Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2019/ШЦТ/261

 

 

 

 

 

 

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхбаяраар хөтлүүлж

Улсын яллагч: С.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Э

Шүүгдэгч:  П.Ж нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овгийн П Ж холбогдох 191200...... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган  сумын 3 дугаар баг, Цогт-Уулын 05-03 тоотод оршин суух, Б овгийн П Ж/РД:/ 

 

                   Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч П.Жнь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Цогт-Уулын 05-03 тоотод эхнэр Л.Мыг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Мөрдөн байцаалтын үед:

 

    Хохирогч Л.Мын өгсөн: ...2019 оны 11 дүгээр сарын 05-ны орой 21 цагийн үед би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Цогт-Уулын 05-03 тоотод 22 цагийн орчим ажлаа тараад гэртээ харихад манай нөхөр гаднаас согтуу орж ирээд янз бүрийн юм яриад хүмүүстэй хардаад элдэв янзаар доромжлоод хагалсан жижиг түлээ модоор миний толгой руу цохисон. Би цагдаа дуудлаа гэсэн чинь гэрээсээ гараад зугтаад явсан. Би дуудлагаар ирсэн цагдаа нарт өөрийн учирсан гэмтлээ харуулсан. Манай нөхөр Ж миний толгой руу нэг удаа зуухны хажууд байсан хагалсан түлээгээр цохиж миний толгой зулай хэсгийг хагалсан мөн баруун талын хацар баруун гарын бугалгын ар хэсэгт хөхөрсөн гэдэс хэвлийгээр өшиглөсөн, маш их хөндүүр зовуурьтай байна.  Урьд өмнө манай нөхөр намайг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй анх удаа намайг зодож байна. Тухайн үед манай бага насны хүүхэд байсан өөр хүмүүс байгаагүй энэ талаар мэдэх хүн байхгүй. Манай нөхөр архи согтууруулах ундаа байнга архи ууж, гэртээ согтуу ирж хэрүүл маргаан хийж намайг цохиж зодох болсон. Өөр ямар нэг шалтгаан байхгүй. Миний биед учирсан гэмтлийг манай нөхөр Ж учруулсан. Манай нөхөр миний толгойг гэрт байсан хагалсан түлээгээр нэг удаа цохисоны учраас миний толгой хагарсан мөн баруун гарын бугалга хэсэг рүү модоор нэг удаа цохисон, гэдэс хэвлий хэсэг рүү нэг удаа хөлөөрөө өшиглөсөн өөр цохиж зодсон асуудал байхгүй. Тухайн үед намайг цохисон түлээ хагалсан жижиг хар модон түлээ байсан, тэр түлээ одоо байхгүй, гал түлээд шатаад алга болсон. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй нөхөр бид хоёр хоорондоо эв зүй учраа олсон одоо ямар нэг асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 05-07 хуу/ 

Гэрч Х.Б өгсөн:..намайг дуудлага мэдээллийн дагуу очиход нөхөртөө зодуулсан гээд нэг эмэгтэй байсан. Тэр эмэгтэй толгой хэсгээ хагалуулсан цус гарсан байдалтай байж байсан. Түүнийг нөхөр нь хагалсан жижиг түлээгээр цохиж, толгойг нь хагалсан талаар хохирогч эмэгтэй хэлж байсан. Намайг дуудлагын дагуу очиход дээрх хүмүүс зодоон хийгээд дууссан байсан. Хохирогч эмэгтэйг гаднаас нь харахад толгой зулай хэсгээс нь цус гарч хуйх нь язарсан байсан. Өөр ил харагдах шарх харагдаагүй. Түүний нөхөр нь байнга архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг талаар ярьж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/ 

