| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2019/0260/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/262 |
| Огноо | 2019-12-05 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 2019/ШЦТ/262
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Э хөтлүүлж
Улсын яллагч: Б.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Э
Шүүгдэгч: Б.Д нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овгийн Б Д холбогдох ........... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны ... дүгээр сарын ...-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн ,,, тоотод оршин суух, урьд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, О овгийн Борын Д /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Дг 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Т,,, тоотод байх хохирогч Ч.Бын гэрийн тооноор нэвтэрч, сүүн хурууд ааруул, монгол архи, усны тэрэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 633.100 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ,,, тоотод байх хохирогч С.Агийн орон байранд нэвтэрч 2 килограмм үхрийн мах, 1 кг өрмийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 21.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Ч.Бын өгсөн: ...2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хөдөө гэртээ байж байтал манай хажуу талын айлын Э надруу залгаад танай гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Би ирээд гэрийнхээ эд зүйлсийг шалгахад гэрийн зүүн талд байсан хөргөгчнөөс сүүн хурууд, 1.5, 2.5 л-тэй 2 сав монгол архи, усны тэрэг авч гараад баригдсан байсан. Манай гэрээс 66,4 кг сүүн хурууд ааруул, 2,5, 1,5 л-тэй монгол архи, усны тэрэг авч гарсан байсан. Тооноор гарах үедээ гэрийн цагаан бүрээсийг урсан. Би одоо гэрийн цагаан бүрээс, монгол архи хэдэн төгрөгийн ханштай байгааг мэдэхгүй байна. Гэрийн бүрээсийг 2017 онд 120,000 төгрөгөөр хамгийн чанартай бүрээсийг авч байсан. Сүүн хурууд зах дээр 12,000 төгрөгийн үнэтэй байгаа. Би усны тэрэг, 2 сав монгол архи, сүүн хуруудыг буцаан авсан. Манай гэрийн тооноор сүүн хурууд авч гарахдаа унагаад 13,2 килограм ааруулыг хугалж зарж борлуулах боломжгүй болгосон. Мөн тооноор гарахдаа гэрийн цагаан бүрээс хаалганы зүүн талд цуулж салбарч урсан нөхөж янзлах боломжгүй болсон тул шинээр авахуулах хүсэлтэй байна. Иймд би Д гэх хүнээс 13,2 кг ааруул болон гэрийн цагаан бүрээсийг үнийг гаргуулна. Бурхны гунгарваан дээр байсан 0,33 л-тэй Ерөөл нэртэй тал шил архины үнэлгээг гаргуулахгүй, үнийг нэхэмжлэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/
Гэрч Д.Э өгсөн:... Би 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг Тамир хорооллын 39-3931 тоот хашаанд гэртээ байж байсан. Манайх хашаан дотроо хоёр гэрээрээ байдаг юм. Манай гэрийн зүүн талд миний төрсөн ахынх байдаг. Тэднийх зун хүүхэд амрахаар гэрээ цоожлоод мал руугаа гараад явчихдаг юм. Би өчигдөр хашаанаасаа гараагүй хашааныхаа зэрлэг өвсийг зулгааж байгаад гэртээ орж хүйтэн юм ууж, утсаар ярьж сууж байгаад гарч ирсэн. Тэр өдөр хог ачиж байсан. Тэгэхээр нь хогоо бөөгнүүлж ачуулах санаатай гэрээс гараад иртэл хашааны зүүн талд хураасан түлээн дээр саарал фудволктой эрэгтэй хүн зогсож байснаа нэг