Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 0027

 

Б.Бадралын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Б.Бадрал нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1248 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Бадралын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын гавьяат багш Батсуурийн нэрэмжит Хөвсгөл аймгийн Мөрөн сумын бүрэн дунд 2 дугаар сургуульд холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.Бадрал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Бадрал нь боловсролын салбарт багшаар 25 жил, МУГБагш Батсуурийн нэрэмжит 2-р бүрэн дунд сургуульд биеийн тамирын багшаар 25 дахь жилдээ, үүнээс биеийн тамирын заах аргын нэгдлийн ахлах багшаар 15 дахь жилдээ үр бүтээлтэй ажиллаж ирлээ. Би 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр заах аргын нэгдлээрээ 2015-2016 оны ажлын гэрээгээ дүгнүүлэхээр сургуулийнхаа захирлын өрөөнд орсон. Намайг тайлангаа уншиж эхлэхэд захирал багш дундуур орж ирж таслаад тайлан чинь 2 хувь байх ёстой, нэг хувийг нь надад өг гэж хэлсэн. Би тайлангаа 2 хувь хэвлэж гаргаж ирж чадаагүй тухайгаа учирлаж тайлангаа танилцуулж дуусгаад 2 хувь болгоод авч ирж болох эсэхийг асуусан. Гэтэл урдаас учир зүггүй уурлаж загнаад хөөж туусан. Энэ үйлдэл анхны удаа ч биш юм. Би захиралд намайг болон бусад багш нарыг дарамтлахаа болихыг шаардаж, өөрийн чинь энэ дарамтад орж би ийм хүнд байдалд ажиллаж чадахгүй дарамтад чинь удаан тэсч байна гэдгээ хэлж захирлын өрөөнөөс гарч явсан. Би Мөнхболд захирлын хэлсэн ярьсан, доромжилсон үгэнд тухайн үед ихээр гомдож, сэтгэл санааны хүнд байдалд орсон байсан тул өргөдөл бичсэн бөгөөд дарамт, шахалтад орж өргөдөл бичиж байгаагаа 3 үндэслэлээр тодорхой дурдсан. Өргөдөл гаргасны дараа миний ээлжийн амралт таарсан тул тэр чигтээ амраад явсан. ... Би энэ олон жил 2-р сургуульд ажиллаж байгаа ахмад багш тул намайг өргөдөл гаргаж байгаа байдлыг анхаарч үзээд захирал багшийг харилцаа хандлагадаа өөрчлөлт гаргаасай гэж бодсоноос биш ажлаасаа гарах, багшлахаа болих чин хүсэлт огт байгаагүй юм. Би ээлжийн амралтынхаа дундуур 7 дугаар сарын 18-нд захирал багштай уулзаж байшин барихаар зээл хөөцөлдөж байгаа тул цалингийн тодорхойлолт гаргаж өгөхийг хүсэхэд тодорхойлолт гаргаж өгсөн. Би огт ажлаас халсан гэж бодоогүй. Амралтаа дуусгаад 2016.08.24-ний өглөө сургуульдаа иртэл захирал Мөнхболд чамайг 6 сард ажлаас халсан, чамтай яриад байх юм байхгүй. Оюун-Эрдэнээс тушаалаа ав гэж хэлсэн. Дараа нь бичиг хэргийн ажилтан Оюун-Эрдэнэтэй уулзаж тушаалаа 2016.08.24-нд гардан авч танилцаад арга буюу шүүхэд хандаж гомдол гаргаж байна. Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалтыг үндэслэн намайг өөрөө ажлаас халагдах хүсэлтээ гаргасан мэтээр тайлбарлан бичжээ. Би анхнаасаа ажлаасаа гарах, багшлахаа болих чинь хүсэлгүй байсан, захирал багшийн шахалт, доромжлол дарамтад орж өргөдөл бичсэн, цаашид захирал багшийг надад болон бусад багш нарт хандах хандлагаа өөрчилж бусдын хөдөлмөрлөх эрхэд хүндэтгэлтэй хандаасай гэсэндээ өргөдөл бичсэн.