Гэрч Д.Б өгсөн:..Ж бол төлөв даруу ааштай элдэв буруу ааш байхгүй, хүнтэй эвтэй найртай харьцаатай залуу байгаа юм. Энэ хүний эхнэр таньж мэднэ гэр бүл үр хүүхдэдээ халамж хайр сайтай энэ хоёр нь таарамжтай харьцаатай байдаг. Би байнга энэ хоёртой уулзаж гэр орноор нь орж гараад явдаг. Ж улирлын чанартай ажил хийдэг найз нөхдөдөө нэр хүндтэй,  хүнтэй таарамжтай сайн залуу байгаа юм. Ж нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэрээ урьд өмнө зодож байсан талаар би мэдэхгүй байна.  Урьд өмнө эхнэрээ миний мэдэхээр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/ 

Гэрч Б.Б өгсөн:..Ж төлөв даруу ааштай элдэв буруу ааш байхгүй хүнтэй эвтэй найртай харьцаатай залуу байгаа юм. Гэр бүл үр хүүхдэдээ халамж хайр сайтай, эхнэртэйгээ таарамжтай харьцаатай байдаг. Би байнга энэ хоёртой уулзаж гэр орноор нь орж гараад явдаг. Жнь улирлын чанартай ажил хийдэг, найз нөхөдын дунд нэр хүндтэй, хүнтэй таарамжтай сайн залуу байгаа юм. Урьд өмнө эхнэрээ миний мэдэхээр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/ 

П.Ж гэрчээр өгсөн:.. 2019 оны 11 дугаар сарын 05-ны орой 21 цагийн үед өөрийн гэртээ харихад манай эхнэр М нь өөрөө гэртээ согтуу ирсэн. Би тухайн өдөр хүнд ажил хийж өгөөд хорин мянган төгрөг аваад авсан мөнгөөрөө би нэг шил архи авсан байсан. Эхнэр гаднаас согтуу орж ирээд хүүхдүүдээ загнаад эхэлсэн. Тэгэхээр нь би боль гэж хэлээд бид хоёр хоорондоо хэрүүл маргаан хийсэн. Би авсан байсан архиа уугаад согтсон байсан маргалдаж байх явцдаа би хагалсан жижиг түлээгээр эхнэр рүүгээ авч шидээд толгой руу нь нэг удаа оносон. Тэгсэн манай эхнэр цагдаа дуудаад би саатуулах байранд саатуулагдсан. Тухайн өдөр эхнэр бид хоёр, хоёр хүүхэдтэйгээ хамт байсан өөр хүн байгаагүй. Би нэг удаа хагалсан жижиг түлээ авч шидээд толгой руу нь нэг удаа онож цохисон өөр цохиж зодсон асуудал байхгүй.  Бид хоёрын дунд өглөгө авлага байхгүй таарамжгүй харьцаа байхгүй. Би гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй.  Урьд өмнө би өөрийн эхнэр хүүхдээ зодож байгаагүй энэ талаар манай хамаатан садан төрөл хүмүүс мэднэ...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/

П.Ж яллагдагчаар өгсөн:…2019 оны 11 дугаар сарны 05-ны орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Цогт-Уулын 5-03 тоотод байх өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эхнэр Мтай хэрүүл маргаан хийх явцдаа түлээний хайрцаг дээр байсан жижиг хагалсан түлээний мод авч шидээд толгойн тус газар нь нэг удаа онож толгойн хэсэгт нь гэмтэл учруулсан. Өөр ямар нэг гэмтэл бэртэл учруулаагүй. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би өөрийн эхнэр Мын толгойн хэсэг рүү нэг удаа хагалсан жижиг түлээ авч шидээд түүний толгой хэсгийг оносон өөр ямар нэг гэмтэл бэртэл учруулаагүй. Тухайн үед эхнэр ажлаасаа согтуу ирээд хүүхдүүдтэйгээ маргалдаад байсан. Тэгэхээр нь би хагалсан байсан жижиг түлээ авч шидээд нэг удаа цохисон. Өмнө нь эхнэрээ зодож байгаагүй би гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Бид хоёрт таарамжгүй харьцаа байхгүй бид хоёр эвтэй найртай байдаг энэ талаар манай хамаатан садны хүмүүс мэднэ...гэх мэдүүлэг /хх-ийн  33-35 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 529 дугаартай дүгнэлт:

1. Л.Мын биед зулайн зүүн хэсэгт няцарсан шарх, зулгаралт, баруун зовхины гадна булан, баруун шууны доод хэсэг, хэвлийн бруун доод хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр 

үүснэ. 

