын үед: 

  Хохирогч Л.Сийн өгсөн: ...2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 19 цаг 35 минутад би Улаанбаатар хотоос Архангай аймгийн ... тоотод өөрийнхөө гэрт ирэх үед манай нөхөр Б, А нар нь хашааны үүднээс мотоциклтой хөдлөөд явсан. Түүнээс хойш 20 гаруй минутын дараа тэр хоёр 1 шил архи барьсан манай гэрт орж ирэхээр би бас л архи аваад ирэв үү гэж хэлээд хүүхдийн номыг наах гээд сууж байсан сандлаасаа дөнгөж өндийх үед манай нөхөр Б нь хөлөөрөө миний нүүрэнд өшиглөсөн. Тэр үед би газарт унах үед мөн дээрээсээ хөлөөрөө өшиглөөд дэвсээд байсан. Тухайн үед би их балмагдсан байсан учраас яг хэдэн удаа өшиглөсөнг бол сайн анзаараагүй ямар ч байсан толгой тархи, нүүр ам руу өшиглөөд байсан. Тэгэхээр нь би А ахад хандаад Боог аваад салгаад өгөөч гэж гуйж байж салгуулж авсан. Тэгээд би босоод биеэ үзэхэд миний тархи толгой хагарсан байхаар нь Бод хандаад чи яагаад миний тархи толгойг хагалдаг юм бэ гэхэд чамайг ер нь алаад хаясан ч яадаг юм гэж хэлээд дахиж дайраад намайг орон дээр унагаачихаад гараараа миний толгой тархи руу нүдээд байсан. Тэгсэн А ах та хоёрын юм надад хамаагүй гэж хэлээд гараад явсан.  Тэр үед манай нөхөр намайг зодоод байхаар нь би доошоо харж хэвтээд толгойгоо гараараа бариад хэвтээд уйлаад А ахын дуудаж байж нэг юм гэртээ оруулж ирээд Боог салгуулсан. А ах Боод хандаад одоо болно болно үүнээс илүү зодох юм бол чамд гай болно хоёулаа архиа ууя гээд тэр хоёр гэрт архи уух гэхээр нь би гэр орноо цэвэрлэе гэж гуйсаар байгаад гэрээсээ гаргаж архи уулгасан. Дараа цагдаад хандаж дуудлага өгсөн. Миний толгойны ар дагз хэсэгт хагарсан, нүд хөхөрч, хавдсан, баруун, зүүн талын шанаа хавдсан, зүүн мөр хавдсан, хавдсан газруудаар их өвчтөй байдалтай байна. Агсан согтуу бол тавьж байсан гэхдээ бол энэ нь шиг ингэж их зодож  цохиж байгаагүй тиймээс энэ удаагийн асуудалд их гомдолтой байна. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгоно. Би маш их гомдолтой байна, хуулийн дагуу шалгуулах хүсэлттэй байна...гэх мэдүүлэг /хх-ийн  13-14 хуу/

Хохирогч Л.Сийн дахин өгсөн:...миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би гомдолтой байгаа тул хэд хоног ядаж баривчилгаанд явуулж хашраах хэрэгтэй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/

