Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 699

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэй гудамж, 202Б тоотод оршин суух Цэн овогт Цэмээгийн Баасанхүүгийн /РД-ЧС62012704/ нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалант 1 гудамж, 41 тоотод оршин суух Зана овогт Адьяагийн Соёлмаад /РД-ЧК76061002/ холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 300 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 30-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Баасанхүү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:

Иргэн Соёлмаа надад мөнгө зээлэх хүсэлтийг гаргаж 500 000 төгрөг зээлсэн бөгөөд үлдэгдэл 300,000 төгрөгийг хүү, алданги тооцохгүйгээр үндсэн мөнгөө нэхэмжилж байна. Соёлмаагаас миний мөнгийг гаргуулж өгнө үү.

Бид эвлэрсэн учир шүүх хурлыг бидний оролцоогүйгээр хийж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А.Соёлмаа шүүхэд гаргасан хариу тайлбар болон хүсэлтдээ:

Соёлмаа, Баасанхүү бид нар төлөх хугацаагаа 300 000 төгрөгийг тохирч эвлэрсэн болно. Соёлмаа би 2016 оны 12 дугаар сарын 15-ны дотор Ц.Баасанхүүд төлөхөөр тохирч Баасанхүү нь хүлээн зөвшөөрсөн болно. Биднийг оролцоогүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Баасанхүү нь хариуцагч А.Соёлмаад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 300 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талууд эвлэрч 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд “...А.Соёлмаа миний бие Ц.Баасанхүүд төлөх ёстой 300 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны дотор төлөхөөр тохиролцож эвлэрсэн болно” гэжээ.

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 300 000 төгрөгийг хариуцагч маргаангүйгээ хүлээн зөвшөөрч, уг 300 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ.

Иймд зохигч талуудын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь шүүх хуралдааныг эзгүйд шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5-д зааснаар зохигч талуудын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ц.Баасанхүүгийн нэхэмжлэлтэй хариуцагч А.Соёлмаад холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 300 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 300 000 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 300 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Баасанхүүгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Соёлмаагаас 10 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн захирамжид гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧД.ХУЛАН