Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2018/00515

 

Ч.Ш-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/02398 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2490 дүгээр магадлалтай

Ч.Ш-ийн нэхэмжлэлтэй

“Н”-д холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Ч.Ш-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа үүргийн гүйцэтгэлд барьцаалсан нэг объект болох нэг үл хөдлөх эд хөрөнгийг 249 400 000 төгрөг гэж, дараа нь 150 200 000 төгрөг гэж хоёр өөр үнээр үнэлж мэдэгдсэн. Дээрх үнэлгээний аль нь зөв болох нь тодорхойгүй, тасгийн даргад нь гомдол гаргасан боловч хүлээж аваагүй. Дээрх хоёр үнэлгээний бага үнэлгээг зөв гэж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаад гомдолтой байна. Иймд үл хөдлөх эд хөрөнгийг хоёр удаа үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол Хан-Уул Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 01727 дугаар шийдвэрээр Г.Мөнхбаяр, Ч.Ш- нараас 62 951 479 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Г.Мөнхбаяр, Ч.Ш- нарын өмчлөлийн хувийн сууц, автограж, газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжлэн хураасан. Улмаар төлбөр төлөгч Ч.Ш-ээс 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр үнийн санал авахад 250 000 000 төгрөг гэсэн санал өгсөн. Харин төлбөр төлөгч Н.Мөнхбаяраас 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр үнийн санал авах гэхэд 14 хоногийн хугацаа өгөөч гэсэн боловч өгөөгүй тул хөрөнгийн үнэлгээний Мөнх-Оргил трейд ХХК-ийг томилж үнэлгээ хийлгэсэн. Үнэлгээний компаниас үл хөдлөх хөрөнгүүдийг 150 200 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр төлөгч нарт 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 3/14137 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн. Тус албанаас 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдаанд, 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулсан 2 дахь албадан дуудлага худалдаанд дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд орсон боловч үнийн санал ирээгүй бөгөөд албадан дуудлага худалдааны мэдэгдэл болон тогтоолуудыг төлбөр төлөгч Г.Мөнхбаяр, Ч.Ш- нарт мэдэгдсэн болно.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн мэдэгдлээр 249 400 000 төгрөг гэж, 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн мэдэгдлээр 150 200 000 төгрөг гэж хоёр өөрөөр мэдэгдсэн нь үнэн. Үнэлгээний тайланд буруу мэдэгдэл хүргүүлсэн тухайгаа төлбөр төлөгч нарт тухайн үед мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/02398 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар эрхийн улсын бүртгэлийн Ү-2202007100, Ү-2202015574, Ү-2202004424 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41 дүгээр гудамж 640Б тоотод байрлах хувийн сууц, автограж, газрыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Тус шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШЗ2017/10711 дүгээр шүүгчийн захирамжийн 2 дахь заалтын үйлчлэл энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 02490 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/02398 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ч.Ш- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2490 тоот магадлалыг хүлээн аваад дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Уг магадлалд нэхэмжлэгчийн давж заалдах шатны гомдлын талаар хэлэлцээгүй мөн Тогтоох хэсгийн 1-д “...хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай” гээд 2-р хэсэгт “...улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж шийдвэрлэсэн байна.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн гомдлын талаар шийдвэрлээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4- т заасныг зөрчсөн гэж үзэхээр байна. Мөн 5 000 төгрөгийг улсын орлогод үлдээсэн нь үндэслэлгүй байна. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2490 тоот магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Ч.Ш- нь “Н”-д холбогдуулан үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг 2 өөрөөр үнэлсэн үндэслэлээр үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэнд хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Баянгол Хан-Уул Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар  сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/01727 дугаар шийдвэрээр Г.Мөнхбаяр, Ч.Ш- нараас 62 438 138 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд олгох, үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41 дүгээр гудамж 640Б тоотод байрлах 96мкв талбайтай хувийн сууц, 300мкв автограж, 504мкв газар зэрэг хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Дээрх шийдвэрт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, барьцааны хөрөнгийг битүүмжлэн, хурааж, албадан дуудлага худалдаанд оруулахаар үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 он/ 37 дугаар зүйлийн 37.2.2. дахь заалтыг зөрчөөгүй байна.

Шинжээчээр томилогдсон “Мөнх-Оргил” трейд ХХК үл хөдлөх эд хөрөнгүүдийг 249 400 000 төгрөгөөр үнэлсэн тухай Үнэлгээний тайланг ирүүлснийг үндэслэн шийдвэр гүйцэтгэгч 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төлбөр төлөгчид үнэлгээг мэдэгдсэний дараа шинжээч нь үнэлгээний тайланд андуурал гарсан гэх үндэслэлээр хөрөнгийг 150 200 000 төгрөгөөр үнэлсэн хоёр дахь үнэлгээний тайланг Шийдвэр гүйцэтгэх албанд ирүүлсэн тул 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төлбөр төлөгчид хоёр дахь үнэлгээг мэдэгдсэн байна.

Энэ үед өмнөх үнэлгээнд андуурал гарсан талаар төлбөр төлөгч нарт мэдэгдсэн гэх тайлбараа хариуцагч нотлоогүй тул барьцааны эд хөрөнгийг 2 өөрөөр үнэлсэн үнэлгээг эс зөвшөөрсөн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэж дүгнэлт хийсэн тул шийдвэр хуулийн үндэслэл бүхий болжээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт үндэслэл бүхий дүгнэлт хийж, давж заалдах журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг шийдвэрлэхдээ Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцсэн байна.

Харин давж заалдах шүүх давж заалдах журмаар “нэхэмжлэгч”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргасан байхад магадлалд “хариуцагчийн гомдол” гэж алдаатай бичсэн байгааг тэмдэглэх нь зүйтэй. Дээрх зөрчил нь магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй тул магадлалыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг төлөхөөс 5 000 төгрөгийг төлсөн байх тул дутуу төлсөн 65 200 төгрөгийг нөхөн гаргуулж, төрийн сангийн төсвийн орлогод  оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/02398 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2490 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ч.Ш-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., 58 дугаар зүйлийн 58.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5 000 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 65 200 төгрөгийн нөхөн гаргуулж, улсын орлогод оруулсугай.

      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР       

ШҮҮГЧ                                                           Х.ЭРДЭНЭСУВД