юм пид хийгээд давуулаад шидчих шиг болсон. Би түлээ хулгайлж байна гэж бодоод гэгээн цагаан өдрөөр түлээ хулгай хийлээ гээд орилоод гэр рүү буцаж гүйж ороод утсаа авчихаад гараад иртэл хашаа даваад явчихсан. Тухайн үед би хашаанд хөрөөдсөн байсан хоёр ширхэг тайрдасыг авсан юм болов уу л гэж бодсон. Тэгсэн хашааны зүүн талд жижиг цаасан хайрцагтай сүүн хурууд цаасан хайрцаг нь задраад уначихсан байна гэж манай охин хэлсэн. Би тэгэхээр ах руу залгаад танайд ааруул байсан уу, танайд хулгай орсон юм шиг байна гэж хэлсэн чинь манай хөлдөөгчин дотор 5 хайрцаг ааруул байгаа гэж хэлсэн. Би хашааны гаднаас хайрцагтай ааруулуудыг цуглуулж аваад гэр рүүгээ орж ирсэн. Тэгсэн нөгөө манай хашаанаас юм давуулдаг хүн чинь мотоцикльтой буцаад ирэхээр нь хашаанаас гүйж гараад хамт явсан мотоцикльтой хүнд нь наад хүн чинь хулгайч шүү чи хамт хулгай хийсэн юм уу гэсэн чинь үгүй намайг эндээс юм авах гэсэн юм гээд таксидсан юм гэж хэлээд нөгөө хүнийг хараагаад давхиад явчихсан. Би нөгөө хүний араас дагаж явсаар байгаад бариад авсан. Энэ хүн нилээн согтуу байсан. Би таныг цагдаад өгнө гэж хэлсэн чинь тэг тэг гэж хэлээд тоохгүй байсан. Би цагдаад дуудлага өгөөд удалгүй цагдаа ирээд аваад явсан. Манай хажуу айл 2019 оны 06 дугаар сарын 03-наас 04-ний өдрийн үеэс эхлэн эзгүй байгаа юм. Манай ахын гэр цоожтой байсан. Би 9 настай охинтойгоо хоёулахнаа л байсан. Би өглөө 10 цаг өнгөрөөд зэрлэг зулгаагаад 14 цаг хүртэл хашаан дотроо байсан. Энэ хугацаанд гэртээ орж гараад ихэвчлэн хашаан дотроо л байсан. Намайг гэрээс гарч ирэхэд хөх өнгийн жинсэн өмдтэй, саарал хагас ханцуйтай фудволктой бор царайтай дунд зэргийн нуруутай эрэгтэй хүн байсан. Сүүлд нь мотоцикльтой ирэхдээ хашааны булангаас хөх өнгийн куртик авч өмссөн байсан. Өөрийн гэрээс юм алдагдаагүй, харин манай ахын гэрээс хөлдөөгчинд байсан 3 хайрцаг ааруул, мөн хашаан дотор байсан усны тэргийг хулгайлж авсан байсан. Мөн ахын гэр дотор 1 хайрцаг ааруул нь хайрцаг нь задарчихсан хэвтэж байсан, бурхны гунгарваа дээр байсан жижиг шилтэй Ерөөл архийг уучихаад, байсан газар нь хоосон шилийг нь буцаагаад тавьчихсан байсан. Би бусад эд зүйлийг нь сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/
Гэрч М.А өгсөн:... 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 15 цагийн үед Замын цагдаагийн тасгийн өдрийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад манай хажуу айлд хүн орчихсон юм шиг байна гэсэн мэдээлэл иргэнээс ирсэн. Би дуудлага мэдээлэл өгсөн газарт буюу Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг Тамир хорооллын 39-3931 тоотод явж очиход үл таних эрэгтэй эд зүйлийг нь хашааны зүүн талд гаргаад хаячихсан байсан. Тухайн хулгай орсон гэх айлын хажуу айлын Эрдэнэтуяа гэх эмэгтэй өөрөө гудамж тойрч яваад нөгөө хүнийг дагуулж ирсэн. Тэр хүн тухайн айлаас 3 хайрцаг сүүн хурууд ааруул, 2 сав монгол архи, усны тэрэг зэрэг эд зүйлсийг хулгайлан хашааг давуулан шидсэн байсан. Би тухайн үед өөрийн самсунг маркийн гар утас дээр айлаас хулгайлж авсан гэх эд зүйлсийг нь болон хулгай хийж байгаад баригдсан гэх эрэгтэй хүний зургийг авч бэхжүүлсэн. Тэр хүн согтуу байсан болохоор эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгөөд уг зургуудаа мөрдөгч дэслэгч Одгэрэлд илтгэх хуудсын хамт хүлээлгэн өгөөд явсан. Ийм л асуудал болсон. Би нэр усыг асуусан. Тэр үед өөрийгөө Б Д гэдэг гэж хэлсэн ба би төхөөрөмжөөр шалгаж үзэхэд таарч байсан. Намайг ороход гэрийн тоонны харалдаа доор зуухны зүүн хойд талд 1 хайрцагтай сүүн хурууд ааруулын хайрцаг задарч ааруулууд нь хугарсан үйрсэн байдалтай байсан. Надад Эрдэнэтуяагийн Болорсайхан гэж хүн мэдээлэл өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/
Б.Дгийн гэрчээр өгсөн:... 2019 оны 08 дугаар сарын 06-ны өглөө 08 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг Тамир хороололд байдаг хүргэнийд очих гээд гарсан. Намайг очиход хүргэнийх эзгүй байсан. Тэгж явж байгаад хэдэн жилийн өмнө барилга дээр ажиллаж байгаад танилцсан Б гэдэг хүнтэй тааралдаад тэрэнтэй 0,75 грамм нэг шил архи уусан. Б Улаанбаатар хотод ажиллаж байгаа энд хүнтэй уулзах ажилтай ирсэн гээд надад архи авч өгсөн. Бид хоёр Тамир хорооллын гудамжнуудын урд талын горхины хажууд сууж байгаад архиа уучихаад 12 цагийн үед салаад явсан. Би Б салаад хамгийн нүүрний гудамжинд байх айлын хашааг давж орсон санагдаад байгаа юм. Тэгээд хашаан дотор байсан гэрийн тооноор явж орсон. Би тухайн үед нилээн согтчихсон байсан болохоор яаж явж ороод яаж гарч ирснээ санахгүй байгаа. Намайг гарч ирж байгааг цаад айлын хүн нь хараад барьж авсан юм билээ. Тэр нь ч болсон юм. Хэдэн жилийн өмнө барилга дээр цуг ажиллаж байгаад танилцсан. Одоо хаана байдаг бүтэн нэр усыг нь мэдэхгүй. Тэр өдөр л анх удаагаа орсон. Би сүүн хурууд ааруул, ундааны савтай монгол архи авсан. Би хулгай хийсэндээ гэмшиж байна. Тухайн үед би ганцаараа байсан..гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 хуу/
Б.Дгийн яллагдагчаар өгсөн:..би уг гэмт хэргийг үйлдсэн нь үнэн. Гэхдээ хуулийн зүйл ангид заасан хорих ял арай хатуу байна. Би гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүх зүйлээ ярьсан. Би усны хэрэг авч гараагүй, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 хуу/
Хохирогч С.Аийн өгсөн:.... 2019 оны 10 дугаар сарын 07-ны оройны 19 цагийн үед гэртээ сууж байтал манай хүү Тэргэл гаднаас гүйж орж ирээд ээж байшингаас нэг танихгүй хүн мах өрөм аваад гарч байна гэж хэлсэн. Би юун хүн юм бол гэж гайхаад гараад хартал хашааны хаалгаар гараад хойшоо эргээд явж байгаа харагдсан. Би араас нь гүйж очоод бариад авсан чинь манайхаас авсан мах өрөмөө шидчихээд зугтаасан. Тэгэхээр нь гудамжинд явж байсан ахыг та наад хүнээ бариад аваарай юм аваад зугтаачихлаа гэж хэлсэн. Нөгөө хүн бариад авсан. Би тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Манай хашааны хаалга нээлттэй байсан. Байшингийн хаалгаа түгжээгүй хаагаад орхисон байсан. Бид өөрсдөө хашаан дотроо гэр бариад амьдардаг юм. Манай байшинг нэг хүн түрээсэлж байгаад тэр өдөр юм хумаа аваад нүүдэл хийгээд дуусч байсан болохоор байшингийнхаа хаалгыг түгжиж амжаагүй байсан. Манай гэрийн хөлдөөгчин дотроос 1 тогооны өрөм, 2 жижиг ууттай ойролцоогоор 2 кг орчим мах авсан. Манайх байшиндаа хөлдөөгчөө тавиад мах сүү гээд ойр зуурын хүнсний зүйлсээ хадгалдаг юм. Манай өөрийн мах, өрөм байгаа юм. Тогооны өрөм зах дээр 12.000-15.000 төгрөг, мах 1 кг нь 7000-8000 төгрөгийн үнэтэй байгаа байх гэж бодож байна. Манай гэрээс мах өрөм хулгайлсан гэх хүнийг одоо харвал танина. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би алдагдсан эд зүйлсээ буцаагаад авчихсан...гэх мэдүүлэг /хх-ийн 53-55 хуу/