Гэрч Д.Аын өгсөн:...2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Б нь над руу залгаад та манайд хүрээд ир мод хураалцаадхая гэхээр түүнд зөвшөөрч тэднийд ирж модыг нь хураах үедээ 0,5 грамм савалгаатай нэг шил архи хувааж уугаад тэр архийг уухаас өмнө Б архи уусан нилээн халамцуу байсан. Тэгсэн нилээн оройхон бүрий тасарч байх үед Бын эхнэр болох С нь Улаанбаатар хотоос ирж байгаа гээд гэртээ ирж байхад нь Бын хашааны үүдэн дээрээс бид хоёр мотоциклтойгоо хөдөлж яваад гэрт нь буцаад ирэхэд С нь Боод хандаад муу архичин чинь мод түлээгээ олигтой авчихгүй яасан юм бэ ганц портерийг авсан байх юм гэсэн тэгсэн Б эхнэртэй хандаад чи муу пизда минь мөнгө төгрөг аваад яваа биз дээ би мөнгө төгрөг байхгүй хүн царай алдаад хэцүү байна гээд л хэрүүл хийж эхлэхээр нь би тэр хоёрт хандаад наад муухай хэрүүлээ больцгоо гэж хэлсэн. Тэр үед эхнэр нь гэр дотроо чанга чанга яриад л нөхөр рүүгээ орилоод савчаад байхаар нь бид хоёр гэрээсээ нь гарч дутуу үлдсэн модоо хураасан. Авсан архиа Сээс нууж уух гээд Боо гэрээсээ аяга аваад ирье гээд орсон. Тэгсэн С гэрээс надад хандаад энэ согтуу хүүр чинь намайг аллаа салгаад аваачээ гээд орилоод байсан. Тэгэхээр нь гэрт яваад ороход Б нь эхнэрийнхээ үснээс зулгаасан эхнэрийнхээ ууц, нуруу толгой хэсэг рүү цохиж зодоод байхаар нь би Боо чи одоо боль гэж хэлээд эхнэрээс нь салгаад аваад гарсан.  Стэй маргааш нь уулзахад түүний нүүрний урд хэсэг тэр аяаараа хавдаад хөхөрсөн, танай дүүгийн хийсэн зүйл гээд нилээн ууртай сууж байхаар нь би элдэв зүйл яриагүй гараад явсан. Сийг Боо нь арай хэтэрхий цохиж зодсон байсан. Гэрт түүнээс өөр хүн байхгүй байсан учраас Боо л эхнэрээ зодоод байсан. Тэгээд би орж салгасан.  Тэр хоёр хэрэлдэж маргалдаж байдаг л юм гэхдээ хоорондоо зодолдож цохилцсон зүйл бол огт болоод байдаггүй анх удаа л ингэж цохиж зодож байна. С, Б нар нь эхнэр нөхрийн харилцаатай ба тэр хоёр 4 хүүхэдтэй амьдардаг. Сийн үснээс нь зулгаасан дал, нүүр хэсэг рүү нь цохиж зодоод байхаар нь би Быг салгаад аваад гарсан. Б нь архи уухаараа л жаахан суудал муутай тэрнээс биш уг зан ааш сайтай хүнд тусархуу л хүүхэд байгаа юм. Намайг очих үед халамцуу байсан бид хоёр дээрээс нь нэг шил архи хувааж уусан гэхдээ бол би түүний гайгүй л байсан гэж бодож байна. Би Быг цагдаа нар аваад явсаны дараа гэрт нь ороход гэрт нь хоол унд, ус асгасан аяга шаазан хагарсан, С нь уйлсан, нүүр нь ам жаахан хавдсан байсан харин маргааш нь бол нилээн их хавдаад хөхөрсөн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/

Гэрч Д.Д өгсөн:.... Бын ам бүл тавуулаа эхнэр нь Улаанбаатар хот орж ажил хийхээр явсан харин Б нь гэртээ гурван хүүхдээ харж хажуугаар нь ажил хийж байгаа мөн тэдний амьдрал ахуй бол таруу айл өрх байгаа юм. 3ан ааш бол гайгүй хүнд их тусархуу, төлөв томоотой, гэхдээ хааяа архи уух нь уудаг гэхдээ бол байнга ууж идээд яваад байдаггүй. Урьд өмнө бол гэр бүлийн хүчирхийлэл энэ тэр огт үйлдэж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/ 

Гэрч Д.Х өгсөн:... Бын аав ээж нар нь манай аав, ээжийн бага наснаасаа нөхөрлөсөн нэг  өссөн хүмүүс байгаа юм.  Харин С нь бол Бын эхнэр бөгөөд нэг нутагт олон жил амьдарсан болохоор нэгнийхээ талаар сайн мэддэг.  Харин төрөл садангийн харилцаа холбоо байхгүй. Жижигхэн сум орон нутаг дорхоноо тархаж мэдэгдэх ёстой. Харин саяхан нэг эхнэртэйгээ маргалдаж цагдаа сэргийлэх болсон талаар л гэхэд дороол сум орон нутагт тарсан байсан . Тиймээс бол урьд өмнө зодоон цохион гэхээр зүйл бол болоогүй байх. Б нь ам бүл тавуулаа эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг, эхнэр нь Улаанбаатар хот орж ажил хийхээр явсан харин Б нь гэртээ гурван хүүхдээ харж хажуугаар нь ажил хийж байгаа мөн тэдний амьдрал ахуй бол таруу, ядуу өдрийн хоолоо аргалж байгаа айл өрх байгаа юм.Их дөлгөөхөн, хүнтэй нийтэч, хүний үгэнд ордог ажил төрөлд сайн, гарын дүү сайтай уг нь амьдрах гээд хөдөлмөрлөж л байгаа залуу байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуу/

