| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2016/08544/И |
| Дугаар | 6504 |
| Огноо | 2016-11-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 6504
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн НК78031211 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Шар хад 11 гудамж 231 тоотод оршин суух Доржпалам овогт Дашзэвэгийн Лутбатын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн ЧЛ45100508 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 203 дугаар байр 70 тоотод оршин суух Бүргэд овогт Шагдарын Цэнд-Аюушид холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 649.000 /зургаан зуун дөчин есөн мянга/ иргэний .
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Лутбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирваань, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 0.7 га газар зарна гэсэн зарын дагуу Ш.Цэнд-Аюушаас охин Ундрах-Одын Сонгинохайрахн дүүрэг, 22 дугаар хороо Тахилтын 7-350А тоот хоосон газрыг өөрийн гараар газар дээр нь хэмжүүлж 710 м.кв газрыг 1 м.кв газрыг 6760 төгрөгөөр тооцон 4.800.000 тохирч авсан. Авахдаа 614 м.кв гэрчилгээтэй байсан боловч Цэнд-Аюуш нь кадастрын зураг буруу гарсан. Газрын алба мэдэж байгаа Ундрах-Одыг 11 сарын сүүлээр Австри улсаас ирэхээх гэрчилгээг нэр дээр шилжүүлэх мөн кадастрын зургыг засаж 710 м.кв болгож өгнө гэж тохирсон. Гэтэл охин Австри улсаас газрын бичгээ шилжүүлээгүй 2016 оны дугаар сард газрын маргаан гарчч хажуу 352А тоотоос 96 м.кв газрыг надад худлаа ярин зарсан болох нь тодорхой болсон. Энэ тухай Цэнд-Аюуш бид 2 тохиролцон 96 м.кв газрын үнэ болох 649.000 төгрөгийг буцаан өгч авахаар тохирсон. Гэтэл Цэнд-Аюуш нь өнөөдрийг хүртэл элдэв шалтаг тоочин миний хохирлыг барагдуулж өгөхгүй байна. Иймд мини хохирол болох 649.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Өөрийн охин болох Ундрах-Одын нэр дээр өмчлөх эрх нь баталгаажсан 614 м.кв талбай бүхий газрыг охиноос олгосон зөвшөөрлийн үндсэн дээр худалдахаар зар тавьсаны дагуу нэхэмжлэгч Лутбат анх холбогдсон. Улмаар газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг худалдан авагч Лутбатад үзүүлэн газрын албанаас 614 м.мкв газарт өмчлөх эрх олгогдсон энэхүү газрыг 5.000.000 төгрөгөөр зарна гэснийг нэхэмжлэгч зөвшөөрч газрын үнэд 4.800.000 төгрөгийг төлж, үлдэх 200.000 төгрөгт өвлийн идэш болгон мах өгөхөөр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл үлдэгдэлийг өгөөгүй. Газар худалдан авах гэрээг 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хоорондоо тохиролцож байгуулсан бөгөөд уг гэрээнд газрын хэмжээг 614 м.кв гэдгийг бичсэн. Тэрнээс нэхэмжлэгчийн бичснээр 0.7 га газрыг зараагүй болно. Улсын бүртгэлийн гэрчилгээнд газрын хэмжээг 614 м.кв гэж тэмдэглэсэн байхад 0.7 га газар гэж талбайн хэмжээг дураараа нэмээд зарах үндэслэл байхгүй бөгөөд 96 м.кв-ын зөрүү гэж нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Лутбат нь хариуцагч Ш.Цэнд-Аюушид холбогдуулан газрын метр квадратын зөрүү 649.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргасан.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас Б.Ундрахын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү2201023728 дугаарт бүртгэлтэй Сонигинохайрхан дүүргийн 22 дугаар хороо тахилт 7 дугаар гудамж 350а тоот 18626312365512 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 614 м.кв газрыг 5.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан 2015 оны 11 дүгээр сарын 23-ны гэрээ зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 6-8 дугаар тал/
Б.Ундрах нь өөрийн өмчлөлийн Сонигинохайрхан дүүргийн 22 дугаар хороо тахилт 7 дугаар гудамж 350а тоот хаяг дахь 614 м.кв газрыг худалдах, төлбөр тооцоог хүлээн авах зэрэг үйлдэл хийх итгэмжлэлийг 2016 оны 3 дугаар сарын 31-ны өдөр Ш.Цэнд-Аюушид олгожээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд хүчин төгөлдөр хэлцэл байгуулагджээ.
Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч Д.Лутбат нь 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хариуцагч Ш.Цэнд-Аюушид газрын үнэнд 4.800.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн ба өмчлөх эрх нэхэмжлэгчид шилжээгүй болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан мөнгө хүлээлцсэн тухай гэрээ зэргээр тогтоогдож байх бөгөөд талууд энэхүү үйл баримтын талаар маргаагүй болно.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ....хариуцагч газрын кадастрын зургийг засаж 710 м.кв болгож өгнө гэж тохирсон гэж тайлбарлаж байх боловч үүнийгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.
Түүнчлэн талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар зохигчд 614 м.кв газрыг 5.000.000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар харилцан тохиролцсон байх тул нэг метр квадрат газрыг 6760 төгрөгөөр /4.800.000:614/ тооцон хариуцагчаас 96 м.кв газрын үнэнд 649.000 төгрөгийг нэхэмжилж байгаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж тус тус заасан өөрөөр хэлбэл талуудын хэн аль нь 614 м.кв газрыг 5.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах хүсэл зоригоо илэрхийлсэн байна.
Иймд хариуцагч Ш.Цэнд-Аюушаас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 649.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Лутбатын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш.Цэнд-Аюушаас 649.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Лутбатын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Лутбатаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20.120 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ, Л.ЭНХЖАРГАЛ