| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2016/00248/И |
| Дугаар | 264 |
| Огноо | 2016-11-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 264
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Л.Алтанчимэгийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Ариунбаатарт холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 4900000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 сарын 18-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Алтанчимэг, хариуцагч Э.Ариунбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа нар оролцов.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч Л.Алтанчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Л.Алтанчимэг нь “Минжит Алтай” ХХК-ийн худалдагч, нягтлангийн ажил эрхэлдэг. “Аривжих” ХХК-ийн захирал Э.Ариунбаатар нь 2016 оны 01 сард манай компанийн дэлгүүр болон шатахуун түгээх станцаас нийт 6702040 төгрөгний хүнсний бараа болон шатахуун зээлж авсан. 01 сарын 13-нд 2 сая төгрөгийг төлөөд үлдэгдэл 4702040 төгрөгийг одоо болтол төлөөгүй. Ингээд Э.Ариунбаатарын ажилладаг Хажуу-Улааны уурхайд очиж уулзах гээд гурван удаа очсон боловч байгаагүй, таньж мэдэх хүмүүсээр дамжуулаад уулзах гэсэн боловч ирж уулзаагүй мөн нэг удаа ч утсаар ярьж чадаагүй. Ингэж хэд хэдэн удаа уулзах гэж 197960 төгрөгний бензиний зардал гаргасан. Иймд Э.Ариунбаатараас 4900000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Э.Ариунбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Э.Ариунбаатар миний бие энэхүү нэхэмжлэлийг Гансэлэм гэдэг хүнээр барагдуулахыг хүсэж байна. Учир нь миний бие тухайн үед Гансэлэмтэй хамтарч экскаватор түрээслэж түрээсийн төлбөрийг хамтарч төлнө гэчихээд төлөөгүй. Би түрээсийн төлбөр болох 15000000 төгрөгийг төлсөн. Мөн хүнс, түлш, тосоо хувааж гаргах байсан мөртлөө би бүх урсгал зардлыг гаргаж байсан бөгөөд энэхүү Гансэлэм нь нэхэмжлэлийн дагуу төлөх 4900000 төгрөгний хүнс түлшийг авахад хамт явж байсан. Иймд миний бие Гансэлэм гэдэг хүнийг хариуцагчаар дуудахыг хүсэж байна” гэжээ.
Нэхэмжлэгч Л.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э.Ариунбаатар нь 2016 оны 01 сард манай хүнсний дэлгүүр, шатахуун түгээх станцаас хүнсний зүйл, шатахуун авсан. 2016 оны 01 сарын 13-нд надад 2 сая төгрөг өгөөд 4702040 төгрөгний үлдэгдэлтэй үлдсэн. Би энэ мөнгөө авахаар Дорноговь аймгийн Хажуу-Улааны уурхайд 3 удаа очиход 197960 төгрөгний шатахууны зардал гарсан. 4702040 төгрөгөөс 1268900 төгрөг нь хүнсний барааны үнэ, 3433140 төгрөг нь дизелийн түлшний үнэ байгаа. Би Гансэлэм гэдэг хүнийг танихгүй. Би хүнсний бараа, дизелийн түлшийг Гансэлэмд өгөөгүй, Э.Ариунбаатарт өгсөн. Иймд Э.Ариунбаатараас хүнсний бараа, дизелийн түлшний үнэ 4702040 төгрөг, замын зардал 197960 төгрөг нийт 4900000 төгрөгийг гаргуулж өгнө үү. 4900000 төгрөгөөс 2450000 төгрөгийг 2016 оны 12 сарын 31-ний өдрийн дотор, 2450000 төгрөгийг 2017 оны 02 сарын 01-ний өдрийн дотор Э.Ариунбаатар нь төлнө гэснийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
Хариуцагч Э.Ариунбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Л.Алтанчимэгийн хүнсний дэлгүүрээс хүнсний бараа, шатахуун түгээх станцаас дизелийн түлш авч байсан нь үнэн. Би 2016 оны 01 сард ажилчдын цалин, түлшний тооцоо хий гээд Гансэлэмд 8600000 төгрөг өгсөн. Гансэлэм энэ хүнсний бараа, дизелийн түлшний тооцоог хийгээгүй орхисон байсан. Би цагдаагийн байгууллагад Гансэлэмийг шалгуулж байгаа. Би хүнсний бараа, дизелийн түлшний үнэ 4702040 төгрөг, замын зардал 197960 төгрөг нийт 4900000 төгрөгийг төлнө. 4900000 төгрөгөөс 2450000 төгрөгийг 2016 оны 12 сарын 31-ний өдрийн дотор, 2450000 төгрөгийг 2017 оны 02 сарын 01-ний өдрийн дотор Л.Алтанчимэгт төлж барагдуулна” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын тайлбар болон хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч Л.Алтанчимэг нь хариуцагч Э.Ариунбаатараас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 4900000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Алтанчимэг нь хариуцагч Э.Ариунбаатараас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 4900000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
Хариуцагч Э.Ариунбаатар нь 4900000 төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь нэхэмжлэгч Л.Алтанчимэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зээлээр шатахуун олгосон тухай карт, хүнсний бараа олгосон зарлагын баримтууд, хариуцагч Э.Ариунбаатарын шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна. /хх-ийн 5-13/
Шүүх хуралдааны явцад хариуцагч Э.Ариунбаатар нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 4900000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч Э.Ариунбаатар нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 4900000 төгрөгөөс 2450000 төгрөгийг 2016 оны 12 сарын 31-ний өдрийн дотор, 2450000 төгрөгийг 2017 оны 02 сарын 01-ний өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрч тайлбараа шүүх хуралдаанд гаргасан байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн
106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 123 дугаар зүйлийн 123.1
дэх хэсэгт заасныг удирдлага болгон З А Х И РА М Ж Л А Х нь:
1.Нэхэмжлэгч Л.Алтанчимэгийн нэхэмжилсэн 4900000 /дөрвөн сая есөн зуун мянган/ төгрөгөөс 2016 оны 12 сарын 31-ний өдрийн дотор 2450000 /хоёр сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг, 2017 оны 02 сарын 01-ний өдрийн дотор 2450000 /хоёр сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг хариуцагч Э.Ариунбаатар нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Алтанчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93350 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, хариуцагч Э.Ариунбаатараас улсын тэмдэгтийн хураамж 93350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Алтанчимэгт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Э.Ариунбаатар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ М.ЭНХМАНДАХ