Гэрч Я.Б өгсөн:...Бтой бол төрөл садангийн харилцаа холбоотой, харин С нь бол манай бэр болох хүн байгаа юм.  Манай Б нь эхнэрээ хоёр цохисон гэж өөрөө ярьсан ба мод татах гээд хэдэн төгрөг хадгалсан байсанг эхнэр нь үрсэн байхаар нь согтуудаа хоёр удаа цохисон гэхэд нь чи яаж байгаа гар хүрдэг нь гэж л ярьцгааж байсан. Уг нь энэ хоёр маргалдаад байдаггүй. Саяхан яагаад ийм зүйл болсон талаар бол надад мэдэх зүйл алга байна. Энэ зодсон асуудал нь сонсогдсон тэрнээс өөр зүйл бол мэдэгдээгүй. Б нь ам бүл тавуулаа эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг, эхнэр нь Улаанбаатар хот орж ажил хийхээр явсан харин Б нь гэртээ гурван хүүхдээ харж хажуугаар нь ажил хийж байгаа мөн тэдний амьдрал ахуй бол таруу, ядуу өдрийн хоолоо аргалж байгаа айл өрх байгаа юм.. Б их томоотой түшигтэй хүүхэд байгаа юм, заримдаа архи уусан явж байхад нь таарахад мөрөөрөө төлөв тогтсон ажилсаг хүүхэд байгаа юм..гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуу/

Ж.Бын гэрчээр өгсөн:...2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр би галын түлээнд яваад 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ирэхэд манай эхнэр 3 хүүхдээ үлдээгээд Улаанбаатар хот явсан, мөн картанд модонд явахдаа хэрэглэх гээд хэдэн төгрөг хийсэн байсаныг аваад явсан байхаар нь хүүхдийн бие муудаад байна гэж дуудсан. Тэр өдөр нар жаргахын багцаа би Амгаланбаатарын хамт мод хурааж байх үед эхнэр болох С ирсэн. Бид хоёр мотоциклтой дэлгүүр явж архи авч ирсэн. Тэр үед бол би их согтсон байсан. Тэгээд Амгаланбаатар бид хоёр манайд орж байсан. Би түүнээс хойш юу болсон талаар бол сайн санахгүй тасарсан байсан. Тэгсэн гэнэт л цагдаагийн газар ороод ирсэн байсан маргааш өглөө нь эхнэртэйгээ уулзахад түүний нүүрний урд хэсэгт хөхөрсөн байсан. Би тухайн өдөр нилээн архи уусан учраас зарим зүйлсийг бол сайн санахгүй байна.  Амаараа л хэрэлдэж мууцалддаг байсан тэрнээс биш зодоон цохион хийгээд байдаггүй байсан. Модноос ирэх үед хэдэн хүүхдүүдээ хаяаад Улаанбаатар явсан явдалд нь бухимдаж байгаад согтуу уураа барьж чадаагүй эхнэрээ цохиж зодсон байсан. Би өөрийн гаргасан буруутай үйлдэлдээ харамсаж байна, манай эхнэр одоо Улаанбаатар хот руу ажил хийхээр явж би өөрийнхөө 3 хүүхдийн цэцэрлэг, сургуульд нь гэр орноо сахиж байгаа тул хөнгөн шийтгэл оногдуулж өгөхийг гуйж байна. Харин тэрийгээ сайн санахгүй байгаа юм. Гэхдээ бол би урьд өмнө цохиж зодож байгаагаа санахгүй байна. Хамгийн сүүлд санаж байгаа зүйл бол мод хурааж байгаад гэртээ ороод галынхаа урд сууж байсан аа санаж байна түүнээс хойш зүйлийг бол огт мэдэхгүй байна..гэх мэдүүлэг /хх-ийн  18-19 хуу/   

Ж.Бын яллагдагчаар өгсөн:...надад хөнгөн шийтгэл оногдуулж өгөхийг гуйж байна. Би одоо эрхэлсэн тодорхой ажил гэхээр зүйл бол байхгүй гэртээ гурван хүүхдээ харж байгаа манай эхнэр Улаанбаатар хот орж ажил хийхээр явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 хуу/   

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 424 дугаартай дүгнэлт:

1. Л.Сийн биед зүүн хацар, шанаад зөөлөн эдийн няцрал, дагзны зүүн хэсэгт няцарсан шарх, зүүн эрхий хуруунд цус хуралт, эрүүний баруун доод хэсэг, зүүн өгзөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр нэг бус удаагийн 

үйлдлээр үүснэ.  