Насанд хүрээгүй гэрч Х.Т өгсөн:... 2019 оны 10 дугаар сарын 07-ны орой 19 цагийн үед би хичээлээсээ тараад гэртээ ирж байтал нэг танихгүй хүн байшингаас мах өрөм аваад гарч байсан. Тэгээд би гэртээ ороод ээжээсээ та хүнд мах өрөм өгсөн юм уу гэж асуусан чинь ээж үгүй гэж хариулсан. Тэгээд бид хоёр араас нь гараад хартал нөгөө хүн хашааны үзүүрт явж байсан. Тэгээд би араас нь гүйгээд нөгөө хүнийг дуудаад зогсоотол ээж араас хүрээд ирсэн. Тэр үед нөгөө ах манай байшингаас авсан мах өрөмөө шидчихээд зугтаасан. Тэгээд ээж гудамжны үзүүрт явж байсан өөр хүнээс наадхаа бариад ав, юм аваад зугтаачихлаа гээд орилтол нөгөө хүн манай гэрээс хулгай хийгээд зугтааж байсан ахыг бариад авсан. Манай гэрээс ойролцоогоор 2 кг мах, 1 кг өрөм аваад гарч байсан. Тэр хүнийг өмнө харж байгаагүй хүн байсан. Гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 хуу/
Б.Дгийн гэрчээр өгсөн:... 2019 оны 10 дугаар сарын 07-ны орой 19 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сум Цагаан давааны горхины дээд талд байдаг нэг айлын байшинд ороод хөлдөөгчнөөс нь жижиг бөөрөнхий мах, өрөмний тал байхаар нь аваад гарсан. Тэгээд яг хашаанаас нь гарч байтал уг айлын хүүхэд нь хойноос гарч ирээд “энэ ах манайхаас гараад явж байна” гэсэн. Тэгээд удаагүй байтал тэр хүүүхдийн ээж нь хойноос гүйгээд хүрээд ирхээр нь би авсан махаа буцаагаад өгсөн. Тэгээд тэр эмэгтэй “цагдаа дуудлаа” гээд байсан “би тэгээ” гээд цагдаа нар иртэл сууж байсан. Ойролцоогоор 500 гр мах, тал өрөм авсан. Байшингийн хаалгыг татаад үзтэл нь онгорхой байсан. Тэгээд ороод хөлдөөгчнөөс нь мах өрөм авчихсан. Тухайн үед согтуу байсан болохоор ямар зорилготой авсанаа мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 хуу/
Б.Дгийн яллагдагчаар өгсөн:.. 2019 оны 10 дугаар сарын 07-ны орой гэртээ харих гээд явж байтал замд онгорхой хашаа байхаар нь явж орсон. Би тэр айлын байшинд нь ороод хөлдөөгчийг нь онгойлгоод ууттай мах, тогооны авдар дээр нь ил байсан тал өрөм зэргийг аваад гарсан Би гараад явж байтал тэр айлын хүүхэд миний араас дуудсан, араас нь ээж нь ирээд цагдаа дуудлаа гэсэн. Би авсан мах өрөмөө буцааж өгчихөөд цагдаа дууд гэж хэлсэн. Нэг уутад 2 жижигхэн бөөрөнхий мах хийсэн байсан. өрөм нь тал тогооны өрөм байсан. Би тухайн үед согтуу байсан учраас яваад орчихсон байсан. Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 29-01 тоотод эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Хувиараа барилгын ажил хийдэг. Манай эхнэр аймгийн захиргаанд үйлчлэгч хийдэг. Сарын 300.000 төгрөгийн цалин авдаг..гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 хуу/
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 02-04 хуу, 44-46 хуу/
Гэрэл зургууд /хх-ийн 05-06 хуу, 47 хуу, 50 хуу/
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 48-49 хуу/
Б.Дгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 79 хуу/
Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80 хуу/
Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 82-92 хуу/
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 93 хуу/
Оролцогчдод хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 102-104 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Дд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Тамир хорооллын 39-3931 тоотод байх хохирогч Ч.Бын гэрийн тооноор шүүгдэгч Б.Д нь нэвтэрч, сүүн хурууд ааруул, монгол архи, усны тэрэг,
мөн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 25-08 тоотод байх хохирогч С.Агийн орон байранд шүүгдэгч Б.Д нь нэвтэрч 2 килограмм үхрийн мах, 1 кг өрмийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.Д үйлдсэн болох:
Хохирогч Ч.Бын өгсөн: ...гэрийн зүүн талд байсан хөргөгчнөөс сүүн хурууд, 1.5, 2.5 л-тэй 2 сав монгол архи, усны тэрэг авч гараад баригдсан байсан. Манай гэрээс 66,4 кг сүүн хурууд ааруул, 2,5, 1,5 л-тэй монгол архи, усны тэрэг авч гарсан байсан. Тооноор гарах үедээ гэрийн цагаан бүрээсийг урсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/, гэрч Д.Э өгсөн:... гэрээс гараад иртэл хашааны зүүн талд хураасан түлээн дээр саарал фудволктой эрэгтэй хүн зогсож байснаа нэг юм пид хийгээд давуулаад шидчих шиг болсон. Би түлээ хулгайлж байна гэж бодоод гэгээн цагаан өдрөөр түлээ хулгай хийлээ гээд орилоод гэр рүү буцаж гүйж ороод утсаа авчихаад гараад иртэл хашаа даваад явчихсан. Тухайн үед би хашаанд хөрөөдсөн байсан хоёр ширхэг тайрдасыг авсан юм болов уу л гэж бодсон. Тэгсэн хашааны зүүн талд жижиг цаасан хайрцагтай сүүн хурууд цаасан хайрцаг нь задраад уначихсан байна гэж манай охин хэлсэн. Би тэгэхээр ах руу залгаад танайд ааруул байсан уу, танайд хулгай орсон юм шиг байна гэж хэлсэн чинь манай хөлдөөгчин дотор 5 хайрцаг ааруул байгаа гэж хэлсэн. Би хашааны гаднаас хайрцагтай ааруулуудыг цуглуулж аваад гэр рүүгээ орж ирсэн. Тэгсэн нөгөө манай хашаанаас юм давуулдаг хүн чинь мотоцикльтой буцаад ирэхээр нь хашаанаас гүйж гараад хамт явсан мотоцикльтой хүнд нь наад хүн чинь хулгайч шүү чи хамт хулгай хийсэн юм уу гэсэн чинь үгүй намайг эндээс юм авах гэсэн юм гээд таксидсан юм гэж хэлээд нөгөө хүнийг хараагаад давхиад явчихсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/, гэрч М.А өгсөн:... 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 15 цагийн үед Замын цагдаагийн тасгийн өдрийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад манай хажуу айлд хүн орчихсон юм шиг байна гэсэн мэдээлэл иргэнээс ирсэн. Би дуудлага мэдээлэл өгсөн газарт буюу Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг Тамир хорооллын 39-3931 тоотод явж очиход үл таних эрэгтэй эд зүйлийг нь хашааны зүүн талд гаргаад хаячихсан байсан. Тухайн хулгай орсон гэх айлын хажуу айлын Эрдэнэтуяа гэх эмэгтэй өөрөө гудамж тойрч яваад нөгөө хүнийг дагуулж ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/,
Хохирогч С.Агийн өгсөн:.... 2019 оны 10 дугаар сарын 07-ны оройны 19 цагийн үед гэртээ сууж байтал манай хүү Тэргэл гаднаас гүйж орж ирээд ээж байшингаас нэг танихгүй хүн мах өрөм аваад гарч байна гэж хэлсэн. Би юун хүн юм бол гэж гайхаад гараад хартал хашааны хаалгаар гараад хойшоо эргээд явж байгаа харагдсан. Би араас нь гүйж очоод бариад авсан чинь манайхаас авсан мах өрөмөө шидчихээд зугтаасан. Тэгэхээр нь гудамжинд явж байсан ахыг та наад хүнээ бариад аваарай юм аваад зугтаачихлаа гэж хэлсэн. Нөгөө хүн бариад авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 53-55 хуу/
