Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 701

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 4 улирлын цэцэрлэг, С1-611 тоотод оршин суух Олхонууд маам овогт Дамбын Мөнхжаргалын /РД:АЭ67102009/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр ХД 86 байр, 1 тоотод оршин суух, Боржигон овогт Дуулгын Оюунгэрэлд /РД:ЧЖ79061105/ холбогдох 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 000 000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар  сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Мөнхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Мөнхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие иргэн Д.Мөнхжаргал болон Д.Оюунгэрэл нарын 2013 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хийсэн зээлийн гэрээний 40 000 000  төгрөгний үлдэгдэл болох нийт 19 900 000  төгрөгийг төлөх ёстой байснаас 2015 оны 8 дугаар сарын 03-ны байдлаар 17 900 000  төгрөгийг барагдуулсан бөгөөд үлдэгдэл 2 000 000  төгрөгийг 2015 оны 10 сарын дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон боловч тохирсон хугацаанд барагдуулаагүй учир миний төлбөрийг улсын  тэмдэгтийн хураамжийн хамт гаргаж өгөхийг хүсэж байна.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Миний бие иргэн Д.Оюунгэрэлтэй зээлийн гэрэээ байгуулж, 40 000 000 төгрөгийг зээлсэн боловч одоо болтол буцааж өгөөгүй үлдэгдэлтэй байгаа юм. Уг зээлийн гэрээний дагуу тооцоо нийлж, үлдэгдэл 2 000 000 төгрөгийг 2015 оны 10 сарын дотор бүрэн төлж барагдуулахаар хэлцэл хийж харилцан тохиролцсон боловч одоог хүртэл өгөөгүй байгаа. Тиймээс уг мөнгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү. Шүүхэд дуудахаар ч ирэхгүй, хурал зарлахаар ч ирэхгүй байна. Хариу тайлбар дээрээ 10 сард өгнө гэж байгаа боловч би одоо итгэхгүй байна. Өмнө нь 10 сард өгнө гэчихээд бүтэн жил болсон, тиймээс одоо 10 сард өгнө гэдгийг зөвшөөрөхгүй байна. Тиймээс хариуцагч өөрөө хурлын товоо мэдсэн, байлцуулалгүйгээр хийхэд татгалзахгүй байна гэсэн учир шүүхээр шийдвэрлүүлэх саналтай байна гэв.

 

Хариуцагч Д.Оюунгэрэл шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:

Иргэн Дуулга овогт Оюунгэрэл миний бие нь иргэн Дамба овогтой Мөнхжаргалд 2 000 000 төгрөгийг төлж барагдуулах нь үнэн тул 2016 оны 10 сарын дотор бүрэн төлж барагдуулна.

Шүүх хуралдааны товыг мэдсэн боловч очиж амжихгүй тул намайг байлцуулалгүйгээр хийхэд татгалзахгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Мөнхжаргал нь хариуцагч Д.Оюунгэрэлд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч Д.Мөнхжаргал нь зээлийн гэрээний 40 000 000 төгрөгний үлдэгдэл болох 2 000 000 төгрөгийг өгөхөөр хэлцэл хийж харилцан тохиролцсон боловч үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй тул 2 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.

Хариуцагч Д.Оюунгэрэл нь зээлийн гэрээний үлдэгдэл 2 000 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн боловч, 2016 оны 10 сарын дотор бүрэн төлж барагдуулна гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Мөнхжаргал хариуцагч Д.Оюунгэрэл нар нь 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 2013 оны 1 сард байгуулагдсан 40 000 000 төгрөгний зээлийн гэрээний үлдэгдэл 2 000 000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож, “Хэлцэл” хийсэн бөгөөд зохигч талууд уг хэлцэл хийсэн талаараа маргаагүй, хэн аль нь хүлээн зөвшөөрсөн болно. /хэргийн 4-р хуудас/

 

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой  үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.

Хариуцагч нь харилцан тохиролцсон “Хэлцэл”-ээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 000 000 төгрөгийг 2015 оны 10 сарын дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон боловч уг үүргээ гүйцэтгээгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна гэж үзэв.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж зааснаар хариуцагч нь “Хэлцэл”-ээр тохиролцсон үүргийг хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй байна.

Иймд хариуцагч Д.Оюунгэрэлээс 2 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Мөнхжаргалд олгох нь зүйтэй байна гэж үзэв. 

 

Хариуцагч Д.Оюунгэрэлд 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 13 цаг 40 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр түүний 91920591 дугаарын утсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд очиж амжихгүй тул байлцуулалгүйгээр шийдвэрлэхэд татгалзахгүй гэж мэдэгдсэн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.3-д заасан “шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх” гэсэн хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар хариуцагч Д.Оюунгэрэлээс 2 000 000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Мөнхжаргалд олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46 950  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Оюунгэрэлээс улсын тэмдэгтийн хураамжид 46 950  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Мөнхжаргалд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.ХУЛАН