3. Хэрэг болох үеийн цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 

4. Зүүн хацар, шанаад зөөлөн эдийн няцрал, дагзны зүүн хэсэгт няцарсан шарх, зүүн эрхий хуруунд цус хуралт гэмтэл нь тус бүр Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 

Эрүүний баруун доод хэсэг, зүүн өгзөгт цус хуралт гэмтэл нь биеийн нийт гадаргуугийн 1%

д хүрэхгүй, эрүүл мэндийг сарниулахгүй тал гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 33 хуу/

 

 Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 4-7 хуу/

 Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 55 хуу/ 

Ж.Бын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 49 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 50 хуу/  

Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 51-54 хуу/

Хавтаст хэргийн материалыг  оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 58-59 хуу/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ж.Бод холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.   

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр шүүгдэгч Ж.Б нь Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн Улаан хужрын 03-02 тоотод оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу эхнэр Л.С эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний биед зүүн хацар, шанаад зөөлөн эдийн няцрал, дагзны зүүн хэсэгт няцарсан шарх, зүүн эрхий хуруунд цус хуралт гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.  

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ж.Б үйлдсэн болох нь:

Хохирогч Л.Сийн өгсөн: ...манай нөхөр Б нь хөлөөрөө миний нүүрэнд өшиглөсөн. Тэр үед би газарт унах үед мөн дээрээсээ хөлөөрөө өшиглөөд дэвсээд байсан. Тухайн үед би их балмагдсан байсан учраас яг хэдэн удаа өшиглөсөнг бол сайн анзаараагүй ямар ч байсан толгой тархи, нүүр ам руу өшиглөөд байсан. Тэгэхээр нь би А ахад хандаад Б аваад салгаад өгөөч гэж гуйж байж салгуулж авсан. Тэгээд би босоод биеэ үзэхэд миний тархи толгой хагарсан байхаар нь Бод хандаад чи яагаад миний тархи толгойг хагалдаг юм бэ гэхэд чамайг ер нь алаад хаясан ч яадаг юм гэж хэлээд дахиж дайраад намайг орон дээр унагаачихаад гараараа миний толгой тархи руу нүдээд байсан. Тэгсэн А ах та хоёрын юм надад хамаагүй гэж хэлээд гараад явсан.  Тэр үед манай нөхөр намайг зодоод байхаар нь би доошоо харж хэвтээд толгойгоо гараараа бариад хэвтээд уйлаад А ахын дуудаж байж нэг юм гэртээ оруулж ирээд Боог салгуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн  13-14 хуу/

Гэрч Д.Аын өгсөн:...тэгэхээр нь гэрт яваад ороход Б нь эхнэрийнхээ үснээс зулгаасан эхнэрийнхээ ууц, нуруу толгой хэсэг рүү цохиж зодоод байхаар нь би Боо чи одоо боль гэж хэлээд эхнэрээс нь салгаад аваад гарсан.  С маргааш нь уулзахад түүний нүүрний урд хэсэг тэр аяаараа хавдаад хөхөрсөн, танай дүүгийн хийсэн зүйл гээд нилээн ууртай сууж байхаар нь би элдэв зүйл яриагүй гараад явсан. С Б  нь арай хэтэрхий цохиж зодсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 424 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

  Шүүгдэгч Ж.Б нь хохирогч Л.Сийг зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлүүдээс Зүүн хацар, шанаад зөөлөн эдийн няцрал, дагзны зүүн хэсэгт няцарсан шарх, зүүн эрхий хуруунд цус хуралт гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах болох нь Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 424 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.    

 

Архангай аймгийн Прокурорын газраас Ж.Бын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна. 

 

Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад  эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан байх бөгөөд уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заажээ.

 

Иймд шүүгдэгч Ж.Быг эхнэр Л.Сд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв. 

 

Шүүгдэгч Ж.Бод эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдаж,  гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу ам бүл 6, эхнэр 4 хүүхэдтэй зэргийг харгалзан торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.  

 

Хохирогч Л.С нь мэдүүлэг өгөхдөө болон хавтаст хэргийн материал танилцуулах үед “нэхэмжлэх зүйлгүй, санал хүсэлт байхгүй” гэж  /хх-ийн 58  хуу/ дурдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                              

                                                    ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Ж Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Быг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялын 500.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд сар бүр 125.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

              6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.ОТГОНЦЭЦЭГ