Насанд хүрээгүй гэрч Х.Т өгсөн:... 2019 оны 10 дугаар сарын 07-ны орой 19 цагийн үед би хичээлээсээ тараад гэртээ ирж байтал нэг танихгүй хүн байшингаас мах өрөм аваад гарч байсан. Тэгээд би гэртээ ороод ээжээсээ та хүнд мах өрөм өгсөн юм уу гэж асуусан чинь ээж үгүй гэж хариулсан. Тэгээд бид хоёр араас нь гараад хартал нөгөө хүн хашааны үзүүрт явж байсан. Тэгээд би араас нь гүйгээд нөгөө хүнийг дуудаад зогсоотол ээж араас хүрээд ирсэн. Тэр үед нөгөө ах манай байшингаас авсан мах өрөмөө шидчихээд зугтаасан. Тэгээд ээж гудамжны үзүүрт явж байсан өөр хүнээс наадхаа бариад ав, юм аваад зугтаачихлаа гээд орилтол нөгөө хүн манай гэрээс хулгай хийгээд зугтааж байсан ахыг бариад авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 хуу/, зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэмт хэргийн нөхцөл байдал болон авсан эд зүйлсийн тоо ширхэг, шинж байдал, учруулсан хохирол, гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч Б.Д нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 654.100 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Дгийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.
Орон байр гэж хүн байнга түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц байшин гэр урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Д нь хохирогч Ч.Бын гэрт хохирогч С.Агийн байшинд тус тус нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан байна
Иймд шүүгдэгч Б.Дг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд хорих ял оногдуулах үндэслэлтэй байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх журмыг хэрэглэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Дд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа учруулсан хохирлоо төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох шинжээчид төлсөн 10.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Ад, 54.000 төгрөг гаргуулж хохирогч Ч.Бд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хохирогч Ч.Б нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлэг өгсөн /хх-ийн 11-12 дугаар хуу/ хавтаст хэргийн материал танилцуулах үед “санал хүсэлт байхгүй” гэсэн / хх-ийн 102 дугаар хуу/, хохирогч С.А нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлэг өгсөн /хх-ийн 54-55 дугаар хуу/ хавтаст хэргийн материал танилцуулах үед “санал хүсэлт байхгүй” гэсэн / хх-ийн 103 дугаар хуу/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овгийн Б Дг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1.9-д зааснаар шүүгдэгч Б.Дгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 10.000 төгрөгийг гаргуулж хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 25-08 тоотод оршин суух Б овгийн С А/РД:/-д, 54.000 төгрөг гаргуулж хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Тамир хорооллын 39-3931 тоотод оршин суух Б овгийн Ч Б /РД:/-д тус тус олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