Иймд миний ажлаас гарах хүсэлгүй байсан бодит байдлыг харгалзан үзэж намайг МУГБагш Батсуурийн нэрэмжит 2-р бүрэн дунд сургуулийн биеийн тамирын багш, заах аргын нэгдлийн ахлагчийн ажилд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд хамаарах цалинг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Монгол Улсын гавьяат багш Батсуурийн нэрэмжит Хөвсгөл аймгийн Мөрөн сумын бүрэн дунд 2 дугаар сургуулийн захирал С.Мөнхболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.1-д ажилтан санаачилсан гэсэн үндэслэлээр Бага дунд боловсролын тухай хуулийн 20.1.2 дахь заалтыг үндэслэн сургуулийн захиралд оногдсон эрхийн дагуу шийдвэр гаргасан болно.

...Жил бүр багш нар тайлангаа бичиж, танилцуулан үнэлгээ авдаг юм. Тайлан дүгнэх комиссын хурлын төгсгөл хэсэгт авьяас, ур чадварын Б.Бадрал ахлагчтай хамт олон орж ирсэн юм. Би Б.Бадрал багшийг тайлангаа комисст өгнө үү. Тайлан хамгаалах үеэр комисс бичмэл тайлантай танилцаж байг гэж хэлэхэд Б.Бадрал багшид тайлан байгаагүй. Б.Бадрал багш хувийн тэмдэглэлийн дэвтрээсээ тайланг танилцуулъя гэж хэлж байсан. Гэрчийн мэдүүлэг өгсөн Бурмаа, Оюун-Эрдэнэ, Сономдаш, Энхтуяа нарын мэдүүлгээр нэхэмжлэгч Б.Бадралыг тайлангүй байсныг баталдаг юм. Багш нарын дэргэдэх зөвлөлийн хурлын хэлэлцүүлгийн албан ёсны хурлын тэмдэглэлийг хэргийн материалд өгсөн бөгөөд тус тэмдэглэлд Б.Бадралын сургуулийн ажилчдыг шээснүүд, гөлөгнүүд гэж доромжилж байсан тухай тэмдэглэсэн байдаг. Энэ нь Б.Бадрал багшийн ёс зүйгүй авир гаргасныг нотолж байна. Хөдөлмөрийн гэрээ байгуулаад түүнтэй холбоотой тайлан гаргаж өгөөгүй нь байгууллагын дотоод журамд зааснаар шууд хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болох бөгөөд энэ тухай түүнд анхааруулж байсан. Нэхэмжлэгч Б.Бадрал ажлаас гарах тухай өргөдлөө өөрөө бичиж өгсөн нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд түүний мэдүүлгээр нотлогдож байна. Мөн гэрч Энхтуяагийн Б.Бадрал багш өрөөндөө орж ирээд өргөдөл бичээд сууж байхыг харсан гэсэн мэдүүлгээр мөн нотлогдож байна. Нэхэмжлэгч Б.Бадрал 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн өргөдөл гаргасан учраас түүний өргөдлийн дагуу асуудлыг шийдвэрлэж өгсөн. Шүүх гэрчүүдээс асуусан байдаг ба Б.Бадрал багшийг тайлангүй байсан гэж 4 багш, Б.Бадрал багшийг хөөгөөгүй гэдгийг 3 багш, Б.Бадрал багшийг тайлангаа дүгнүүлээгүй гэж 4 багш, түүний ууртай байсан талаар 2 багш тус тус гэрчилсэн байсан гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1248 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Бадралыг Монгол Улсын гавьяат багш Д.Батсуурийн нэрэмжит Хөвсгөл аймгийн Мөрөн сумын бүрэн дунд 2 дугаар сургуулийн биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Монгол Улсын гавьяат багш Д.Батсуурийн нэрэмжит Хөвсгөл аймгийн Мөрөн сумын бүрэн дунд 2 дугаар сургуулиас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4,921,050 /дөрвөн сая есөн зуун хорин нэгэн мянга тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бадралд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Бадралын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Монгол Улсын гавьяат багш Д.Батсуурийн нэрэмжит Хөвсгөл аймгийн Мөрөн сумын бүрэн дунд 2 дугаар сургуульд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар хариуцагч Монгол улсын гавьяат багш Д.Батсуурийн нэрэмжит Хөвсгөл аймгийн Мөрөн сумын бүрэн дунд 2 дугаар сургуулиас 163,887 / нэг зуун жаран гурван мянга найман зуун наян долоо/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагч Монгол Улсын гавьяат багш Батсуурийн нэрэмжит Хөвсгөл аймгийн Мөрөн сумын бүрэн дунд 2 дугаар сургуулийн захирал С.Мөнхболд давж заалдах гомдолдоо: ... Б.Бадралыг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажилтан санаачилсан “ гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй бөгөөд багш Б.Бадрал нь 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн өргөдөл гаргасан нь ажилтан өөрөө санаачилсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1-д заасныг үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байгаа болно. Гэтэл анхан шатны шүүхийн үндэслэх хэсгийн дүгнэлтэд “... хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл гэдэгт ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хугацаатай ба хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг ойлгох бөгөөд нэхэмжлэгчийн тайлбар хүсэлт зэргээс үзэхэд Б.Бадрал нь өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай өргөдөл гаргаагүй байхад ажлаас чөлөөлсөн байна. ...” гэжээ. Энэхүү шүүхийн дүгнэлт нь юуг үндэслэж ажил олгогчийн шахалт шаардлагаар ажлаас чөлөөлөх хүсэлтийг бичүүлсэн гэж дүгнээд байгаа нь ойлгомжгүй байх бөгөөд ажил олгогчийн зүгээс ямар нэг дарамт шахалт учруулж байгаагүй, ажилтан өөрөө сайн дурын үндсэн дээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байхад шүүх ямар ч нотлох баримт байхгүй байхад хийсвэр дүгнэлт гаргаж байгаа нь буруу байна.

 Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1248 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ. 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Анхан шатны шүүхийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлж гаргасан шийдвэр нь “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” тухай  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.Бадрал нь Монгол Улсын гавьяат багш Батсуурийн нэрэмжит Хөвсгөл аймгийн Мөрөн сумын бүрэн дунд 2 дугаар сургуульд холбогдуулан “ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай” нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрчээ.

Монгол Улсын гавьяат багш Батсуурийн нэрэмжит Хөвсгөл аймгийн Мөрөн сумын бүрэн дунд 2 дугаар сургуулийн захирлын  2016 оны 06 дугаар  сарын  20-ны өдрийн  Б/30 дугаар  тушаалаар нэхэмжлэгч Б.Бадралыг Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.1, Бага дунд боловсролын тухай хуулийн 20.1.2, Сургуулийн захиргаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.6, 6.3.3 заалтыг үндэслэн биеийн тамирын багшийн ажлаас чөлөөлжээ.

Нэхэмжлэгч уг тушаалыг 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гардан авсан нь тушаал дээр хийсэн тэмдэглэгээ, архивын ажилтны тодорхойлолтоор нотлогдож байх ба хариуцагч энэ талаар маргаагүй тул анхан шатны шүүхийн “...шүүхэд хуулийн хугацаанд гомдлоо гаргасан” гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр сургуулийн ажилтнуудын ажлын гэрээ дүгнэх үед  маргалдаж,  нэхэмжлэгч  “...ажлын байрны дарамт, дарангуйлал цаг ямагт үзүүлдэг” гэсэн 4 үндэслэл дурдаж “ажлаас чөлөөлөх тухай” хүсэлт өгсөн нь зохигчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна.

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн  38.1.1-д заасан “ажилтан  санаачилсан” гэсэн үндэслэлээр оногдсон эрхийн дагуу шийдвэр гаргасан гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан байх боловч дээрх заалтаас гадна Сургуулийн захиргаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.6-д заасан “Ажилтан нь хичээлийн жилийн эцэст гэрээгээ заавал дүгнүүлсэн байх”, “Гэрээг цуцлах үндэслэл” гэсэн хэсгийн  6.3.3-т  заасан “уг гэрээний 3.10, 3.11-т заасан амлалт 60 хувьд хүрээгүй нь хичээлийн жилийн төгсгөлд ажил дүгнэх комиссын хурлаар тогтоогдсон бол” гэсэн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай заалт баримталжээ.

Гэрээ дүгнэх явцад гарсан маргааны улмаас хөдөлмөрийн гэрээг цуцалсан  болох нь зохигчийн тайлбараар нотлогдож байх тул ажилтныг өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр хөдөлмөрийн гэрээ цуцлах өргөдөл өгсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө “хөдөлмөрийн гэрээний 6.3.3”-т  заасныг  баримталсан байх боловч ажилтантай байгуулсан гэрээг цуцлах тухай дээрх заалтыг баримталсан үндэслэлээ нотлоогүй, нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тухай эрх бүхий комиссын дүгнэлт, хурлын тэмдэглэл зэрэг холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаагүй байна.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,  Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1248 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163,887 /нэг зуун жаран гурван мянга найман зуун наян долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.СОСОРБАРАМ

                ШҮҮГЧИД                                 Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                        Т.ГАНБАТ

 

 

 

 

 

 

,