3. Хэрэг болох үеийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. 

4. Зулайн зүүн хэсэгт няцарсан шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт  хамаарна. Бусад гэмтлүүд  тус бүр биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 26 хуу/ 

  Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 9-12 хуу/ 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 38 хуу/

Зөрчлийн лавлагаа /хх-ийн 42-44 хуу/

П.Жамъянлхагвын хүү Ж.Баярбат, хүү Б.Билгүүн нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 45-46 хуу/

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-

ийн 47 хуу/

П.Ж иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 49 хуу/ 

Хавтаст хэргийн материалыг  оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 50-51 хуу/ зэрэг болно. 

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч П.Ж холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно. 

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт-Уулын 05-03 тоотод шүүгдэгч П.Жнь эхнэр Л.Мыг хагалсан түлээгээр толгой тус газарт нь цохиж, түүний биед зулайн зүүн хэсэгт няцарсан шарх гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.  

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч П.Ж үйлдсэн болох нь хохирогч Л.Мын өгсөн: ...2019 оны 11 дүгээр сарын 05-ны орой 21 цагийн үед би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Цогт-Уулын 05-03 тоотод 22 цагийн орчим ажлаа тараад гэртээ харихад манай нөхөр гаднаас согтуу орж ирээд янз бүрийн юм яриад хүмүүстэй хардаад элдэв янзаар доромжлоод хагалсан жижиг түлээ модоор миний толгой руу цохисон. Би цагдаа дуудлаа гэсэн чинь гэрээсээ гараад зугтаад явсан. Би дуудлагаар ирсэн цагдаа нарт өөрийн учирсан гэмтлээ харуулсан. Манай нөхөр Жминий толгой руу нэг удаа зуухны хажууд байсан хагалсан түлээгээр цохиж миний толгой зулай хэсэг хагалсан мөн баруун талын хацар баруун гарын бугалгын ар хэсэгт хөхөрсөн гэдэс хэвлийгээр өшиглөсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 05-07 хуу/, гэрч Х.Б өгсөн:..намайг дуудлага мэдээллийн дагуу очиход нөхөртөө зодуулсан гээд нэг эмэгтэй байсан. Тэр эмэгтэй толгой хэсгээ хагалуулсан цус гарсан байдалтай байж байсан. Түүнийг нөхөр нь хагалсан жижиг түлээгээр цохиж, толгойг нь хагалсан талаар хохирогч эмэгтэй хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/ хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 529 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч П.Жнь хохирогч Л.Мыг зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан зулайн зүүн хэсэгт няцарсан шарх гэмтэл нь хөнгөн гэмтэлд хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 529 дугаартай дүгнэлтэнд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.    

 

Аймгийн Прокурорын газраас П.Ж үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна.  

 

Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад  эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан байх бөгөөд уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заажээ. 

 

Иймд шүүгдэгч П.Жнь гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу эхнэр Л.Мын эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Яллагдагч болон хохирогч нараас хялбаршуулан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч хүлээн зөвшөөрч /хх-ийн 58-59 хуу/  гарын үсэг зуржээ.   

  

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна. 

Шүүгдэгч П.Жнь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч П.Жнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.    

 

Хохирогч Л.М нь мөрдөн байцаалтын үед “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж хүсэлт / хх-ийн 07-08 хуу/ гаргасан, хавтаст хэргийн материал танилцуулах үед “санал хүсэлт байхгүй” гэсэн  /хх-ийн 50 дугаар хуу/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8,9 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон     

                                             

                                                     ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Б овгийн П Ж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Жамъянлхагвыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчП.Ж оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн Архангай аймгийн Цэцэрлэг хотын захирагчийн дэргэдэх Хот тохижилт, төлөвлөлт, нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт эдлүүлэхээр тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Жнь шүүхээс оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8,  1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Жнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.   

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Ж авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   

 

8. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Ж авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.ОТГОНЦЭЦЭГ